Монголын олимпийн найдварууд хэн,хэн бэ
Манай сэтгүүл өмнөх дугаараасаа эхлэн “Бээжин -2008” Зуны олимпийн 29дүгээр наадамд Монголын тамирчид хэрхэн бэлдэж буй тухай цувралаа жүдо бөхөөр эхэлсэн билээ.Энэ удаа та бүхэнд боксчдын тухай танилцуулья.
Монголын “ширэн бээлийтнүүд” олимпийн рингэнд анх 1972 оны Мюнхений олимпоор гарсан. Тэрнээс хойш олимпийн наадмыг өнжилгүй оролцож ирлээ,манай боксчид. 1980 оны Москвагийн олимпийн наадамд Монголын боксчин Ж.Батбилэг олимп, дэлхийн аварга, Кубын алдарт боксчин А.Эррераг анх удаа нокдаунд оруулж байсныг сайн санаж байна. 1984 оны Лос-Анжелесийн олимпийг социалист системийн орнууд бойкотлосон нь олон тамирчинд хар дурсамж үлдээсэн түүхтэй. Тэр үед ид торгон ирэндээ байсан, жиндээ дэлхийн шилдгүүдийг бүгдийг нь төвөггүй хожиж байсан Нэргүйн Энхбат тэр цаг үеийн золиос болж , олимпийн медаль авах алтан боломжоо алдаж байсан. Олимпийн наадамд оролцоогүй орнууд “Найрамдал -84” тоглолтыг зохион явуулсан бөгөөд Н.Энхбат энэ тэмцээнд торолгүй шигшээд үлдээд ,Кубын алдарт боксчин олимп,дэлхийн аварга Эррерад нутагт нь илүүрхэн ялсан ч шүүгчдийн саналаар 2:3-аар хожигдон мөнгө зүүж байсан юм. Олимпийн медальт байрт ихэвчлэн “соц” орнуудын буюу ЗХУ (хуучнаар) Куба, Болгар,Унгарын боксчид шалгардаг байсныг үзвэл Н.Энхбат маань хэрэв 1984 оны Лос-Анжелесийн олимпод оролцсон бол баттай медаль авах ,бүүр аварга болох магадлал маш өндөр бололцоотой байсан нь дэндүү харамсмаар. Гэвч Н.Энхбат дөрвөн жилийн дараа буюу Сөүлийн олимпоос хүрэл медаль хүртэн Монголын боксчдын олимпийн медалийн салхийг хагалж үнэхээр дэлхийд данстай шилдэг боксчин гэдгээ нотолсоон. Ер нь 1988 оны Сөүлийн олимпод манай ширэн бээлийтнүүд хамгийн өндөр амжилт үзүүлсэн билээ. Н.Энхбатаас гадна Н.Алтанхуяг ,О.Алтансүх нар медалийн төлөө өрсөлдөж ,шилдэг наймд шалгарсан бол Ц.Амаржаргал өрсөлдөгчөө хэд хэд нокдаунд оруулсан ч шүүгчдийн булхайгаар хожигдол хүлээж байсан юм.
1992 оны Барселоны олимпоос Монголын боксчид хоёр дахь медалиа авчирсан. Азийн хошой аварга Н.Баярсайхан Барселоны дэвжээнд урамтай сайхан тоглож хүрэл медаль хүртсэн. Мөн 1996 оны Атлантын олимпод Т.Үйтүмэн медальд хүрэхэд ихээхэн ойрхон байсан ч АНУ-ын боксчинд шүүгчдийн илт булхайгаар ялагдаж байсан юм. Өдгөө Монголын бокст нэгэн шинэ үе гарч ирж ,олон улс,тив , дэлхийн хэмжээнд чамлахааргүй амжилт гаргаж байна. Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Монголын олон арван шилдэг мастеруудын замыг зааж өгсөн , гавьяат дасгалжуулагч Дамдинжавын Банди багш (дөрвөн олимпод буюу 1972 ,1976 онд тамирчнаар , 1996 ,2000 онд дасгалжуулагчаар оролцсон , асар арвин туршлагатай мэргэжилтэн) ажиллаж, түүнд авьяаслаг дасгалжуулагч М.Мөнхжаргал туслаж байгаа.
Монголын боксчид олимп, дэлхийгээс медаль авч байсан уламжлалтай. Тиймээс ч ард түмэн маань боксчдоосоо Олимпийн медаль харж , нэхэж суух нь мэдээж .
Сүүлийн гурван ч олимпоос ганзага хоосон ирсэндээ дүгнэлт хийж ,Монголын боксын холбоо “Бээжин -2008” олимпод ихээхэн анхаарал тавьж буй. Хэдхэн хоногийн дараа Улаанбаатарт Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох гэж байна. Олимпийн эрх олгох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө эх орондоо ,анх удаа Боксын Азийн АШТ-ийг зохион явуулах гэж буй нь маш сайхан хэрэг. Боксчдынхоо гадныхантай хэрхэн тоглодгийг “амьдаар” нь харж , чансааг нь мэднэ. Азийн аваргын дараагаар Америкт аравдугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд уг тэмцээнээс жин тус бүрт эхний найм, хүнд хоёр жинд эхний дөрвөн байр эзэлсэн ,өөрөөр хэлбэл медалийн төлөө тоглосон боксчид олимпийн эрхээ өвөртлөх юм.
ДАШТ-ээс олимпийн эрхээ авч чадаагүй тамирчид 2008 онд тив тус бүрт болох хоёр тэмцээнээс түрүүлж байж (хэрэв олимпийн эрх авсан тамирчдын амжилтыг энд тооцохгүй) Бээжинг зорих аж. Боксын Азийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа зохиогддог. Тиймээс 2008 оны олимпийн өмнөх хамгийн том сорилго нь энэ 6 –р сард болох Азийн АШТ ,аравдугаар сард Чикагод болох Дэлхийн АШТ юм.
Эдгээр тэмцээнд хүч үзэх ,улмаар олимпийн эрх өвөртлөх , цаашид олимпийн рингэнд гарах Монголын боксчин хэн хэн байх бол ? Монгол улсын шигшээ багт хичээллэн ,бэлтгэл сургуулилтаа базааж буй ширэн бээлийтнүүдийг одоо танилцуулья.
51 кг: ОУХМ Пүрэвдоржийн Сэрдамбыг жиндээ нэг ноймер нь гэж болно. Өнгөрөгч жил оюутны ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн.
Мөн Германы Халле хотноо болдог Химийн цом ,Чехийн ОУТ-ий медальтай.
Энэ жинд мөн залуу с.м Л.Зоригтбаатар чамгүй амжилт гаргаж байгаа.Тухайлбал энэ онд Тайландын Эзэн хааны цомоос хүрэл медаль авсан. Нэг жинд хоёр жигдхэн тамирчин байгаа нь амжилтад сайнаар нөлөөлөх ихээхэн ач холбогдолтой. Ямар ч байсан энэ жинд олимпийн эрх авах ихээхэн найдвар байна. П.Сэрдамба 48 кг-ийн жинд ч жин хасч ордог.
54 кг:Манай бокс сонирхогчдын найдлага тавьж буй гол жингийн нэг.ОУХМ Энхбатын Бадар-Ууган энэ жинд бэлтгэлээ базааж буй.Тэрбээр өнгөрсөн онд Оюутны дэлхийн аварга болж , Химийн цомын алтан медаль зүүж , Азийн наадмаас хүрэл медаль авсан.
Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэлтэй.
Олон улсын тэмцээнүүдээс удаа дараа алт ,мөнгө .хүрэл медаль хүртэж байсан . Олимпийн эрх авах,цаашлаад олимпод амжилт гаргах гол найдваруудын нэг нь Бадар-Ууган .
57 кг: ОУХМ Зоригтбаатарын Энхзориг энэ жингийн гол хүн. Тэрбээр ОУТ-ий мөнгө,хүрэл медальтай.Мөн энэ жинд залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальтай,спортын мастер А.Бат-очир гээд залуу бий.
60 кг : Монголын боксын бараг бүх гавьяатууд төрөн гарсан.
Н.Энхбат,Н.Баярсайхан,Т.Үйтүмэн гэх мэт олимп,дэлхийн дэвжээнээс юм дуулгадаг жин.
Гавьяат цолтой ,олимп , дэлхийн медальт ах нарынхаа уламжлалыг Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ тун сайн хадгалж яваа.
Ер нь сүүлийн хэдэн жил манай хамгийн шилдэг боксчин бол яах аргагүй Мөнх-Эрдэнэ. Тэрбээр Зүүн Азийн наадмын аварга ,Азийн наадмын мөнгө ,Оюутны дэлхийн АШТ-ий хүрэл медальтай. “Афин -2004” олимпийн наадамд оролцсон.
Дэлхийн АШТ-ий 5-р байрын шагналтай. Одоогоор Монголд түүнтэй өрсөлдөх боксчин алга. Саяхан Мөнх-Эрдэнэ Германы “Химийн цом” –ын тэмцээнд түрүүлж ,Чехийн ОУТ-ээс алтан медаль зүүлээ.Бэлтгэл сургуулилтаа сайн базаагаад ,жаахан хүч нэмбэл олимпийн медаль түүнд ойрхон бий.
64 кг : ОУХМ Бямбаагийн Түвшинбат өнгөрсөн жилийн Оюутны дэлхийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Энэ жил “Химийн цом”-оос мөнгөн медаль хүртсэн.
69 кг : ОУХМ Т .Чулуунтөмөр мөн Оюутны дэлхийн АШТ-ий хүрэл медальтай.
Эдгээр залуучууд эх орноо төлөөлөн шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Мөн 75 кг-д Н.Шинэбаяр ,81 кг-д Ц.Мөнхчулуун, 91 кг-д Х.Мандахбаяр , 91 кг-д Б.Энхтайван нар Азийн АШТ-д оролцоно.Цаашдаа ч мөн олимпийн эрхийн төлөө хурд хүчээ сорино.
Миний хувийн бодлоор манай ширэн бээлийтнүүд 1-3 олимпийн эрх авах магадлалтай. Тэднээс Э.Бадар-Ууган , У.Мөнх-эрдэнэ нар олимпийн медальд хүрэх бололцоо бий.
Монголын боксчдын олимпийн эрх авах ,цаашлаад медаль авах бололцооны талаар АНУ-д аж төрж буй манай гавьяатууд ямар бодолтой буйг анхааруулья.
Монгол Улсын Гавьяат тамирчин ,олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбат:
-Манайхан сүүлийн үед амжилт нь дахин сэргэж ,олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдээс медаль авч байна. Гэхдээ дэлхий, олимпийн дэвжээ бол үнэхээр босго өндөртэй шүү дээ.Ний нуугүй хэлэхэд олимпийн медальд хүрэх нь битгий хэл олимпийн эрх авахад хэцүү .
Гэхдээ олимпод тасралтгүй оролцож ирсэн уламжлалыг бүү таслаасай ,медаль авч байсан сайхан уламжлалыг дахин давтаасай гэж боксчдоосоо ,залуучуудаасаа хүсье!
Монгол Улсын Гавьяат тамирчин ,дэлхийн АШТ-ий хүрэл медальт Э.Цогтжаргал:
-Ер нь олимпийн эрх авахад их хэцүү шүү. Гэхдээ өөрсдөө сайн мэрийгээд бүх анхаарлаа хандуулбал нэгээс хоёр эрх авч магадгүй юм. Олимпийн медальд бол хэлж мэдэхгүй байна.