2007-07-08
“Шинэ тив”-ийнхэн ширэн бөмбөгөөр “амьсгалж” байна

“Шинэ тив”-ийнхэн ширэн бөмбөгөөр “амьсгалж” байна

 

Америк тивийн ногоон талбайд алаг бөмбөг эргэлдээд тун завгүй. Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын аварга шалгаруулах “Gold Cup” тэмцээнийг залгуулаад Венесуэлд “Copa America” эхэлсэн. Дараа нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадад “хөшгөө” нээлээ.

 

“Халтар царайт”-ын нутгийнхны хосгүй амжилт

 

“Copa America” буюу Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүдээс хамгийн “настай “ нь билээ. 1916 оноос үүх түүх нь эхэлсэн энэхүү тэмцэээн энэ жил 42 дахь удаагаа зохиогдож байна. “Халтар царайт” хэмээх телевизийн олон ангит киногоороо манайхны сайн танил болсон Венесуэл улс нутагтаа анх удаагаа “Copa America” –г зохиож байгаа юм.  CONMENBOL буюу Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 10 орноос ганц Венесуэлд л “Copa America” зочлоогүй байсан билээ. Түүнээс гадна Венесуэл хөлбөмбөгийн ДАШТ-д орж үзээгүй “Conmenbol” –ийн ганц орон. Энэ ч бас яахав “Халтар царайт”-ын нутгийнхан “Copa America”-д түүхэндээ  ганцхан тоглолтод л хожиж үзсэн гэнэ. Тэр нь бүүр 40 жилийн өмнө.

            Тэгвэл энэ жил Венесуэлийн хөлбөмбөгчид  “дошин” дээрээ дориун амжилт гаргаж байна. Хэсгийн тоглолтод “халтар царайтууд” нэг хожин, хоёр тэнцсэнээр, анх удаагаа хэсгээсээ шалгарч үзэв. Гэхдээ бүр нэгээр.

Харин Кубилласын үеээс хойш сураг дуулдахаа байсан Перугийн хөлбөмбөгчид “Челси”-д саяхан очсон Писсаррогийн ачаар шөвгийн наймд шалгарав. Энэ хэсгээс бас Уругвай шөвгөрсөн. Сонирхолтой нь хэсэгтээ учраа таарсан Венесуэл-Уругвай шөвгийн наймд дахин тоглох оноолт таарлаа.

 

“А” хэсэг:

 

Уругвай-Перу 0:3, Венесуэл-Боливи 2:2

Боливи-Уругвай 0:1, Перу-Боливи 2:2

Венесуэл- Перу 2:0,  Венесуэл-Уругвай 0:0

 

Хэдхэн хоногийн өмнө “Gold Cup” –ын финалд АНУ-д хожигдсон Мексикийн шигшээгийн дасгалжуулагч Уго Санчес Венесуэлд Боргетти, Пардо гээд олон хашруудаа авчирсангүй. Гэвч тэдний оронд тоглож буй залуус Бразилийг хожин сенсаац тарилаа. Урам орсон “амиго” нар Эквадорыг хожин, Чилитэй тэнцэн хэсэгтээ тэргүүлэв.  Супер од Кака, Рональдиньо нартаа чөлөө олгосон Бразилыг ганц Робиньо нь л “амийг” нь авч явна. Гэхдээ 4 гоолоор шилдэг довтлогчдын жагсаалтыг тэргүүлж буй  тэрбээр хоёр удаа 11 метрийн торгуулийн цохилтыг бараг л хаалгах шахсан. Өнгөрсөн онд ДАШТ-д тун амжилттай тоглож , шилдэг 16-д шалгарч байсан Эквадорчууд ганц ч оноогүй тэмцээнийг дуусгалаа. Шөвгийн наймд Бразил-Чили дахиад учраа таарлаа.

         

            “В” хэсэг:

 

Эквадор- Чили 2:3, Бразил-Мексик 0:2

Бразил-Чили 3:0, Мексик-Эквадор 2:1

Мексик- Чили 0:0, Бразил-Эквадор 1:0

 

“С” хэсэгт Аргентинчууд бүх тоглолтоо хожоод байна. Месси, Тевес, Рикелме, Машерано, Верон, Занетти, Аймар, Камбьяссо, Хайнце, Аяала гээд үнэхээр хүчтэй бүрэлдэхүүнтэй иржээ, тэд. Харамсалтай нь Креспо нь гэмтлийн улмаас тэмцээн дуустал дахин талбайд гарахгүй болов. Санта Круз-Кабаньяс гээд супер хослолтой Парагвайн довтолгоо тун ширүүн байна. Тэд Колумб, АНУ-ыг төвөггүй хожлоо. “Gold Cup” –ын аварга Америкчууд Донован, Дэмпси, Бисли, Боканегра гээд ихэнх шилдэг тоглогчдоо амрааж, Аду, Брэдли гээд залуу одууд нь залуучуудын ДАШТ-д оролцож буй тул тун сулхан бүрэлдэхүүнтэй ирсэн тул ганц ч хожиж чадсангүй ээ.

 

            “С” хэсэг:

Аргентин-АНУ 4:1, Парагвай-Колумб 5:0

Аргентин-Колумб 4:2, Парагвай-АНУ 3:1

АНУ-Колумб 0:1, Аргентин-Парагвай 1:0

 

Шөвгийн наймын тоглолт:

 

Венесуэл- Уругвай 1:4

 

Энэ удаа Уругвайчууд талбайн эздийг илт давамгайлан хожлоо. “Атлетико” (Мадрид) багийн довтлогч Диего Форлан хоёр гоол оруулав.

 

Бразил-Чили 6:1

 

Товчхондоо Бразил-Чили 9:1, Робиньо-Чили 5:0 гэж дүгнэж болно. 23 настай “Реал”-ын довтлогч Робиньо Чилийн хаалгыг хэсгийн тоглолтод гурван удаа “мялаасан” бол энэ тоглолтод дахин хоёр гоол орууллаа. Хийдгээ хийсэн түүнийг Бразилийн дасгалжуулагч Дунга  сэлгээнд суулгаж “гамнасан”. Хагас шигшээд  Бразилчууд Уругвайн шигшээтэй учраа таарлаа.

 

7.8-нд Мексик-Парагвай

            Аргентин-Перу

 

Хагас шигшээ тоглолтууд 7 сарын 10,11-нд, хүрэл медалын төлөө тоглолт 7 сарын 14-нд, шигшээ тоглолт 7 сарын 15 –нд болж шинэ аварга тодорно. “”-д Уругвай, Аргентин тус бүр 14 удаа, Бразил 7 удаа, Перу, Парагвай хоёр хоёр, Боливи, Колумб нэг нэг түрүүлж байв.

 

Сайхан тоглосон нь биш “санаатай” тоглосон нь хожино

 

Хоккейн эх орон Канад хөлбөмбөгөөр “амьсгалж” байна. “Агч навчны” оронд залуучуудын 20 хүртэлх нас дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн явагдаж байгаа билээ. Урьдчилсан тэмцээнээс шалгарсан тив, тивийн 24 шилдэг баг 6 хэсэгт хуваагдан тоглож байгаа.

Хөлбөмбөгийн ертөнцөд өөрийгөө таниулах гэсэн, хүчтэй багуудын анхаарлыг татах гэсэн, шигшээ багийнхаа ирээдүй болсон шижигнэсэн залуу тоглогчид тачигнатал тоглодог болохоор залуучуудын ДАШТ-ий тоглолт болгон үзүүштэй, сонирхолтой болдог билээ. Чухам энэ тэмцээнээс л Марадона, Дунга, Ромарио, Рональдиньо, Бебето, Оуэн, Анри, Фигу, Шукер, Чилаверт, Игита, Ван Бастен гээд тоолж баршгүй олон одод гараагаа эхлэж байсан түүхтэй.

            Энэ жил ч Америкийн Аду, Бразилийн Пато, Аргентиний Агуэро гээд залуус өнгөтэй харагдаж байна.

            Багууд ч тэр нь энэ нь сайн гээд байх юмгүй бүгд л “битүү морьд” гэсэн үг. Польшийн залуус Бразилыг хожсон мөртлөө л Америкт “арчуулж” байх юм. Ардчилсан Солонгос Чех, Панаматай тэнцээд, хэсгийн сүүлчийн тоглолтод Аргентинд ганцхан гоолоор хожигдон дараагийн шатанд шалгарч чадсангүй. Уг нь маш сайн тоглож, мөн ч олон гоол оруулах боломж гаргасан. Бразилийн залуус ч техник, тоглолтоороо үнэхээр илүүрхэж байгаа ч гоол оруулж, хожиж чадахгүй байна. Сайхан тоглолт үзүүлсэн нь биш, “санаатай” тоглосон нь орчин үеийн хөлбөмбөгт хождог болсныг Хойд Солонгос, Бразилын залуус мэддэг л байлтай. Жигдхэн, хүчтэй тоглож байгаа багууд гэвэл Америк, Аргентин, Мексик, Япон, Нигери,Чилийг хэлж болох. Тэд шилдэг 16-д хэдийнэ шалгараад байна.

Гэхдээ Аргентин, Бразил, Португалын залуус хэзээд хүчтэй байдаг уламжлалтай. Аргентин тав, Бразилийн залуус  дөрөв, Португалчууд хоёр, ЗХУ, Югослав, ХБНГУ,Испани нэг нэг дэлхийн аварга болж байв.

 

“А” хэсэг

 

Канад- Чили 0:3, Конго-Австри 1:1

Австри-Канад 1:0, Чили-Конго 3:0

7.8-нд  Канад-Конго, Австри-Чили

 

“В” хэсэг

 

Иордан-Замби 1:1, Испани-Уругвай 2:2

Уругвай-Иордан 1:0, Испани-Замби 2:1

Испани-Иордан 4:2, Уругвай-Замби 0:2

 

“С” хэсэг

 

Португал- Шинэ Зеланд 2:0, Гамби-Мексик 0:3

Гамби-Шинэ Зеланд 1:0, Мексик-Португал 2:1

7.8-нд Португал-Гамби, Мексик-Шинэ Зеланд

 

D” хэсэг

 

Польш-Бразил 1:0, БНСУ-АНУ 1:1

АНУ-Польш 6:1, Бразил-БНСУ 3:2

Бразил-АНУ 1:2, Польш-БНСУ 1:1

 

“Е” хэсэг

 

БНАСАУ-Панама 0:0, Аргентин-Чех 0:0

Чех-БНАСАУ 2:2, Аргентин-Панама 6:0

Чех-Панама 2:1, Аргентин- БНАСАУ 1:0

 

F” хэсэг

 

Япон-Шотланд 3:1, Нигери- Коста Рика 1:0

Япон-Коста Рика 1:0, Нигери-Шотланд 2:0

Япон-Нигери  0:0, Коста Рика-Шотланд 2:1

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:48 | | уншсан: 631 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


love struck laughing Neutral rolling on the floor rolling on the floor rolling on the floor sick not talking
Бичсэн: ????? цаг: 13:02, 2009-01-08 | Холбоос | |





:-)