2007-06-27
Америкийн хөлбөмбөгчид “Алтан цом”-ыг дөрөвдэхээ хүртлээ

Америкийн хөлбөмбөгчид “Алтан цом”-ыг дөрөвдэхээ  хүртлээ

 

            Хоёр жил тутам зохиогддог Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах  “GOLD CUP-2007” тэмцээн өнгөрөгч ням гаригт өндөрлөлөө. КОНКАКАФ буюу Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны шилдэг 12 баг гурван хэсэгт хуваагдан тоглож, “А” хэсгээс Канад, Коста Рика, Гваделупе, “В” хэсгээс АНУ, Гватемала, “С” хэсгээс Гондурас, Мексик, Панамын багууд шөвгийн наймд шалгарлаа. Хэсгийн бараг бүх тоглолт тун сонирхолтой, тэнцүү өрсөлдөөнтэй болсон. Ур чадвар ойролцоо багууд болохоор арга ч үгүй биз ээ.

            Шөвгийн наймд Канад-Гватемалыг 3:0, АНУ –Панамыг 2:1, Гваделупе- Гондурасыг 2:1, Мексик-Коста Рикаг 1:0-ээр хожин хагас шигшээд шалгарлаа.

Энэхүү тэмцээнийг албан ёсоор сурвалжлах эрхийг “ Таван цагариг”-т КОНКАКАФ-аас өгсөн билээ. Гэвч хэсгийн тоглолтууд Майами, Лос Анжелес, Хьюстон, Бостон , Нью Йорк гээд Америкийн  ёстой дөрвөн хязгаарт зэрэг болсон болохоор ийш тийшээ нисч, бүгдийг нь газар дээрээс сурвалжлах боломж үнэхээр гарсангүй ээ. Тэгээд урьдчилан төлөвлөсөн дагуу Чикагод болсон хагас шигшээ болон шигшээ тоглолтуудыг үзэв. Ингээд үзсэн харснаасаа уншигч  авхай нартайгаа хуваалцая.

 

Гваделупегийн гайхамшиг буюу дэлхийд дансгүй хөлбөмбөгчид

 

“Gold cup-2007” –ын гол сенсаацын эзэд нь яах аргагүй Гваделупе арлын хөлбөмбөгчид. Карибын тэнгист орших, 450 мянгахан хүн амтай, Францын эзэмшлийн энэ жижигхэн арлын хөлбөмбөгийн холбоо байгуулагдаад ердөө 7-хон жил болж байгаа аж. Томоохон тэмцээний “утааг” анх удаагаа үнэрлэж байгаа нь энэ гэнэ. Гэсэн ч хэсгийн тоглолтод 2000 оны “Gold Cup”-ын аварга Канадын багийг 2:1-ээр хожиж, Карибын тэнгисийн орнуудын энэ оны аварга Гайтитай тэнцэн, хэсгээсэ шалгарсан. “Шинэковууд” шөвгийн наймд Мексикийн шигшээг 2:1-ээр хожин хүчтэйгээ нотолсон Гондурасыг 2:1-ээр хожиж, хагас шигшээд үлдэв. Мексиктэй ана мана, ач тач үзсэн ч 0:1-ээр хожигдлоо. FIFA-д элсэж ч амжаагүй, дэлхийн хөлбөмбөгт  дансгүй энэ бяцхан арлынхан гараагаа ийн гайхамшигтай эхэллээ.

            Хүн ам , хэмжээгээрээ жижигхэн ч энэ арал олон шилдэг хөлбөмбөгчдийн унасан газар, угаасан ус нь болдог гэнэ. Тухайлбал 1980-аад оны эхэн үед  Францын шигшээд гялалзаж явсан, 1978, 1982 оны ДАШТ-д тоглосон (1982 онд Германы хаалганд гайхалтай гоё гуядаж гооол оруулж байсныг нь санаж байна уу!) Мариус Трезор, 1998 оны дэлхийн аварга Лилиан Тюрам, Сильвайн Вильторд нар энэ нутгийнх ажээ. Мөн өдгөө “Манчестер Юнайтед”-д алба хашиж буй Саха ч бас эндхийнх юм байна.

            Гваделупегийн шигшээд тоглож буй Жоселин Англома хэмээх нөхрийг ч та бүгд сайн мэдэх байх. Эдүгээ 41 настай Англома цагийн сайханд Францын шигшээд тоглон 1992,1996 оны Европын АШТ-д оролцож, 1993 онд “Марсель”-д байхдаа “Аваргуудын лиг”-т түрүүлж, “Марсель”, “Интер”, “Валенси” гээд Европын шилдэг багуудад тоглож явсан нэгэн. Мнь эр уг нь баруун захын хамгаалагч боловч Гваделупегийн шигшээд плэймэйкер болчихсон тууж явна.

 Нас ахиж хурд жаахан саарсан мэргэжлийн тамирчны яс зааж, хур туршлага гэдгийг үзүүлж энэ тэмцээнд хоёр ч гоол оруулж амжина лээ.

 

Хоккейн эх орныхон хамгийн олон легионертэй нь

 

Хоккейн эх орон Канад хөлбөмбөгөөр ч бас муугүй . Тэд 2000 онд “Алтан цом”-д түрүүлж ногоон талбай дахь анхныхаа том ялалтыг байгуулж байсан. Энэ удаа чбас тун сайн тоглов. Хагас шигшээд талбайн эзэн Америкийн багт 1:2-оор хожигдсон. Гэхдээ тоглолтын сүүлчийн минутад оруулсан гоолыг нь шүүгч тооцоогүй. Уг нь  бол отон тоглолт биш байсан л даа. Гэхдээ “агч навчны орныхон” нэг зүйлээр бусдаасаа хол давуу байлаа. Тус багийн 11 тоглогч Европт, дөрвөн тоглогч нь  АНУ-д тоглодог, өөрөөр хэлбэл хамгийн олон легионертэй баг ажээ.

 

Хөлбөмбөгийн ид шидтэнүүдийн түрүүлж үзээгүй тэмцээн

 

“Gold Cup” ер нь хэр зэрэг нэр хүндтэй , чанар чансаатай тэмцээн бэ? Энэ асуултад ганцхан баримтаар хариулья. 1996 оноос буюу гуравдахь тэмцээнээсээ эхлэн Конкакаф өөр тивийн багуудыг “Gold Cup”-таа урилгаар оролцуулдаг болсон. 1996, 1998 онд Бразил, 2000 онд БНСУ, Перу, Колумб, 2002 онд БНСУ , 2003 онд Бразил, Колумб, 2005 онд ӨАБНУ, Колумбын шигшээ багууд оролцож байв. Гэхдээ Хойд Америкийнхан “Алтан цом”-оо өөр тивийнхэнд алдсан удаагүй. Хөлбөмбөгийн ид шидтэнүүд гэгддэг Бразилийн хөлбөмбөгчдийн түрүүлж үзээгүй хоёрхон тэмцээн байдаг гэнэ. Дэлхийн таван удаагийн аварга, өсвөр үеийн болон залуучуудын дэлхийн аварга, заалны болон элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга, Өмнөд Америкийн долоон удаагийн аварга, “Confederation Cup”-ын аварга Бразилчууд олимпийн наадам, “Gold Cup” хоёрт л түрүүлж үзээгүй ажээ.

 

Soldier Field”-ын тухай товчхон

 

Чикаго хотын өмнөт хэсэгт , Мичиган нуурын хөвөөнөө орших “Soldier field” цэнгэлдэх хүрээлэн анх 1924 онд үүд хаалгаа нээж үүт түүхээ эхэлжээ. Эртний Ром, Грекийн барилгын хэв загвараар баригдсан энэхүү цэнгэлдэхэд олон арван спортын түүхэнд тодоор бичигдсэн үйл явдал болж байж. Түүнээс ганц нэг томоохныг дурьдвал 1927 онд энд мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга цолын төлөө домогт Жэк Дэмпси, Жэн Тунней нар тулалдаж, энэхүү “зодооныг” 104 000 хүн үзсэн байна. Мөн 1959 оны  Пан Америкийн наадам, 1994 оны хөлбөмбөгийн ДАШТ, 1999 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ энэ цэнгэлдэхэд болж байв. Америк хөлбөмбөгийн “Чикагогын байвгайнууд” багийн гэр болсон энэ алдарт цэнгэлдэхэд Пол Маккартни дуулж, “Роллинг Стоунз” тоглотоо хийж, АНУ-ын Бүгд Найрамдах намынхан чуулганаа хийж байж. 1993 онд АНУ-ын Засгийн газраас энэхүү гайхамшигт байгууламж, цэнгэлдэх хүрээлэнг Үндэсний түүхэн дурсгалт газрын тоонд бүртгэн оруулжээ. 2003 онд “Soldier field”-д шинээр засварлагдсан гэнэ.

 

 

“Таван цагариг” хэвлэлийн томчуудтай мөр зэрэгцэв

 

        “Gold Cup-2007”-г албан ёсоор сурвалжлах эрхийг 400 орчим хэвлэл мэдээллийн байгуулллага авсан аж. Эдний тоонд Монголын “Таван цагариг” багтав. “Soldier field”-ийн бүртгэлийн төвөөс тэмцээнийг сурвалжлах эрхийн үнэмлэхээ аваад сэтгүүлчдийн лоожинд очлоо. Тэнд сэтгүүлчдийг хэсэг хэсгээр нь хуваарилажээ. Тэнд “Tavan tsagarig” (Mongolia) гэсэн бичигтэй бүхий ширээ сандал, хэрэглэх нотбүүк, хэрэг гарвал харах телевизор, тэмцээнтэй хобоотой бүхий л мэдээлэл , лавлахууд, үзэг цаас, уух ундаа, идэх хоол нь хүртэл бэлэн.

            Манай лоожинд 100 орчим сэтгүүл, сонины сурвалжлагч ажлаа хийв. Миний мэддэгээс “ Ассошиэтед Пресс”, “Франс пресс”, “Ройтер”, Юү-Эс Түдэй”, “Спорт иллюстрйэтед”, “ESPN” , “Нью Йорк таймс”, “FIFA magazine” гээд нэр цуутай хэвлэлийн  мэдээллийн байгууллагын сурвалжлагч, сэтгүүлчид харагдсан.

 

Хэний нутагт тоглож байна вэ?

 

Америкт болж буй уралдаан тэмцээнд Мексикүүд нутагтаа байгаагаас дутахгүй хөгжөөн дэмжигчидтэй байх юм. Арга ч үгүй биз. Америкийн тэр олон сая цагаачдын ихэнх нь мексикүүд юм чинь. Хагас шигшээ тоглолтыг үзсэн 51 000 балиашгуудын дийлэнх нь “амиго” нар. Шигшээ тоглотыг 60 гаруй мянган хүн үзсэн. Тэдний лав 80-90 хувь мексикүүд байсан байхаа. Шигшээ тоглот өдрийн 14 цагт эхлэхибайсан ч 10 цаг гэхэд л миний явсан 290 дугаар хурдны зам битүү “traffic” болов. Машин болгонд л шигшээгийнхээ  ногоон тоглолтын цамцтай, ногоон цагаан улаан далбаагаа  хийсгэсэн мексикүүд  харагдана. Цэнгэлдэхээс нилээд зайтай машинаа орхиж , орилж хашгирсан мексикүүдийн дунд хутгалдан явсаар хүрэх газраа хүрэв. Цэнгэлдэх тэр аяаараа Мексикийн туг далбаанд дарагджээ. Америкийн балиашигуудын уламжлалт ихэмсэгээр “Юү-Эс-Эй”  хашгирах ч бараг дуулдахгүй аж. Харин “Мек-си-ко, Мек-сико” хэмээх уухай цуурайтна. Америкт бус Мексикт байна гэж андуурмаар ажээ.

 

АНУ-МЕКСИК 2:1

            2007.06.24. Чикаго. “Soldier field”. 63130 үзэгч.

Гоол: 44 мин, Гвардадо. 62 мин , Донован.11м. 73 мин , Файльхабер

 

Олон мянган балиашгуудынхаа уухайнд урам орсон Мексикүүд эхнээсээ л ширүүн довтолж эхлэв. Харин янкууд хамгаалан, сөрөг довтлох маягаар тоглох аж. Нэгдүгээр үе дуусахаас өмнөхөн Мексикийн Гвардадо тоглолтын салхийг хагалан эхний үеийг дуусгав. Хоёрдугаар үед Амекчууд аажим аажмаар довтолгооноо идэвхжүүлэв. 62 дахь минутад шүүгчийн тун ч эргэлзээтэйгээр өгсөн 11 метрийн торгуулийн цохилтыг Донован тун тайван гүйцэтгэж тоогоо тэнцүүллээ. Удалгүй булангын цохилтын үед хамгаалагчийн хальт өшиглөсөн бөмбөгийг Файльхабер торгуулийн талбайн гаднаас тун ч оновчтой цохин шийдвэрлэх гоолыг оруулав. Мексикүүд ч оноогоо тэнцүүлэхээр улайран довтолсноос хамгаалалтдаа удаа дараалан алдаа гарах болов. Харин Америкийн довтлогч Чинг, Бисли нар гоол оруулах тун ч гоё боломжийг ашиглаж чадсангүй. Тоглолтын сүүлчийн минутад Мексикийн Баутиста “тав” дотроос хаалгачийн биеэн дээр цохиж, гоол оруулж оноогоо тэнцүүлэх 100 хувийн бололцоог алдлаа. Ингээд тоглолтын цаг дуусаж АНУ-ын хөлбөмбөгчид дөрөвдэх удаагаа хүртэж, Мексиктэй түрүүлсэн тоогоороо тэнцэв. FIFA-ын  ерөнхийлөгч Блаттер аваргуудад “Алтан цом”, алтан медалыг гардууллаа. 2006 оны ДАШТ –ий дараа АНУ-ын шигшээ багийг дасгалжуулж буй Брэдли одоогоор ялагдал үзээгүй(10 хожил, нэг тэнцээ) явна. Харин Мексикийн шигшээгийн шинэхэн  дасгажуулагч, домогт Уго Санчес багийн амжилтандаа сэргэл гохсгор байгаа нь хэвлэлийн бага хурлын үед тодорхой байна лээ.

Америкийн хөлбөмбөгчид “Gold Cup”-т түрүүлснээрээ 2009 онд ӨАБНУ-д болох “Confederation’s cup”-т оролцох эрхийг бас хүртлээ.

 

“GOLD CUP-2007”-ын бэлгэдлийн шигшээ:

Хаалгач: Ф.Грандель(Гваделупе)

Хамгаалагчид: Ф.Балой (Панама), Р.Хастингс (Канад), Ф.Хейдук (АНУ), К.Сальсидо (Мексик)

Хагас хамгаалагчид: В.Сентено (Коста Рика), Ж.Де Гузман (Канад), П. Мастроэни (АНУ), П.Пардо(Мексик),

Довтлогчид: К.Павон (Гондурас)Б.Перес(Панама)

 

“Мэргэн бууч”:Карлос Павон (Гондурас)- 5 гоол, Лэндон Донован (АНУ) – 4 гоол

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:44 | | уншсан: 473 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)