ХӨЛБӨМБӨГИЙН ХААНТАЙ УУЛЗСАН МОНГОЛ ОХИН
Зураг бүхэн түүхтэй
“Таван цагариг-Америкт” сэтгүүлийн редакц ийм нэртэй нэгэн шинэ булан нээж байна. Америк бол шар, хар, цагаан, улаан, шашин шүтлэг, яс үндэс харгалзахгүйгээр хүнд боломж олгодог орон билээ. Энд амьдран суугаа монголчуудад маань (зөвхөн спортын тухайд л энд өгүүллээ) Америкт төдийгүй дэлхийд тэргүүлдэг хоккей, сагсанбөмбөг, америк хөлбөмбөг, бэйсболын мэргэжлийн лигийн тоглолтыг амьдаар нь үзэх, өөр өөрсдийн төвхнөн суудаг багуудаа хөгжөөн дэмжих, за тэгээд олон арван уралдаан тэмцээнийг сонирхох, нэр алдартай тамирчидтай нүүр тулан уулзах олон арван боломж гардаг. Хүн болгонд олддоггүй ховорхон боломжийг ашиглан, спортын одуудтай уулзаж, хамт “патиараа” татуулсан монголчуудынхаа тухай энэ булангаар өгүүлэх юм.
Ингээд эхний зочноо танилцуулья. “Хөлбөмбөгийн хаан” хэмээх эрхэм хүндтэй нэр алдрыг өөрийн хосгүй авьяас, нөр их хөдөлмөрөөрөө хэнтэй ч булаалцалдахгүй хүртсэн Бразилийн домогт хөлбөмбөгчин Эдсон Арантес ду Нассименту гэсэн нэртэй ердөө ПЕЛЕ хэмээх хочоороо алдаршсан энэ хүний нэрийг дэлхийн дөрвөн зүг , найман зовхист, дөрвөн далай, таван тивийн чанадад дуулаагүй, мэдэхгүй хүн ховор буй заа. Хөлбөмбөгийн хааны намтар номыг нь унших гэж Бразилийн олон сая хүн бичиг үсэг сурч, хөлбөмбөгийн хааны тоглолтыг үзэх гэж Африкийн нэгэн улсын иргэний дайн хэд хоног завсарлаж байсан гээд л олон олон түүхийг өгүүлж болох ч үүнээс илүү “тайлбарлах хэрэггүй” гээд гол асуудалдаа орьё.
Хөлбөмбөгийн хаантай уулзаж, түүнээс бөмбөг, тоглолтын цамц хоёр дээр гарын үсгийг нь зуруулан авч, хамт зургаа авахуулж амжсан энэ азтай охиныг Бат-Очирын Билэгтуяа гэдэг. 2006 он буюу Германд болдог хөлбөмбөгийн дэлхийн АШТ-ий өмнөх хавар Нью-Йорк хотноо редакц нь байрладаг , испани хэлээр хэвлэгддэг “Futbol Mundial” сэтгүүлийн эрхлэгч , Билэгтуяагийн аавынх нь хамаатан Пеле Нью-Йоркт ирж, тэдний сэтгүүлийн редакцаар зочлон , хүүхдүүдтэй уулзалт хийх тухай “хэл чимээ” хүргэж, энэ арга хэмжээнд охиноо оролцуулахыг санал болгосон аж. Билэгтуяагийн аав, ээж хоёр ч ховорхон боломжийг алдахгүйг хичээж, тэр үед 13 настай байсан охиноо Нью Йорк руу нисгэжээ. Аав нь охиндоо ПЕЛЕ гэж хэн болохыг “өнгөтөөр тайлбарлаж” өгсөн төдийгүй, Германы ДАШТ-д зориулан гарсан бөмбөг дээр гарын үсэг авч ирэх “намын даалгавар” буулгажээ.
Билгээ охин ч алаг бөмбөг дээр Пелегийн гарын үсгийг авч, мөн тоглолтын цамц дээр ч мутрыг нь үлдээлгэж дөнгөн, үүрэг даалгавараа 200 хувь биелүүлснийг та бидний харж буй энэ зураг гэрчилмой.
Ч.Бат-Очир, М.Сэмжид нар дөрвөн хүүхдийнхээ (охин Болортуяа, Баяртуяа, Билэгтуяа, хүү Бат-Ирээдүй) хамтаар АНУ-ын Чикаго хотноо арав шахам жил амьдарч буй. Бат-Очирыг Чикагогийнхон “шагайн” Бат-Очир гээд андахгүй. Эндхийн шагайн холбоог байгуулж, үндэсний спортоо хөгжүүлэх, сурталчлахад их хувь нэмэр оруулсан, одоо ч зүтгэсээр яваа залуу. Бат-Очир, Сэмжид нар ч бас охиноосоо дутахгүй азтай улс. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Даншиг наадам Сан-Францискод болоход Чикагогийн шагайн багийнхан оролцохоор баруун эрэг рүү нисчээ. Феникст “төмөр хүлгээ” юүлэхээр хэдэн цаг саатах хооронд Сэмжид бүсгүй нөхрийнхөө наадмын гоёл болох дээлийн шилбийг гүйцээхээр ил барин сууж байж. Тэгтэл хамт явсан залуус “Тайсон энд явж байна. Зургаа авахууллаа. Та нар авахуулаач” гэж. Мань хоёр ч мэргэжлийн боксын нэр хүндтэй аваргатай уулзахаар яаран очиж. Тэгтэл Тайсоны бие хамгаалагч булиа залуус “Саяхан хоёр ч хүн зургаа авахуулсан. Одоо болохгүй” гэж гэнэ. Эхнэрийнхээ бариад гүйж яваа монгол дээлийг хараад Бат-Очир “дээлээ өмсөөд , Монголоос яваа гээд үзье. Содон хувцас харахаар өөр болж ч магадгүй” гэсэн санаа төрж, бушуухан цамцаа өмсөөд эргээд Тайсон руу дөхтөл Тайсон урьдаас нь босоод ирсэн гэнэ. Хамгаалагч нартаа хэдэн үг хэлээд манай хоёроос “Монголоос яваа” гэхийг сонссон Тайсон дуртай нь аргагүй “патиараа” татуулахыг зөвшөөрч, тэр ч бүү хэл “Би Монголын тухай мэднэ. Чингис хааныг ч мэднэ” хэмээн яриа өрнүүлсэн байна. Мэргэжлийн боксын хамгийн нэр цуутай, дуулиан шуугиантай аварга, “Төмөр” Тайсонтой Бат-Очир, Сэмжид хоёрын уулзсан түүх ийм буюу.
Хөлбөмбөгийн хаантай бага охин нь уулзаж, гарын үсгийг нь авсан, өөрсдөө “Төмөр” Тайсонтой рингэнд бус ч онгоцны буудалд “нүүр тулгарсан” Бат-Очирын гэр бүлийнхнийг үнэхээр азтай, одтой гэхээс өөр юу гэхэв дээ. Спортын буян заяа танай гэр бүлийг мөнхөд ивээх болтугай!
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)
P.S. Та бүхэн спортын алдартнуудтай авахуулсан зургаа, үүх түүхтэй нь “Таван цагариг-Америкт” сэтгүүлийн tavantsagarigusa@yahoo.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү хаягаар ирүүлээрэй!