Сэм авгынд амьдарч буй спортоор овоглосон монголчууд
Америкт чухам хэдэн монголчууд амьдардагыг мэдэх аргагүй.
Гэхдээ тэдний дунд спортын хэмээх овогтой хүн цөөнгүй бий нь лавтай.Тавин муж улс, түм түмэн хот суурингийн хаана нь хэн амьдарч суугааг хэлж үл чадмой.Тиймээс өөрийн мэдэх ,бас бусдаас сургийг нь сонссон спортынхны талаар өгүүлье.”Хүн ахтай дээл захтай” гэдэг зүйр үг бий.Спортынхон ч гаргасан амжилт, байгуулсан гавьяагаар нь бие биенээ эрхэмлэн хүндэлдэг улс. Тэгэхээр Монгол Улсын гавьяат тамирчин цолтой , бид бүхний бахархал болсон хүмүүсээ эхлээд танилцуулья.
Нэргүйн Энхбат
Монгол Улсын гавьяат тамирчин ,ХХ зууны Монголын шилдэг боксчин Нэргүйн Энхбат маань эдүгээ Хойд Каролинад гэр бүлийн хамт амьдарч байгаа .Найз нөхдийнхөө хүрээнд “Томоо” хэмээн нэрлэгддэг Н.Энхбат үнэхээр ТОМ боксчин.Тэрбээр Германы “Химийн цом”, Румыний “Алтан бүс” хэмээх Олон улсын боксын холбоо (AIBA)- ны “А” зэрэглэлийн нэр хүндтэй тэмцээнээс тус бүр хошой алтан медаль хүртэж байсан.Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт ,мөнгөн медаль ч зүүж байв. Хэрэв түүний ид үед 1984 оны Лос Анжелесийн олимпод социалист орнууд оролцож,1986 онд Ренод болсон ДАШТ-д Монголын хүнд сурталтнууд баг тамирчдаа явуулсан бол Энхбатын амжилт улам зузаарах байсан бизээ.
1988 оны Сөүлийн олимпоос манайхан ганцхан медаль авсан.Монголын багийн нүүрийг “тахалсан” тэр гавьяатан бол Томоо.Боксын төрлөөр олимпийн анхны медалийг Энхбат маань эх орондоо авчирсан нь тэр юм.
Олимп, дэлхийн аварга Кубын алдарт боксчин А.Ортогийн ганц “эрлэг” нь байсан үе ч түүнд бий. Мөн ОУСБХ -ноос жил бүр гаргадаг дэлхийн шилдэг боксчдын жагсаалтад Монголын Энхбат гэдэг нэр дөрвөнтөө бичигдэж байсан билээ. “Том” Энхбатын амжилтаас “жижигхээн” өгүүлэхэд л ийм буюу.
Пунцагийн Сүхбат
Монгол Улсын гавьяат тамирчин ,Улсын гарьд П.Сүхбатынх Колорадо мужийн Денвер хотноо төвхнөөд хэдэн жилийн нүүр үзэж байна.
Унасан ч ,давсан ч инээж явдаг ,уран барилдаант Улсын гарьд “Том” Сүхбатыг зүлэг ногоон дэвжээнээ хэрхэн барилдаж байсныг бөхийн хорхойтнууд хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ.Аваагүй л болохоос арслан цолын болзлыг хэдийнээ хангасан хүчтэн.Чөлөөт бөхөөр хоёр ч олимпод медалиас бараг атгаад алдаж байсан.
1988 оны Сөүлийн олимпийн 5-р байр, 1992 оны Барселоны олимпийн 4-р байрын шагналтай.Дэлхийн цомоос мөнгө, 1990 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж дэлхийн хүчтэнүүдийн нэгэн болохоо нотолсон.Мөн Азийн наадмын болон Ази тивийн хошой аварга цолны эзэн .Түүний гэргий Сараа бас л спортын хүн бөгөөд волейболын спортын мастер юм.
Чойжилсүрэнгийн Мөнхцэцэг
Монгол Улсын гавьяат тамирчин ,үндэсний сурын дархан мэргэн,удам дагасан харваач Ч.Мөнхцэцэг Кальфорн мужийн Сан-Франциско хотноо гэр бүлийн (түүний нөхөр Энхбаатар нь гимнастикийн спортын мастер бөгөөд Улсын шигшээ багийн тамирчин байсан билээ) хамт аж төрөн суугаа.
Улсын их наадамд таван удаа түрүүлсэн Мөөгийгийн амжилтад хүрэх харваач одоогоор гараагүй л байна.Мөнхцэцэг үндэсний спортын ууган гавьяат эмэгтэй төдийгүй их спортоор ч өндөр амжилт үзүүлж байсан юм.Түүний энгэрт тэшүүрийн спортын улсын аваргын алтан медаль нилээд олон бий.Мөнгө хүрэл медалиуд ч зөндөө байгаа.
Хоёр ч спортын төрлөөр өндөр амжилт гаргасан ,”хос морьтой” гавьяат тамирчин маань үндэсний спортын их өв,дэг жаягыг өсвөр хойч үеийнхэндээ зааж сургаж л явна.
Самбуугийн Дашдулам
Монгол Улсын гавьяат тамирчин ,самбо бөхийн дэлхийн аварга С.Дашдулам ,ЛосАнжелес хотноо амьдарч байгаа.Монголын ууган нядхануудын нэг Дашдулам жүдо бөхөөр Азийн наадмын хоёр хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн хүрэл медальтай.
Олимп, дэлхийн дэвжээнд ч олон удаа оролцож ,дэлхийн хүчтэнүүдтэй өрсөлдөн ялж,ялагдаж явсан.
Түүний нөхөр, аймгийн заан Төгсжаргал нь Солонгосын сырым бөхөөр Лос Анжелесийн тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлээд байгаа билээ.
Лодойн Эрхбаяр
Монгол Улсын гавьяат тамирчин ,Улсын начин ,ихрийн өрөөсөн Лодойн Эрхбаяр шинэ оны өмнөхөн олон жил хүлээсэн Гавьяатын зарлигаа сонссон.
Флорида мужийн Майами хотноо өдгөө амьдарч буй Ло.Эрхбаяр 1989 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.Уг тэмцээнд Эрхээ 1983 оноос хойш ар нуруугаараа унаж үзээгүй босоо байсан,
олимп,дэлхийн олон удаагийн аварга ЗХУ-ын алдарт бөх Арсен Фазаевыг ар нуруугаар нь унагаж 3 оноо авсан ч ,домогт бөхөд 3:4- өөр буюу ганцхан оноогоор харамсалтай ялагдан дуулиан тарьж байсан билээ.
Эрдэнэцогтын Цогтжаргал
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цогтжаргал Иллиной мужийн Чикаго хотноо ажиллаж ,амьдарч ,бас ширэн бээлийгээ өмссөн хэвээр нилээд олон жилийг үдлээ.
1993 онд Финландын Тампере хотноо болсон боксын ДАШТ-ээс хүрэл медаль (Монголын боксчдын ДАШТ-ээс хүртсэн хоёр дахь медаль) хүртсэнээс хойш чилийсэн 13 жил хүлээж байж гавьяагаа үнэлүүллээ.Цогоо бас Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж ,ОУСБХ-ны дэлхийн шилдэг боксчдын жагсаалтад бичигдэж явсан.
Америкт ирсэнээсээ хойш Цогоо мэргэжлийн рингэнд хүч үзэж Монголынхоо нэрийг гарган ,Пан Америкийн аварга хүртэл болж байв.
Олимпийн наадамд “тоосоо” өргөгсөд
Тамирчин хүний хамгийн дээд зорилго бол олимпийн наадамд хурд хүч,бяр чадал,авхаалж самбаагаа сорих билээ.Түрүүлэхдээ биш оролцохдоо хэмээх уриа тэртээх жилүүдийн түүх болон
хоцорч,Олимпийн наадамд хамгийн шилдгүүд нь оролцох болсоор удлаа. Тиймээс ч дээр дурьдсан гавьяатуудын дараа
(Гавьяатуудаас Ло.Эрхбаяраас бусад нь олимпийн наадамд оролцож байсан) Олимпийн наадамд оролцож явсан тамирчдаа эрэмбэлэв.
Монголын олимпчдын “халуун ам бүл”-ийнхнээс 1988 оны Сөүлийн олимпид оролцсон ,чөлөөт бөхийн ОУХМ ,Монгол Улсын харцага Болдын Жавхлантөгс, байт харвааны ОУХМ Самбуугийн Оюунцэцэг нар Сан-Францискод , 1992 оны Барселоны олимпод оролцсон,дугуйн спортын ОУХМ, Энхтайвны нэрэмжит олон өдрийн уралдааны дундын гарааны аварга,Азийн наадмын мөнгөн медальт Цэрэндамбын Ганболд Сиэтлд, 1996 оны Атлантын “Алтан” олимпид оролцсон чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер ,Ази тивийн аварга Лувсан-Ишийн Сэргэлэнбаатар Вашингтон Ди Си-д ,боксын ОУХМ Цэен-Ойдовын Даваацэрэн Оакландад ,ОУХМ Жамганы Наранцогт Сиэтлд, 1988 оны Наганогийн өвлийн олимпод
оролцсон , тэшүүрийн спортын мастер Баттулгын Октябрь,Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч,БТСУХ-ны дарга асан О.Эрдэнэ-Өлзий нар Лос- Анжелест ,2000 оны Сиднейн олимпод оролцсон чөлөөт бөхийн Азийн аварга , ДАШТ-ий 5-р байрын шагналт,ОУХМ Түмэндэмбэрэлийн Зүүнбаян Оакландад,тус тус амьдарч байна.Бас “Сидней -2000” ,”Афин -2004” Пара-олимпид шагналт байрт 8,6-р байрт шалгарч байсан, Азийн наадмын хошой аварга,нэг мөнгөн медальт ,Нью-Йорк, Бостоны марафонд шагналт байрт хэд хэд шалгарч байсан ,ОУХМ Жамбалын Лхагважав Индиана мужийн Мичиган Ситид ажиллаж ,бэлтгэл сургуулиа хийж гүйсээр л явна.
Мөн Монголын баг тамирчдын эмчээр хоёр олимпод (1996 оны Атланта,2000 оны Сидней ) ажилласан самбо,жудо бөхийн спортын мастер,эмч Пүрэвийн Бат-Очир Лос Анжелест ,1996 оны Атланта ,2002 оны Солт-Лэйк Ситийн олимпийг сурвалжилсан сэтгүүлч,”Таван цагаригийн” Цэрэнсодномын Энхтүвшин Иллоной мужийн Рошельд ,2002 оны Солт-Лейк Ситийн өвлийн олимпийг сурвалжилсан ,25-р суваг ТВ-ийн сурвалжлагч Энэбишийн Энхтөр Сан-Францискод тус тус ажиллаж амьдарч байгаа билээ.
Олон улсын хэмжээний мастерууд
Эдний дунд дэлхийн аварга хэмээн эрхэм цолыг хүртэж байсан хоёр ч бөх бий. Чөлөөт бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр Оакланд (Кальфорн) хотноо,самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга ,ОУХМ Мухаршарын Энхцэцэг Вашингтон Ди Си-д байгаа.Мөн шатрын их мастер цолд ойрхон гэж яригддаг ОУШХ –ны мастер Цагааны Батцэцэг Мэрилэндэд, Түвшинтөгсийн Батчимэг Сан-Францискод оюун ухаанаа уралдуулсаар суугаа.Нэгэн үе боксын улсын шигшээ багийг дасгалжуулж явсан ,ОУХМ Жадамбын Энхтөр Сан-Францискод мөн амьдарч байна.
Спортын мастерууд хийгээд тэдний суугуул нутаг
Их спортод амьдралаа холбож ,амжилт дүүрэн явсан ,одоо явж буй спортын мастерууд тун олон бий.Тэднийг амьдран сууж буй муж ,хотоор нь танилцуулья.
Вашингтон Ди-Си
Нэгдсэн Улсын нийслэл хотод нэр цуутай тамирчид зөндөө бий .Тамирчдын ёолкийг хүртэл тусад нь зохион байгуулсан тэд.
Нийслэлийн мастеруудыг танилцуулбал хоккей, хөлбөмбөгийн С.Эрдэнэбат , байт сурын Галбадрах,боксын Алгаа ,волейболын Чулуундаваа ,сагсны Ялалт ,Тунсагбаяр ,цанын Дашдорж ,аэробикийн Ганхуяг ,кикбоксын Д.Отгонбаяр , Баянмөнх , шатрын Энхбат , чөлөөт бөхийн Д. Батзориг,Д.Баясгалан ,Ганбаяр нарыг нэрлэж болох юм.
Сан-Франциско ба Бэй –Аэриа
Сан-Францискод боксын Д.Цэрэндорж (“Замдаан” сэтгүүлийн эрхлэгч) ,Сэргэлэн , шатрын Ц.Батсайхан ,Ганболд, дугуйн Энхбаатар ,гимнастикийн Энхчимэг ,гүйлтийн Б.Ууганцэцэг , мөн аймгийн арслан Эрдэнэбаяр нар,Оакландад чөлөөтийн Т.Болдсүх (аймгийн заан), тэшүүрийн Болдтөмөр ,хүндийг өргөлтийн Хадбаатар , бодибилдингийн Түвшинбаяр , хоккейн Ганхүү ,Конкордод чөлөөтийн Энхтөр ,Сакраментод ширээний теннисний О.Лхагва ,волейболын Отгонбаяр нарын мастерууд, амьдардаг аж.
Лос-Анжелес
“Холливуд”-ынхан дунд бөхчүүд олон бий. Тухайлбал сонирхогчдын сумогийн дэлхийн аварга У.Бямбажав , чөлөөтийн өсвөр үеийн дэлхийн аварга Эрдэнэ-Цогт , спортын мастер Эрдэнэбилэг , Мөнхжаргал , “Цагаан” Баяраа гээд. Мөн ширээний теннисний аав,хүү Ч.Отгонбаатар , О.Хатанбаатар ,хоккейн Батболд нарын мастерууд бий.
Денвер
Денверийнхэн дотор хөлбөмбөгийн спортын дөрвөн ч мастер байна.
Б.Баярсайхан ,Ц.Энхтөр , Ч.Алтантогос , Г.Алтан-Илд гээд эдгээр мастеруудын үүсгэн байгуулсан “Алтан бөмбөг” баг нь Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн анхны алтан медалийг хүртсэн. Энэ багт тоглодог өөр спортын мастерууд нь жүдогийн Банди ,Лхагвасүрэн нар.
Бусад хотууд
Дээр дурьдсанаас өөр Монголчууд төвлөрөн суудаг хотын нэг Чикагод сагсны мастер Алтантуяа( Маамуу) Болор , чөлөөтийн мастер Баярсайхан , Сиэтлд боксын мастер Алтанхуяг ,улсын начин П.Эрдэнэбаяр , аймгийн заан П.Одгэрэл , үшүгийн Наранцогт нар бий.
Мөн Охойяд житкундогийн П.Батзориг (бадарчин ),Флорида мужийн Майамид улсын начин А.Эрхэмбаяр , Мичиганы Гранд Рапидст сагсны Б.Уянга ,Арканзасын Литтл Рокт теннисний Ж.Батжаргал (Монголын Теннисний холбооны е.н.б.д байсан),Луйзианад мөн теннисний Одгэрэл , Бостонд хөлбөмбөгийн Баатар нарын мастерууд амьдарч байгаа. Мөн муж , хот болгонд спортын цол,зэрэгтэй тамирчид , спортоор хичээллэгсэд , спортын хорхойтнууд гээд спортын “халуун ам бүл”- ийнхэн тоолж баршгүй олон байгаа нь лавтай.
P.S.Энд нэр нь дурьдагдаагүй спортын зэрэг цолтой (дэд мастераас дээш) хүмүүс байвал манай сэтгүүлийн хаягаар мэдээлэхийг эрхэм уншигчдаас хичээнгүйлэн хүсье!