Цагаанаа олимпийн эрхээ авлаа
Энэ сарын 13-нд Бразилийн Рио де Жанейро хотноо эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн өндөрлөв.
“Бээжин-2008” олимпийн наадмын эрх олгох анхны тэмцээн, нөгөөтэйгүүр олимпийн өмнөх хамгийн том сорилго болсон уг тэмцээнд 138 орны 743 жүдоч оролцсон нь жүдогийн дэлхийн АШТ-ий түүхэн дэх рекорд болов.
Манайхан ч эмэгтэй хамгийн хөнгөн жингээс бусад бүх жинд “цагаан өмсгөлтнүүдээ” сойсон.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Ц.Мөнхзаяа барилдаж Энэтхэг, Австрийн бөхчүүдийг ялсан ч Аргентиний бөхөд ялагдан тэмцээнээ дуусгажээ.
70 кг-ийн жинд гавьяат тамирчин Х.Батхишиг хүч үзэн эхлээд хийлж, дараа нь Мексикийг ялаад ОХУ-ын бөхийг барсангүй.
-78 кг-ийн жинд барилдсан П.Лхамдэгд эхлээд Украйны Смалийг ялаад дараа нь Францын С.Поссамайд дийлдсэн байна. Францын бөх дараа нь БНСУ-ын бөхөд ялагдсан ч дагах барилдаанд амжилттай барилдсаар хүрэл медаль хүртжээ.
+78 кг-ийн жинд гавьяат тамирчин Д.Цэрэнханд эхний тойрогт Гүржийн бөхийг ялсан ч дараа нь БНХАУ-ын жүдоч Тон Вэнь-д хожигджээ. Цэрэнханд дагах барилдаанд Бразилийн Маркизд ялагдсанаар цаашид барилдах эрхгүй болсон. Харин Хятадын бөх цааш амжилттай барилдсаар дэлхийн аварга болсон байна.
52 кг-ийн жинд М.Бундмаа эхлээд хийлсэн ч дараа нь Кубын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгав.
57 кг-ийн жинд барилдсан, гавьяат тамирчин, жүдогийн ДАШТ-ий хүрэл медальт Х.Эрдэнэт-Од эхлээд ӨАБНУ-ын бөхийг ялсан ч Колумбын бөхөд хожигджээ.
Үнэмлэхүй жинд Д.Цэрэнханд хүч үзэн эхний тойрогтоо хийлээд дараа нь Казахстаны бөхийг ялсан байна. Ингээд хэсгийн аваргын төлөө Словений Л.Палаудертай барилдан хожигджээ. Хэрэв ялсан бол мөнгийн төлөө үзэх байж. Дагах барилдаанд манай бөх Беларусийн Ю.Борисикт дийлдэн жиндээ шагналт долдугаар байр эзэлжээ. Энэ нь манай нядхануудаас үзүүлсэн хамгийн өндөр амжилт болов.
Эмэгтэй жүдочдоос энэ ДАШТ-ээс медальт байрт шалгарсан бөхчүүд олимпийн эрхээ шууд авсан. Одоо манай эмэгтэй жүдочид олимпийн эрх авахын тулд ирэх онд болох Азийн АШТ-д түрүүлэх, эсвэл олимпийн эрх олгох тэмцээний нийлбэр дүнгээр тивдээ эхний гурван байрт орох хэрэгтэй болж байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд Н.Түвшинбаяр Италийн бөхийг хожоод Украйныг барсангүй.
+100 кг-ийн жинд барилдсан Э.Баттөр эхлээд хийлээд, дараа нь Германы бөхөд дийлдэн тэмцээнээ дуусгажээ.
81 кг-ийн жинд Д.Нямхүү эхэлж хийлээд, дараа нь Замбийн бөхийг ялж, Израйлийн бөхөд хожигдсон байна.
90 кг-ийн жинд Б.Ариун-Эрдэнэ хүч үзэж, Кот д Ивуар, Израйлийн бөхчүүдийг ялаад Гүржийн И. Цирекизед өвдөг шорооджээ. Гүржийн бөх цааш амжилттай барилдсаар дэлхийн аварга болсон. Харин манай бөх дагах барилдаанд БНСУ-ын бөхөд дийлджээ.
66 кг-ийн жинд барилдсан С.Миярагчаа эхлээд хийлээд, дараа нь Андоррагийн бөхийг ялсан ч , гуравдугаар тойрогт дэвжээний эзэн Бразилийн Ж.Дерлейд ялагджээ. Бразилийн бөх цааш ялсаар дэлхийн аварга болжээ.
Миярагчаа дагах барилдаанд орж Хятад, Авсрийн бөхчүүдийг хожоод, Италийн Касалед дийлджээ. Хэрэв Италийн бөхийг хожсон бол тавдугаар байрт шалгарч, олимпийн эрх өвөртлөх байв.
73 кг-ийн жинд С.Ням-Очир Эстон, АНУ-ын бөхчүүдийг ялаад Голландын бөхөд дийлджээ.
60 кг-ийн жинд манай гол найдваруудын нэг, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар зодоглов. Тэрбээр Аргентин, Куба, Украйн, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялаад, мөнгөн медалийн төлөө Гүржийн Н. Кержианитай барилдсан ч барсангүй. Ингээд хүрэл медалийн төлөө Австрийн Л.Пайшерт дийлдэн, жиндээ 62 бөхөөс тавдугаар байрт шалгарч, Олимпийн наадамд барилдах эрхээ авчээ.
Үнэмлэхүй жинд Н.Түвшинбаяр барилдаж эхний тойрогт хийлээд, дараагийн тойргуудад Гүрж, Ираны бөхчүүдийг ялжээ. Ингээд хэсгийн аваргын төлөө барилдаанд Беларусийн Ю.Рыбакт дийлдэн, дагах барилдаанд оржээ. Рыбак цааш амжилттай барилдан мөнгөн медальд хүрсэн бол манай бөх БНСУ, Азербайжаны бөхчүүдийг ялаад , хүрэл медалийн төлөө Узбекистаны А.Тангриевт хожигдон , жиндээ 62 бөхөөс тавдугаар байр эзэлжээ.
Бразилийн татами дээр манай жүдочид иймэрхүү барилдаж, хоёр тавдугаар байр, нэг долдугаар байр эзэлсэн амжилтаар 138 орноос 27-д бичигдсэн байна. Энэ удаагийн ДАШТ-ээс Японы бөхчүүд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн бол дэвжээний эзэн Бразилийн жүдочид гурван алт, нэг хүрэл медаль хүртэн “аман хүзүүдсэн” байна. Мөн Франц (2 алт, 2 мөнгө, 4 хүрэл), Куба (2 алт, 2 мөнгө, нэг хүрэл), БНХАУ (2 алт)-ын бөхчүүд эхний тавд шалгарчээ.
Голланд, Унгарын жүдочид ч Рио де Жанейрогийн татами дээр өнгөтэй барилдаж, тус бүр дөрөв дөрвөн медаль зүүжээ. Хоёр Солонгос ч бас нэг нэг аваргатай буцлаа.