2007-10-22
Монголын хөлбөмбөгчид 1:4-өөр хожигдлоо

Монголын хөлбөмбөгчид 1:4-өөр хожигдлоо

 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн шигшээ баг БНАСАУ-ын шигшээ багтай 2010 оны ДАШТ-ий Азийн бүсийн эхний шатны анхны тоглолтоо хийлээ. Манай хөлбөмбөгчид ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд өмнө нь хоёр удаа оролцож байсан билээ.

Анх 2000 онд Саудын Арабт болсон 2002 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Монголын шигшээ баг оролцож Саудын Арабт 0:6 , 0:6, Вьетнамд 0:1, 0:3, Бангладешт 0:3-аар хожигдоод, сүүлчийн тоглолтод Бангладештай 2:2-оор тэнцэн анхны оноогоо авсан түүхтэй. Харин 2004 онд болсон 2006 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эхний даваанд Мальдивтай учраа таарч нутагтаа 0:1-ээр, харин өрсөлдөгчийнхөө талбайд 0:11-ээр хожигдсон билээ.

Тэгвэл энэ удаа Ардчилсан Солонгосын шигшээ багтай эхний шатанд учраа таарсан юм. Манай хөлбөмбөгчид урьд өмнө нь Ардчилсан Солонгосын шигшээ багтай долоон ч удаа тоглож байсан ч ФИФА-гийн албан ёсны тэмцээнд анх удаа “нүүр учирсан” нь энэ. 1958 онд Улаанбаатар хотноо болсон нөхөрсөг уулзалт тоглолтод манайхан БНАСАУ-ын багтай эхлээд 0:0-ээр тэнцэж, хоёр дахь тоглолтод 0:1-ээр хожигджээ. Дараа нь 1960 онд  Вьетнамд болсон олон улсын тэмцээнд БНАСАУ-ын шигшээд 1:9-өөр хожигдсон байна. 1964 онд Улаанбаатарт болсон нөхөрсөг уулзалт тоглолтод 1:3, 2:3-аар мөн дийлджээ.

Үүнээс хойш бараг гучаад жилийн дараа хоёр баг дахин учраа таарчээ. 1993 онд Монголын хөлбөмбөгчид олон жил тасалдсан “гадаад харилцаагаа” нээн БНХАУ-ын Шанхайд Зүүн Азийн анхдугаар наадамд оролцохдоо БНАСАУ-ын хөлбөмбөгчдөд 0:10-аар хожигджээ. Өнгөрөгч хавар манай хөлбөмбөгчид Макаод болсон Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтод Ардчилсан Солонгосын шигшээд 0:7-оор хожигдсон юм.

            Ардчилсан Солонгос бол хөлбөмбөгийн баялаг түүхтэй орон. Цагтаа “цалгиж”, 1966 оны ДАШТ-д хэсэгтээ ЗХУ-ын багт хожигдсон ч өмнөх ДАШТ-ий хүрэл медальт Чилитэй 1:1-ээр тэнцэн, Италийн шигшээг 1:0-ээр хожин шөвгийн наймд үлдээд Португалтай тоглохдоо 3:0-ээр хожиж явсан ч, хөлбөмбөгийн түүхэн дэх гайхамшигт оддын нэг Португалын Эйсебио БНАСАУ-ын хаалганд дараалан дөрвөн гоол оруулан, тоглолтын хувь заяаг эргүүлэн, улмаар Португалчууд 5:3-аар  хожсон түүхтэй. Өнгөрсөн жил БНАСАУ-ын 20 хүртэлх бүсгүйчүүд дэлхийн аварга бас болсныг дурьдахад илүүдэхгүй биз.

            Өнөөдрийн байдлаар ФИФА-ийн чансаагаар манайхан 176-д бичигдэж байгаа бол БНАСАУ-ын баг 131-д бичигдэж байгаа

            Ийм л үүх түүхтэй, чангахан өрсөлдөгч манайд иржээ. ФИФА-ийн тусламжаар баригдсан хиймэл зүлэгтэй хөлбөмбөгийн цэнгэлдэхэд энэ өдөр манай 6000 орчим үзэгч хуран цугларч хөлбөмбөгчдөө хөгжөөн дэмжсэн байна.

Манай залуухан тоглогчдоос (дундаж нас нь 23,5) бүрдсэн баг өрсөлдөгчийнхөө өмнө туршлага, хурд, тактик , техник гээд юм юмаар дутуу нь илт харагдаж, Ардчилсан Солонгосчууд эхний үед л гэхэд төвөггүйхэн гурван гоол оруулжээ. Хоёрдугаар хагаст манайхан арай илүү зохион байгуулалттай болсон ч Солонгосчууд дахин нэг гоол оруулан , “айдаггүйгээ авдрандаа” хийж аваад  аажуу тайван тоглож эхэлсэн гэнэ. Өөрийн талбайд тоглож буй хөлбөмбөгчдийнхөө ганц ч болов гоол оруулахыг харах гэсэн манай хөгжөөн дэмжигчдийн хүсэл тоглолтын нэмэлт цагт л сая нэг юм биелэж, хамгаалагч С.Одхүү өөрийн талбайд ДАШТ-ий урьдчилсан тоглолтын анхны гоолыг оруулжээ.

            Ийнхүү манайхан эхний тоглолтоо нэг их  муугүй л дуусгаж. Харин долоо хоногийн дараа Пхеньянд болох хариу тоглолтод яаж тоглох бол гэсэн асуулт “ширэн бөмбөгийг” шимтэн сонирхогчдын дунд үлдлээ.

 

МОНГОЛ-БНАСАУ 1:4(0:3)

2007.10.21. Улаанбаатар. 6000 үзэгч

Гоол: 14 мин Пак Чоль Мин 0:1 , 24 мин Жон Чоль Мин 0:2 , 32 мин Жон Чоль Мин 0:3, 81 мин Ким Кук Жин 0:4, 90+3 мин С.Одхүү 1:4.

 

Монгол: 1. Ю.Сайнхүү – 14.Ч.Мөнхбат, 17.Ц.Энхжаргал, 3.Д.Лхүмбэнгарав(багийн ахлагч), 4. С.Одхүү- 2.Б.Гарьдмагнай (87 мин А.Батболд), 6.Г.Даваа-Очир, 7.Х.Цэнд-Аюуш (72 мин С.Баярзаяа), 15.Г.Бат-Ялалт (69 мин Б.Анар), -11. А.Мөрөн, 12.Г.Төгсбаяр

 

Ахлах дасгалжуулагч : И.Отгонбаяр, дасгалжуулагч Л.Сандагдорж

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 09:30 | | уншсан: 625 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)