2007-09-20
Б.Наранбаатар дэлхийд “аман хүзүүдлээ”

Б.Наранбаатар  дэлхийд “аман хүзүүдлээ”

 

Энэ сарын 17-нд Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн бөхийн чөлөөт(эр,эм), сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид гараагаа тун сайхан эхэлж, анхны медалиа хүртээд байна. Өнөөдөр эхэлсэн (9.19)  чөлөөт бөхийн барилдааны 60 кг-ийн жинд 43 бөх зодоглож, манай Сэнгэдоржийн СҮХБААТАР эхний тойрогт Украйны В. Федоришынд 0:6 –гаар ялагдан тэмцээнээ дуусгав.

Харин 55 кг-ийн жинд (38 бөх) хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Универсиадын аварга Баяраагийн НАРАНБААТАР эхлээд Грекийн “орос цагаач” , олимп, дэлхийд олон удаа зодоглосон туршлагатай бөх Амиран Картановыг 4:0-ээр хожжээ. Дараа нь Туркийн С.Акгулийг 6:1-ээр ялж, шилдэг наймд багтан олимпийн эрхээ өвөртөлсөн байна, манай бөх. Намбаа маань шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө барилдаанд Сирийн Ф.Алрифаэйг 4:0-ээр хожин, мөнгөн медалийн төлөө Беларусийн Ризван Гажиевийг 4:2-оор ялжээ. Ингээд алтан медалийн төлөө барилдаанд ОХУ-ын бөх, энэ жил 21 настай Бешик Кудуковтой барилдлаа. Кудуков бол дэлхийн залуучуудын аварга, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгөн медальтай бөх юм. Шигшээ барилдаанд манай  найдвар Намбаа маань ОХУ-ын бөх “Хөдөөхүүд” 1:4(0:3,1:1)-өөр дийлдэж, мөнгөн медалийн эзэн болов. Энэ жил 27 настай Б.Наранбаатар ийнхүү хоёр жилийн өмнө хүрсэн дэлхийн аваргын хүрэл медалийнхаа өнгийг “цайруулж” , дэлхийгээс хошой медаль хүртсэн манай цөөхөн бөхчүүдийн нэг боллоо.

Маргааш эрэгтэйчүүдийн 66кг, 74кг, 84 кг медалийн төлөө болон эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн урьдчилсан  барилдаан болно.

66 кг-ийн жинд барилдах манай Буянжавын БАТЗОРИГ эхлээд шилдэг 32-т үлдэхийн төлөө Палау арлын бөх Ф.Гиббонстой оноолт таарсан. Хэрэв ялбал дараа нь Ирак, Кубын хэн ялсантай нь үзнэ. Энэ жинд нийтдээ 47 бөх барилдах юм.

74 кг-ийн жинд (49 бөх) барилдах Д.ГОМБОДОРЖ  эхлээд Гвиней Бисаугийн А.Миданатай оноолт таарсан. Түүнийг ялбал 16-д үлдэхийн төлөө Гвиней-Словакийн аль хожсонтой нь барилдана. 16-д үлдчихвэл Франц-Колумб, Латви-Унгарын бөхчүүдээс шалгарсантай нь шөвгийн наймын төлөө буюу олимпийн эрхийн төлөө хүч үзэх аж. Манай бөх тун аятайхан сугалжээ. Үүнээс илүү боломж тэр болгон таарахгүй л байх.

84 кг-ийн жинд (46 бөх) хүч үзэх Чагнаадоржийн ГАНЗОРИГ ч мөн аятайхан сугалжээ. Тэрбээр эхлээд Бразилийн Э.Жаоудетай барилдах бөгөөд ялбал  олимпийн эрхийн төлөө Тунис-Грекийн бөхчүүдийн хэн ялсантай нь учраа таарах юм байна.

Мөн 96 кг-д Т.ЭНХ-АМГАЛАН, 120 кг-д Г.ГАНХУЯГ нар нөгөөдөр хүч үзэх юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Ц.ЭНХЖАРГАЛ, 51 кг-д Ж.НЯМХИШИГ, 55 кг-д Н.ОТГОНЖАРГАЛ, 59 кг-д Д.НАРМАНДАХ, 63 кг-д Б.ОДОНЧИМЭГ, 67 кг-д Ц.БАЯРЗАЯА, 72 кг-д Г.НАРАНЧИМЭГ  нар барилдана.

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 06:50 | | уншсан: 559 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)