Day 5
Маргааш манай “хоёр Эрдэнэ” хүч үзнэ
Чикаго хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр(10.27) үдээс хойш 57 кг-ийн жинд тоглож буй манай Зоригтбаатарын Энхзориг дэлхийн аваргын рингэнд хоёр дахь тоглолтоо Армены боксчин Азат Ховханнисянтай хийлээ. Эхний раундад хоёр боксчин бие биенээсээ харилцан оноо авсаар 7:8-аар Армены тамирчин нэг оноогоор илүү дуусав. Хоёрдугаар үед ч манай хүн муугүй үзсэн ч 17:21 буюу дөрвөн оноогоор хожигдож байсан. Гурав, дөрөвдүгээр үед онооны зөрүү улам холдож, цаг дуусахад 20:40-өөр Армены боксчин оноогоор давамгайлан хожлоо. Манай долоон боксчноос ийнхүү гуравдахь нь тэмцээнээ дуусгалаа.
Маргааш (10.28) өглөө манай У.Мөнх-Эрдэнэ (60 кг) Бразилийн Эвертон Лопестой тоглоно. Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо хийлсэн бөгөөд Бразилийн боксчныг ялбал дараа нь Герман-Тайландын хэн ялсантай шөвгийн наймд шалгарахын төлөө тулалдана. Үдээс хойш М.Нандин-Эрдэнэ (69 кг) маань хоёр дахь тулаанаа Беларусийн Магомед Нурудиновтой хийнэ. Түүнийг ялбал АНУ-Латвийн боксчдын хэн ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө өрсөлдөх юм.
Мөн Э.Бадар-Ууган аравдугаар сарын 30-ны үдээс хойш Унгарын Давид Олтванейтай шөвгийн наймд үлдэхийн төлөө өрсөлдөх бөгөөд ялбал “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох эрх өвөртлөх төдийгүй медалийн төлөө өрсөлдөх боломжтой болох юм.