Залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хийсэн сурвалжлагынхаа үргэлжлэлийг та бүхэнд хүргэж байна.
Хоккей хаанахын тоглоом бэ?
Аливаа улс орон үүсгэж буй болгосон спортоо манайх гэж өмчлөх дуртай, тэр спортынхоо төрөлд “Number One” байхыг хүсдэг. Хөлбөмбөгийн өлгий нутаг гэж Англичууд бахархаж байхад Олимпийг “төрүүлсэн” орон бол Грек гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Манайхан Дэлхийд ганцхан Монгол наадам хэмээн цээжээ дэлддэг бол Япончууд сүмо, жүдо, Америкийг сагсанбөмбөгөө хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Гэхдээ үүсгэж бий болгоогүй ч тухайн спортын төрөлд амжилт, сургалт, ард түмнийх нь дуртай байдал гээд бүх талаас нь авч үзвэл өрөөлийн юмыг өөрийн үндэсний спортоо болгосон ард түмэн, улс орон бишгүйдээ бий. Бразилийг хөлбөмбөгийн, Кубыг боксын, Ираныг бөхийн орон гэж хэлэхгүй байхын аргагүй ээ.
Тэгвэл хоккей хаанахых вэ? Аль ч талаас нь аваад үзсэн хоккей бол яах аргагүй Канадын үндэсний спорт оо. 1875 оны гуравдугаар сарын гурванд Канадын Монреаль хотын “Викториа” мөсөн гулгуурын талбайд хоккейн анхны албан ёсны тоглолт болсон бөгөөд багууд ес есөн хүний бүрэлдэхүүнтэй, шайб нь модоор хийсэн, мөн хоккейд анх хаалга тавьсан тухай “Montreal Gazetta” –д дурьдагдсан байдаг билээ. Дараа нь 1877 онд хоккейн дүрмийн анхны долоон заалтыг баталж, 1879 оноос резинэн шайбаар тоглодог болсон гээд хоккейн спортын үүх, түүхийн анхдагч бүхэн Канадад хамаарана. Зөвхөн эртний түүх төдийгүй хоккейн өчигдөр, өнөөдрийн хөгжил дэвшил, амжилт бүрт ч “Агч навчны” орон толгой цохино.
Олимп дэлхийн аварга цолыг хамгийн олон авсан орон нь мэдээж Канад. Канадын эрэгтэйчүүдийн шигшээ баг Олимпийн аварга цолыг 8 удаа, Дэлхийн аваргын цолыг 18 удаа хүртсэн бол бүсгүйчүүд нь Олимпийн 3 алт, дэлхийн аваргын 9 алтан медальтай. Залуучуудын шигшээ баг нь мөн дэлхийд 15 удаа түрүүлсэн амжилттай.
Манай гаригийн хоккейн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн бүх тоглогчдын 54,1 хувь нь канад тоглогчид байдаг бөгөөд Станлийн цомыг хамгийн олон хүртсэн баг нь ч мөн Канадын “Монреаль Канадиенс” юм.
“Агч навчны оронд” нийтдээ 2451 битүү хоккейн талбай, 11 000 гаруй гадаах задгай хоккейн талбай байдаг бөгөөд зөвхөн хоккейн спортоор дагнан хичээллэдэг, албан ёсны бүртгэлтэй 545 363 тоглогч байдаг гэнэ.
Иймээс ч Канадын үзэгч хөгжөөн дэмжигчид хоккейчдоосоо үргэлж “Number one” байхыг шаардаж, шигшээ багаасаа ( эрэгтэй, эмэгтэй, залуучууд, өсвөр үеийн ямар ч шигшээ байсан ялгаагүй) ямар ч тэмцээнд ороход нь зөвхөн алтан медаль, аваргын цомыг л хүлээж байдаг ажгуу.
Зүүдэнд ч оромгүй явдал
Алтан медалийн төлөө Канад-ОХУ-ын хоккейчид өрсөлдөхөөр гарч ирэх тэр агшинд HSBC ордонд чухамхүү ямархуу дуу чимээтэй байсныг үгээр илэрхийлэхэд хэцүү. Канад орон тэр чигэрээ Баффалод, HSBC ордонд нүүгээд ирчихсэн юм уу гэж бодогдохоор. Ордон дотор суудлаа эзэлсэн 20 000 хүн төдийгүй ордны яг гадна байрлуулсан тасалбар хүрэлцээгүй хөгжөөн дэмжигчдэд зориулсан аварга том дэлгэц бүхий асарт буй нижгээд мянган хүн( бараг 99 хувь нь канадчууд) , за тэгээд гэртээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан суугаа боловч сэтгэл зүрхээрээ хэдийнээ Баффалод ирчихсэн Канадын хүн амын бараг 40 хувь нь буюу 14,2 сая (!!!!) үзэгчид дотор Канадын залуучуудын ялалтад эргэлзэж байсан хүн нэг ширхэг ч байхгүй байсан болов уу? Үүнийг тэрлэгч миний бие ч гэсэн тэдний нэгэн байсан билээ.
Хоёр орны төрийн далбааг барьсан бяцхан хүүхдүүд талбайд хүндэтгэлийн тойрог хийсний дараа хоккейн талбай дахь мөнхийн “дайсан”, хоккейн хүйтэн дайныг өдөөгч хоёр гүрэн болох Канад-ОХУ-ын залуучуудын шигшээ баг 2011 оны ДАШТ-ий алтан медаль, аваргын цомын төлөө өрсөлдөхөөр мөсөн дээр гарч ирлээ. Ордон дүүрэн Канадын хөгжөөн дэмжигч , фанатууд “Агч навчны” орныхоо хоккейчдыг халуун алга ташилтын доор угтсан бол Оросын багийг гарч ирэхэд “Буууу” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн.
Канада – ОХУ – 3:5 (2:0, 1:0, 0:5)1:0 – 5 мин Эллис (де Хаан, Б.Шенн), 2:0 – 20 мин Эштон (Леблан), 3:0 – 27 мин Б.Шенн (Фолиньо), 3:1 – 43 мин Панарин (Березин, Голубев), 3:2 – 43 мин Кицын (С. Калинин, Е.Кузнецов), 3:3 – 48 мин Тарасенко (Е.Кузнецов), 3:4 – 56 мин Панарин (Голубев, Тарасенко), 3:5 – 59 мин Двуреченский (Е.Кузнецов)
Хаалгачид: Висентин 22/27 – Бобков 20/20, Шикин 15/18.
Канадчууд тоглолтыг хэрхэн эхэлдэг тэр л хэв маягаараа , өөрөөр хэлбэл маш их хурдтай угсраа довтолгоо, хаалга руу хаанаас ч хамаагүй шайбыг шиддэг тэр арга барилаараа эхлэв. Канадын эсрэг тоглохдоо ямар ч багийн дасгалжуулагчийн толгойны өвчин нь эхний 5-10 минутад л тэднийг хэрхэн зогсоох вэ гэдэгт байдаг хэмээн хоккейн мэргэжилтнүүд ярьдаг билээ. Үнэхээр ч тоглолт эхлээд 5 минут ч болоогүй байхад Үанадчууд эхний шайбыг орууллаа. Тэмцээний шилдэг довтлогч Брэйден Шенн ухаалаг оновчтой дамжуулалтыг Райн Эллист өгч, Канадын багийн ахлагч хүчтэй, оновчтой цохилтоор Оросын хаалгыг “мялаалаа”. Канадууд тоглолтын санаачилгыг гартаа авчээ. Нэгдүгээр үе дуусахын өмнөхөн Эштон хоёр дахь шайбыг Оросын хаалганд оруулснаар 2:0-ээр эхний үе өндөрлөв.
Хоёрдугаар үед Канадын лидер Брэйден Шенн ОХУ-ын хаалгач Шикиний хаалганд гуравдахь шайбыг орууллаа. Энэ гоолын дараагаар ОХУ-ын дасгалжуулагч В.Брагин Шикинийг нөөц тоглогчдын судал “татаж авчраад” , оронд нь биерхүү Бобковыг мөсөн дээр гаргав. Энэ нь тун нүдээ олсон шийдвэр болох нь удалгүй тодорхой болсон билээ. Бобков сэлгээгээр гарч ирснээсээ хойш Канадын 20 цохилтыг хааж, хаалгандаа нэг гоол алдалгүй тоглон, финалын нэгэн баатар болсон юм.
Шийдвэрлэх гуравдугаар үе. Тоглолт дуусахад ердөө 20-хон минут үлджээ. Канадууд 3:0-ээр хожиж яваа. Бүх юм тодорхой. Гэвч ийм хүнд байдал, нөхцөлөөс гарахад ёстой л нөгөө Дэлхийн II дайны үед “Эх орныхо төлөө” гээд л пулёмётны галын өмнө цээжээрээ хаадаг “ОРОС ЗАН”, “ОРОС ЗОРИГ” л хэрэгтэй байсан бөгөөд Орос залуучуудад энэ зан чанар, зориг зүрх байсан нь гуравдугаар үед илрэв. Найдваргүй шахам хожигдож явсан ОХУ-ын 13-хан секундын дотор дараалан хоёр шайб оруулан нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлсэн бол ялалтдаа хэт бардаж, сэтгэлдээ алтан медалиа хэдийнээ зүүчихээд байсан Канадчууд Оросын энэ гэнэтийн “цохилтод” шоконд, бүүр нокаутад орлоо.
Канадын дасгалжуулагч ч гэж нэг их номын дүмбийсэн амьтан. Тоо 3:2 болж, байдал эвгүйцэж эхэлмэгц тайм аут аваад сэтгэлийн хөдөлгөөнөө барьж сурах болоогүй залуу хүүхдүүдэд хэдэн үг хэлсэн бол яах ч байсан юм билээ. Гэтэл Оросын дасгалжуулагч Брагин нэгдүгээр үеийн завсарлагаагаар дэлбэртлээ уурлаж, самбараа хүртэл эвдэж, хатуухан үг хэлсэн нь орос “пацаануудад” ихээхэн нөлөөлсөн тухай тоглогчид нь дараа нь ярьж байсан.
За тэгээд тоо 3:2 болсноос хойш Канадын тоглолт бүүр байхгүй болсон гэхэд хилдэхгүй ээ. Гулгалт нь удааширч, дамжуулалт нь оновчгүй болж, цохилт нь хүчгүй болж, нэг үгээр хэлбэл “галгүй” болжээ. Харин Оросууд улам урам орсон нь илт. Арга чүгүй байх. Алдах юм ч тэдэнд алга. “Орос эх орныхоо төлөө” гээд л шийдвэрлэх тулаанд орж буй дайчин эрчүүд шиг харагдана, өнөөх пацаанууд.
Тоглолтын 48 дахь минутад ОХУ-ын багийн ахлагч Тарасенко иэнцээний шайбыг орууллаа. Хоёрдугаар үед тэрбээр хавтргандаа бэртэл авсан ч хүнд хэцүү үед багийн нөхдөө орхилгүй гуравдугаар үед дахин талбайд гарсан төдийгүй тэнцээний шайбыг оруулсан нь энэ.
Канадын дасгалжуулагч Дэйв Камерон тоо 3:3 болмогц сая л гэнэт ухаарсан мэт тайм аут авлаа. Гэвч хэдийнээ шокошд орчихсон хүүхдүүдэд түүний хэлсэн ярьсан огтхон ч нэмэр болсонгүй ээ. Үүнийгээ ч дараа нь Камерон хэвлэлийн бага хурал дээр хэлж, миний алдаа байсан гэдгээ хүлээсэн.
Тоглолтын цаг дуусахаас 4 минутын өмнө Панарин тоог 4:3 болгон Оросууд илүү гарсан бол нэг минутын өмнөхөн Двуреченски тав дахь шайбыг оруулснаар Канадчуудын сүүлчийн найдлага тасарч , олон мянган үзэгч суудлаасаа босон гарлаа.
Канадчууд 3:0-ээр хожиж явахад Канадын үнэнч хөгжөөн дэмжигч миний бие хүртэл Оросуудыг “өрөвдөж”, Яахав Оросууд ганц, хоёр шайб хийвэл хийг, тэгвэл тоглолт сонирхолтой, “амттай” болно гэсэн бодол төрж суусныг нуух юун. Гэтэл бүүр нэг, хоёроор тогтохгүй нэмөсөн таван шайб оруулчихдаг байна. БИе хөшиж, дуу гарахаа больж, юун зураг авах, бичлэг хийх манатай…
Канадын хоккейг 30 гаран жил балиашиглахдаа олон арван ялалтын “амтыг”, ялагдлын “гашууныг” мэдэрч байсан. Санаанд тод үлдэснээс 1981 оны “Канадын цом”-ын финалд манай Гретцки тэргүүтэй Канадын шигшээ нутагтаа 1:8-ээр Оросуудад хожигдож байсан нь олон жил мартагдахгүй явсан. Гэвч тэр тоглолтыг ТВ-ээр үзсэн болохоор хожигдлын “уур амьсгалыг” бас сайн мэдрээгүй юм шиг байгаан.
2002 онд “Агч навчны” орныхон маань Олимпийн аврга болоход манай Гретцки дасгалжуулаад, Супер Марио Лемьё ахлаад тоглож байхыг “амьдаар” нь хараад урд өмнөх бүх ялагдлаа мартаж байсансан.
Гэтэл дахиад л Канадын хоккейн түүхэн дэх хамгийн гутамшигтай ялагдлын “амьд гэрч” болдог байна шүү, бараг яах гэж Баффалод ирэв дээ гэж бодогдож байлаа. Энэ удаа олсон “зүрхний шарх” маань хэзээ эдгэхийг хэлж мэдэхгүй.
Ирэх жилийн дэлхийн залуучуудын аваргаар Канадууд –Оросуудыг финалд нойлоор нь хожих, эсвэл 2014 онд ОХУ-ын Сочи хотноо болох Өвлийн олимпийн шигшээ тоглолтод нутаг дээр нь Оросуудыг Канад маань хожихыг “нүдээрээ” харсан цагт илааршиж магадгйү юм даа. За энэ ч яахав хувийн асуудал.
Толгойгоо гудайлган нүдэндээ нулимс цийлэгнүүлэн зогсох канад хөвгүүд, бас л баярын “сувдан хэлхээ” унагааж, “Мы чемпионы!” хэмээн хашгиралдах орос жаалуудын дүр төрх нүдэнд минь ил. Хожсонд нь ч , хожигдсонд нь ч та нарт баярлалаа. Жинхэнэ хоккейн “тулааныг” та нар харуулсан шүү.
Тэмцээнийг зохион байгуулагчдаас ДАШТ-ий шилдэг хаалгачаар АНУ-ын Жэк Кэмпбелл, шилдэг хамгаалагчаар Канадын Райан Эллис, шилдэг довтлогчоор Канадын Брэйден Шенн нарыг тодруулсан. Мөн шилдгийн шилдэг буюу MVP-г Брэйден Шенн хүртлээ.
Согтуу аваргууд
Оросын залуус дэлхийн аваргын алтан медаль зүүснийхээ дараа, ОХУ-ын төрийн дууллыг :
Россия — священная наша держава,
Россия — любимая наша страна.
Могучая воля, великая слава —
Твоё достоянье на все времена!
Славься, Отечество, наше свободное,
Братских народов союз вековой,
Предками данная мудрость народная!
Славься, страна! Мы гордимся тобой!
хэмээн бүгд даган дуулахад тэдний эх оронч сэтгэл, эрэлхэг зориг, хувирашгүй зан чанараар олон хүн бахдаж байлаа. “День Победа” –гийн орой нь ДАШТ-д оролцсон баг тамирчид, сэтгүүлчдийн байрласан Adam’s Mark зочид буудлыг оросууд ёстой л нураах дөхөв. Тус буудлын ресторан бааранд гунигаа тайлан даруухан сууж буй Канадын сэтгүүлчид, балиашигуудын дунд дэлхийн аваргууд маань цөс хөөрөн орилолдож, хэтэрхий тавьтиргүй аашилж байсан ч “шилжилтийн насандаа” яваа залуус , дээр нь дэлхийн аварга болсон эмоци нь дарагдаагүйг ойлгон хүн бүр л найрсаг хандаж байв, тэдэнтэй. Гэвч орос “пацаанууд” шар айраг, архийг хэмжээ, хязгааргүй ууж, багагүй согтсон. Бүүр “тасарсан” хүүхдүүд ч цөөнгүй байлаа. Өглөө үүрээр онгоцны буудал явах ОХУ-ын багийн хэнх гишүүд үүрийн дөрвөн цаг хүртэл бааранд “аварга цолоо” угаана лээ.
Тэдний явах цаг болоход олонхи нь согтуу, зарим нь бүүр хөл дээрээ тогтож ядан байсан бөгөөд Баффалогийн Олон улсын нисэх онгоцны буудал дээр “Дельта” авиакомпани тэднийг нислэгийн аюулгүй байдлыг зөрчсөн тул бүтэн багаар нь онгоуноос албадан буулгаж дараагийн өдрийн онгоцоор нисгэх болсон билээ. Энэ тухай Хойд Америкийн хэвлэлүүд нилээд шуугиж, харин ОХУ-ын албаны хүмүүс “Манай багийнхан зүв зүгээр байсан. Ганц нэг нь л бид аваргууд хэмээн хашгирсан байх. Архи дарс бол огтхонч хэрэглээгүй “ хэмээн мэдэгдэж байна лээ. Гэвч Америкууд зүгээр нэг хашгирсны төлөө бүтэн багаар нь нислэгийг нь хойшлуулна гэдэг юу л бол. Тэгээд ч Adam’s Mark зочид буудлын ресторан бааранд тэдэнтэй хамт үүр цайлгасан “гэрчүүд”, буудлын хамгаалалтын албаны хийсэн бичлэг баримт хангалттай байга юм. Оросууд “характераа” олон юман дээр л гаргалаа даа.
Хоккейн “ам бүл” өнөр өтгөн
ДАШТ-ий үеэр олон арван сэтгүүлчид, энгийн хөгжөөн дэмжигчид, балиашигуудтай уулзаж байсан. Тэдний дотроос хоккейн хорхойтон, жирийн л нэг хөгжөөн дэмжигч Канадын Марсель Грэйвиль, Финландаас ирсэн Юхтила нартай богино хугацаанд танилцан, ширээний ард удаахан сууж, хоккейн “хэлээр” ярилцсан. Марсель Юхтила нар бүүр хоёр жилийн өмнө Канадын Оттавад мөн л залуучуудын ДАШТ-ий үеэр танилцсан бөгөөд тэрнээс хойш жил болгон залуучуудын ДАШТ-ий үеэр амралтаа аваад хоккейн тэмцээн үзэж, газар газрын найзуудтайгаа уулзаж, хэд хоног “жаргалаа” эдэлдэг гэнэ. Финландын Юхтилагийн ах дүү, найз нөхөд гээд энэ жил 6 хүнтэй баг Баффалод ирсэн аж. Хэдийгээр Финландууд медальд хүрч чадаагүй ч сайхан тэмцээн үзсэндээ сэтгэл хангалуун буйгаа суоми залуу маань өгүүлсэн. Тэрбээр гэртээ харихын тулд 33 цаг нисч байж очих тухайгаа ч дуулгана лээ. Финландын 80-аад оны сэтгэлд хоногшсон тоглогчид болох Юкка Порвари, Рейхо Роутсалайнен, Онтар Кивелья нарын тухай сураг тавихад мань хүн нилээд гайхаад, бас “Монголд манай суоми хоккейчдийг бас мэддэг хэрэг үү” хэмээн бахархаад Кивелья эмэгтэй хоккейн багийн дасгалжуулагч хийдэг, Порварич сөн дасгалжуулагч хийж байгаа, харин Роутсалайнен хаана , юу хийдгийг сайн мэдэхгүй гэж өгүүлэв.
Марсель бол Канадын Онториа мужийн Фэльконбриж хэмээх жижиг хотоос найзуудынхаа хамт ирсэн бөгөөд “Хstrara” хэмээх никелийн үйлдвэрт ажилладаг, жирийн нэг хоккей сонирхогч гэнэ. Гэхдээ “Манай Канадын ямар ч хүн хоккейн муухан мэргэжилтэн, муухан сэтгүүлчдээс илүү хоккейн мэдлэгтэй шүү” хэмээв. “Дараа жилийн тэмцээн манай Канадын Калгари, Эдмонтонд болно. Хоккейн найз нөхөд маань жил ирэх тутам ам бүлээ нэмж байна. Та нар ирэх жил ирээрэй” гэж урихаа ч мартсангүй ээ. Мөн манай Канадад мэргэжлийн хоккейн буюу NHL-ийн тоглолт үзэх тасалбар олдоход тун хэцүү. Хэдэн үе удмаараа дамжин бйангийн суудал худалдаад авчихсан, тэрнийгээ үр хүүхэд, ач нартаа өвлүүлэн үлдээдэг юм. Тэгэхээр NHL-ийн тоглолтыг Канадад үзүүлнэ гэж амлаж чадахгүй шүү, харин залуучуудын хоккей бол болох юм гэлээ.
Амьдаанууд болон аав,хүү, ах дүүс
Энэ жилийн ДАШТ-д хоккейн ертөнцөд өмнө нь танил цөөнгүй нэр сонсогдлоо. Тухайлбал Канадын багт хний хэдэн тоглолтод Оливье Руа гэдэг хаалгач тоглосон. Домогт хаалгач Патрик Руатай ураг төрлийн холбоогүй ч “мэргэжил” нэгтэй, нэр нэгтэй болохоор сонин содон байлаа. Харин Маркус Фолиньо гэдэг бас нэг залуу Канадын шигшээд тоглосон бөгөөд нэгэн цагт Канадын шигшээд тоглож байсан, хоккей сонирхогчдын сайн мэдэх Майк Фолиньогийн бага хүү нь гэнэ. Мөн Чехийн алдарт хоккейчин, аугаа тоглогч Иван Хлинкагийн хүү Михаэль , Финландын шилдгүүдийн нэг байсан Виртанений хүү Йессе , АНУ-ын шигшээд цуут хамгаалагч Раймон Буркийн хүү Райан гээд олон арван удам залгасан хоккейчин байна. Тэмцээний шилдэг довтлогчийн шагнал хүртсэн Брэйден Шенн бол “Торонто Мэйпл ливз” багийн хамгаалагч Люк Шенний төрсөн дүү байх жишээтэй.
Зарим нэг тоо баримт
“Баффало-2011” үзэгчдийн тоогоор залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хоёрт орох тэмцээн боллоо. Өөрөөр хэлбэл ДАШТ-ий 31 тоглолтыг нийтдээ 330 000 мянган үзэгч үзсэн байна. Хамгийн олон үзэгчтэй залуучуудын ДАШТ бол 2009 онд Канадын Оттавад болсон тэмцээн бөгөөд тэгэхэд 453 200 үзэгч үзсэн байна.
Финалын тоглолтод Канадын баг ОХУ-ын багийг 3 дугаар үе гэхэд 3:0-ээр хожиж яваад хожигдсон. Хоккейн түүхэнд ийм тоглолт бас ч дандаа болоод байдаггүй ажээ. 2005 оноос хойш болсон NHL-ийн 1226 тоглолтоос наймд нь л гуравдугаар үед гурван шайбны зөрүүтэй хожиж явсан баг хожигдсон тохиолдол гарчээ.
Залуучуудын дэлхийн аварга болсон Баффало, Ниагара Фоллс хотууд нь Канадын хилтэй шууд залгаа хотууд. Баффало Ниагара Фоллсоос 17 миль (27 км) , Канадын Торонто хотоос 103 миль буюу 165 км зайтай .
Баффало хот Peace Bridge буюу “Энх тайваны гүүрээр” Канадтай шууд холбогддог ажээ.
P.S “Баффало-2011” хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахад, хоккей , спорт сонирхогч та бүхэнд энэхүү сурвалжлагыг хүргэхэд чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн Сан Франциско хотын “Полк” Чимэдцэрэнгийн Баатар анддаа талархал илэрхийлье!
“Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин. Сан Франциско-Детройт-Баффало. 2011 оны нэгдүгээр сар.