2007-05-05
Далай аварга А.Сүхбат олимпийн аваргуудыг бэлтгэнэ

 

Далай аварга А.Сүхбат олимпийн аваргуудыг бэлтгэнэ

Далай аварга “жижиг” А.Сүхбат.Түүний уран мэх, урамтай сайхан барилдааныг нь үгүйлэн суудаг хүн олоон. “Жижиг” эргээд бөхдөө эргэн ирж бөхийн хорхойтнууд, бишрэн шүтэгсэдээ баярлуулав. Гэхдээ тэрбээр өөрөө барилдаж, зодог шуудгаа “дахин” өмсөхөөр биш, ирээдүйтэй залуу бөхчүүдийг бэлтгэхээр зүлэг ногоон дэвжээндээ ирэх нь. Далай аварга “Олимп” нэртэй бөхийн дэвжээ байгуулжээ. Дэлхийн шилдэг тамирчдыг клубийн зарчмаар бэлтгэдэг болсон энэ үед Монголд шигшээ багаар тамирчдыг бэлтгэдэг уламжлал хоцрогдоод байна. Иймд клубийн системээр залуу тамирчдыг бэлтгэх, улмаар Монголоос олимпийн аварга бөх олноор төрүүлэх зорилготой “Олимп” дэвжээг байгуулсан аж.

“Би бөхөөр хичээллэж эхлэхдээ олимпийн аварга болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Гэвч олон хүчин зүйлийн улмаас хүслээ гүйцээж чадаагүй. Харин цаашид “Олимп” дэвжээгээр хүмүүжүүлсэн шавь нараараа дамжуулан мөрөөдлөө биелүүлэх бодолтой” хэмээн А.Сүхбат ярьж байна.

“Олимп” дэвжээнд нэр төртэй бөх болохоор эргэлт буцалтгүй шийдэж, их спортод амьдралаа зориулж, амжилт гаргах чин хүсэлтэй 15-16 насны хөвгүүдийг ирэх наймдугаар сард бүртгэн нэлээд хатуу шалгуур, нарийн зарчмаар сонгож авах гэнэ. Эхний ээлжинд 40 хүүхэд шилж авах бөгөөд сургуулийн  шаардлага тун өндөр байх ажээ. Тус дэвжээ жүдо, чөлөөт, үндэсний бөхөөр тамирчдыг бэлтгэж, наад тал нь найман жилийн гэрээ байгуулан ирээдүйн аваргуудыг сургана. Сургуульд хичээллэх тамирчдаас төлбөр шаардахгүй бөгөөд “Олимп” дэвжээний бүх зардлыг далай аваргын тэргүүлдэг  “Алтан хүнс” групп хариуцах аж.

“Олимп” дэвжээний байр, барилдааны болон хүчний дасгалын танхим, сэргэлтийн баазууд бэлэн болоод байгаа бөгөөд “Алтан хүнс” групп тамирчдыг тусгай жортой хүнсээр хангах юм байна.
 Далай аваргын хадам аав, түүнтэй энэ дэвжээг хамтран байгуулалцаж буй, цагийг эзэлсэн дархан аварга Х.Баянмөнх:  “Манай дэвжээнд ирж байгаа хүүхдүүд “Олимпийн аварга болж байж  л харина” гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. А.Сүхбат зодог тайлсан болохоор “Олимп” дэвжээнээс хэн нэг нь амжилт гаргавал далай аварга маань барилдлаа гэж бодож яваарай!”  хэмээн өгүүлжээ.

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:08 | | уншсан: 976 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


дуракаа алтан хүнсийн чинь сайт гэж байдаггүмү
Бичсэн: Зочин цаг: 17:07, 2010-09-30 | Холбоос | |





:-)