2007-03-25
Хорвоод хосгүй хоккейн музей

 

Хорвоод хосгүй хоккейн музей

Манай хөгшчүүд “Утай Гүмбэн ороод нэг мөргөчихвөл энэ яваа насны хэрэг бүтнэ” хэмээн ярьдаг даа.Тэрэн шиг хоккей сонирхдог хэнбугай ч  Канадын Торонто хотноо орших “Хоккейн алдрын танхим”-ыг үзэхсэн гэж боддог буй заа.Естой л нөгөө “ногоон хурганы арьс,нохойн битүү туурайнаас” бусад хоккейн холбогдолтой бараг бүх зүйл байдаг гэнэ,тэнд.

Одоогоос 15 жилийн өмнө бууриа сэлгэн  Торонто хотын төвд нүүн ирсэн “Хоккейн Алдрын танхим” жилийн 362 өдөр үүд хаалга нь үзэгч олонд нээлттэй байдаг агаад 13 канад доллар төлөөд л хорвоод ганц ховор нандин эд зүйлсийг нүд хужирлаж болох аж.

Гадаа үүдэнд нөөц тоглогчдын суудлаас бүх анхаарлаа тоглолтод хандуулсан таван залуу хоккейчны зэс баримал таныг угтах бөгөөд хажуугаар нь дурсгалын зураг даруулахгүй өнгөрөх “хэнэггүй толгой”  өдрийн од мэт тохиолдох авай.”Алдрын танхимийн” үүдээр ормогц “NHL zone” хэмээх эхний танхим угтана.Дэлхийн хамгийн хүчирхэг ,хамгийн шилдэг хоккейн лигийн үүх түүхийг нэгд нэгэнгүй өгүүлэх энэхүү танхимын үүдийг домогт хаалгач Кен Драйден,цуут тоглогч Циклон Тэйлор нарын сүрлэг хүрэл хөшөө хотоо манаж буй “Хасар,Басар” мэт харуулдан зогсоно.

NHL-тэй холбоотой хамгийн ховор хачин сонин үзмэрүүдийг үзэн сонирхохын сацуу домогт багуудын нэг болох ,Стэнлийн цомыг хамгийн олон  буюу 23 удаа хүртсэн “Монреаль Канадиенс”-ийн төрөлх ордон ,алдарт “Форум” дахь тоглогчдын хувцас солих өрөөгөөр ч  (locker room) ороод гарах боломж таньд тохиолдоно.Эндээс тоглогчдын тайлаад тавьсан тэшүүр,түшүүлж орхисон цохиур модноос мөсний цан сэрүү татуулж,өлгүүрт өлгөсөн тоглолтын хувцаснуудаас нь хөлс үнэртэх шиг болох вий.

Эндээс “Молсон”,”Экко” бичил театруудаар аялалаа үргэлжлүүлж орчин үеийн “АС-3 surround digital sound “ тоноглогдсон ,12х20 футын дэлгэцнээ хоккейтой холбоотой кино,видео бичлэг,түүхэн  тоглолтуудыг үзэж,”Broadcast zone”-д та түр ч гэсэн телевиз,радиогийн нэвтрүүлэгч болон хоккейн тоглолтыг тайлбарлах “шаанс” ч бас олдоно.

Алжаалаа жаахан тайлж ,”Pepsi Game time” танхимаар шагайвал хоккейн тухай элдэв асуултад хариулан мэдлэгээ сорихын ялдамд  “хөөрхөөн “ шагнал хүртчихэж магадгүй шүү!

“Алдрын танхим”-ын хамгийн дуу шуугиан ихтэй,хүмүүс шаваад салдаггүй газар бол “NHLPA Be A player zone” хэмээх тоглоомын танхим.

Энд та Эд Бельфурын “манаж” буй хаалганд гоол оруулж,эсвэл хаалгачийн хувцас өмсөөд Аугаа Гретцки,алдарт Мессье нарын цохилтыг хааж болох ажээ.

Амарч зугаацаж авсан бол ахиад цааш жаахан явья.”Panasonic home town hockey”-д жижигхэн тосгоны багаас эхлээд л бага,дунд,ахлах сургууль,коллеж,их сургуулийн багуудын тухай,хоккейн түүхтэй холбоотой хот суурин газруудын тухай,мэргэжлийн болон сонирхогчдын мянга мянган баг,тэмцээний  тухай танилцуулна.Бас “Upper Deck collector’s corner”-оос хоккейн сэдэвтэй бүх төрлийн цуглуулгыг сонирхож болно.Тухайлбал Мексик,Туркын  шигшээ багуудын тоглолтын хувцас,Морис Ришарын нэртэй улаан лоолийн сүмс,хуучны тоглолтын тасалбар,хоккейн хэрэгсэл ,марк,тэмдэг ,мөнгөн зоос гээд л юу эс байхав дээ.Уэйн Гретцкигийн 802 дахь рекордын гоолоо хийсэн хаалгыг төдийгүй,түүний “Нью Йорк Рэйнжерс”-т  анх тоглохдоо өмссөн ,GRETKZY хэмээн нэрийг нь алдаатай бичсэн тоглолтын цамцыг нь ч хаанаас олдог юм тавьсан байх жишээтэй.

 Хамгийн дурсгалтай үзмэрийн тоонд 2002 оны Солт Лэйк Ситийн олимпод канадчуудад ялалт “авчирсан” гэх “азын зоос” ордог гэнэ.Олимпийн хоккейн тэмцээн явагдсан спортын ордны хиймэл мөсийг тавьдаг ажилтан нь канад гаралтай хүн байсан бөгөөд тэрбээр Канадын эмэгтэй хоккейчдыг тоглохын өмнө өнөөх “азын зоос”-ыг мөсөн доор сэмхэн хийчихдэг байсан ажээ.Канад бүсгүйчүүд ч торлгүй олимпийн аьарга болсны дараа энэ нууц задрахад эрэгтэйчүүдийн багийн менежер Уэйн Гретцки нөгөө эрийг урин  шигшээ тоглолтын өмнө “азын мөнгийг” тоглох мөсөн доороо хийлгэжээ.”Азын зоос “ тус болсон  эсэх нь тодорхойгүй ч  “Агч навчны орныхон “  50 жилийн дараа дахин олимпийн аварга болсон нь  үнэн.Тиймээс ч азын мөнгө “Алдрын танхимд” хүндтэйгээр  ирсэн  түүхтэй ажээ.

         Харин эндхийн хамгийн гол,хамгийн үнэ цэнэтэй үзмэр нь мэдээж Стэнлийн цом. “Их танхимд” залрах Стэнлийн цомыг орон тооны таван ажилтан харж,хамгаалж,арчилдаг гэнэм.Тэдний үүрэг нь Стэнлийн цомын тоос шороог нь арчин,ийш тийш цомыг аялахад авч  явах ,зөөж байрлуулах ажгуу.

         Үзэгчид Стэнлийн цомд гараараа хүрч ,илж,барьж,”патиараа” татуулж,хэрвээ үсвэл дотор нь оргилуун дарс хийгээд уусан ч болдог бөгөөд гагцхүү цомыг толгой дээрээ л өргөхийг хориглодог байна.

Учир нь хүч хөдөлмөр ,авьяас чадал,авхаалж самбаагаа шавхан байж л хоккейчид Стэнлийн цомыг тэргүүн дээрээ өргөдөг тул ийн үнэ цэнийг нь хүндэтгэдэг гэнэ.

“Их танхимд” Стэнлийн цомоос гадна NHL-ийн бүх л цом шагналууд ирийж байдаг болой.

        

         “World of Hockey” танхимаас Олон улсын хоккейн холбооны гишүүн 63 орны холбогдолтой үзвэрийг сонирхож,Олимп дэлхийн аваргын тэмцээнээс эхлээд олон улсын элдэв тэмцээнүүдийн үүх түүх,дүрэм журам,дүн статистикийн тухай бүхий л зүйлийг мэдэж авах төдийгүй үндэснйи холбоодын тухай ч өргөн мэдлэг авна.

Энэ бүгдийг үзсэний дараа эрхэм үзэгч та “Spirit of Hockey”  дэлгүүрээс дурсгал болгон ямар нэг зүйл худалдан авах нь гарцаагүй биз ээ.Харин шүтэн бишэрдэг баг,тоглогчдынхоо  тоглолтын хувцас уу,ховор нандин зураг уу,аль эсвэл шайб,цохиур мод ,бүүр домогт тоглогчдын гарын үсэгтэй эд зүйл ,ер нь юуг сонгох нь таны хүсэл сонирхол,хэтэвчний зузаанаас л шалтгаалах хэрэг.

“Хоккейн алдрын танхимд” үе үеийн шилдэг тоглогчид,нэрт дасгалжуулагч,менежер,зүтгэлтнүүдийг хүндэт гишүүнээр өргөмжлөн залдаг.Жил бүр дөрвөн тоглогч,нэг албаны хүн,нэг шүүгчид энэ ховор хувь тавилан,хүндэтгэл тохиох бөгөөд тэднийг Скотти Боумэн,Пэт Куинн зэрэг алдартнуудаас бүрдсэн 18 гишүүний саналаар тодруулдаг уламжлалтай.

Жилдээ 325000 хүн  “Хоккейн алдрын танхим”-ыг зочлон  үздэг бөгөөд Хоккейн орон- Канадын олон зуун залуу хосууд чухам л энд хамгийн эрхэм нандин,ариун дагшин газар хэмээн зорин ирж ,гэрлэлтээ батлуулж,гал голомтоо бадраадаг гэнэм.

        

          

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 06:09 | | уншсан: 529 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


laughing
Бичсэн: Зочин цаг: 19:41, 2008-11-19 | Холбоос | |





:-)