Хуртай нартай хоёр хоног буюу хил хязгааргүй хөлбөмбөг
Америкт амьдарч буй монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-27 ны өдрүүдэд Иллиной мужийн Чикаго хотын Витлок паркт зохиогдлоо.
Уламжлал ба шинэчлэл
Америкийн монголчуудын дунд спортын олон төрлөөр уралдаан тэмцээн явагддаг. Гэхдээ зохион байгуулалт,цар хүрээ,нэр хүндээрээ хөлбөмбөгийн тэмцээн арай л өөр. Ноднин жил уг тэмцээнийг анх “өлгийдөн” авсан Денверийнхэн бусад хотоос ирж буй баг тамирчдаа угтаж авах ,үдэн гаргахад унаагаар үнэгүй үйлчилж ,тэмцээний үеэр халуун хоол ,уух ундаагаар төлбөргүй дайлж ,үдэшлэгт урьдаг уламжлал тогтоосон. Чикагод энэ сайхан уламжлал үргэлжиллээ. Мөн аливаа зүйл өсөн дэвжиж,өргөжин тэлж байдаг ёсоор шинэ зүйл ч нилээд нэмжээ. Тухайлбал тэмцээнд оролцож буй бүх тамирчдад мандат хийжээ. Медальгүй , шагналгүй хоцорсон нэгэнд нь сайхан дурсамж болон үлдэх юм. Мөн тэмцээнд зориулсан тусгай вэб сайт (www.argamag.com/soccer2007) нээж ,тэмцээнтэй холбоотой мэдээ ,мэдээлэл,бусад сонин хачныг олонд хүргэлээ.Энэ хэдхэн хоногт уг сайтад 1500 хүн зочилсон байна.
Хил хязгааргүй хөлбөмбөг хийгээд холын зочид
“Чикаго-2007” тэмцээнд АНУ-ын Иллиной,Кальфорн,Вашингтон,Миссоури,Индиана,Колорода,Кентакки,Вашингтон Ди Си, Массачесутс гээд 10 гаруй мужийн ,20 орчим хотоос хөлбөмбөгчид ирлээ. Тэр ч бүү хэл БудантАльбионоос (Англи) спортын мастер Б.Буман-Учрал, Бонноос (Герман) Нямаа гэдэг хөлбөмбөгт хорхойтой залуу тив алгасан нисч, тэнгис далайг гэтлэн ирж ,тоглоод буцлаа. Хөлбөмбөг хэмээх агуу спортод хил хязгаар үгүй гэж үнэн юм даа.
Ногоон талбайн гоёл хийгээд багуудын бүрэлдэхүүн
Энэ жилийн тэмцээнд зургаан баг оролцов. Ноднин жилийн аварга Денвер хотын “Алтан бөмбөг” багийнхан энэ жил Голланд маягийн улбар шар “адидас” хувцсаар гоёжээ. Ноднингийн цэнхэрээ нөөц хувцас болгосон байна. Тус багийн ахлагчАлтан-Илд ертөнцийн мөнх бусыг үзэж,төвийн хамгаалагч мастер Ч.Алтантогос,хамгаалагч Лхагваа гээд нилээд хэдэн үндсэн тоглогч нь Монгол буцсан тул хүч нь нилээд тамирдсан хэмээн олон хүн бодож байсан биз. Гэвч багийн ахлагч Ц.Энхтөр ,клубийн ерөнхийлөгч Б.Баярсайхан нар өөрсдөө гол хариуцлагыг хүлээхийн сацуу ,бүх тоглогчдоо жигд ашиглан тун сайн жигдхэн баг бүрдүүлжээ.
Ноднин жилийн “аман хүзүү” Вашингтон Ди Си- гийнхэн цав цагаан “Найк” -аар жигдрэв. Багийнхаа “цусыг сэлбэж” ,шинэ,залуу тоглогчдоор довтолгоогоо “чимсэн” нь амжилтад хүрэв. Хөлбөмбөгийн мастер С.Эрдэнэбат ,Амарсайхан нараас гадна сагс,волейбол,бөхийн мастерууд энэ багт олон.
Талбайн эзэд Чикагогийн “Аргамаг” багийнхан улаан,цагаан хувцсаар ээлжлэн гангарав. Энэ жил дошин дээрээ алтын төлөө үзнэ гэсэн тооцоотой байсан тул ихээхэн бэлтгэл хийж ,багийн тоглолт нь эрс сайжирсан байна.Хэдийгээр энэ жил анх оролцож буй ч “Мон-Юнайтед” багийг ихээхэн хүчтэй өрсөлдөгч гэдэгтэй хүн бүр санал нэгдэж байв. “Galgo” фирмийн ,Украйн маягийн шар өмсгөлөөр жигдэрсэн “Мон-Юнайтед”-д Англи,Германаас болон Индианаполис ,Блүүмингтон,Сакраменто,Конкорд, Сан-Франциско,Бостон,Сиэтл гээд газар газраас цугласан цол зэрэг өндөртэй тоглогчид цугларчээ. Харамсалтай нь нэгдсэн бэлтгэл хийж чадаагүйгээс болоод медальд хараахан хүрч чадсангүй. Чикаго хотын “Англо” Шотландын үндэсний шигшээ лугаа хар хөх хувцсаар ижилсэж ,бие бялдар,хүчний тоглолтоороо , Сент Луисийн “Фармерс” баг тас хар хувцсаар гоёж, дан залуу тоглогчдыг багтааснаараа үзэгчдийн сэтгэлд хоногшлоо.
Ширүүн бороонд болсон хэсгийн тоглолтууд ба шөнө дөл болтол үргэлжилсэн үсэргээ
Тэмцээний эхний өдрийн тоглолтууд ихэвчлэн ширүүн бороон дунд болж өнгөрөв. “А” хэсэгт Денверийн “Алтан бөмбөг”, “Мон-Юнайтед” ,Чикагогийн “Англо” багууд , “В” хэсэгт Вашингтон Ди Си -гийн “Монгол Морьд” ,Чикагогийн “Аргамаг”,Сент Луисийн “Фармерс” багууд тойргоор тоглолоо. “А” хэсгээс “Алтан бөмбөг” эхний тоглолтод “Мон-Юнайтед”-ыг 5:1-ээр ,дараа нь “Англо”-г 7:1 –ээр хожин хагас шигшээд төвөггүй шалгарсан бол хэсгээсээ хоёроор гарах эрхийн төлөө “Мон-Юнейтед”- “Англо” багууд тун ширүүн өрсөлдөв. Гэвч аль аль баг нь өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадсангүй тэнцэж, бөмбөгний харьцаагаар “Мон Юнайтед” хагас шигшээд тоглох эрх авлаа.
“В”хэсгийн гол тоглолт “Монгол морьд”- “Аргамаг” багуудын хооронд болж 2:1 –ээр “Монгол морьд” талбайн эздийг хожив.Дараа нь “нийслэлийнхэн” СентЛуисийн залуу багийг 5:1 –ээр хожин хэсгээсээ нэгээр шалгарав. Хагас шигшээд шалгарахын төлөө “Аргамаг”- “Фармерс” багууд өрсөлдөн “Фармерс” тоглолтын салхийг хагалан гоол оруулж , “Аргамаг”-ын ах нараа нилээд сандаргав.Гэвч талбайн эзэд туршлага ,буурь заан 3:1 –ээр хожив.
Орой нь тэмцээнд зориулсан үдэшлэг болов. Баг тус бүр мэндчилгээ ,урлагын номер үзүүллээ. “Аргамаг”-ынхан морин хуурын аялгуугаар үдэшлэгийг нээн ,олны сэтгэлийг уяраасан бол “Алтан бөмбөгийнхөн” гэрийн даалгавраа гэнэт задлан сюрприз барив. Багийн тоглогчдын оролцон тоглосон хошин шог клипүүд хуран цугларагсдыг тун их хөгжөөлөө. “Монгол морьдийнхон” бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарч unplugged дуулан авьяасаа харуулав. Бусад багууд ч товхийсэн мэндчилгээ дэвшүүлж ,нэг ёсондоо тэмцээнд оролцогчид ногоон талбайд бус тайзнаа бяцхан өрсөлдөв.Үдэшлэгийн үеэр “Чикаго-2007” тэмцээнийг зохион байгуулахад сэтгэл,зүтгэл гаргасан, ивээн тэтгэсэн бүх хүмүүст алтан медаль,дурсамж гардуулсан. Мөн “хөлбөмбөгийг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн тун сонирхолтой болж ,10 хүн өрсөлдсөнөөс Вашингтон Ди Си-гийн Бааска оюун ухааны энэ наадамд түрүүлэв. Харин азын сугалаанд Чикаго хотын хөгжөөн дэмжигч бүсгүйн аз хийморь нь гийлээ.
Уламжлал ёсоор зохион байгуулагчид зочид гийчдээ үнэ төлбөргүй дайлсан ч маргааш болох тоглолтоо бодоод “халах” хүсэлтэй хүн гарсангүй. Харин хоёр ч тоглолт хийж нэг өдөр хийж,булчин шөрмөс нь нилээд зангирсан хүмүүс ,шөнө дөл болтол “үсэргээ” хийж ,хөлсөө гаргаж, хөлөө суллав.
Ийм л байдаг даа шигшээ тоглолт гэдэг
Тэмцээний шийдвэрлэх буюу хагас шигшээ,медалийн төлөө тоглолт болох өдөр нар ээсэн сайхан өдөр болов. Үзэгч сонирхогч ,хөгжөөн дэмжигчдийн тоо ч ихээхэн нэмэгдэж. Чикаго хотноо амьдран суугаа боксын гавьяат тамирчин Э.Цогтжаргал ,бөхийн мастер Баяраа гээд олны танил хүмүүс харагдана. Хагас шигшээд эхлээд “Монгол морьд” –“Мон Юнайтед” багууд талбайд гарлаа. Богино хугацаанд боссон, хамтдаа бараг тоглож үзээгүй ч гэсэн “Мон Юнайтед” ноднингийн дэд аваргатай ширүүн өрсөлдөв. Энэ багийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн ,багийн ахлагч,спортын мастер Баатар (Бостон) ,М.Саруул-Эрдэнэ (Индианаполис) болон тэртээ холоос ирж тоглосон Буман-Учрал ,Нямаа нарт зүй ёсоор баяр хүргэх ёстой. Ёстой л “Нэгдсэн Монгол” баг болжээ,тэд нар. “Монгол морьд” байнгын бэлтгэл , залуу тоглогчдын хурд,хүчээ ашиглан 3:1 –ээр хожин аваргын төлөө өрсөлдөх болов. Дараа нь “Алтан бөмбөг” талбайн эзэн “Аргамаг” багууд хүч үзлээ.Денверийнхэн багийн тоглолт гэдэг юу байдгийг харуулан тоглож 2:1 –ээр талбайн эздийг хожлоо.Энэ тоглолтод “Алтан бөмбөгийн” хаалгач ,спортын мастер Баярсайхан олон удаа аюултай цохилтуудыг хааж гавьяа байгуулсан . “Аргамаг” хашир мастер Батзоригоор ар талаа бэхжүүлэн , Зачин, Амгаабаатар нарын туршлагатай тоглогчид ,Энх-амгалан ,Төгөлдөр гээд залуустай баг бүрдүүлж ,өнгөрсөн жилийнхээс хавьгүй хүчирхэгжсэн харагдав.
Хүрэл медалийн тоглолтод “Аргамаг” бэлтгэл ,бие биенээ ойлголцох давуу чанараа ашиглан 3:1 –ээр “Мон-Юнайтед”-ийг хожин ,хоёр дахь жилээ дараалан хүрэл медаль зүүцгээв.
Ингээд хүсэн хүлээсэн шийдвэрлэх алтан медалийн төлөө тоглолт эхлэх боллоо.Испанид “Барса”- “Реал” гээд ,Италид “Интер”-“Милан”, Шотландад “Селтик”-“Глазго” гээд мөнхийн өрсөлдөгчид байдаг шиг Америкийн Монголчуудын хөлбөмбөгт энэ хоёр баг яах аргагүй хүчтэй өрсөлдөгчид болжээ. Анх хоёр жилийн өмнө Вашингтон Ди-Си-д “Монгол морьд”- “Алтан бөмбөг” багууд халз уулзалт зохион хоёр удаа тэнцсэн бол өнгөрсөн жил Денверт болсон Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний алтан медалийн төлөө мөн л энэ хоёр баг өрсөлдөн “Алтан бөмбөг” аварга болж байсан түүхтэй. Тэгвэл энэ жил шигшээ тоглолтод бас л шалгаран үлдэв. Хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг догдлуулсан ,үнэхээр ур чадвар ,хүч тэнцүү хоёр багийн тоглолт “юм,юмтай” л боллоо. “Алтан бөмбөг”-ийн хаалгач Баярсайхан үнэхээр олон аюултай довтолгоог хааж ,багийнхаа “аминд” олон удаа орж ,үзэгчдийн талархлыг хүртэв. Харин “Монгол морьд” –ын залуу тоглогч Адьяа хурдтай довтолгоо ,уран гоё дамжуулалтаараа багийнхаа тоглолтыг чимж байв. Тоглолтын үндсэн цаг 0:0 –оор өндөрлөв. Нэмэлт цагийн эхний үед ч хэн хэн нь гоол оруулж чадсангүй. Харин ширүүн өрсөлдөөнд цөс нь хөөрсөн хоёр багийн тоглогчид бага зэрэг “гар,хөл зөрснөөс” нэг нэг тоглогч нь “улаан жавтий” хүртэн талбайгаас хөөгдөв. Нэмэлт цагийн хоёр дахь хагас ч өндөрлөх бараг дөхөж сүүлчийн минут үргэлжилж байлаа. Хэрэв цаг энэ хэвээр дуусвал 11 метрийн цохилтоор аваргын хувь заяа шийдэгдэнэ. Тэгвэл энэ өдөр ёстой л тоглолт нь орж, хаалгаа цоожтой мэт хамгаалж байсан Баяраагийн “Алтан бөмбөг” хожих магадлал их байна гээд үзэгчид ярилцаж байх зуур “Монгол морьд”-ын Эрдэнэмөнх алтан гоол оруулснаар тоглолтын хувь заяа шийдэгдлээ. Аваргын цом алтан медалийн эздээр энэ удаа Вашингтон Ди Си гийн “Монгол морьд” багийнхан тодров.
Тэмцээний өсөх ирээдүйтэй тамирчныг уламжлал ёсоор “Замдаан” сэтгүүл тодруулж , “Монгол морьд” багийн довтлогч ,19 настай Адьяад олгов.Харин шилдэг залуу тоглогчийн нэрэмжит шагналыг Чикагогийн “Аргамаг” багийн Энх-Амгаланд олгов. Мөн тэмцээний шилдэг довтлогч , “мэргэн буучаар” тус бүр 5 гоол оруулсан , “Алтан бөмбөг” багийн довтлогч Ц.Энхтөр ,Ууганбаяр нар шалгарч цом , диплом хүртлээ. “Таван цагираг” сонины нэрэмжит “Хөлбөмбөгийн төлөө сэтгэл,зүтгэл гаргаж,хувь нэмэр оруулсан хүний” шагнал болох цом ,дипломыг Англиас ирж тоглосон спортын мастер Б. Буман –Учралд олгов. “Чикаго -2007” тэмцээний шилдгийн шилдэг тоглогч буюу МVР шагналыг Денверийн “Алтанбөмбөг” багийн хаалгач,спортын мастер Б.Баярсайхан хүртлээ. Энэхүү шагналыг “Таван цагираг-Америкт” сэтгүүлийн редакц Г.Алтан-Илдын нэрэмжит болгон уламжлал болгон олгож байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү “Чикаго-2007” Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр өндөр зохион байгуулалттай ,үзүүштэй өрсөлдөөнтэй тоглолтуудтай ,нартай,хуртай ,наргиантай болж, сайхан дурсамж, шинэхэн түүх болон үлдлээ.
Ирэх жил нийслэл хот Вашингтон Ди Си-гийнхэн энэ тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн аваргууд ,ирэх жилийн талбайн эзэд “Монгол морьд” багийнхан сайхан уламжлалаа үргэлжлүүлэн ,улам өргөн цар хүрээтэй болгон тэмцээнээ зохионо гэдэгт огтхон эргэлзэхгүй байна .
“Салхит хот” хэмээн алдаршсан Чикаго баяртай! Сэм авгын нийслэл Вашингтонд дахин уулзацгаая!