Ц.Мөнхзул Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ
Буудлага спортын Дэлхийн цомын энэ оны анхны цуврал АНУ-ын Жоржиа мужийн Порт Беннин хотноо өнөөдөр өндөрлөв. Манай улсаас урт бууны төрөлд ОУХМ З.Батхуяг,Д.Лхамсүрэн, гар бууны төрөлд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, дасгалжуулагч Л.Ундралбат, Б.Алтанцэцэг нар оролцсон бөгөөд урт бууны тамирчид болон гавьяат маань энэ удаа тааруухан буудлаа. Хийн гар бууны төрөлд Ц.Мөнхзул 10 дугаар байр,О.Гүндэгмаа 30 байр эзэлсэн бол өнөөдөр болсон спорт гар бууны төрөлд Цогбадрахын Мөнхзул урьдчилсан буудлагаар 582 онож шигшээд 6-аар шалгарсанч финалд тун мэргэн буудсанаар 3 дугаар байрт орж, хүрэл медаль хүртлээ.Энэ төрөлд алт, мөнгөн медалийг БНХАУ, Чехийн тамирчид авчээ.
Мөн энэ тэмцээнд Монгол улсын гавьяат тамирчин,Германы иргэн Д.Мөнхбаяр хийн гар бууны төрөлд 9 дүгээр байр,спорт гар бууны төрөлд 13 байр эзэлсэн байна.Дашрамд дурьдахад Монголын “мэргэн буучид” ирэх жил болох “Бээжин-2008” олимпийн наадмын гурван эрхийг (О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, З.Батхуяг) хэдийнэ өвөртлөөд байгаа билээ.
Ширэн бээлийтнүүд “Эзэн хааны” цомын төлөө
Тайландын нийслэл Бангкок хотноо “Эзэн хааны” цомын төлөө боксын олон улсын тэмцээн эхэллээ.Нэр хүндээрээ Азидаа дээгүүрт ордог уг тэмцээнд 32 орны 167 боксчин 11 жинд өрсөлдөж байна.Тэмцээний эхний өдөр 48,51,57,60 кг-ийн жингийнхний “тулаанд” орж,манай ширэн бээлийтнүүд гараагаа тун сайхан эхэллээ.
48 кг-ийн жинд 18 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай П.Сэрдамба Бирмын 23:3-аар оноогоор цэвэр ялсан бол 51 кг-ийн жинд (16 тамирчин)Л. Зоригтбаатар Казахстаны О.Сатибаевыг 16:9-өөр хожжээ.Мөн 57 кг-ийн (23 тамирчин) жинд З.Энхзориг БНСУ-ын Сөо Донг Сикийг хүч техникийн давуугаар 4 дүгээр раундад ялсан бол 60 кг-ийн жинд (16 тамирчин) У. Мөнх-Эрдэнэ ОХУ-ын Ю.Гаврикийг 34:14-өөр давамгайлан ялсан байна.Маргааш Д.Отгондалай(54 кг),Б.Түвшинбат(63,5 кг),Т.Чулуунбаатар (69 кг),Н.Шинэбаяр (75 кг) нар эхний тулаанаа хийх аж.Монголын боксчдоос ганцхан Д.Лхагваа л 1991 онд энэхүү “Эзэн хааны “ цомд түрүүлж байсан удаатай билээ.