2007-07-05
2014 оны Өвлийн олимп хойд хөршид болно

2014 оны Өвлийн олимп хойд хөршид болно

 

Гватемалад болсон Олон Улсын Олимпийн Хорооны 119 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрлөө. Учир нь өнөөдөр 2014 оны Өвлийн Олимпийг зохион явуулах хотын нэр тодрох  ёстой байсан юм. Энэхүү эрхийн төлөө Австрийн Зальцбург, БНСУ-ын Пьёнчан, ОХУ-ын Сочи хотууд өрсөлдсөнөөс эхний санал хураалтад Пьёнчан 38, Сочи 34, Зальцбург 25 санал авч , шийдвэрлэх санал хураалтад Пьёнчан , Сочи хотууд тунан үлдэв. Шийдвэрлэх “даваанд” Сочи өрсөлдөгчөө 51:47 харьцаагаар ялснаар ОХУ анх удаагаа Өвлийн олимпийг зохион явуулахаар боллоо.

Ийнхүү 34 жилийн дараа манай хойд хөршид  дахин Олимпийн наадам айлчлах нь. 1980 онд Москва хотод Зуны олимпийн 22 дугаар наадам болж, өхөөрдөм хөөрхөн Миша бамбарууш нулимс дуслуулан тэнгэрт хөөрсөн мөчийг олон хүн тодхон санаж буй биз ээ. Тэгвэл өвлийн Олимпийн 22 дугаар наадам Сочид болох нь. Орос “ах” нарт маань 22-ын тоо ээлтэй бололтой. Германы нацистуудыг Москвагаас 22-хон километрийн зайд тогтоон улмаар фашизмын аюулаас хүн төрөлхтөнийг аварсан “ах нар” маань Зуны болон Өвлийн олимпийн 22 наадмыг зохиох хувьтай байжээ.

Гватемалад болсон ОУОХ-ны 119 дүгээр чуулганд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга, “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж. Отгонцагаан нар оролцож буй бөгөөд харин Олимпийн хотын согоход  саналаа өгөх эрхтэй ОУОХ-ны эрхэм гишүүдийн эрэмбэд Ш.Магван буюу бидний нэрлэдгээр “Олимпийн өвөө” маань заларч байгаа билээ.

ОУОХ-ны энэ удаагийн чуулганаар шийдвэрлэх хамгийн гол асуудал ийн монголчуудад ээлтэй шийдэгдэв. Жилийн дараа Өмнөд хөрш рүүгээ очоод Зуны олимп үзчих боломжтой манайхан 7 жилийн дараа хойд хөршөө зориод цагаан Олимп харчих завшаан дахиад тохиов.

“Сочи-2014” ялалт байгуулахад Ерөнхийлөгч В. Путин тун чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Оросын Ерөнхийлөгч  Гватемалад хүрэлцэн очиж, ОУОХ-ны босс Жак Рогге болон ОУОХ-ны 20 гаруй гишүүнтэй “аминчлан” уулзаж ярилцсан төдийгүй Сочи хотын танилцуулгыг өөрийн  биеээр англиар дуржигнуулсан нь санал хураалтад ихээхэн нөлөөлсөн гэнэ.

ОУОХ-ны чуулган энэ сарын долоонд өндөрлөх бөгөөд “Бээжин-2008”, “Ванкувер-2010” , “Лондон-2012” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тайлан илтгэлийг сонсох юм. Мөн Черногор, Тувалу улсын Үндэсний олимпийн хороог  ОУОХ-ны гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэх юм. Хэрэв эрхэм гишүүд энэ хоёр орны төлөө “ за” гэж хэлбэл ОУОХ-ны “халуун ам бүл”-ийн тоо 205 болох билээ. Черногорын  яахав хүмүүс мэднэ. Тэгвэл Номхон далайд, Шинэ Зеландаас холгүй орших 12000-хан хүн амтай Тувалу арлын тухай та бараг сонсоогүй л болов уу. Манай гаригийн дулаарлаас болж энэ арал усанд автах аюул учирснаар энэхүү бяцхан арал-улсын хувь заяаны төлөө дэлхий даяараа анхаарлаа хандуулж байгаа ажээ. Тиймээс ч ОУОХ Тувалу гишүүнээр элсүүлэн авч, сэтгэл санааны болон материаллаг тусламж үзүүлэх нь бараг тодорхой гэнэ.

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 12:43 | | уншсан: 825 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)