Манай дөрвөн боксчин “тулаанаа” үргэлжлүүлж байна
Чикаго хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний дөрөв дэх өчигдөр орой өндөрлөв.
ДАШТ-д Монголын долоон боксчин хүч үзүэж буйг бид өмнө нь мэдээлсэн. Уржигдар өглөө болсон тоглолтод 48 кг-ийн жинд манай боксчин Азийн аварга Пүрэвдоржийн Сэрдамба ОХУ-ын тамирчин, Европын аварга Давид Айрапетянтай хүч үзсэн ч 7:34-өөр хол хожигдлоо. Азийн аварга маань Европын аваргатай тоглох сэтгэл зүйн бэлтгэл дутуу байв уу гэлтэй харагдаж байсан.
Дараа нь 51 кг-ийн жинд Лувсанцэрэнгийн Зоригтбаатар эхний тоглолтоо Пуэрто-Рикогийн МакУильямс Арроятай хийж , 10:26 оноогоор ялагдлаа. Тэрбээр өөртөө итгэлтэй, тактикаа зөв сонгож тоглосон бол ялах бүрэн боломж байсан. Ойрын зайнаас зууралдсан тоглолт хийсэн нь манай тамирчинд ямар ч ашиггүй болсон юм. Тоглолтын дараа дасгалжуулагч Мөнхжаргал “Тактикийн алдаа гаргалаа. Бэлтгэл, бие халаалт дээр Зоригтбаатар ойрын зайд илүү сайн ажиллаад байсан болохоор ийм тактик сонгосон маань буруудлаа” хэмээн өгүүлж байсан. Ийнхүү эхний хоёр өдрийг 100 хувийн амжилттай өнгөрүүлсэн манай “ширэн бээлийтнүүд” ДАШТ-ий гурав дахь өдөр шууд дараалсан хоёр ялагдал амсав. П.Сэрдамба, Л.Зоригтбаатар нар ялалт байгуулж чадалгүй нутаг буцах боллоо.
Үдээс хйош нь 69 кг-ийн жинд Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ мөн эхний тоглолтоо хийв. Тэрбээр Эстоны артур Акавовтай учраа таарч, 16:8-аар оноогоор яллаа. Нандин-Эрдэнэ зоримог, биеээ барилгүй , задгай сайхан тоглож Монголын балиашигуудынхаа урмыг дахин сэргээсэн.
Өчигдөр буюу тэмцээний дөрөв дэх өдөр манай хоёр боксчин рингэнд гарлаа.
54 кг-ийн жинд хүч үзэж, эхний тойрогт Гайана улсын боксчинг илт давуу ялсан Энхбатын Бадар-Ууган хоёр дахь тоглолтоо Италийн Витторио Парринеллотой хийж, 19:14-ээр ялалт байгууллаа. Бадар-Ууган маань одоо 10 сарын 30-ны үдээс хойш Унгарын боксчин Давид Олтванейтай тоглоно. Хэрэв түүнийг ялбал шөвгийн наймд багтаж, олимпийн эрхээ өвөртлөөд, цаашид медалийн төлаа тоглох юм.
Мөн энэ өдрийн үдээс хойш 64 кг-ийн жинд Бямбын Түвшинбат хоёр дахь тоглолтоо БНСУ-ын Парк Кван Сутай хийлээ. Манай тамирчин эхний тойрогт Финландын Ю.Койвулаг ялсан байсан. Энэ удаа хоёр боксчны “тулаан” эн тэнцүү өрнөсөн. Эхний хоёр раундад манай боксчин 1:2, 2:4-өөр хожигдсон. Харин гуравдугаар раундад 3:2-оор хожин нийт оноо 6:8 тун ойртож ирсэн. Гэвч дөрөвдүггэр раундад 3:5-аар хожигдон, энэ тоглолтод БНСУ-ын тамирчин 9:14-өөр ялалт байгууллаа.
Ийнхүү ДАШТ-ий эхний дөрвөн өдрийн дараагаар манай гурван боксчин үзэгчдийн суудалд шилжлээ.
Өнөөдөр (10.27)буюу тэмцээний тав дахь өдөр манайхнаас 57кг-ийн жинд Зоригтбаатарын Энхзориг маань хоёр дахь “тулаанаа” Армены Азат Ховханнисянтай хийнэ. Хэрэв түүнийг ялбал наймд үлдэхийн төлөө АНУ-Казахстаны боксчдын хэн ялсантай таарах аж. Манай Энхзоригийн гар бага зэргийн гэмтэлтэй байсан ч эхний тоглолтод Филиппиний боксчинг ялсан.
Багийн эмч Насанбат түүний гэмтлийг эмчилж байгаа.
Маргааш өглөө(10.28) 60 кг-ийн жингийн Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ эхний тоглолтоо Бразилийн Эвертон Лопестой хийнэ. Үдээс хойш 69 кг-ийн М.Нандин-Эрдэнэ аоёр дахь тоглолтоо Беларусийн Магомед Нурудиновтой хийх юм. Хэрэв түүнийг ялбал шөвгийн наймд үлдэхийн төлөө АНУ-ын Д.Андраде-Латвийн Д.Шостокс нарын хэн ялсантай тоглоно.