2007-03-17
Сэтгэлийн зул

 

Амгалан энхийн оронд алаг бөмбөг,ногоон талбай чинь хүлээж байгаа байх даа,анд минь

Үдлээд буцдаг хорвоо гэж дэндүү хатуу ч гэсэн даанч үнэн үг юм даа.Хэдхээн сарын өмнө хөлбөмбөгийн ногоон талбайд хамтдаа гүйж явсан анд миньхүнд өвчний улмаас хорвоог орхин оджээ.Мөнх бусын жамыг дагахгүй хүмүүн байхгүй л дээ.Гэхдээ цэцэг цэврүү шиг цэл залуу 32-хон насандаа хорвоог орхин, холын хол одсон нь юутай хайран ,юутай харамсмаар вэ?

Зөөлөн хатуу нь сүлэлдсэн замбуулин энэхэн хорвоодоо ийм л богинохон үдлээд буцах  байсан гэж үү?Алтан-Илд минь.

Тэгш сайхан бие бялдартай,төлөв даруу энэ залуу Монголын хөлбөмбөгийн шилдэг мастеруудын нэг байсан билээ.Манай шилдэг багуудын нэг “Эрчим” багт тоглож байх хугацаандаа МХХ-ны цомын болон улсын аварга болж,Лигийн аварга шалгаруулах тэмцээний 3 алт,хошой мөнгөн медаль хүртэн, хоёр ч удаа шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байв.Түрүүлж үзээгүй тэмцээн,зүүж амжаагүй медаль л лав түүнд байхгүй болов уу.

Тэрбээр бас Монголын шигшээ багт тоглон тив,дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож явсан “ Эх орны хүү” байлаа.2001 онд Саудын Арабт болсон Дэлхийн АШТ-ий урьдчилсан тэмцээнд Монголын хөлбөмбөгчид анх удаагаа оролцон, анхны оноогоо авахад гол тоглогчдын нэг нь Илдээ байсан.

Жирийн үед жигтэйхэн даруу,нөхөрсөг Илд ногоон талбай дээр гарахаар жинхэнэ дайчин ,эрэмгий тоглогч болдогсон.

Алтан-Илдийн амьдралын аз жаргал ,баяр баясгалан,утга учир нь ачит ээж,амьдралын хань,алаг үрс,ахан дүүс,анд нөхөд нь байсан нь лавтай.Бас алаг бөмбөг,ногоон талбай нь түүний эрхэмлэн дээдэлдэг зүйлийн нэг нь байсаан.Амьдралын мөр хөөн ,алс Америкт ирээд ч алаг бөмбөгнөөсөө холдоогүй ээ.Анд нөхдийнхөө хамтаар “Алтан бөмбөг” багийг үүсгэн байгуулж,АНУ-ын монголчуудын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнийг үлгэр жишээ зохион байгуулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан.

Чухамдаа “Алтан бөмбөг”-ийн ахлагч Алтан-Илдийн оруулсан “алтан гоол” анхны тэмцээний аварга цол,алтан медалийг багийнхандаа,Дэнверчүүдэд авчирсан түүхтэй.Тэр үед бие нь тааруу байсан ч асар их тэвчээр гарган ,бусдыгаа хэрхэн үлгэрлэн,уриалан  тоглож  байсныг тодоос тод санаж байна.

Эдүгээ эгэл даруу,энгийнээс энгийн ИЛД маань эгнэгт биднийг орхин оджээ.

Ачит ээжид тань алтан наран элчгүй мэт санагдаж байгаа.Асралт хань,алаг үрсэд тань хөрст дэлхий хөмөрчихсөн мэт бодогдож байгаа.Ахан дүүс ,анд найзууд тань гашуудлын мананд умбаж,гансарч ,гуньхарч суугаа.Алаг бөмбөг,ногоон талбай чинь чамайг үгүйлэн эзгүйрч байгаа.

Хаана  байдгийг нь хэн ч хэлж үл мэдэх,тэртээ хол “Тэнгэрийн орноос” эргэн эргэн биднийгээ харж буй байх  даа, Илдээ маань.

Алгын чинээ цаасан дээр харууслын хэдэн үг тэрлэн,цээжинд хурсан “хар үүлээ” хөөн,аньсганд бүрхсэн нулимсаа арчин,СЭТГЭЛИЙН ЗУЛ барья,чамдаа.

Амгалан энхийн оронд үүрд тайван нойрс доо,анд минь.

 

УМ МА НИ БАД МИ ХУМ

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 02:35 | | уншсан: 469 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)