Ц.Мөнхзул: Гол зорилго Бээжингийн олимп
-Юуны өмнө Америкт амьдарч буй монголчуудынхаа өмнөөс чамд хүргэе!
-Баярлалаа
-Өмнө нь Америкт ирж байсан уу?
-Үгүй ээ. Анх удаагаа л Америкт хөл тавилаа. Гадуур дотуур нэг их явж чадаагүй . Гэхдээ л гоё орон шиг санагдаж байна.Бас дэлхийн цомоос анхны медалиа энд хүртсэн болохоор Америк орон дандаа сайхнаар дурсагдаж байх биз ээ.
-Хэдэн оноос эхлэж бууны гох дарж эхэлсэн бэ?
-1994 оноос буудлагаар хичээллэсэн. Анхны багш маань Ганзориг гэж хүн бий. Харин 1999 оноос одоог хүртэл Б.Алтанцэцэг багштай хамтран бэлтгэл сургуулилтаа хийж байна.
-Яагаад буудлагын спортоор хичээллэх болов?
-Аавыгаа дагаад л. Манай аав Цогбадрах буудлага спортын ОУХМ цолтой.
-Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын дөрөв дэх мэргэн бууч боллоо. Ямар сэтгэгдэл төрж байна?
-Үнэхээр сайхан байна. Урьд нь Азийн АШТ-ээс багийн алт ,хоёр мөнгө,Азийн наадмаас багийн хүрэл медаль авч ,Зүүн Азийн наадмын аварга болж байсан. Дэлхийн дэвжээнээс медалиа авлаа.
Их ч хүч хөдөлмөр ,бэлтгэл сургуулилтын дүнд ийм амжилтад хүрлээ.
-Цаашдын зорилт?
-Мэдээж гол зорилго бол Бээжингийн олимпод амжилттай оролцох. Бүх анхаарлаа хандуулж бэлтгэлээ базаана даа.
-Манайхан Монголд бэлтгэл хийх нөхцөл боломж тааруу гэж ярьдаг?
-Гайгүй ээ. Бид Монголдоо бэлтгэл хийгээд л амжилт үзүүлж байгаа. Буудлагын спортод сум их чухал. Сая Алтаа багш бид хоёр эндээс хоёр авдар сум авлаа. Бараг 40 гаруй кг ачаа болох байх . Нэг хэсэгтээ л бэлтгэл хийхэд санаа зоволтгүй боллоо. Бэлтгэл хийхэд МҮОХ , БТСУХ , “Спирт бал бурам “ компани , Техник , спортын төв зэрэг байгууллага байнга туслаж байна.
-Ямар сургуульд суралцдаг вэ? Эрхэлдэг ажил?
-Би Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийн 3-р курсын оюутан.Бас улсын шигшээ багийн тамирчин.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.Дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцоорой гэж ерөөе!
-Баярлалаа.Энэ дашрамд ажил төрлөө зохицуулаад алс холоос биднийг зорин ирж ,хөгжөөн дэмжин балиашиглаж ихээхэн урам дэм өгсөн гавьяат тамирчин Н.Энхбат ах, Ло.Эрхбаяр ах нартаа , тэдний гэр бүлийнхэнд маш их баярласанаа илэрхийлье!