Манай боксчид гараагаа сайхан эхэллээ
Өнөөдөр (10.23) АНУ-ын Чикаго хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн “хөшгөө” нээлээ. Энэ удаагийн ДАШТ-д 120 орны 700 шахам “ширэн бээлийтнүүд” 11 жинд өрсөлдөж байна. Үдээс өмнө тэмцээнд оролцогчид жингээ үзүүлж, сугалаа хийлээ.
МАНАЙХАН ХААНАХЫН ХЭНТЭЙ ТААРАВ?
“Чикаго-2007” ДАШТ-д Монголын долоон боксчин хүч сорино гэдгийг өмнө нь мэдээлсэн. Манай хэд хаанахын хэнтэй учраа таарсныг одоо сонирхуулья.
48 кг: Ази тивийн аварга , оюутны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА тун хатуухан сугаллаа. Эхний тойрогт манай тамирчин ОХУ-ын Давид Айрапетянтай таарав. Тоглолт 10.25-ны өглөөгүүр болно.Д. Айрапетян бол Европын аварга боксчин. Азийн аварга хүчтэй юу, Европын аварга илүү юу гэдгийг үиийдэх тулаан болох нь. Манай хүн зоригтой зөв тактик сонгоод тогловол ялах бүрэн боломж бий. Хэрэв Оросын боксчныг Сэрдамба маань ялбал дараа нь Унгар(ДАШТ-ий хүрэл медальт Б.Педак)-Колумбын хэн хожсонтой нь таарах юм.
Цаашид амжилттай тогловол Казахстаны боксчин ДАШТ-ий хүрэл медальт Б.Жакыпов, дэлхийн аварга , олимпийн хүрэл медальт БНХАУ-ын Зоү Ши Минь нарын хэн нэгтэй таарахаар байна. Энэ жинд 37 боксчин байгаа.
51 кг: Тайланд , Чех, Германы ОУТ-ий медальт СМ Лувсанцэрэнгийн ЗОРИГТБААТАР 10.25-нд Пуэрто-Рикогийн МакУильямс Арроятай хүч үзнэ. Түүнийг хожвол Македоны Мумин Вели- Украйны боксчин , Европын аварга Виталий Волков нарын хэн хожсонтой учраа таарах юм.
Энэ жинд ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны С.Сарсембиев, АНУ-ын Р.Уоррен, Европын аварга ОХУ-ын Г.Балакшин нарын 47 боксчин өрсөлдөж байна.
57 кг:Ази тивийн аварга, ОУХМ Зоригтбаатарын ЭНХЗОРИГ эхний тойрогтоо Филиппиний Ч.Саурезтай таарлаа. Тэрбээр 10.24-ны өглөө тоглоно. Ялбал дараа нь Египт-Армены хэн хожсонтой оноолт таарна.
ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын Шайдулин, Европын аварга ОХУ-ын А.Селимов тэргүүтэй 57 боксчин хүч үзэж байна.
60 кг: Манай хамгийн туршлагатай боксчин, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгө, Оюутны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Уранчимэгийн МӨНХ-ЭРДЭНЭ эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт тэрбээр 10.28-ны өглөө Бразилийн Эвертон Лопестой хүч үзэх аж. Бразилийн боксчинг ялбал дараа нь Герман-Тайландын аль хожсонтой, шөвгийн наймд үлдэхийн төлөө тулалдана.
Олимп, дэлхийн аварга , ОХУ-ын А.Тищенкогийн тоглох энэ жинд нийт 55 боксчин өрсөлдөнө.
69кг: Азийн аваргын мөнгөн медальт, СМ Мөнгөнцоожын НАНДИН-ЭРДЭНЭ
Эхний тойрогт Эстоны Артур Акавовтой 10.25-ны үдээс хойш тоглох оноолт таарсан. Хэрэв түүнийг ялбал манай боксчин дараа нь Испани-Беларусийн хэн ялсантай тоглох юм.
Энэ жинд 54 боксчин хүч үзэж буй бөгөөд Европын аварга А.Балажов, мөнгөн медальт Болгарын С.генов нарын шилдгүүд бий.
Өнөөдөр(10.23) үдээс хойш 54 кг, 64 кг-ийн жингийн эхний тойргийн тоглолтууд явагдлаа.
54 кг-ийн жинд нийтдээ 51 боксчин хүч үзэж буй бөгөөд манай тамирчин, Ази тивийн аварга, Оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Энхбатын БАДАР-УУГАН энэ удаагийн ДАШТ-д Монголын боксчдоос хамгийн түрүүн “салхи хагалан” рингэнд гарлаа. Тэрбээр учраа таарсан Гайана улсын боксчин Клив Атвиллыг 25:8 оноогоор яллаа. Манай боксны дараагийн учраа нь Италийн Витторио Парринелло. Италийн боксчин өнөөдөр Гүржийн тамирчныг ялсан. Манай Бадар-Ууган 10.26-ий үдээс өмнө итали эртэй нударга зөрүүлэх юм. Хэрэв түүнийг хожвол наймд үлдэхийн төлөө Тайланд-Унгарын хэн ялсантай тоглоно.
Энэ жинд Казахстанаас олимпийн аварга А.Бахтар, Олимпийн хүрэл , ДАШТ-ий мөнгөн медальт , Германы Р.Рахимов, ДАШТ-ий хүрэл медальт Францын А.Халлаб, АНУ-ын Г.Рассель гээд шилдгүүд тоглож байна.
64 кг-ийн жинд Оюутны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Бямбаагийн ТҮВШИНБАТ эхний тойрогтоо Финландын Юсси Койвулатай илт илүүрхэн 22:2 оноогоор хожиж явахад шүүгч тоглолтыг зогсоож манай боксчинд цэвэр ялалт өглөө. Одоо Б.Түвшинбат 10.26-ны үдээс хойш БНСУ-ын Кван Су Парктай хүч үзэх юм. Солонгосыг ялчихвал Бахрайн-Армен, Литва-Чехийн боксдоос гарч ирсэнтэй шөвгийн наймын төлөө таарахаар байна.
Энэ жинд дэлхийн аварга Казахстаны С.Сапиев, мөнгөн медальт Узбекастаны Д.Мамудов, хүрэл медальт Азербайжаны Э.Махаррамов нарын 64 боксчин хүч үзэж байна.
Ийнхүү манай боксчид Чикагогийн рингэнд гараагаа маш сайхан эхэллээ.
.