Алтан балиашигийн амин өчил
Замбуулингийн наран дор зах хязгааргүй тархсан ,хамгийн түгээмэл өвчтөн бол спортын хорхойтон бүлгээ.Энэхүү хэдэн мөрийг тэрлэж суугаа миний бие ч эдний тоонд багтана.Чухам хэдийнээс эхлэж энэ “өвчний халдвар” туссанаа хэлж мэдэхгүй юм.
Монгол хүн сансарт ниссэний дараа манайхан “Гүррагчаа багадаа дандаа од руу хардаг байсан” гээд л туйлширч билээ.Тэрэн шиг спорт гэж хэлд орсон гэж бүлтрэлтэй биш дээ.
Ямар ч байсан ой тоонд минь үлдсэн ,анхны ТВ-ээр үзсэн спортын томоохон тэмцээн гэвэл 1976 оны Монреалийн олимпийн наадам болов уу.Гэхдээ тухайн үед ямар олимпийн наадам ,од тамирчид гэж мэдэх биш.Өвөө ,ах,бид хэд гүйж буй хүмүүсийг өөр өөрийнхөөрөө өмчилж аваад л түүнийгээ түрүүлүүлэх гэж дэмждэг байв.Өвөөгийн зүсэлсэн өндөр хар түрүүлээд бөөн баяр болж байсан нь одоо ч сэтгэлд тод үлджээ. Дараа нь 1978 оны хөлбөмбөгийн ,1979 оны хоккейн ДАШТ-ийн бараг бүх тоглолтыг үзсэн дээ.Ингээд л нөгөө спортын хорхойтон хэмээх “өвчтэй” хүмүүсийн эгнээнд орсон юм даа.Энэ “өвчин” хүмүүст хүнд ,хөнгөн янз бүрээр л тусдаг бөгөөд сонирхогч ,хорхойтон гэж эхлээд улаан фэн ,алтан балиашиг ,шүтэн бишрэгч гээд л улам л хүндэрч ,архагшдаг ажгуу .Мөн илрэх зовиур ,эдлэх шаналал нь ч өөр өөр.Зарим нь хөлбөмбөг ,зарим нь хоккей ,эсвэл үндэсний бөх ,бокс,сагс,волейбол .....гээд л өчнөөн олон.Миний хувьд бол спортын бүх л төрлөөр “өвчилсөн” бөгөөд хөлбөмбөг ,хоккейн “харшил” дэндүү их ээ.Ингэхээр энэ төрлүүдээр өөрийн балиашигладаг баг,шүтэн биширдэг тоглогчдынхоо тухай товч өгүүлье.
Хөлбөмбөгийн ид шидтэнгүүд ба хосгүй гайхамшигт ЗИКО
Хөлбөмбөгөөр анх дэмжиж эхэлсэн баг маань бидний хэлдгээр ФРГ буюу ХБНГУ.1980 онд Европын аваргаар “Шаргал үст” Шустер ,”Сахал” Штилике,”Танк” Хрубеш ,ах дүү Ферстер ,К.Х.Румменигге ,Харальд Шумахер, Кальтц гээд луухгаруутай германчуудыг дэмжиж аварга болгож билээ.Гэхдээ Герман бол миний дэмжих баг биш байлаа.Тухайн үед зураг нь “Стадион” ,”Кепеш спорт” сэтгүүл дээр элбэг гардаг ,зурагтаар түлхүү үзүүлдэг байсан болохоор л түр зуур тэднийг шохоорсон хэрэг .Харин 1981 оноос өдгөөг хүртэл хувиралтгүй балиашиглаж буй баг маань Бразилийн шигшээ.Тиймээ ,би Бразилийн “алтан” балиашиг .Дэлхийн таван удаагийн аваргуудыг ,сайн багийг дэмжлээ гэх хүмүүс байдаг л даа.Үнэн хэрэгтээ Бразилийг дэлхийн аварга болгох гэж 1981 оноос хойш бүтэн 13 жил хүлээсэн юм.
Энэ хугацаанд хожил ,хожигдол ,баяр ,харуусал аль аль нь хослон байсан.Ялангуяа “Испани-82”–т Бразилийг баттай түрүүлнэ гэж итгэж байлаа.Зико,Сократес,Эдер,Фалькао,Серезо,
Леандро,Оскар гээд шижигнэсэн одууд ,Теле Сантана гээд мундаг том дасгалжуулагчтай “лүнзгэр” шигшээ байсан юм.
Харамсалтай нь хэсгээсээ үлгэн салган арай хийж шалгарсан Италичуудын, ялангуяа Росси гэж нэг “гай”- гын тоглолт гэнэтхэн орж ,манайхыг 3:2- оор хожчихсон билээ.1982 оны Бразил бол миний мэдэх үе үеийн Бразилаас хамгийн сайн нь.Тэднийг аварга болно гээд дэндүү итгэсэн байсан болохоор хэд хоног нойр муутай хонож, бас зүгээр ч үгүй нууцхан усан нүдэлсэн түүхтэй. Ингээд дөрвөн жил хүлээх болов.
“Мексик -86” –д манайхан Зико , Сократес , Фалькао нарын хашрууд Карека,Жосимор гээд шинэ одуудад найдаж байлаа. Гэвч шөвгийн наймд Францад торгуулийн цохилтоор “гол гаргуулчихав”.Бас дахиад л дөрвөн жилийг хүлээж “Итали-90” –тэй золгосон.Энэ удаа манай Бразилийн замд хөрш Аргентин хөндөлслөө.”Ганц генерал, арван цэрэгтэй” Аргентинтай хийсэн тоглолтод манайхан илт давамгайлсан боловч Марадонагийн гайхамшигт ур чадвар л тоглолтын хувь заяаг эргүүлж орхисон билээ.
Он жилүүд улиран одсоор нэг л мэдэхэд Бразилийг балиашиглаад 13 жилийг үджээ. Энэ хугацаанд хөлбөмбөгийн ид шидтэнгүүд маань дэлхийн аварга болох нь бүү хэл медаль ч зүүж чадаагүй л байв.
Ингэснээр 1994 он гарлаа. Шинэ тивд болсон ДАШТ-д Ромарио , Бебето тэргүүтэй манайхан урамтай сайхан тоглосоор аварга цол ,Алтан цомыг хүртсэн. Ингэж л нэг 13 жил сойсон Бразилаа дэлхийн аварга болгож, уужим амьсгаа авч билээ.Дараа нь “Франц -98” –д гялалзтал тоглон финалд үлдсэн ч Францчуудад гутамшигтайгаар ялагдсан.Энэ тоглолтыг тойрсон элдэв түүх одоог хүртэл янз янзаар яригддаг л юм билээ.Роналдад сэжигтэй эм хольсон хоол идүүлсэн , Бразил улс Францад өгөх гадаад өрнийхөө оронд хожигдсож өгсөн гээд л .За энэ ч яахав ,нэгэнт өнгөрсөн юм.
Харин 2002 онд манай шар цамцтангууд өрсөлдөгчдөөсөө илт илүүрхэн тав дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн.Харин өнгөрсөн зун Германд болсон ДАШТ-д Бразилчууд дахиад л Францад ,тэр тусмаа “халзан” Зиданд хоёр дахиа “гол гаргуулав”. Ер нь Франц бол миний хамгийн үзэн яддаг баг л даа.Формондоо ороогүй Роналдо ,хийдэгээ зүйлээ хийгээгүй Роналдиньо,сулхан хамгаалалт урмыг минь хугалсан .Гэхдээ л хожсон ч бай ,хожигдсон ч бай би Бразилдаа л балиашиглаж байсан , цаашид ч балиашиглах болно.
Бразилийн хөлбөмбөг бол асар өндөр техник, уран гоё тоглолт, хосгүй тактикаараа бусдаас эрс ялгардаг. Тэд хэзээ ч Герман шиг тооцоотой тоглож ,Итали шиг хамгаалж байгаагүй.Африкийн багууд шиг бүдүүлэг тоглолттой ,Англи шиг хөөргөж тоглодог ч улс биш ээ.Хөгжөөн дэмжигч ,ард түмэнд баяр баясгаланг бэлэглэхийн төлөө тоглодог юм тэд.Бразилчууд хэдэн гоол алдах нь чухал биш. Харин өрсөлдөгчөөсөө илүү гоол оруулах нь чухал гэж ярьцгаадаг.Тиймээс ч тэднийг хөлбөмбөгийн ид шидтэнгүүд гэдэг буй заа.Бразилийн үе үеийн шигшээгээс хамгийн шилдгүүдийг нь нэрлэ гэвэл домогт Артур Фрейндрахаас эхлээд “хөлбөмбөгийн хаан” Пеле , Гарринчи , Диди ,Н.Сантос,Жильмар , Вава , Жайрзиньо ,Карлос Альберто ,Зико ,Сократес ,Фалькао ,Карека ,Ренато ,Роналдо ,Роналдиньо ,Ромарио,Бебето ,Дунга нарыг нэн түрүүн хэлнэ.Нэр болгон нь түүх домог өгүүлэх нээрээ манай Бразилийн хөлбөмбөгчид аугаа шүү. Энэ олон оддын дундаас Артур Антунес Коймбра Зико бол миний шүтээн. Яагаад ч юм хөлбөмбөгийн хаан Пелег ,эсвэл цуут Гарринчаг шүтэж болох л байсан.Гэвч тэд урьд өмнөх үеийн домог болсон тоглогчид ,тэдний тухай уншиж ,сонсож байсан ч ,тоглолтыг нь хараагүй (бичлэгийг нь үзсэн л дээ, гэхдээ болоод өнгөрчихсөн ,тоглолт нь хэрхэн өндөрлөснийг мэдэх болохоор нэг л сонин биш байдаг) учир Зико л илүү дотно байдаг юм даа.
“Цагаан Пеле” хэмээн алдаршсан Зикогийн намтар түүх ,амжилтын товчооныг бүгдийг бичнэ гэвэл цаг зав ,цаас,бэх нилээд орно.Гурван дэлхийн аваргад оролцож (1978 оны ДАШТ –ний хүрэл медальтай),Өмнөд Америкийн болон дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч ,Бразил ,Япон улсын аварга болж ,хөлбөмбөгчдийн чансааг шалгадаг Италийн “Сери-А”-д амжилттай тоглон ,Тив хоорондын цомын аварга цолыг, шилдэг тоглогчийн шагналтай хамт хүргэж байсан гээд л хамгийн товчоор өгүүлж болох.Түүний өндөр техник ,талбайг харах ,оновчтой дамжуулалт,хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөн үзүүштэй тоглолт үнэхээр бишрэхгүй байхын аргагүй.Зико зүгээр л нэг од байсангүй.Өөрийн хүчин зүтгэсэн багаа өндөр амжилтад хүргэдэг жинхэнэ лидер байлаа.Төрөлх “Фламенго”- оо Бразилийн аварга болгоод зогсохгүй Либертадоресийн болон Тив хоорондын цомын эзэн болгож ,Италид ирээд “Сери-А”-ийн хамгийн сулхан багуудын нэг “Удинезе” –г шилдгүүдийн тоонд оруулж ,Японд “Кашима Антлерс “–ийг J-Leaque- ийн гурван удаагийн аварга цолд хүргэж байв. Зодог тайлснаасаа хойш Зико маань дасгалжуулагчийн албанд зүтгэсэн. “Герман -2006” ДАШТ-д Японы шигшээ багийг удирдан оролцсон билээ.”Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдгээр олон жил Бразилийг ,Зиког шүтэж явсны эцэст хэзээ ч биелэшгүй мэт санагдаж байсан мөрөөдөлдөө хүрсэн азтай хүн би.1996 оны Атлантын “Алтан” Олимпийн үеэр Бразилийн шигшээг нүдээр харсан.Бебето ,Роналдо ,Роберто Карлос ,Ривалдо ,Дида,Жуниньо нарыг “амьдаар нь” харна гэж зүүдэлж ч байгаагүй хүн чинь олон мянган “торсида”- гийн нэг болчихсон ,Бразилийн “Veja” сэтгүүлийнхэнтэй мөр зэрэгцэн сууж байснаа яахан мартах билээ.Мөн жил гаруйн өмнө Зикогийн дасгалжуулсан Японы шигшээ АНУ-ын шигшээтэй Сан-Франциско хотноо хийсэн нөхөрсөг уулзалт тоглолтыг үзэж ,тоглолтын дараа хэвлэлийн бага хуралд оролцсон Зикотой нүүр тулан уулзаж ,нилээд хэдэн минут мөр зэрэгцэн алхаж үзэх ховорхон хувь тавилан, алтан агшин тохиож билээ.
“Цагаан Пелегийн” дараа Бебето ,түүний араас Роналдо,тэгээд Рональдиньо гээд олон авьяаслаг тоглогчид Бразилийн шигшээд тоглож ,тэднээр бахархаж л явна.Гэхдээ Зикотой минь эн зэрэгцэх нь байсангүй . Цаашид ч байхгүй бизээ.
Агч навчны орныхон хийгээд Аугаа Гретцки
Хоккейгоор бол би “агч навчны” ,”хоккейн” эх орон хэмээх Канадыг хэзээнээсээ л балиашиглаж ирсэн.Манай үеийнхэн ихэнх нь олимп ,дэлхийн аваргад завсаргүй шахуу түрүүлэх Зөвлөлт “ах” нарыг балиашигладаг байхад би бүдүүн зүрх гарган хөрөнгөтөн орны хоккейчдыг дэмждэг болсон билээ. Хөлбөмбөг, хоккей сонирхдог болоод удаагүй байхад ээж маань “Дружба” номын дэлгүүрээс 40 төгрөгийн (70-аад оны сүүл үед их мөнгө шүү) үнэтэй “Хоккей” хэмээх жигтэйхэн том ,гоё зурагтай ном авч өгч билээ.Тэр номын хавтсан дээр ЗХУ-Канадын 1972 оны домогт уулзалт тоглолтын зураг байдаг бөгөөд анх л “Агч навчны” орны хоккейчдын зургийг харсан нь тэр байх.Түүнээс хойш Канадын хоккейчдыг хөгжөөн дэмжиж ,балиашиглах болсон юм. Эхэндээ ч Бобби Халл ,Бобби Кларк , Бобби Орр нарын тухай бүдэг бадаг л мэддэг байсан бол удалгүй Уэйн Гретцки гээд шүтээнтэй болж билээ.70,80 –аад онд бол хуучин ЗХУ-ын хоккейчид дэлхийд ноёрхож байсан үе.”Известия” сонины нэрэмжит тэмцээн болон ДАШТ –ий үеэр л Канадынхаа барааг нэг юм харна. “Известия”-д ихэвчлэн олимпийн шигшээ , ДАШТ-д Стэнлийн цомын плей-оффоос хасагдсан багуудын тоглогчдоос бүрдсэн баг ирдэг болохоор Канадын “томчуудыг” тэр бүр харж чаддаггүй байв.1981 оны “Канадын цом “–оор анх жинхэнэ шилдгүүдээс бүрдсэн Канадын шигшээг үзсэн.Гэвч шигшээ тоглолтод манайхан ЗХУ-ын багт 8:1-ээр бут ниргүүлж билээ.Гэхдээ дараа нь 1984,1987,1991 оны “Канадын цом”, 2004 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай Канадчууд түрүүлж, “уяач” намайгаа баярлуулж байсан.
Ер нь Канадын хоккейн юунд нь тэгтлээ татагддаг юм бол гэж хааяа бодогддог л доо.Канадын хоккейчид хэзээ ч ,хаана ч “нойлоор” нь хожиж явсан ч ,найдваргүй хожигдож байсан ч эцсийн хормыг хүртэл “үхэл алдан” тэмцэлдэж ,ялахын төлөө амь хайргүй улайрч ,бас “бортны” хажууд хүч хэрэглэн тоглодгоороо ,асар их хурд ,өндөр техникээрээ ,хувийн тоглолт ,хаанаас ч хамаагүй хаалга руу шайбыг шиддэгээрээ ,мөн хэрэгцээтэй үед хөөрхөөн зодоон үүсгэж ,хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөдгөөрөө бусдаас эрс тэрс ялгардаг бөгөөд тэр нь ч тэдний тоглолтыг чимж байдаг бүлгээ. Намайг балиашиглаж эхлэснээс хойш 15 жилийн дараа буюу 1994 онд л анх дэлхийн аварга болсон билээ.Олимпийн алтан медалийг бол бүүр 23 жил балиашиглаж ,бас “амьдаар” нь үзэж байж ,2002 онд “авахуулсан”.Зорьсондоо хүрэх гэж Канадчууд их тэмцэж ,зөв талаас нь би ч их дэмжиж дээ. Канадын үе үеийн хоккейчдоос гурван Боб бол гарцаагүй гайхамшигт тоглогчид. Хэдийгээр тоглож байхыг нь хараагүй ч Халл Аугаа довтлогч байсан тухай зөндөө уншсан. Харин Орр бол “бетон” хана шиг хамгаалагч ,Кларк бол дайчин тоглогч байсан гэнэ лээ.Манай үеийнхэн бол Марсель Дион, Майк Босси , Денис Потвин ,Пол Коффи , Ларри Робинсон гээд мэднэ.Бүүр “Амбасын” үеийнхэн гэвэл “Пуужин” Морис Ришар ,Горди Хоу,Жак Плант гээд нэрлэж болох. Ер нь хичнээн ч олон хоккейн од Канадаас төрсөн юм бэ бүү мэд .Монголчууд хүү төрвөл бөх болгоно хэмээн хөөрцөглөдөг бол канадчууд хоккейчин болгоно гэдэг юм гэнэ лээ.Аргагүй л хоккейн эх орон доо.Тэгсэн мөртлөө хоккейн ДАШТ-ийг (эрэгтэйчүүдийн ) Канадчууд ирэх 2008 онд л анх удаагаа нутагтаа зохион байгуулах гэж байгаа нь сонин.
Канадын үе үеийн олон авьяаслаг хоккейчдоос үнэхээр Гретцки шиг тасархай хүн байхгүй. GREAT ONE хэмээх Уэйн Гретцки намайг хоккей снирхож эхлэх үед л тодорч байсан од ,одоо ч гэрэл гэгээ нь хэвээр байна.Сүүлийн 30 аад жил хоккейг ,Канадыг , NHL -ийг амьд байлгасан хүн бол яах аргагүй Уэйн. NHL–ийн хэдэн арван рекордыг тэрбээр шинэчлэн тогтоосныг тоолоход хэцүү.
Эдний дотор “мөнхийн” рекорд ч олон бий.”Эдмонтон Ойлерс” хэмээх даруухан багийг Стэнлийн цомын 4 удаагийн аварга болгож ,Агч навчны орны хоккейчдыг Канадын цомд гурвантаа түрүүлүүлж байсан “Бүх цаг үеийн хамгийн аугаа” хэмээн зүй ёсоор нэрлэгддэг Гретцки шиг хоккейчин хорвоод дахиад ер нь төрөх болов уу? Зодог тайлаад ч “99 “ зүгээр суусангүй.Канадын шигшээгийн ерөнхий менежерээр ажиллан ,2002 оны Солт Лейк Ситийн олимпийн алтан медальд хүргэн , олимпийн аварга цолыг “Агч навчны” оронд хагас зууны дараа (хамгийн сүүлд Канадын хоккейчид 1952 онд олимпийн аварга болсон) дахин авчирсан.”Аугаа” Уэйн Гретцкигийн удирдсан ,”Супер” Марио Лёмьегийн ахалсан ,Айзерман ,Сакик ,Линдрос , Шэнахэн ,Флэрн ,Кария , Нидермайер , Блэйк , Бродер гээд тэнгэрт багтамгүй олон ододтой тэрхүү багийн Финландтай тоглохыг нь “амьдаар” харах аз тохиож байлаа.Эдүгээ аугаа хүн маань Аризоны цөлд “Финиксийн цөөврүүдийг” сургаж байгаа. Удахгүй Москвад болох ДАШТ-д ч Канадын багийн “даргаар” ажиллаж магадгүй сурагтай .Агч навчны орныхон маань дэлхийн аварга цолыг 24 дэх удаагаа хүртэхийг ,Аугаа Гретцки хэмээх шүтээн маань шинэ амжилтад хүрэхийн ерөөл талбия.