2007-09-06
Нар газардсан Лас Вегаст дахин мэндэлсэн “ДРИЙМ ТИМ”

Нар газардсан Лас Вегаст дахин мэндэлсэн “ДРИЙМ ТИМ”

 

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA), Америкийн сагсан бөмбөгийн холбооноос “ТАВАН ЦАГАРИГ”-т  Америк тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсоор сурвалжлах зөвшөөрөл олгосны дагуу  Невада мужийн Лас Вегаст хэдэн хоногийг өнгөрүүллээ.

Чикагогоос аян замын гараагаа эхэлсэн бивээр Атланта хотноо “төмөр хөлгөө” юүлээд мөрийтэй тоглоом, зугаа цэнгээний дэлхийн “нийслэл”-д шөнө дунд хагаслан буув. Нисэх онгоцны буудлаас гармагц л ёстой л “саун”-д орсон мэт бүгчим агаар, хацар нүүр төөнөсөн халуун салхи угтан авлаа. Урьд өмнө нь Лас Вегаст хэдэнтээ ирж байсан ч ийм халууныг ёстой үзээгүй санагдана. За энэ ч яахав, “АС” нь ажилладаггүй такси “барьж”, урьдчилан захиалаагүй тул хоноглох буудал олох гэж хөөрхөн зовсон, сэтгүүлчийн сурвалжлах эрхийн үнэмлэх (media pass ) дээр гэрэл зурагчин гээд андуураад биччихсэнээс болоод баахан “гунан буу” шиг дуран авайтай мэргэжлийн гэрэл зурагчдын дунд ганцаараа сонирхогчийн жижиг аппарат бариад ичиж суусан  зэрэг аян замын элдэв бэрхшээлээ орхиод  зорьсон тэмцээнийхээ тухай арай түлхүү өгүүлэх ину.

 

Лас Вегас сагсанбөмбөгт “дурлаж” байна

 

Мэргэжлийн боксын үй олон “тулаан” болдог Лас Вегас энэ жил сагсан бөмбөгөөр нилээд “занимаалдаж” байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард NBA-ийн “Бүх Оддын” тоглолтыг зохион явуулсныг спортын хорхойтнууд мартаагүй байгаа биз. Мөн NBA-д багтай болох хүсэлтээ Лас Вегасын Мэр албан ёсоор мэдэгдсэнийг ч санаж буй байх. NBA-д өөрийн баггүй боловч “Бүх оддын” тоглолтыг зохион явуулсан анхны хот болсон Лас Вегаст наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын хоёронд сагсан бөмбөг дахин айлчлав. Америк тивийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд Төв, Хойд болон Өмнөд Америк, Карибын Тэнгисийн орнуудын бүсээс шалгарсан шилдэг 10 үндэсний шигшээ багууд оролцсон. Тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох эрхийг шууд өвөртлөх ба 3-5 байр эзэлсэн багууд ирэх жил болох Олимпийн нэмэлт эрхийн төлөө тэмцээнд оролцох байсан нь тэмцээний нэг онцлог. Гэхдээ хамгийн гол нь өнөө цагийн сагсанбөмбөг, түүний дотор NBA-ийн “нүүр царай” болж буй одод оролцсон явдал.

            Олимпийн аварга Аргетиний шигшээд  “Хьюстон”-ы Луис Скола, “Торонто”-ийн Карлос Дельфино, Пуэрто Рико-д “”Орландо”-ийн Карлос Арройа, Бразилд “Дэнвер”-ийн Нене, “Финикс”-ийн Барбоза, “Нью Орлеанс”-ийн Маркуш Де Соуза, Уругвайд Эстебан Батиста, Канадад “Филадельфи-76”-ийн Самуэль Далемберт гээд NBA-ийн тоглогчдоос гадна NBA D-league,NCAA, Итали, Испани, Литва, Оросын мэргэжлийн  лигт тоглодог өч төчнөөн тоглогчид иржээ. Ер нь NBA-ийн тоглогчгүй баг алга. Ганцхан Виржинийн арал улс л NBA-д одоогоор “төлөөлөгчгүй” байгаа аж. Гэвч арлын энэ бяцхан улс Америкийн төдийгүй дэлхийн сагсан бөмбөгт өөрийн агуу одыг төрүүлсэн түүхтэй. NBA- ийн дөрвөн удаагийн аварга, хоёр удаагийн шилдэг тоглогч, “Сан Антонио спэрз”-ийн багийн ахлагч,төвийн тоглогч, лидер Тим Данкан Америкийн иргэн л болчихсон болохоос уг нь энэхүү арал дээр “эхээс унасан” гэнэм.

            За тэгээд Аргентиний Мануэль Жинобили, Фабрицио Оберто, Андрес Нокиани, Уолтер Херманн, Канадын Стив Нэш, Бразилийн Варежао гээд  NBA-ийн одууд нь ирсэн бол бүүр ч гоё юм болох байлаа.

                       

“Томас ба Мак” ба тэмцээний явц

 

“FIBA AMERICAS CHAMPIONSHIP 2007” тэмцээн Лас Вегасын “ Tomas & Mack Center” хэмээх спортын ордонд явагдлаа. Энэхүү ордонг Жереми Мак, Пэрри Томас гээд хоёр банкир 2001 онд бариулжээ. 18 776 үзэгчийн суудалтай энэхүү ордонд Лас Вегасын Их сургуулийн сагсан бөмбөг, волейболын багууд тоглолтоо хийдэг агаад, “Гладиатор”-ын тулаан, Мэргэжлийн бух сургагчдын тэмцээн, Родеогийн тоглолт, нэртэй дуучдын концерт гээд олон арван үйл явдал болжээ. “NBA All Star Game 2007” ч энд болсон аж.

“FIBA AMERICAS 2007тэмцээнд оролцсон 10 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож, хэсэг тус бүртээ эхний дөрвөн байр эзэлсэн багууд нөгөө хэсгээсээ шалгарсан багуудтай  хоёрдугаар шатанд тоглосон. Ингээд хагас шигшээд оролцох багууд тодроход Аргентин-Бразил, АНУ-Пуэрто Рико учраа таарав. Хөлбөмбөгийн талбайд мөнхийн өрсөлддөг Өмнөд Америкийн хоёр баг сагсны талбайд ч мөн эн тэнцүү хүч үзэв. Гэвч Аргентинчууд тоглолтын төгсгөлд арай илүү тоглож 91:80-аар хожин финалд шалгарав. Харин АНУ-ын сагсчид Пуэрто Рикочуудыг 135:91-ээр төвөггүй хожсон.

Хүрэл медалийн төлөө Бразил-Пуэрто Рикогийн багууд тоглож , Пуэрто Рико манлай тоглогч Арройо,Айюсо хоёрын гялалзсан тоглолтын хүчинд Бразилийн багийг 111:107-оор хожлоо. Арройо 30 оноо, 10 дамжуулалт хийсэн бол, Айюсо 39 оноо авлаа. Айюсогийн гурван онооны 12 шидэлтийн 8 нь “байндаа” туссан юм. Харин Бразилийн лидер , энэ тэмцээний онооны лидер Барбоза хүрлийн төлөө тоглолтод тун үлбэгэр тоглосон нь  тэдний амжилтад нөлөөлсөн.

Хүрэл медаль зүүсэн Пуэрто Рико, 3-4 байрт шалгарсан Бразил, Канадын сагсчид ирэх оны дорлдугаар сард болох олимпийн эрх олгох тэмцээнд Америк тивээс оролцох эрхтэй үлдэв.

 

Лас Вегасийн финал ба Леброны гайхамшиг

 

Аваргын төлөө шалгаран үлдсэн Аргентин-АНУ-ын багуудын тоглолт эхнээсээ л дуустлаа америкчуудын давамгайллаар өндөрлөв.  Өмнө нь хоёрдугаар шатны тоглолтод Аргентинийг 91:76-аар хожсон тэд энэ удаа 118:81-ээр хол зөрүүтэй хожлоо. Леброн Жэймс энэ орой 11 гурван онооны шидэлтийнхээ наймыг нь оновчтой гүйцэтгэж, нийтдээ 31 оноо авлаа. Тэрбээр ийнхүү Аллен Айверсон, Кармело Антони нарын АНУ-ын шигшээ багт нэг тоглолтод 28 оноо авсан амжилтыг  гурван оноогоор ахиулан шинэ рекорд тогтоов.

Тоглолтын дараахь хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Майк Кржижевски “ Манай багийн залуус бүгд маш сайн тоглосон. Хэн нэгнийг онцлон нэрлэмээргүй байна. Гэхдээ Леброн Жэймс өнөөдөр үүргээ үнэхээр сайн биелүүллээ. Тэр шигшээ багийн түүхэнд гайхамшигт амжилтыг үзүүллээ” гэсэн бол Кармело Антони “Би хүрэл медалиас уйдсан. Энэ бол шигшээ багийн бүрэлдэхүүнд миний авсан анхны алтан медаль. Цаашид энэ тоо нэмэгдэх байхаа” хэмээн өгүүлсэн.

“Лас Вегас 2007” тэмцээний шилдэг тоглогчоор (MVP) шигшээ тоглолтод 23 оноо авсан Аргентиний Луис Скола шалгарав. Тэрбээр энэ намраас эхлэн NBA-ийн “Хьюстон рокитс” багт тоглох бөгөөд гурван жилийн хугацаатай, жилийн 7,5 сая долларын гэрээг өнгөрөгч зун үзэглэсэн билээ.

 

 

“ДРИЙМ ТИМ”-ийн түүхээс

 

“ДРИЙМ ТИМ”(Dream Team) буюу “Мөрөөдлийн баг”-ийн тухай яриа энэ өдрүүдэд дахин сонсогдож байлаа. Анх 1989 онд FIBA  дүрмээ өөрчлөн Олимпийн наадам, дэлхийн АШТ-нд мэргэжлийн сагсанбөмбөгчдийг оролцуулах болсноор Америкийн шигшээд NBA-ийн супер одууд оролцож, “Мөрөөдлийн баг” мэндлэх эх суурийг тавьсан билээ. 1992 оны Олимпийн наадамд түрүүлсэн Америкийн шигшээ багт Майкл Жордан, Мэжик Жонсон, Ларри Бирд, Дэвид Робинсон, Чарльз Баркли, Патрик Юинг, Скотти Пиппен, Карл Мэлоун, Жон Стоктон, Кристиан Лэттнер, Крис Маллин, Клайд Дрекслер гээд одууд анх оролцож, “Мөрөөдлийн баг”-ийн түүх эхэлсэн. Өдгөө “ORIGINAL  DREAM TEAM” гэгдэх болсон дээрх багийн 12 тоглогчийн 10 нь NBA-ийн түүхэн дэх  аугаа тоглочдын жагсаалтад багтсан юм.

Дараагийн буюу “Дрийм тим-2”  1994 оны Дэлхийн АШТ-д оролцож аварга болсон. “Мөрөөдлийн баг-2”-т Айзея Томас, Шакил О’Нил, Режжи Миллер, Доминик Уилкинс, Шон Кэмп, Жо Думарс, Алонзо Моурнинг,Марк Прайс, Дан Мэрли, Ларри Жонсон, Деррик Кулеман нар тоглосон.

1996 онд АНУ-ын Атланта хотноо болсон “Алтан” Олимпод “Мөрөөдлийн баг-3” тоглож, энэхүү “Дрийм тим”-ийг амьдаар нь үзэх завшаан  уг олимпийг сурвалжилсан миний биед олдож байсан билээ. “Original Мөрөөдлийн баг”-ийн Баркли, Мэлоун, Пиппен, Робинсон, Стоктон болон Аварга биет Шакил О’Нил, Хаким Олажьювон, Режжи Миллер, Грант Хилл, Митч Ричмонд, Анферни Хардувэй, Гэри Пэйтон нарын гайхамшигт тоглогчдоос бүрдсэн “Дрийм тим-3” Олимпод бас л торолгүй түрүүлсэн.

Түүнээс хойш харин “Мөрөөдлийн багийн” сураг бараг тасарсан гэхэд хилсдэхгүй. 1998 онд Америкчууд Дэлхийн аваргад NBA-ийн тоглогчдоо оролцуулсангүй. Оюутнуудаас бүрдсэн АНУ-ын баг дөнгөж хүрэл дээр буужээ.

Дараа нь тэд ямар ч баг явуулсан олимп, ДАШТ-д түрүүлнэ гэсэн алдаагаа ухамсарлаж, 2000 оны Сиднейн олимпод “Мөрөөдлийн баг-4”-ийг илгээв. Жэйсон Кидд, Винс Картер, Кевин Гарнетт, Моурнинг, Тим Хардувэй, Гэри Пэйтон, Рэй Аллен, Шариф Абдур Рахим, Антонио Макдуэйс, Вин Бэйкер, Стив Смит, Аллан Хьюстон нарын бүрэлдэхүүнтэй АНУ-ын баг хэдийгээр нэг ч ялагдаагүй Олимпийн аварга болсон ч хүмүүсийн сэтгэлд “Дрийм тим-4” нэг их хоногшоогүй билээ.

2002 онд өөрийн эх орондоо зохиосон Дэлхийн АШТ-д NBA-ийнхан бас л оролцсонгүй. Үр дүн нь Зургаадугаар байр!!! Бүүр өөрийн нутагтаа шүү!!!

Сагсыг Америкаас бусад орныхон бас тоглож чаддаг юм гэдгийг ухаарсан болохоор 2004 оны Олимпод Тим Данкан, Аллен Айверсон, Леброн Жэймс, Амаре Стадемайр, Дуэйн Уэйд, Ричард Жефферсон, Эмека Окафур, Стефан Марбюри, Кармело Антони нараас бүрдсэн “Дрийм тим-5”-ийг оролцуулсан. Гэвч тэд Афинд гурав хожигдож, гутамшигаа дэлгэсэн билээ.

АНУ-ын сагсчид урьд өмнөх бүх Олимпод ердөө хоёрхон удаа(1972,1988 онд) хожигдоод байсан бол ганцхан олимпод нэг доор гурав хожигдох нь тэр. Гэхдээ бүүрмэргэжлийн тоглогчдоос бүрдсэн баг нь.Арай гэж хүрэл дээр буусан багийг “Мөрөөдлийн баг” гэлтэй биш дээ.

Өнгөрсөн онд Японд болсон Дэлхийн АШТ-д  дээрх багийн ихэнх тоглогчид багтсан баг бас л хүрэл дээр бууснаар” Дрим тим”-ийн яриа тасарсан билээ.

 

Дахин  мэндэлсэн “ДРИЙМ ТИМ”

 

            Энэ оны хавар АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо Үндэсний шигшээ багаа шинэчлэн бүрдүүлж, “Бээжин -2008” олимпийн наадамд  алдагдсан аварга цол, алтан медаль, нэр хүндээ эргүүлэн авахаар шамдаж эхэлсэн. Үнэхээр ч сайн баг бүрдүүлсэн нь Лас Вегасын тэмцээнээс харагдав.

“Дрийм тим-6” гэж болох энэ багт Леброн Жэймс, Коби Брайант, Жэйсон Кидд, Кармело Антони, Чоунси Биллапс, Тэйшон Принц, Майкл Редд, Дуайт Ховард, Амаре Стадмайер,Майк Миллер, Тайсон Чэндлер, Дерон Уильямс  тоглолоо. Гэмтэл бэртлээсээ болоод Дуэйн Уэйд,Крис Бош, Жильберт Аренас, Пол Пирс нар, бэлтгэлийн байдлаас болоод Кирк Хайнрич, Кевин Дюрант, Карлос Бузер, Шон Мэрион нар энэ тэмцээнд оролцсонгүй.

 “FIBA Americas” тэмцээнд “Мөрөөдлийн баг-6” 10 тоглохдоо 10 ялж, тэмцээний алтан медаль, аваргын цомыг, Бээжингийн олимпод оролцох урилгатай давхар хамав. Тоглолтоос тоглолт болгондоо үзэгчдийг алмайруулж, өрсөлдөгчөө цөхрүүлсэн гоё тоглолт үзүүллээ, тэд. Дунджаар нэг тоглолтод  116,7 оноо авчээ.

Хашир туршлагатай Жэйсон Киддын холболт, дамжуулалт, “Онооны машин” Антонигийн оновчтой шидэлт, Леброн-Кобигийн супер хослол, Ховард, Стадмайер нарын  хүчтэй довтолгоо гээд үнэхээр хүчтэй байна.

Сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүс ч энэ багийг “ORIGINAL DREAM TEAM”-ээс хойших хамгийн шилдэг нь гэцгээх нь олонтаа сонсогдов. Үнэхээр ч “Дрийм тим” гэсэн үг Лас Вегаст дахин тод сонсогдож, сэтгэлд хоногшсон “Дрийм тим-1”, “Дрийм тим-3” шиг багийг бид “Бээжин-2008” олимпийн үеэр дахин харах нь ээ.

           

 

 

           

                       

             

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:44 | | уншсан: 1300 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


rolling on the floor гоё шүү тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 00:47, 2010-10-20 | Холбоос | |





:-)