Роналдиньогийн ханш 120 сая евро
Хөгшин Европын хөлбөмбөгийн “хүн хар зах”-ын энэ зуны “наймаа” маргааш хаагдах юм. Энэ зун урьд өмнөх жилүүдийг бодвол супер оддын наймаа бараг болсонгүй. Францын шигшээ, Английн “Арсенал” багийн довтлогч Тьерри Анри Испанийн алдарт “Барселона” багт 24 саяар ирснийг л хамгийн том наймаанд тооцож болох юм. Харин сүүлийн үед Английн “Челси”-ээс Германы багийн ахлагч Микаэль Баллак Испанийн “Эзэн хааны” баг Мадридын “Реал”-д, Бразилийн Кака Италийн “Милан”-аас мөн л Мадридын “Реал”-д очих тухай хэвлэл мэдээллээр цацагдаж байсан ч энэ нь бараг цуу яриа болох нь тодорхой боллоо. Мөн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Бразилийн Роналдиньог Испанийн “БАРСА”-аас явах тухай яриа их дэлгэрсэн билээ. Эхлээд түүнийг Италийн “Милан” сонирхож, тэр ч бүү хэл Роналдиньогийн төлөө илүү ч үгүй, дутуу ч үгүй 100 сая евро төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдэн шуугиан тарьсан. Нэрт хөлбөмбөгчний төрсөн ах, хувийн менежер нь болох Роберто Ассис “Милан”-ы ерөнхийлөгч Адриано Галлианитай хэд хэд уулзсан тухай Италийн хэвлэлүүдээр гарсан нь дээрх яриа ор үндэсгүй биш болохыг баталсан билээ. Кака-Роналдиньо-Рональдо гэсэн Бразилийн “супер трио”-тай болохыг Галлиани маш их хүсч буй нь мэдээжийн хэрэг боловч “Барса” Роналдиньог тийм амархан өгчихгүй нь бас тодорхой.
Гэтэл сүүлийн хэдэн өдөр “Будант Альбионы” хэвлэлүүдээр бас нэг сенсаац дэгдлээ. Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшдэг “Челси” Роналдиньог авахаар хөөцөлдөж байгаа талаар мэдээлсэн нь тэр. Абрамович Роберто Ассистай сүүлийн өдрүүдэд уулзаж ярилцсан тухай ч зарим сонин өгүүлжээ. Энэ ч яахав ээлжит цуу яриа биз гэж бодьё. Тэгвэл “Челси” Роналдиньогийн төлөө 85 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 120 сая евро шилжүүлэхэд бэлэн гэдэг баримт хаанаас гарах вэ? Бас “Челси” Испанийн “Реал”-д хагас хамгаалагч Роббьенээ 36 сая еврогоор өгсөн, мөн Баллак, Шевченко нараа худалдаж магадгүй байгаа нь ч дээрх яриаг гарахад нөлөөлсөн биз.
Роналдиньо ийм үнэ хүрсэн нь “Барса”-ийн балиашигууд, багийн удирдлагуудыг багагүй сандаргаж байгаа бололтой. Учир нь Роналдиньо 2010 оны зургадугаар сарын 30 хүртэл “Барса”-д зүтгэх гэрээтэй ч “Челси”-ийн амлаж буй ханш гэрээний нийт үнээс илүү гарч буй тул хөлбөмбөгч хэрхэхээ өөрөө шийдэх бололцоотой болгож байгаа юм. За ямар ч байсан Роналдиньогийн үнэ ханш 100 саяаас хол давж буй нь ойлгомжтой боллоо. Одоогоор дэлхийн хамгийн үнэ хүрсэн хөлбөмбөгчин бол Францын Зинедин Зидан байгаа билээ. 2001 онд Зидан Италийн “Ювентус”-ээс Испанийн “Эзэн хааны” багт 46 сая еврогоор очиж байсан юм.
Хэрэв Роналдиньо “Барса”-аас гэрээний хугацаа дуусахаас өмнө явах болбол дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчийн хэргэмийг Зиданаас шилжүүлэн авах нь ээ. Гэхдээ “Барса”-гийн тоглолтын арга барил, тактик Рональдиньод маш сайн тохирдог болохоор тийм ч амархан багаа солихгүй л болов уу? Англи, Италийн хатуу, нягт хамгаалалт, өндөр хурд, тоглолтын стиль нь өндөр техниктэй Роналдиньод төдийлөн нийцэхгүй байж магадгүй л юм.
Ямартай ч маргааш “Хуучин” тивийн “хөлбөмбөгийн хүн хар захын” энэ зуны солилцоо, шилжилт хөдөлгөөн дуусна. Тэгэхээр дээрх бүх ярианд хариу өгөх биз ээ.