2011-07-09
Сарнай, бүргэд, вандуй гурав хөлбөмбөгт яагаад хамаатай вэ?

Хөлбөмбөгийн дэлхийн аварга   гээд нэр хүнд , цар хүрээ , үзэгчдийн тоо, ашиг орлого гээд бүх л зүйлээрээ Олимпийн наадамтай “арсалдаж” байдаг тэмцэээн байдгийг хэн хүнгүй мэднэ. Үндэсний шигшээ багууд  дөрвөн жил тутам ФИФА-ийн “Алтан цом”-ын төлөө өрсөлддөг. Шигшээ багуудын хувьд дэлхийн аваргын дараа орох эрэмбэ зиндаатай тэмцээн нь тивийн аварга билээ. Хэдийгээр тивийн аварга шалгаруулах тэмцээн нэг л ижил ч тив тивийнх өөр өөр нэртэй. “Хуучин” тивийнхэн аварга шалгаруулах тэмцээнээ “EURO”, Өмнөд Америкийнхан   “COPA AMERICA”, “Хар” тивийнхэн  “CUP OF NATIONS AFRICA”, “Шар” тивийнхэн  “ASIAN CUP” хэмээн нэрлэдэг бол Хойд болон Төв  Америк, Карибын тэнгисийн орнууд “GOLD CUP” гэдэг.

Энэ удаад та бүхэндээ “GOLD CUP-2011” –ын финалын тоглолтыг сурвалжлахдаа үзсэн харсан, дуулсан мэдсэнээ товч хүргэсү.

ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо гишүүн 208 орноо зургаан бүст хуваан ДАШТ-д оролцох эрхийг олгодгийн нэг нь КОНКАКАФ буюу Хойд болон Төв  Америк, Карибын тэнгисийн орнуудын бүс билээ. КОНКАКАФ-ын “нас сүүдэр”   энэ жил зуугийн талыг шүргэж, түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм.

КОНКАКАФ  1963 оноос  тивийнхээ аваргыг шалгаруулж , 1991 оноос тэмцээнийхээ нэрийг “Алтан цом” болгожээ. “Алтан цом”-д Хойд Америкаас гурав, Төв Америкаас тав, Карибын Тэнгисийн орнуудаас дөрвөн баг шалгаран оролцдог. Энэ жил л гэхэд 2006 оны ДАШТ-д оролцож байсан Тринадад ба Тобаго, цагтаа Конкакафын аварга болж байсан Хайти багууд “ Gold Cup”-д оролцох эрхээ авч чадаагүй гэхээр бас ч босго өндөртэй тэмцээнийг нотолно.

“GOLD CUP-2011” өндөрлөөд нилээд олон хоног  өнгөрсөн, бүх тоглолтууд ТВ-ээр гарсан, финалын АНУ-Мексикийн гал манарсан тоглолт хөлбөмбөг сонирхогчдын нүдэнд илхэн, санаанд тодхон  байгаа болохоор тэмцээний тухай үл өгүүлэн өгүүлэхэд энэ жилийн тэмцээнийг нийтдээ 1 125 120 үзэгч цэнгэлдэх хүрээлэнд үзсэн бөгөөд дунджаар тоглолт бүрт 45 000үзэгч гэдэг нь үнэхээр өндөр үзүүлэлт, нөгөөтэйгүүр энэ бүс нутагт хөлбөмбөг хэрхэн хөгжиж буйн илрэл буй заа.

                “GOLD CUP-2011”-ийг дэлхийн орон орны 180 гаруй хэвлэл мэдээллийнхэн албан ёсоор сурвалжилсны дотор Монголын “Таван цагариг” сонин байсан бөгөөд “Таван цагариг”-ийн нэр “GOLD CUP”-ийн пресс лоожонд хоёр дахиа заларч (Өмнө нь 2007 онд) буй нь энэ. Азиас бол Хятадын “Синьхуа”, Арабын “Эль Жазири” , Хонконгийн NOW TV  гээд гарын таван хуруунд багтах төлөөлөгч Хойд Америкийн хөлбөмбөгт “анхаарлаа” хандуулсан байна лээ.

Үзүүштэй финал буюу “Бүргэдүүдийн” тулаан

Мэдээж хөлбөмбөгийн энгийн сонирхогчоос эхлээд мэргэжилтнүүд ,сэтгүүлчдийн тооцоолж байсан, бас хүсч байснаар АНУ-Мексикийн шигшээ багууд финалд үлдсээн. “ El Tri” буюу гурван өнгөтнүүд эхнээсээ л тэмцээнийг дуулиан шуугиантай эхэлсэн. Таван тоглогч нь сэргээшийн шалгалтад бүдэрч хөөгдсөн. Гэвч “Чичарито” хэмээх Хавьер Эрнандес, Жованни Дос Сантос, Баррера , Гуардадо нарын залуу одод Маркиз, Сальсидо нарын хашруудаас бүрдсэн Мексикийн шигшээ төвөггүй финалд хүрсэн бол Америкчууд хэсэгтээ Панамад хожигдож, том сургамж аваад тун хянуур тоглосоор аваргын төлөө тивийнхээ нэг номерийн “дайсантайгаа” учраа таарсан билээ.

Аминдаа  “Алтан цом”-ын аваргын төлөөх тоглолт АНУ-ын Кальфорн мужийн Лос Анжелес хотын дагуул хот Пасадена дахь алдар цуут “Роуз Боул”  цэнгэлдэхэд (Энэ цэнгэлдэхийн талаар жичид нь өгүүлнэ) болсон ч ачир дээрээ бол Мексикт болж буй мэт байлаа. Финалын тоглолтын өглөө 11 цагийн үед “Роуз Боул”-д сурвалжлах пресс пассаа авахаар очиход л гадуур нь дүүрэн “амиго” нар шар айргаа ууцгааж, шарсан махаа идсэн шиг хэдийнээ тухлаад авсан байсан. Тоглолт эхлэхээс бүүр 7-8 цагийн өмнө шүү дээ. Тэрнээс ч өмнө ирсэн, бүүр урьд шөнө нь ирээд хоносон ч юм билүү хэн мэдлээ. Цэнгэлдэхийн гадаа албан ёсны, амин хувийн , жинхэнэ, хулхи бараа таваар, худалдаа наймаа дүүрэн байснаас хамгийн эрэлт хэрэгцээтэй 14 дугаарын Чичаритогийн өмсгөл.

Стадион руу очихоор явах зам зуур тасалбар сурагласан хүмүүс хэдэн мянгаар тоологдохоор.

Бүүр хэд хоногийн өмнө энэ тоглолтын бүх тасалбар зарагдаж дууссан (SOLD OUT!!!)  хэмээн албан ёсны сайт нь мэдээлсэн байсан билээ. Энэ өдөр тасалбар авсан азтай 93 420 үзэгч бас нэгэн өвөрмөц амжилтын эзэд болсон. 93420 үзэгч. Энэ бол Нэгдсэн Улсын хөлбөмбөгийн түүхэнд хоёрт орох үзүүлэлт. Үүний өмнө орох рекорд амжилт 1994 оны Дэлхийн аваргын финалын Бразил-Италийн шигшээ багуудын тоглолт бөгөөд яг энэ цэнгэлдэхэд тэр өдөр 94 194 үзэгч цуглаж байсан ажээ.

За тэгээд цэнгэлдэхэд цугласан үзэгчдийн 90 хувь нь Мексикчүүд байсан бөгөөд уур амьсгал ямархуу байсныг хэлэхэд үг багадна. Мексикчүүдийн орилж хашгирч, онгирч байна гэж жигтэйхэн. За ингээд “Бүргэдүүдийн- тулаан эхэлээ. Америкчууд цагаан толгойт бүргэдийг төрийнхээ бэлгэдэл болгодог бол Мексикчүүдийн төрийн бэлгэдэл нь “Алтан бүргэд” билээ.

Тоглолт эхлээд хэдхэн минут өнгөрч байхад АНУ-ын дасгалжуулагч Боб Брэдлийн хүү Майкл Брэдли анхны гоолыг оруулсан.  Төдөлгүй 23 дахь минутад Америкийн лидер Дэмпси-Донован нарын уран гоё хувилбарыг Донован гоол болгож 2:0-ээр Америкууд хошуучилж эхэллээ. Өнөө цэнгэлдэх дүүрэн мексикчүүд ус балгасан мэт таг чиг. Нэг их шуугиж байснаа чив чимээгүй болчихоор эвгүй ч юм шиг.

Гэхдээ энэ нам гүм байдал удаан үргэлжилсэнгүй ээ. Ялалт биднийх гэж хэтэрхий амархан , хэтэрхий эрт хоёр гоол оруулсан америкууд бодсон бололтой хамгаалалтдаа удаа дараа алдаа гаргав. Донованы хоёр дахь гоолоос зургаахан минутын дараа Баррера тооны зөрүүг багасгав. Үзэгчид дуу ороод эхэллээ. Дахиад долоон минут өнгөрөхөд Гуардадо тэнцээний гоолыг орууллаа.

Тоглолт ийм хурдтай өрнөнө гэж ёстой санасангүй ээ. Гэхдээ тооны харьцаа 2:2 болоход миний хувьд л лав сэтгэл маш хангалуун болов. Учир нь энэ стадионд 1994 онд Дэлхийн аваргын төлөө Бразил-Италийн багууд тоглоод үндсэн болон нэмэлт цагт тэнцээд торгуулийн цохилтоор дэлхийн аварга багийн нэр тодорч байсан бол 1999 онд бас л энд эмэгтэйчүүдийн ДАШТ-ий алтан медалийн төлөө тоглолт АНУ-БНХАУ-ын багуудын хооронд болж, мөн л тэнцээгээр өндөрлөөд торгуулийн цохилтоор ялагч тодорч байсан юм.

Тэгэхээр энэ удаа бас тэнцээд “пенальти”-аар аварга баг тодорвол маш ховор тохиолдол болох нь гэсэн шүү юм бодоод бас ингэж төгссөн тохиолдолд ямархуу гарчиг өгөхөө хүртэл төлөвлөж байв.

Хоёрдугаар үе эхлээд удаагүй байтал Баррера энэ тоглолтод хоёр дахь гоолоо оруулсан. Урьд өмнөх тоглолтуудад хаалгаа сайн “манасан” Америкийн Тим Ховард энэ өдөр тун сул тоглолоо.

Америкчууд тоогоо тэнцүүлэх нилээд хэдэн боломжийг алдсан. Эцэст нь Дос Сантосын өндөр ур чадвар, онцгой мэдрэмжийг харуулсан гоол хүн бүхнийг баясгасны сацуу ялалт “Алтан бүргэд” –үүд буюу “Ацтекүүд”, “El Tri” гээд  алинаар нь ч нэрлэсэн болох Мексикийн хөлбөмбөгчдөд ирснийг зарласан.

 

“GOLD CUP 2011”-ийн аварга Мексикийн шигшээгийн тухай хэдэн үг хэлэхгүй бол шударга бус болох байх. Энэ удаагийн баг нь үнэхээр шилдэг тоглогчдыг бүрдүүлж, хашир туршлагатай болон залуу авьяаслаг тоглогчдыг зөв хослуулж чадсанаараа ихээхэн онцлогтой байв.   Хамгаалалтад цагтаа “Барса”-д тоглож явсан Рафаэль Маркиз, Английн “Фулхэм” багт тоглодог Сальсидо гээд хашир , хий багатай тоглогчид байхад “МЮ”-ийн Чичарито, “Тоттенхэм”-ийн Жованни Дос Сантос , “Вест Хэм”-ийн Баррера , “Депортиво”-ийн Гуардадо гээд залуу одууд нь гялалзсан хувийн тоглолт, хурд, өндөр техникээ харуулж байв. Хэдийгээр эд нар нас бага ч туршлага арвин. Жованни Дос Сантос 22-хон настай ч шигшээдээ 45 тоглож, 11 гоол оруулаад байгаа бол Чичарито 23 настай , шигшээдээ 29 тоглож, 21 гоол, Барреро 23 настай, шигшээдээ 38 тоглож, 6 гоолтой бол Гуардадо 24 настай гэхэд шигшээдээ аль хэдийнээ 72 тоглож, 12 гоол оруулаад байгаа ажээ.

Ур чадвар , хурд, техникийн хувьд Жованни Дос Сантос нь аргагүй ялгарна. Бразил цустай, бас тэгээд том багийн “бүтээгдэхүүн” болохоор тэр биз. Түүний эцэг нь мэргэжлийн хөлбөмбөгчин Зизиньо хэмээх бразил хүн. Тэрбээр 80-аад оны үед Мексикийн лигид тоглож байхдаа нутгийн бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд гурван хүү нь гурвуулаа хөлбөмбөгчин болжээ. Том хүү Жованни нь 11 настайдаа “Барса”-ийн академид уригдсан бөгөөд дунд хүү Жонатон нь эдүгээ “Барса”-ийн залуучуудын багт тоглож байгаа. Харин отгон хүү нь Мексикийн “Америка” багт алба хааж буй.

Мексикийн үе үеийн хөлбөмбөгчдөөс алдар цуу, амжилт, нэр хүндээрээ домогт Уго Санчестай эн зэрэгцэх хүн байхгүй биз ээ. Тэгвэл нэр хүндээрээ түүнийг давж гарах боломж, авьяас, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээх шаанс Чичарито хэмээх Хавьер Эрнандест байна. Английн алдар цуут “Манчестер Юнайтед”-ийн бүрэлдэхүүнд байр сууриа амархан олсон энэ хүү бас л удам дагасан хөлбөмбөгч. Түүний өвөө Томас Балказар нь 50-аад онд Мексикийн шигшээд тоглож явсан бөгөөд 1954 оны ДАШТ-д оролцож, Францын хаалганд гоол оруулж явжээ. Тэгвэл Чичарито өнгөрсөн жил Өмнөд Африкт болсон ДАШТ-д бас л Францын хаалганд гоол оруулж өвөөгийнхөө шийрийг хатаасан билээ. Харин Чичаритогийн эцгийг Хавьер Эрнандес Гутьеррес гэдэг бөгөөд 1983 -1994 онд Мексикийн шигшээд тоглож, 1986 оны ДАШТ-д  орж явсан нэгэн. Тэрбээр ногоон нүднээсээ болоод Chicharo  буюу испаниар вандуй хэмээх хочоороо хөгжөөн дэмжигчдийнхээ дунд алдартай нэгэн байсан тул хүү нь  Chicharito  буюу бяцхан вандуй хэмээх нэрээр тоглох болсон юм байна.

 

“Сарнай”-тай уулзах мөрөөдөл биелэв

“Алтан цом”-ын финалын тоглолтыг сурвалжлах гэж зүтгэсний бас нэг зорилго нь нь “Сарнай” байсан билээ. Сарнай цэцэг биш, Сарнай нэртэй бүсгүй бол бүүр ч биш , харин алдар цуут “ Rose Bowl” цэнгэлдэхэд нэг хөл тавихсан гэж бас нэгэн мөрөөдөл маань “ GOLD CUP-2011” –ийг сурвалжлах үед биелэв. Тэртээ 1921 онд баригдаж эхлээд жилийн дараа ашиглалтад орсон энэхүү эртний цэнгэлдэх хүрээлэн яагаад сонирхлыг маань татдаг юм бэ гэвэл хэд хэдэн баримт хэлж болох.

Манай цэнхэр гариг дээр хөлбөмбөгийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн финалын тоглолт хоюулаа зохиогдсон цэнгэлдэх  ердөө хоёрхон ширхэг бий.

Нэг нь Шведийн Стокхольм хотноо байдаг “Росунда” цэнгэлдэх. Тэнд 1958 онд ДАШТ-ий финалын тоглолтод Бразилийн баг талбайн эзэн Шведийн хөлбөмбөгчдийг 5:2-оор бут ниргэн, хожмоо хөлбөмбөгийн хаан болсон, тухайн үед бол хэний ч үл таних 18 настай Пеле уран гоё тоглолтоо харуулж байсан бол 1995 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ий алтан медалийн төлөө тоглолт бас л “Росунда”-ийн ногоон зүлгэн дээр болж байв.

Хоёр дахь нь “Роуз боул”. Энд 1994 онд хөлбөмбөгийн дэлхийн аваргын төлөө Бразил-Италийн шигшээ багууд өрсөлдөж үндсэн ба нэмэлт цагт хэн хэндээ гоол оруулж чадалгүй 0:0-ээр тэнцээд торгуулийн цохилтоор Бразил 3:2-оор хожин дэлхийн аварга болж байсныг яахан мартах билээ.

Мөн 1999 онд “Сарнай” цэнгэлдэхэд  маань эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө АНУ-БНХАУ-ын бүсгүйчүүд бас  тоглосон. Сонирхолтой нь тоглолтын үндсэн болон нэмэлт цаг мөн 0:0-оор өндөрлөж, торгуулийн цохилтоор 5:4-өөр хожсон Америк хүүхнүүд дэлхийн хошой аварга болж байлаа.

Энэ тоглолтыг 90 185 үзэгч үзсэн бөгөөд хамгийн олон үзэгчтэй эмэгтэйчүүдийн спортын тэмцээн хэмээн Гиннесийн рекордод тэмдэглэгдсэн байдаг юм билээ.

Гэхдээ “Роуз боул” –ийн “Росунда”-г гүйцэх нэгэн зүйл нь олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний алтан медалийн төлөө тоглолт болсон. Дэлхийд эмэгтэй болон эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий финал, бас Олимпийн наадмын хөлбөмбөгийн финал явагдсан өөр цэнгэлдэх “Роуз боул”-оос өөр байхгүй ээ.

Иймэрхүү л үүх түүхтэй болохоор нь “Сарнай” руу тэмүүлсэн учиртай. Энгийн хэлбэртэй энэ цэнгэлдэх 90 “настай” гэхэд эдүгээ ч дэлхийн хэмжээний арга хэмжээг торолгүй явуулахаар ануухан хэвээр. Манайхан 1921 онд Ардын хувьсгалаа хийж, Жанжин маань гаминг хөөж явахад эднүүс ийм цэнгэлдэхийн суурийг цутгаж байж гэхээр санаанд багтамгүй ээ.

За дотор нь орохоор ч сэтгэл хөдөлж байна гэж юу гэхэв. Тэр  хаалган дээгүүр Барези, Роберто Бажо нар давуулан өшиглөсөн нь бодогдоод л , энэ ногоон талбай дээр чинь Бебето, Ромарио тэргүүтэй Бразилчууд “Алтан цом”-оо өргөн гүйж яваа нь гүйж явсан нь харагдаад л. Яг тэр үед яваад оччихсон юм шиг мэдрэмж төрөөд л.

Аугаа “Роуз боул” – хичнээн хүний баярын нулимс, харууслын сувдан хэлхээг энд шингээсэн бол доо, ЧИ!

 

“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

Сан Франциско-Лос Анжелес-Пасадена. 2011 оны 6 дугаар сарын 25-26.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:24 | | уншсан: 846 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)