2008-09-24
Америкаар аялахуй- Мэргэжлээр минь бахархуулсан музей буюу “Newseum”

Энэ ертөнцөд чухам яг хэдэн мэргэжил байдаг юм бүү мэд ээ. Отрын бэлчээрт малаа хариулан яваа малчнаас огторгуй орон зайд дүүлэн зорчих сансрын нисэгч гээд алийг нэрлэж барах вэ. Ямар ч байсан хүн бүр ямар нэг мэргэжлийг ( олон мэргэжилтэй нэгэн байхад огт сургууль соёлыг нь төгсөөгүй ч аливаа нэг зүйлийг “мэргэжлийн” төвшинд эзэмшсэн хүн ч энд орно) эзэмшсэн байдаг нь тодорхой.

Эзэмшсэн мэргэжлээрээ насан туршдаа “үнэнч” ажиллаж, амьдралаа авч явах нэгэн байхад мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаж үзээгүй, огт өөр зүйлээр “талхаа” олдог хүн ч бий. Гэхдээ л эрхэлж буй мэргэжлээрээ бахархдаггүй, бардамнадаггүй хүн байдаг гэдэгт үл итгэнэм. Мэргэжил бүр өөр, өөрийн онцлогтой ч хэрэггүй, эсвэл муухай мэргэжил байдаг гэж би л лав дуулаагүй юм байна. “Мэргэжил бүхэн сайхан”, “Сурсан бүхэн эрдэм” гэдэг биз дээ. Нээрээ ч өглөөний ургах нарнаар их хотынхоо гудамж талбайг толийтол цэвэрлэгч, Их хурлын танхимд хууль боловсруулж буй улс  төрч хоёрын мэргэжил аль аль нь өөрийн гэсэн өнгө аястай, “амттай”, аз жаргалтай. Шүүр барьсан цэвэрлэгч хууль батлалцдаг ( хууль батлаад ч байгаа юм шиг хуйвалдаан зохион байгуулаад ч байгаа юм шиг гэж үнэн шүү) эрхмүүдээс ч дутахгүй сайхан мэргэжилтэй гэдэгтээ эргэлзэхгүй л байгаа. Тэднээс өөр хэн ч хөхөө өвлийн хүйтэнд хөр цас ховхолж, аагим зуны халуунд өдөржин гудамжны хог шүүрдээд зогсож чадахгүй. Тэгэхээр тэдний жаргалыг хэн ч ойлгохгүй гэсэн үг. Цэмцийтэл цэвэрлэсэн гудамж талбайгаар нь хүмүүс инээд хөөрөөр дүүрэн алхаж явааг хараад энийг чинь би ийм цэвэрхэн байлгадаг юм шүү дээ гэсэн бодол өвөрлөж, нүүрэндээ инээмсэглэл тодруулж, дараагийн ажлын өдрийн эрч хүчээ авч зогсдог байхдаа гэж боддог юм. Монголдоо нилээд нэртэй болсон “Танайд хоноё” ТВ-ийн нэвтрүүлгийн хөтлөгч залуу төмөр замчин айлд очиж хонохдоо “Та яагаад ийм ажил хийдэг юм бэ? Би л лав хэзээ ч ийм ажил хийхгүй” гэж ярихыг сонсоод өмнөөс нь хичнээн их ичсэн гэж санана. Хүнийг ажил, мэргэжлээр нь ялгаварлах шиг адгийн зүйл байхгүй, тэр тусмаа сэтгүүлч сурвалжлагч хүн тэгж ярих үнэхээр ёс суртахуунгүй хэрэг. Үнэндээ бол тэр замчин бүсгүй мэргэжлийнхээ эзэн нь байгаа бол хөтлөгч залуу “түүхий” гэдгээ л харуулсан. Мэргэжилдээ эзэн болох нэг хэрэг, зүгээр нэг мэргэжлийн диплом өвөртлөх хоёрын ялгаа их. Японы ТВ-ийн мэргэжлийн ур чадварыг харуулдаг нэгэн нэвтрүүлэг байдаг. Мод хөрөөдөгч нэгэн эр  томоо гэгчийн хөрөөгөөрөө дискинд хавчуулсан харандааг үзүүрлэж, нисэгч нэгэн залуу нисдэг тэрэгний дугуйндаа бөглөө онгойлгогч бэхлээд нисдэг тэргээрээ нисэн мөн л тусгайлан бэхэлсэн шилтэй пивоны бөглөөг онгойлгож байхыг хараад авьяас, мэргэших гэж аугаа юм даа гэж бодож билээ.

            За мэргэжил гээд эхэлсэн чинь бүүр хадуураад явчихаж. Одоо гол зүйлээ өгүүлье. Саяхан Нью Йоркт болсон теннисний тэмцээн сурвалжлахаар явахдаа зориуд зам хазайж Вашингтон Ди Си-гээр орсон юм. Нэгдсэн Улсын нийслэлд өмнө нь хоёр ч удаа ирж байсан ч энэ удаа нийслэлийг зорих тодорхой шалтгаан байсан билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард үүд хаалгаа нээсэн “Newseum” буюу дэлхийн сэтгүүл зүйн музейг үзэх гэж зорьж очсон юм.

            Гэхдээ “Newseum” бүүр шинээр мэндэлсэн юм биш ээ. Анх 1997 онд Виржиниагийн Росслин дүүрэгт Америкийн хамгийн нөлөө бүхий өдөр тутмын сонин “USA Today”-г болон “Freedom Forum” санг үүсгэн байгуулагч Эл Ньюхарт “Newseum”-ийг үндэслэн байгуулжээ. Уг музей таван жил ажиллаад ( энэ хугацаанд 2,2 сая хүн тус музейг үзсэн байна) 2002 онд хаагджээ. Учир нь “Newseum”-ийн эзэд бууриа сэлгэхээр шийдвэрлэж. Ингээд Вашингтон Ди Си-гийн төв хэсэгт шинэ музейн барилга баригдаж эхэлсэн байна. 450 сая орчим долларын өртөгөөр боссон шинэ музейн барилга нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон болон US Capitol  буюу Конгрессийн байрны яг дунд нь оршино. Мөн эндээс Вашингтон хотын бэлгэдэл болсон “Харандаан хөшөө” буюу Жорж Вашингтоны дурсгал, Авраам Линкольний дурсгалын хөшөө болон Америкийн түүх дурсгалын олон арван музей хэдхэн алхамын зайтай байх юм. Тэгэхээр тун зөв газраа олж, “гэрээ барьсан” бололтой. Шил толь болсон “Newseum”- ийн барилгын нүүрэн талын хананд нь АНУ-ын Үндсэн хуулийн анхны нэмэлт өөрчлөлтөөр хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний тухай оруулсан заалтыг бичжээ. Музейн гадна талд томоохон сонинуудын тэргүүн нүүрийг шилэн хоргонд хийсэн байх бөгөөд өдөр бүр шинэчилж байдаг юм байна. Гудамжаар яваа хүмүүс ч цаг завтай бол сонирхсон сониныхоо тэргүүн нүүрийг гарчиглаад үнэгүй мэдээлэл авчих ажээ. Дээхнэ үед манайд мэргэжилтний 20 –ийн гадна шилэн хоргонд ИТАР-ТАСС-ын мэдээлэл, зургууд тавигддаг, хүмүүс ч их сонирхдог байсан даа, тэрэн шиг.

Дэлхийн сэтгүүл зүйн музей (хэвлэл мэдээллийн  гэж болох ч мэргэжлийн үүднээс бол сэтгүүл зүйн гэх нь илүү тохиромжтой байх)-г Талархлын өдөр, Христмас, Шинэ жилийн өдрөөс бусад бүх өдөр өглөөний 9.00 цагаас 17.00 цаг хүртэл ажилладаг юм байна. Тасалбарын үнэ нь 20 ам.доллар. Зургаагаас доош насны хүүхэд үнэгүй үзэж болох бол 7-12 насныхан 13 доллар, өндөр настнууд (65-аас дээш)  18 доллараарын хөнгөлөлттэй тасалбар авч болох юм билээ.

Музей 60 мянган ам.квадрат метр талбайтай, 15 театр, 14 томоохон галерейтай, шууд нэвтрүүлэг хийх хоёр студитэй, зургаан давхар бөгөөд (доошоогоо бас нэг давхар)  хамгийн доод давхарт үзэсгэлэн, баримтат киноны болон спортын театраас гадна өөр өөр зориулалтын гурван театр байх юм. Хамгийн эхлээд та баримтат киноны театрт орж “Мэдээ гэж юу вэ?” хэмээх богино хэмжээний киног үзэж , мэдээний тухай ойлголттой болох юм. Эндээс мэдээнд юу багтдагийг маш гоёоор үзүүлжээ. Төрөхөөс  үхэх хүртэл, дайн ба энхтайван, шинжлэх ухааны ололт байгалийн гамшиг гээд хүмүүний  амьдрал бол тэр чигээрээ мэдээ юм.

За эндээс гармагц хажууд чинь Спортын театр хүлээж байна. Спортын түүхэн үйл явдал, агшин хором , тэднийг сурвалжлагч сэтгүүлчид хэрхэн яаж олон нийтэд хүргэж байв гэдгийг үзэж сонирхож болох юм.

Мөн энэ давхарт хүмүүсийг олон арван жилийн турш хоёр системд хуваан байсан хүйтэн дайны үеийн түүхийн баримт болох Берлиний хананаас найман хэсгийг байрлуулжээ. Тухайн үедээ танкаар ч нурааж чадахгүй байсан энэхүү ханыг сэтгүүлчдийн үнэн үг, үзэл бодлын хүчээр амархаан нураасан гэх юм билээ.

Энд байрлах үзэсгэлэнгийн танхимд олон арван төрөлжсөн үзэсгэлэн гардаг бөгөөд намайг үзэх үед “G-men & Journalist”  нэртэй үзэсгэлэн нээгдсэн байсан. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны 100 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэнд олон сонирхолтой үзмэр, баримт сэлт тавигджээ. Цуутай гэмт хэрэгтнүүд, дээрэмчдийн бүлэглэлүүдтэй тэмцэх, тэднийг баривчлах, устгахад Америкийн сэтгүүлчид, сэтгүүл зүйн оролцоо хичнээн их байсныг эндээс үзэж болох юм. Сэтгүүл зүй үүргээ биелүүлнэ гэж энийг л хэлдэг байх даа. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж юу байдгийг бэлхнээ харуулаад өгнө.

Эндээс дээшээ зургаан давхар руу шилэн цахилгаан шатаар гарчихна. Тэгээд л нэг давхар хүртэл уруудан музейгээ үзээд явдаг юм байна. Хамгийн дээд буюу зургадугаар давхарт гармагц нөлөө бүхий сонинуудын шинэ дугаарын тэргүүн нүүрийг PDF  хувилбараар байрлуулсан танхимд орж явчихна. Ёстой л зүсэн зүйлийн сонин байна, харин хайгаад хайгаад Монголынхоо ганц ч сонины барааг харсангүй. Энэ давхарт гадагшаагаа харах тавцан бий. Вашингтон Ди Си-гийн төв хэсгийн харахад их гоё харагдах юм билээ. Ялангуяа Конгрессийн ордныг панорама болгон патиараа татуулахад тун тохиромжтой. Нээрээ патиар гэснээс “Newseum”-д гэрэл зургийн болон дүрс бичлэгийн аппаратыг чөлөөтэй ашиглаж болно. Ихэнх музей, үзвэрийн газар дүрс бичлэг хийх, зураг авахыг хориглодог шүү дээ. Тэгвэл сэтгүүл зүйн, тэр тусмаа чөлөөт хэвлэл мэдээллийн музейгээс ямар ч мэдээлэл авах чөлөөтэй байлгүй яахав.

Тавдугаар давхарт дэлхий дахинаа болж буй үйл явдлыг аварга том дэлгэцнээс шууд үзэж, сэтгүүл зүйн шилдэг номнуудыг сонирхож, хэвлэлийн болон мэдээний 500 жилийн үүх түүхийг эргэн харж болох ажээ. Мөн голын том танхимд байрлуулсан ATS 1  хэмээх манай гаригийн анхны шууд нэвтрүүлгийг дамжуулсан сансрын сателлит станцын дуураймал загвар сонирхлыг чинь татна. Доошоо нэг давхар буумагц 9 дүгээр сарын 11-ны аймшигт үйл явдалд зориулсан хэсэг бий. Тэр аймшигт үйл явдлын тухай мэдээг дэлхийн орон орны сонин тэргүүн нүүрэндээ хэрхэн өгүүлснийг харж болно. Мөн ТВ, Радиогоор шууд нэвтрүүлэг хийсэн “амьд дуу хоолойг” ч сонсож болох ажээ. Дэлхийн худалдааны төвийн дээр байсан дамжуулах антеннийн үлдэгдлийг ч энд авчирч тавьсан байх юм. Тэр үед ажил мэргэжлээ гүйцэтгэж явсан сэтгүүлчдийн нурманд дарагдсан фото аппарат, дуу хураагуур, тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа,  хантааз, авсан гэрэл зураг, видео бичлэгүүд ч байна.  “Хоёр өндөр” нурж буй чимээ чихнээ сонсогдож, аймшигт гал нүүр рүү цоргин төөнөх шиг, амь насаа алдаж буй хүмүүсийн хашгиралдаан дуудах шиг “аймаар” юм аа.

Гуравдугаар давхарт дижитал мэдээний эринг харуулсан танхим бий. Мөн радио, ТВ, интернетийн түүхэн замналыг харуулсан үзвэрүүд, баримт, мэдээлэл, кино болон видео бичлэг, ТВ хэрхэн ажилладагийг бодитоор үзүүлж, зааж сургадаг ТВ студи, Чөлөөт хэвлэл дэлхий дахинд хэрхэн хөгжиж буй харуулсан томоо гэгч газрын зураг, тухайн орны тухай мэдээлэл авах цахим дэлгэцүүд байх юм. Эндээс Монголтой холбоотой хэд хэдэн зүйл олж харлаа. Чөлөөт хэвлэлийн хөгжлийг харуулсан дэлхийн газрын зураг дээр улс, орнуудыг гурван өнгөөр ангилан тэмдэглэжээ. Ногоон өнгөөр хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй , өөрөөр хэлбэл чөлөөт хэвлэл хөгжсөн орнуудыг тэмдэглэж. АНУ, Австрали, Канад, Баруун Европын орнууд  энд багтаж байна. Шараар хагас хэвлэлийн эрх чөлөөтэй орнуудыг тэмдэглэсэн аж. Үүн дотор манай Монгол Улс “тууж” явна. Магадгүй зарим хүн манай оронд чинь чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө хөгжсөн биш бил үү гэж гайхаж магадгүй. Тэгвэл гудамжаар дүүрэн шар сонинууд хөглөрөхийг, түүн дээр хэнийг хамаагүй гүтгэн гүжирдэж, нэр хүндэд нь халдаж, хулгайч дээрэмчид, хууль бус зүйл, садар самууныг “чөлөөтэй” бичиж, сурталчлахыг, хэвлэл мэдээлэл нь хэн нэгэн нам хүчинд, эрхтэн дархтанд тал засан үйлчлэхийг хэвлэлийн эрх чөлөө гэдэггүй ажээ.

Шар өнгөөр тэмдэглэгдсэн орнуудад томхноос Бразил, Энэтхэг, Зүүн Европын орнууд, Өмнөд Америкийн ихэнх орон, Номхон далайн улсууд багтжээ.

Улаан өнгөөр чөлөөт хэвлэл хөгжөөгүй орнуудыг тэмдэглэсэн байх юм. Сонирхолтой нь энд манай Хойд ба Өмнөд хоёр том хөрш маань орсон байна. Түүнчлэн Африкийн бараг ихэнх орон, Ойрхи Дорнод, Өмнөд Азийн зарим улсуудад хэвлэлийн эрх чөлөө “хангалтгүй” гэнэ.

Мөн энэ давхарт сэтгүүлчдийн дурсгалын танхим байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн нэрийг самбар дээр мөнхөлжээ. 1837 оноос хойш ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн 1800 орчим сэтгүүлчийн нэр байдаг гэнэ. Амь насаа алдсан он,оноор нь дараалуулан бичжээ. 2001 онд амь насаа алдсан сэтгүүлчдийн дунд Увс аймгийн нутагт нисдэг тэрэгний ослоор харамсалтай амь үрэгдсэн Монголын сэтгүүлч “Гамма” агентлагийн фото сурвалжлагч  Цэвэгмидийн Батзориг агсны нэр байна. Түүнтэй хамт явсан Японы хоёр сэтгүүлчийн нэр ч бас байна. Монголын төдийгүй дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд нэрээ мөнхөлсөн мэргэжил нэгт нөхрийн дурсгалын өмнө мэхийн хүндэтгэл үзүүлсэн. Ц.Батзориг агсны төрсөн дүү, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх андынхаа хүсэлтээр бичлэг, хийж, холбогдох баримт , мэдээллийн тухай зургийг нь авлаа. Энэ танхимд байрлуулсан цахим дэлгэцэн дээрээс  Ц.Батзориг агсны мэдээллийг хайхад түүний гэрэл зураг, ямар хэвлэлийн байгуулагад ажиллаж байсан, хаана хэзээ, ямар үүрэг гүйцэтгэж яваад хэрхэн амиа алдсаныг товч бичсэн тайлбар байна лээ.

За тэгээд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн хэрэглэж явсан эд зүйлс, техник хэрэгсэл, сууж яваад алуурчдын суманд сийчүүлсэн машин нь тэр чигээрээ, тэр дунд тэртээ 1876 онд Америкийн иргэний дайныг сурвалжилж яваад амиа алдсан Марк Келлогийн харандаагаас эхлээд 2002 онд Пакистанд албан үүргээ гүйцэтгэж яваад алагдсан “Wall Street journal”-ийн сэтгүүлч Даниэл Перлийн зөөврийн компьютер гээд олон зуун түүхийг өгүүлэх баримт байх юм. Энэ бүхнийг үзэж явахад үнэхээр сэтгүүлч гэдэг хичнээн хүнд хэцүү, амь нас өрссөн бөгөөд хичнээн бахархам мэргэжил гэдгийг алхам тутамдаа мэдэрч явлаа.

Хоёрдугаар давхарт бас нэгэн сонирхолтой зүйл бий. “Be a TV reporter” буюу “ТВ-ийн сурвалжлагч болох” боломжийг та 5 доллар төлөөд олж болно. Тусгай бэлдсэн камерын өмнө , Конгрессийн ордны өмнөөс, Спортын цэнгэлдэх хүрээлэнгээс, Newseum-ийн дэргэдээс сурвалжлагаа хийж, эсвэл цаг агаарын мэдээ танилцуулсан ч  болно. Ард чинь машин тэрэг, хүн зон хөлхөөд, цаг агаарын мдээ харуулсан дэлгэц гараад яг л “амьд” сурважлага хийж буй мэт. 30 секундын туршид та өөрийн хүссэн мэдээгээ микрофон бариад уншиж болох бөгөөд дараа нь Танд “сурвалжлага хийж буй” зургийг чинь шууд хувилаад өгнө. Та “ТВ-ээр” хэрхэн сурвалжлага хийсэн бичлэгээ гэртээ хариад компьютертээ татан авч болох бөгөөд гэр орныхон, ах дүү, анд найз нартай бичлэгээ илгээж ч болох юм билээ.

Хамгийн сүүлийн давхарт Пулитцерийн шагнал хүртсэн гэрэл зургуудыг сонирхож болно. АНУ-ын сэтгүүл зүйн шилдгүүдийг шалгаруулдаг Пулитцерийн нэрэмжит шагналыг хүртсэн гайхамшигтай агшин таны өмнө бүгд байх болно.

Энэ музейг үзэхэд эзэмшсэн мэргэжлээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм сайхан мэргэжлийг эзэмшсэн шиг эзэмшихийн тулд хичнээн их хөдөлмөрлөх хэрэгтэйг ч ухаарсан. Мөн сонин хэвлэлд худал үнэн юм, хов жив бичээд, сэтгүүлч хэмээх энэ эрхэм бөгөөд хүндтэй мэргэжлийн нэр хүндийг унагаж буй одоогийн олон “сурвалжагч” нарт харамсаж явдгаа бодсон.

МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн сэтгүүлчийн ангийг хамт төгссөн ангийн хүүхдүүд, сэтгэл зүй, сэтгүүл зүй хоёрыг ялгаж хэлэх гэж зүдэрдэг гавьяат багш Зулькафиль тэргүүтэй тэнхимийнхээ багш нарыг, “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд мөр зэрэгцэн ажиллаж байсан сэтгүүлчдээ, “Таван цагариг” сонины хамт олноо гээд олон ч гоё дурсамж сэтгэлд бууж явсан. Олимпийн наадмыг анх сурвалжлахад ихээхэн дэмжлэг үзүүлж, санхүүгийн талаар бүрэн дэмжиж байсан “Freedom Forum” сангийнхан, тэр тусмаа уулзаж, яриаг нь сонсож, хамт зургаа татуулж явсан “USA Today”, “Freedom Forum” –ийг үндэслэгч Эл Ньюхарт  энэ музейн эх үндэсийг тавьж, өв хөрөнгийг гаргасан гэхээр сэтгэлд бас дотно байлаа.

Newseum” хамгийн орчин үеийн техник, технологийг ашигласан музей төдийгүй, залуу сурвалжлагч, сэтгүүлчдэд сургалт дадлага явуулдаг сургалтын төв  юм билээ.

Энд бас нэг зүйлийг өгүүлэхэд Монгол телевизийн “ММ” агентлагийн захирал асан, сэтгүүлч Ц.Сарантуяа энд ажилладаг. Харамсалтай нь намайг очсон өдөр “хишиг өдөр” нь биш байсан.

 Сэтгүүлч хүн гэдэг мэргэжилдээ хичнээн үнэнч, ямар их хөдөлмөрч, ямар аугаа мэдлэгтэй, авьяастай, авхаалжтай, бас үнэний төлөө өчүүхэн ч хазайлгүй явдаг, хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны  “бууны нохой” бололгүй харин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан “хоточ нохой” нь байж, тэдний дуу хоолой болдог, хээл хахууль, авилгал, гэмт хэргийн эсрэг тэмцдэг, энх тайвны төлөө, дайны эсрэг баттай зогсдог, хүний нэр хүнд , эрх ашгийг хамгаалдаг, ёс суртахуун өндөр, байгаль орчин, эх дэлхийгээ хайрладаг, бурууд хатуу, зөвд зөөлөн байж л сэтгүүлч гэж хэлүүлэх эрхтэй гэдгийг энэ музейг үзсэн хүн ухаарах байх аа.

Тиймээ, сэтгүүлч гэдэг нэр хүндтэй сайхан мэргэжил, гэхдээ асар их хариуцлагатай мэргэжил шүү!

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”-ын АНУ дахь тусгай сурвалжлагч).

2008 оны есдүгээр сар. Вашингтон Ди Си

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 09:20 | | уншсан: 904 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


thank you
minii ax ch argagvi l myndag setgvvlch yumaa.Ezemshcen mergejildee vnench bas abyaslag sportiin setgvvlch ax tandaa amjilt xvcei.http://www.blogmn.net/images/smiles/0134.gif
Бичсэн: ariunaa (зочин) цаг: 15:22, 2010-04-25 | Холбоос | |


Сэтгэл хөдлөмөөр гоё бичжээ. Тийм шүү бүх мэргэжил гоё. Үнэхээр тэр цэвэрлэгчийн ачаар хот нь цэвэрхэн байдаг big hug
Би ч бас хичээнээ Smile
Бичсэн: xvv цаг: 09:32, 2008-10-04 | Холбоос | |


Сэтгүүлчээ гэж сайахн мэргэжил шуу, эзэмшцэн шиг эзэмшвэл...
Бичсэн: Зочин (зочин) цаг: 07:54, 2008-10-04 | Холбоос | |


Үнэхээр сэтгэл хөдлөм гоё бичжээ.  Аргагүй мэргэжлийн сэтгүүлч хүний бичлэг унших бас өөр ч юмуу  happy
Бичсэн: Зочин (зочин) цаг: 23:59, 2008-09-24 | Холбоос | |


saikhan bichjeee
love struck
Бичсэн: Зочин цаг: 15:20, 2008-09-24 | Холбоос | |


Үнэн шүү мэргэжил бүхэн сайхаан гэж. Дандаа л гоё юм үзэж явхыма. Сайхан бичлэг байна. party
Бичсэн: Tуяа (зочин) цаг: 12:59, 2008-09-24 | Холбоос | |





:-)