2007-03-17
Аугаа Гретцкийн амжилтаар

 

 

Гурван Бобби  (Халл , Орр , Кларк ) домог болон үлдэж Аугаа Гретцки ,алдарт Марио Лёмье ,Айзерман нар зодог тайлж ,Линдрос , Сакик нарын үе өнгөрч  байгаа энэ жилүүдэд Канадын хоккейн нэр хүндийг өргөх шинэ од “агч навчны орныхонд” агаар,ус мэт л хэрэгтэй байлаа.Хоккейн эх орон Канадын хоккейчдын     NHL-д эзлэх хувь 1970 онд 98 хувь байсан бол 2006 онд 53 хувь болж буурчээ.

Тэгэхээр аль ч талаас нь аваад үзсэн араасаа мянга мянган хүүхэд багачуудыг “байлдан дагуулах” , сая сая үзэгч ,хөгжөөн дэмжигчийн хайр итгэлийг хүлээх “хувьсгалын тохироо”, ховорхон олдох хувь тавилан шинэ одыг хүлээж байсан юм.Харин тэр нь хэн гээч бол ?

2005 оны NHL-ийн шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтын  (драфт) нэгдүгээрт бичигдэy , “Питтсбург Пингвингз” багт ирсэн Кросби  хэмээх 17 настай хүүг хоёрхон жилийн дотор супер-одын хэмжээнд хүрэх юм гэж хэн санах билээ.

Сидни Кросби 1987 оны наймдугаар сарын  долоонд Канадын Коул Харбор хотноо төржээ. Түүний эцэг Трой нь залуудаа хоккейн хаалгач байсан бөгөөд 1984 оны драфтаар  “Монреаль Канадиенс“-д уригдаж байсан удаатай гэнэ.Гэвч тэрбээр мэргэжлийн хоккейч болоогүй аж.

Харин хүүгээ гурван настай байхад нь гулгахыг зааж өгсөн байна.Сидни бүүр долоон  настайдаа анх сонинд ярилцлага өгч,14 настайдаа   CBC телевизийн “Носкеу day in Canada”                                        нэвтрүүлэгт оролцож ,багаасаа л олны танил болж эхэлжээ.

Тухайн үедээ өсвөр үеийн лигт тоглож ,шилдэг тоглогч,шилдэг довтлогчоор удаа дараа шалгараад байв.15 настайдаа Сидни Квебекийн хоккейн лигт 59 тоглохдоо 50 гоол ,81 дамжуулалт хийж хоккейн мэргэжилтнүүдийн анхаарлыг бүүр ч их татах боллоо.

2004 онд ВХА-гийн Хэмильтон баг 17-той авьяаслаг хүүд гурван жилийн хугацаатай  7,5 сая долларын гэрээг санал болгосон ч Кросби эрс татгалзав.

2004-2005 онд тэрбээр Канадын лигийн  МVР (хамгийн үнэ цэнэтэй тоглогч), шилдэг довтлогчийн шагналыг дараалан хүртжээ.

Мөн шилдэг шинэ тоглогч ,шилдэг шинэ довтлогч ,оноогоор тэргүүлэгч гээд л бараг бүх шагналыг нь хамж орхижээ.

2003 онд Кросби Канадын залуучуудын шигшээ багийн бүрэлдхүүнд багтаж ,16-хан настайдаа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Канадын дөрөв дэх тоглогч болсон юм.

Түүнээс өмнө Уэйн Гретцки,Марк Спиц , Эрик Линдрос ,Жэй Баумесстер нар л ийм амжилтад хүрч байсан аж.

Дараа жилийнх нь залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ Сидни 6 оноо (2 гоол, 4 дамжуулалт) авсан бол 2005 онд залуучуудын дэлхийн аварга болж ,9 оноо  (6+3)  авч амжилтаа ахиулжээ.Мөн тэр жилдээ дээр өгүүлснээр “Питтсбург Пингвинз” –д данслагдаж, мэргэжлийн хоккейчны гараагаа эхэлсэн билээ. 2005-2006 оны NHL- ийн улирлын тоглолтод Кросби “Оцон шувуунуудын” 81 тоглолтод оролцож, 39 гоол оруулж ,63 дамжуулалт хийн 102 оноо авсан нь “шинэ цэргийн” хувьд үнэхээр гайхам амжилт болсон юм.

Хэдийгээр Питтсбург плей-оффт шалгараагүй ч Кросби Канадын үндэсний шигшээ багт уригдан ,ДАШТ-д амжилттай тоглон 9 тоглолтод 16 оноо (8 гоол +8 дамж) авч “Бүх оддын” багт нэр нь дэвшин ,мэргэн буучийн болон ,шилдэг довтлогчийн шагналыг хүртжээ.

Ийнхүү хэдийгээр нас бага ,цус шингэн ч Сидни хүү хэдийнэ супер од болж амжив.17 настайдаа л  REEBOK-той  500000 долларын, хоккейн цохиур үйлдвэрлэдэг   Sher wood-тай жилийн 150000 долларын гэрээ байгуулж , цуут PEPSI,Upper Deck,Telus                                                   фирмүүдтэй ажил хэргийн холбоо тогтоожээ.

Сидни Кросбигийн хувийн дугаар ,түүний нэртэй тоглолтын хувцас хоккей сонирхогчдын дунд хамгийн үнэт зүйл болж байна.NHL-ийн гуравдахь тоглолтод өмссөн хувцас нь дуудлага худалдаагаар 21000 доллараар  зарагдсан (энэ мөнгийг Кросби Катрина хар салхинд нэрвэгсдэд туслах фондод хандивлажээ) бол 2006 оны ДАШТ –д АНУ-ын эсрэг тоглолтод өмссөн хар хувцас нь 15087 долларын үнэ хүрчээ.Мөн түүний залуучуудын ДАШТ-д өмссөн улаан өнгийн хувцас болон NHL -ийн анхны тоглолтдоо өмссөн  “Пингвинз” –ийн хувцас нисэх онгоцны буудлын ачаанаас алдагдаж байсан гэнэ.

Өдгөө Кросбиг Аугаа Гретцкитэй зүйрлүүлж ,түүнтэй харьцуулах боллоо. Тэр ч бүү хэл “The Next One” хэмээн (Гретцкиг Great One гэдэг байсан) нэрлэж байна.NHL–ийн түүхэнд байгуулсан Уэйн Гретцкигийн хэдэн арван “мөнхийн” рекордыг эвдэх ,эвддэггүй юм гэхэд дөхөж очих магадлал Кросбид тун их болохоор арга ч үгүй биз.

Үнэхээр ч дөнгөж хоёр дахь улиралдаа NHL-д тоглож буй гэхэд Кросби хэд хэдэн   рекордын  эзэн болоод байгаа юм.

Тухайлбал тэрбээр “Питтсбург Пингвинз” багийн түүхэн дэх шинэ тоглогчийн дамжуулалтын (63 оноо) болон онооны (102) рекордын эзэн болсон төдийгүй NHL-д тоглосон эхний жилдээ 100 оноо авсан анхны шинэ тоглогч,  NHL-д  100 оноог хамгийн залуудаа авсан тоглогч ,”Бүх оддын” тоглолтын гарааны тавд хамгийн залуудаа нэрлэгдсэн тоглогч болоод байна.Саяхан тэрбээр  NHL -д 200 дахь оноогоо авч энэ амжилтад  хамгийн залуудаа хүрсэн хоккейчин боллоо .

Өдгөө 19 настай Кросбиг Гретцкигийн 19 настай байх үетэй нь харьцуулсан баримтыг ч хэвлэл ,мэдээллийнхэн  нийтэлсэн нь тун сонирхолтой. Аугаа Гретцки 19 настайдаа (1979-1980 оны тоглолтын улирал) багийнхаа нийт гоолын 46 хувийг ганцаараа оруулж ,137 оноо авч байсан бол 19-тэй Кросби одоогоор багийнхаа нийт гоолын 49 хувийг ганцаараа оруулж ,127 оноо (2006-2007 оны тоглолтын улирал) аваад байна.

Хар нялхаараа л “хашир оцон шувуу” болсон  (тэрбээр багийн ахлагчийн орлогч) Кросбигоос хамтран тоглогчдынх нь төдийгүй багийнх нь амжилт шууд хамаардаг.Тиймээс энэ жил “Пингвинүүд” Стэнлийн цомын төлөө ширүүн өрсөлдөх байх.

Хааяа олдох зав чөлөөгөөрөө Канадын Шинэ Шотланд мужийн Коул Харбор дахь төрөлх гэртээ очих дуртай Сидни улирлын тоглолтын үеэр багийнхаа эзэн, домогт Лёмьегийн Пеннсильван дахь харшид нь гэр бүлийнхэнтэй  нь цугтаа амдардаг гэнэ.Цагтаа дэлхийн хамгийн үнэтэй “оцон шувуу” байсан Марио үнэт эрдэнээ ийн “үүрэндээ” бөөцийлөх нь аргагүй нэгийг өгүүлж буй бус уу.

“87” хувийн дугаартай ,180 см өндөр,91 кг жинтэй ,Канадын шигшээ болон “Питтсбург пингвинз” багийн төвийн довтлогч Сидни Кросби хэмээх энэ хүүгийн нэр Аугаа Гретцки, Супер Марио нараас хойш хоккейн ертөнцөд хамгийн тодоор сонсогдох боллоо.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 02:33 | | уншсан: 526 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)