Нугас махчин шувуу юу ?
Хоккейн ертөнцийн хамгийн хүчирхэг лиг болох Үндэсний Хокейн лигийн (National Hockey League) 2006-2007 оны тоглолтын улирал “хөшгөө” татаж Стэнлийн цомын шинэ эзэн тодорлоо. Плей-оффын тоглолтод учраа бүрээ өвдөг шороодуулсаар шигшээ тоглолтод хүрсэн “Өрнө” бүсийн аварга “Анахайм дакс”, “Дорно” бүсийн аварга “Оттава Сенаторз” багууд Стэнлийн цомын төлөө тоглов. Хоёр бүсийн төдийгүй хоёр улсын ( АНУ – Канад ) өрсөлдөөн мөсөн талбайд өрнөж, “Анахаймын нугаснууд” энэ цувралд 4:1 – ээр хожин Стэнлийн цомыг түүхэндээ анх удаа хүртэв .
Амеркийн хоккейн шинэ нийслэл - Анахайм
“Анахайм” ийнхүү Стэнлийн цомыг хүртсэн Кальфорны анхны баг боллоо. NHL – д хамгийн олон багтай мужийн нэг Кальфорн уг нь хоккейгоор тийм ч их “амьсгалдаг” улс биш ээ. Детройт,Бостон,Филадельфи,Нью Йорк гээд хоккейгоор “өвчилсөн” хотуудын дэргэд Анахайм бол “нялх ногоо”. NHL – д элсээд ердөө 14 –хөн жил болж байна. Гэхдээ бас Стэнлийн цомын финалд шалгараад авсан удаатай . Тэгвэл энэ жил Стэнлийн цомыг хүртэж мужийнхаа ахмад багууд “ЛосАнжелес Кингз”, “Сан –Хосе Шаркс” –ын төдийгүй NHL –ийн олон багуудад “эрт гарсан эврээс хойно ургасан чих” гэдгийг харуулав . Кальфорны “ЛосАнжелес Кингз” 1993 онд аугаа Гретцкиг байхад Стэнлийн цомын шигшээ тоглолтод “Монреаль Kанадиенс”-т ялагдаж байсан түүхийг ч бас эргэн нэг сөхөхөд илүүдэхгүй биз . Йинхүү Нарлаг Кальфорны “нугаснууд” хоккейн ертөнцийн оргилд хүрэв . Анахайм хотыг Диснейлэндээр нь мэддэг хүмүүс одоо “Ducks” – аар таних боллоо . Хэдийгээр хоккейгоор амьсгалдаггүй гэж хэлэгддэгч 2007 он гарснаас хойш “Нугаснуудын” улирлын 32 тоглолт дараалан дүүрэн үзэгчтэй болж өвөрмөц рекорд тогтоосон, 14 жилийн намтар түүхтэй ч Стэнлийн цомыг хүртсэн болохоор хоккейгүй хот гэж боломгүй санагдана. Тиймээс ч шийдвэрлэх тав дахь тоглолтын үеэр “Америкийн хоккейн шинэ нийслэл –Анахайм, Кальфорн” гэсэн лоозун олон харагдаж байсан .
Канадын баг хожигдсон ч Канадын хоккейчид аваргалав
Шигшээ тоглолтын сүр дуулиан, нэр хүнд өндөрсөхөд хэвлэл мэдээллийнхэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа Канадын хэвлэл мэдээллийнхэн эхний хоёр тоглолтод “Оттава”-г хожигдож хэцүү байдалд орсны дараа нутагтаа болох хоёр тоглолтод тун их ач холбогдол өгч “Канад уу ? Америк уу?” хэмээн “улс төржүүлсэн”. Арга ч үгүй биз. Сүүлийн хоёр жилийн Стэнлийн цомын шигшээ тоглотод Канадын багууд Америкийн багт хожигдсон. Тухайлбал “Калгари” “Каролина”-д,”Эдмонтон” “Тампа Бэй”-д. Тиймээс ч “Оттава” – г Канад орон даяараа дэмжин балиашигласан . Гэвч “Оттава Сенаторз” нутаг нэгтнүүдийнхээ, “Агч навчны” орныхоо итгэлийг биелүүлж чадсангүй . Гэхдээ энэ нь Канадыг хокейн эх орон гэдэг алдраас “халах” шалтгаан болж чадахгүй л дээ буй. Учир нь шинэхэн аварга “Анахаймын нугаснууд” бол NHL дэх хамгийн олон (18) канад тоглогчтой баг . Таван америк, гурван Европ тоглогчдын ихэнх нь сэлгээнийх гэхээр аргагүй л Канадын хоккейчид ялалт байгууллаа.
Дахин төрсөн “Дакс” ба мөрөөдөл нь биелсэн Селанне
“Анахаймын хүчирхэг нугаснууд” гэдэг баг дамнуурахын ирмэгт ойртож, эзэмшдэг “Уолт Дисней” корпораци нь хоккейн багаасаа салахын түүс болж байсан хүнд үед буюу 2005 онд “нугасны муухай дэгдээхэйнд” итгэл өгөн, өөрийн болгон худалдан авсан эхнэр нөхөр Самюэли энэ багийг дахин төрж, хоёрхон жилийн дараа Стэнлийн цомын эзэн болох юм гэж төсөөлж байсан болов уу ? Самюэлийн гэр бүл шинэ багаа нэрийг нь “Анахаймын нугаснууд” болгож, багийнхаа өнгө, хувцсыг өөрчилж, цоо шинэ “нугаснуудыг” бий болгосон гавьяатай . Бас нэг гавьяатан бол Стэнлийн цомыг гардуулах ёслолын ажиллагааны үеэр хамгийн их сэтгэл нь хөдөлж, ичиж зоволгүй “тогоо нэрсэн” Теему Селанне . 15 жилийн өмнө NHL- д анх тоглосон жилээ Теему 76 гоол оруулсан рекорд нь өдгөө ч хэвээр байгаа бөгөөд тэрбээр “Стэнлийн цом хэмээх хоккейн ертөнцийн оргилд хэзээ ч хүрэхгүй юм байна гэж бодогдож зодог тайлдаг дээрээ тулж байсан үе бий . Өнөөдөр мөрөөдөлдөө хүрлээ” хэмээн Селанне өгүүлсэн . Үнэхээр ч Селанне энэ жил үнэхээр урамтай сайхан тоглож багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр болсон билээ .
“Махчин нугаснууд” буюу амжилтын түлхүүр
“Анахайм дакс” –ын амжилтын нууц юунд байв аа? Мэдээж багийн түлхүүр тоглогч ах дүү Скотт ба Роб Нидермайер, Теему Селанне, Крис Пронгер, Макдональд, хаалгач Жигер нарт ихээхэн гавьяа бий . Бас өрсөлдөгч багтаа өчүүхэн ч зай завсар, зав чөлөө олгодоггүй, биеийн хүчний тоглолт, цул хамгаалалтыг эрхэм болгосон дасгалжуулагч Брайэн Мюррэйн зөв тактик чухал үүрэг гүйцэтгэлээ . Торгууль хүлээсэн минут, зодоон цохион хийсэн тоогоороо ч “Дакс” NHL- д толгой цохьсон . Ямартаа л “Кальфорны махны машин” гэгдэж байхав . NHL – ийн бараг баг болгонд өөрийн түлхүүр тоглогчдыг хамгаалах, өрсөлдөгчийнхээ шилдгүүдийг “жагсаалаас гаргах” үүрэгтэй “цагдаа” хэмээн нэрлэгддэг тоглогчид байдаг . Тэгвэл энэ жил “Нугаснуудад” дөрвийн дөрвөн “зодоонч” тоглосон . Крис Пронгер бол угаасаа “муу нэртэй, луу данстай” хүн. Дээр нь Мэй, Пэррос, Торнтон гээд гурван “хулигаан” өрсөлдөгч багийн зүрхэнд шар ус хуруулж , биеийн хүчийг сэтгэлийн хүчтэй хослуулан тоглож, “махчин нугаснуудаа” зөв ашигласнаар ийм өндөр амжилтанд хүрсэн гэхэд болно . Нугас уул нь сүүн тэжээлтэнсэн. Гэтэл “Анахаймын нугаснууд” бол “махчин” ажээ .
Ах дүү хоёрын нэр хамтдаа Стэнлийн цом дээр
“Анахайм “–ын багийн ахлагч Скотт Нидермайер плей- оффын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг ( MVP) хүртсэн . Мөн багийн ахлагчийн хувьд Стэнлийн цомд анхлан гар, хошуу хүрэв . Тэрбээр өдгөө NHL- д тоглож буй хоккейчдоос Стэнлийн цомыг дөрвөн удаа хүртсэн цорын ганц хоккейчин болов. Түүнд бас лигийн шилдэг хамгаалагчид олгодог “Норрис трофи”– г хүртэх ихээхэн боломж байна. Төрсөн дүүгийнхээ хамт Стэнлийн цом дээр нэрээ сийлүүлэх ховор завшаан бас тохиов. 20 гаруй жилийн өмнө домогт ах дүү зургаан ( !!!!!!) Саттерын хоёр нь “Нью Йорк Айлендерс” – ийг аваргалахад нэрээ цугтай бичүүлж байж.
Хоккейн нэр хүндийн хонгилд гэрэл харагдаж байна
Сүүлийн хэдэн жил нэр хүнд нь нилээд унасан NHL дахин хүчээ авах гэрэл гэгээ харагдаж байна . Багуудын хүч жигдэрч, шинэ шинэ аваргууд төрөн гарч, шинэ шинэ муж хот хоккейгоор амьсгалах болов . Шинэ од Сидни Кросби гэгч залуу NHL – ийн түүхэнд хамгийн залуудаа багийн ахлагч хэмээх эрхэм үүргийг хүлээв . Гретцки Лемьег залгамжлах хүнтэй боллоо. Хоккейн ордон үзэгчдээр дүүрэн байх нь олширлоо. Хоёр, гурав жилийн дараа шинэ баг NHL – д элсэх сураг дуулдаж байна . Мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн дэлхийн нийслэл гэгддэг, Америкийн хамгийн хурдан хөгжиж буй хотод тооцогддог Лас-Вегас NHL- д өөрийн багтай болох санал тавьсан гэнэ . Нэг үгээр ирэхэд хоккейн ирээдүй гэрэлтэй харагдах боллоо. Хоккечдод, хоккей сонирхогчдод энэ л хамгийн чухал билээ л.