2008-09-20
ОЛИМПИЙН ОРГИЛД ХҮРСЭН ХАРГУЙ

“Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” уужуу холч хараатай, ухаан нь уудам, үг нь  үнэн өвөг дээдэс, өтгөс буурлууд минь зүгээр ч нэг хэлчихээгүй нь лав. Үнэхээр энэ хулгана жил Монголчууд биднийг баярлуулж, магнайг тэнийлгэсэн үйл явдал бишгүйдээ боллоо. Ялангуяа спортын салбарынхан, тамирчид маань Олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа гурвантаа мандуулж, Төрийнхөө дууллыг ертөнц даяар цуурайтууллаа. Олон арван жил хүлээлгэсэн Олимпийн аварга цол бидэнд ирсэн. Олимпийн аваргуудаараа, баатруудаара Монгол даяараа бахархаж, хайрлаж, хүндэлж байна. Тэгэхээс ч өөр яах билээ.

Энэ жил Монголын олимпчдын хувьд давхар давхар түүхт ой тохиож байгаа. Одоогоос яг 40  жилийн өмнө манай тамирчид “Мехико-68” зуны олимпийн анхны медалийг эх орондоо авчирч , амжилтын буухиаг эхлүүлж байлаа. Бүүр тодруулбал 1968 оны аравдугаар сарын 12-27-нд Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпийн XIX наадмын бөхийн чөлөөт барилдааны 52 кг-ийн жинд Чимэдбазарын ДАМДИНШАРАВ, 70 кг-ийн жинд Данзандаржаагийн СЭРЭЭТЭР, 78 кг-ийн жинд Төмөрийн АРТАГ нар хүрэл медаль хүртэж, 87 кг-ийн жинд Жигжидийн МӨНХБАТ нэг ч ялагдалгүйгээр олимпийн анхны мөнгөн медалийг МОНГОЛДОО авчирч байсан билээ.

Мөн өдгөөгөөс яг 20 жилийн өмнө БНСУ-ын Сөүл хотноо болсон зуны олимпийн XXIV наадмаас Монголын боксчид олимпоос анхны медалиа хүртэж байв. 1988 оны аравдугаар сарын нэгэнд Нэргүйн ЭНХБАТ маань “Сөүл-88”-ийн хүрэл медалиа хүзүүндээ зүүж байсан юм.

Өнөөдрийн олимпийн аваргууд, баатруудын оргилд хүрэх жимийг нээсэн анхдагч, алдартнуудаа ч бас үргэлж дурсан санаж, байгуулсан гавьяагаар нь бахархаж байх нь зүй ёсны хэрэг буй заа.

Энэ удаа Та бүхэнд Олимпийн наадмаас алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн, энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын  “ширэн бээлийт”-нүүдийнхээ Олимпийн рингэнд хэрхэн тоглож байсан үүх , түүхээс сонирхуулья.

 

“МЮНХЕН-1972”

 

ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон зуны олимпийн XX наадам бол Монголын боксчдын хувьд анхных нь байлаа. Б.Олзод, Р.Барс нарын удирдсан манай “ширэн бээлийтнүүд” олимпийн рингэнд есөн жинд өрсөлджээ.

48 кг-ийн жинд Вандуйн Батбаяр нэгдүгээр тойрогт Чилийн Хектор Веласкест 0:5-аар (тухайн үед боксын шүүлтийн онооны систем одоогийнхоос өөр байсан бөгөөд хажуугийн таван шүүгчийн оноогоор ялалтыг өгдөг байсан) хоигджээ.

51 кг-ийн жинд Нямдашийн Батсүрэн эхний тойрогтоо хийлээд, хоёрдугаар тойрогт Испанийн Антонио Гарсияг 4:1-ээр хожоод, гуравдугаар тойрогт БНСУ-ын Юү Мэн Чонд 1:4-ээр ялагджээ.

54 кг-ийн жинд Буянгийн Ганбат мөн эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Камеруны Дэвид Оммег 5:0-ээр хожсон байна. Ингээд шөвгийн наймд үлдэхийн төлөө тулаанд Ганбат АНУ-ын Рикардо Карресастай тун тэнцүүхэн тоглоод 2:3-аар дийлджээ. Түүнийг ялсан Америкийн боксчин энэ олимпоос хүрэл медаль хүртсэн байна.

 57 кг-ийн жинд Паламдоржийн Баатар (зарим эх сурвалжид Баяр гэж байна) эхний тойрогт хийлээд дараа нь Болгарын Кунчо Кунчевт 2:3-аар хожигджээ.

60 кг-ийн жинд Хайдавын Алтанхуяг эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Аргентиний Антонио Комаскиг 5:0-оор ялжээ. Шөвгийн наймд үлдэхийн төлөө Туркийн Эрэслан Доруктай тун тэнцүүхэн тоглоод 2:3 –аар дийлджээ.

63,5 кг-ийн жинд Содномын Гомбо нэгдүгээр тойрогт Замби улсын боксчин Ятам Кундег 5:0-ээр ялаад, дараа нь Югославын Звонимир Вуйинд 2:3-аар дийлджээ. Югославын боксчин дараа нь медалийн төлөө тоглолтод хожин энэ олимпоос хүрэл медаль зүүжээ.

67 кг-ийн жинд Дамдинжавын Банди эхлээд хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Гана улсын Э.Ф.Анкурег 3:2-оор хожсон байна. Дараа нь Унгарын Янош Кайдид нокаутаар ялагдсан бөгөөд түүнийг ялсан Унгарын боксчин цаашид амжилттай тоглосоор мөнгөн медаль хүрсэн ажээ.

71 кг-ийн жинд Намхайн Цэнд-Аюуш эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт БНСУ-ын Жаэ Кюн Лимд 2:3-аар хожигджээ.

81 кг-ийн жинд Гомбын Зориг эхний тулаандаа Египтын Ахмед Алид 0:5-аар хожигдсон байна.

Эндээс харахад хэдийгээр анх удаа олимпийн наадамд оролцсон ч манай “ширэн бээлийтнүүд” чамлахааргүй сайн оролцож байжээ. Ихэнх нь өрсөлдөгчдөө ганцхан онооны зөрүүгээр ялагдсан байна. Тухайн үед өөрийн гэсэн шүүгчгүй, дээр нь анх удаагаа олимпийн рингэнд тоглож буй бага буурай орны тамирчин тэнцүүхэн тоглосон ч шүүгчид ялалт өгөх нь ховор байсан болов уу.

 

“МОНРЕАЛЬ-1976”

 

Канадын Монреаль хотноо болсон зуны олимпийн XXI наадамд оролцсон Монголын боксчдыг В.Батбаяр, Б.Мишигдорж, Ю.Сүрэндорж нар дасгалжуулжээ.

48 кг-ийн жинд Сэрдамбын Батсүх эхний тойрогтоо Испанийн Энрике Родригестэй тоглож, гуравдугаар раундад ялалт авчээ. Дараа нь Унгарын Г.Годотой хүч үзсэн ч 0:5-аар дийлдсэн байна.

57 кг-ийн жинд Равсалын Отгонбаяр эхний тойрогт хийлээд дараа нь Японы Юко Огагирид хоёрдугаар раундад нокаутаар ялагдан тэмцээнээ дуусгажээ.

60 кг-ийн жинд Хайдавын Алтанхуяг мөн эхлээд хийлээд хоёрдугаар тойрогт Болгарын Цветан Цветковд 0:5-аар ялагдсан байна.

63,5 кг-ийн жинд Содномын Гомбо эхний тойрогт хийлээд, дараа нь Того улсын Мессан Лайжантай тоглох байсан ч эсрэг тамирчин рингэнд гарч ирээгүй тул шууд ялалт авчээ. Ингээд шөвгийн наймд үлдэхийн төлөө Польшийн К.Шербатай тэнцүүхэн үзсэн ч 2:3-аар хоижгджээ. Польшийн боксчин энэ олимпоос хүрэл медаль хүртсэн байна.

67 кг-ийн жинд Дамдинжавын Банди эхний тойрогт хийлээд дараа нь Ямайкийн М.Маккеллумд 0:5-аар хожигджээ.

71 кг-ийн жинд Дашнямын Олзвой эхний тойрогтоо Кубын Роландо Гэрбэйтэй таарч, гуравдугаар раундад нокаутаар ялагджээ. Кубын боксчин цаашид амжилттай тоглосоор хүрэл медаль авчээ.

 

“МОСКВА-1980”

 

ЗХУ-ын Москва хотноо болсон зуны олимпийн XXII наадамд оролцсон манай боксчдыг В.Батбаяр дасгалжуулсан байна.

48 кг-ийн жинд Вандуйн Баясгалан эхний тойрогтоо Мексикийн Х.Сосад 1:4-ээр ялагджээ.

51 кг-ийн жинд Нямын Нарантуяа мөн л эхний тойрогт Венесуэлийн Р.А. Геверад 0:5-аар дийлджээ.

54 кг-ийн жинд Цэдэнгийн Нармандах эхний тойрогт хийлээд дараа нь Камеруны Жозеф Ахандад гуравдугаар раундад ялагдсан байна.

57 кг-ийн жинд Равсалын Отгонбаяр эхний тойрогт Кувейтийн Абдулжава  Жавад Алиг 4:1-ээр ялаад, хоёрдугаар тойрогт Мексикийн Карлос Гонсалест 2:3-аар хожигджээ.

60 кг-ийн жинд Галсандоржийн Батбилэг эхний тойрогт Анголын А.М .Коэльюг 5:0-ээр хожжээ. Дараа нь Данийн Йеспер Гарнеллийг 4:1-ээр ялсан байна. Ингээд медалийн төлөө олимп, дэлхийн аварга (дараа нь Эррера олимп, дэлхийн хошой аварга болсон) Кубын алдарт боксчин Анхель Эррератай учраа таарчээ. Манай Батбилэг Кубын нэрт боксчинд 0:5-аар хожигдсон ч, тоглолтын үед түүнийг хүнд цохилтонд оруулан анх удаа Эррераг тоолуулж байсан билээ.

63,5 кг-ийн жинд Хастын Жамган эхний тойрогт хийлээд, дараа нь Танзанийн У.Люмод 0:5-аар ялагджээ.

67 кг-ийн жинд Төмөрийн Баттөр эхний тойрогт Замбийн Петер Талантид 0:5-аар хожигджээ.

 

“СӨҮЛ-1998”

 

БНСУ-ын Сөүл хотноо болсон зуны олимпийн XXIV наадмаас Монголын баг тамирчид цорын ганц медалийг боксчид маань эх орондоо авчирсан бөгөөд энэ нь бас манай “ширэн бээлийтнүүд”-ийн олимпийн наадмаас хүртсэн анхны медаль нь байлаа. Вандуйн Батбаяр багшийн удирдсан Монголын боксчид Сөүлд түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлсэн билээ.

48 кг-ийн жинд Очирын Дэмбэрэл эхний тойрогт Японы М.Курайваг гуравдугаар раундад нокаутаар ялж, гараагаа сайхан эхэлсэн ч хоёрдугаар тойрогт сугалааны будилаанаас болоод рингэнд гараагүй тул түүнтэй тоглох байсан Сальвадорын Анри Мартинест ялалтыг өгчээ.

51 кг-ийн жинд Цэен-Ойдовын Цэрэнням эхний тойрогт БНСУ-ын Ким Кван Сунтай учраа таарч тоглосон ч хоёрдугаар раундад шүүгч тоглолтыг зогсоон ялалтыг БНСУ-ын боксчинд өгчээ. Ким Кван Сун цаашид амжилттай тоглосоор энэ олимпийн аварга болсон аж.

54- кг-ийн жинд Нямын Алтанхуяг эхний тойрогтоо хийлээд хоёр, гуравдугаар тойрогт Польшийн Г.Яблонский, Ирландын Жон Лавей нарыг тус тус 3:2-оор ялжээ. Ингээд медалийн төлөө Тайландын Пажол Мулсатай тоглоод 0:5-аар дийлдсэн байна.

57 кг-ийн жинд Цэрэндоржийн Амаржаргал эхний тойрогт Канадын Жэйми Пагендамтай учраа таарсан. Энэ хоёр боксчны тулаан ихээхэн шуугиан тарьсан билээ. Уг нь манай Амараа Канадын боксчныг рингэнд ялсан ч нэг хонигийн дараа ялалтыг Канадын боксчинд булхайтаагаар шилжүүлсэн юм. Шалтгаан нь манай Амаржаргал хоёрдугаар раундад гурван удаа хүнд цохилтод орж тоолуулсан, нэг раундад гурван удаа тоолуулбал ялагдал хүлээх ёстой гэсэн шалтгааныг Канадчууд тавьсан ажээ.

60 кг-ийн жинд Нэргүйн ЭНХБАТ тоглосон. Ид үедээ “Лос Анжелес-1984” олимпийн наадам, “Рено -1986” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг улс төрийн золиос болон өнжиж, баттай авах медалиа авч чадаагүй “Том” Энхбат маань Сөүлийн рингэнд харьцангуй харьж явсан цагтаа урамтай сайхан тоглож, Монголын боксын  түүхэд олимпийн анхны медалтийг авчирсан төдийгүй “Сөүл-88” олимпод орлцсон Монголын баг тамирчдын “нүүрийг тахалж” эх орныхоо нэр төрийг өргөсөн билээ. Тэрбээр эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт Венесуэлийн Хосе Пересийг 5:0-ээр илт давуу ялсан. Дараа нь Унгарын (тэр үед Унгарын шигшээг олимпийн гурван удаагийн аварга, алдарт боксчин Ласло Папп дасгалжуулж байсан) Иштван Туруг гуравдугаар үед нокаутаар ялж,  медалийн төлөө Марокко улсын тамирчин Кемал Маржуанег мөн л 5:0-оор төвөггүй ялсан билээ. Ингээд мөнгөн медалийн төлөө Шведийн Жорж Крамнетай өрсөлдөн тун тэнцүү тоглосон ч шүүгчид 2:3-аар Шведийн боксчинд ялалт өгсөн. Дашрамд сонирхуулахад энэ жинд тоглосон , хожим нь  сонирхогчдын болон мэргэжлийн боксын дэлхийн аварга болсон ЗХУ-ын нэрт боксчин Константин Цю медальгүй “мултарч” байжээ.

63,5 кг-ийн жинд Содномын Алтансүх эхний тойрогт Тайландын П.Суваничитыг 3:2-оор, хоёрдугаар тойрогт Угандын Д.Огиндог хоёрдугаар раундад нокаутаар, гуравдугаар тойрогт Кенийн Д.Камауг 5:0-оор тус тус ялаад медалийн төлөө Германы Райнер Гайстай тоглон 1:4-өөр хожигдсон байна.

67 кг-ийн жинд Хайдавын Гантулга эхний тойййрогт хийлээд, дараа нь Ямайкийн Р.Хэмильтоныг хоёрдугаар раундад нокаутаар ялаад гуаравдугаар тойрогт Кенийн Р.Вангилад дийлджээ. Вангила энэ олимпоос алтан медаль хүртжээ.

 

“БАРСЕЛОНА-1992”

 

Испанийн Барселонд болсон зуны олимпийн XXV наадмаас Вандуйн БАтбаярын дасгалжуулсан Монголын боксчид медалийн буухиагаа залгуулж, хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ.

 

48 кг-ийн жинд Эрдэнэцогтын Цогтжаргал эхний тойрогт Колумбын Ретаюдыг 8:2-оор ялаад дараа нь дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Кубын Рожелио Марселотай тааран 2:14 –оор хожигджээ. Р.Марсело цааш нь амжилттай тоглосоор олимпийн аварга болсон байна.

57 кг-ийн жинд Сандагсүрэнгийн Эрдэнэбат эхний тойрогт Габоны Р.Боукаг 21:4-ээр давамгайлан ялсан ч дараа нь БНСУ-ын Пак Дук Кюд 2:13-аар дийлджээ.

60 кг-ийн жинд Намжилын БАЯРСАЙХАН эхлээд гоц мөргөөд, хоёрдугаар тойрогт Гвинейн Маурицио Авилаг 15:0-аар ялж, медалийн төлөө Танзанийн  Рашид Матоумлаг 9:6-аар хожжээ. Ингээд мөнгөн медалийн төлөө Германы Марко Рудольфтой тоглох байсан ч өмнөх тоглолтод задарсан хөмсөгний гэмтлээс болоод эмчийн магадлагаагаар тоглоогүй байна.

63,5 кг-ийн жинд Нямын Алтанхуяг эхний тойрогтоо Лаосын Хамсават Вильяпонег хоёрдугаар раундад нокаутаар ялсан ч , дараа нь Английн Петер Ричардсонд 4:21-ээр хожигджээ.

75 кг-ийн жинд Бандийн Алтангэрэл эхний тулаандаа Данийн Брайан Лецд 0:4-өөр дийлджээ.

81 кг—ийн жинд өрсөлдсөн Дамдины Зул мөн эхний тойрогт Канадын Роберт Браунтай тоглосн ч хоёрдугаар үед шүүгч тоглолтыг зогсоон Канадын тамирчинд ялалтыг өгсөн байна.

 

“АТЛАНТА-1996”

 

АНУ-ын Атланта хотноо болсон зуны олимпийн XXVI наадамд Монголын гурван боксчин хүч үзсэн. Тэднийг Б.Ганбат, Д.Банди нар дасгалжуулсан.

54 кг-ийн жинд хүч үзсэн Цэен-Ойдовын Даваацэрэн эхний тойрогт Замбийн Оскар Чонгог 13:7 –оор, хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ки Вунг Баэг 11:10 –аар тус тус хожоод медалтийн төлөө ОХУ-ын боксчин , дэлхийн аварга Раймкумль Малахбековтай учраа тааран 21:9-өөр ялагдсан.

57 кг-ийн жинд Жамганы Наранцогт эхний тулаандаа Узбекистаны Улукбек Ибрагимовт тоглож, хоёрдугаар раундад шүүгч тоглолтыг зогсоон Узбекистаны тамирчинд ялалтыг өгчээ.

60 кг-ийн жинд Түмэнцэцэгийн Үйтүмэн эхний тойрогт Доминиканы М.Можикаг 7:1 ээр ялсан. Дараа нь АНУ-ын Террэнс Каутантай учраа таарч маш сайхан тоглон давамгайлсан боловч шүүгчдийн булхайтай шийдвэрээр 9:10-аар харамсалтай ялагдсан билээ.

 

“СИДНЕЙ-2000”

 

Австралийн Сиднейд болсон зуны олимпийн XXVII наадамд Монголын боксдыг төлөөлөн Түмэнцэцэгийн Үйтүмэн дасгалжуулагч Д.БАндийн хамт оролцов. Үйтэмэн маань эхний тойрогт Кыргызстаны Алмазбек Раймкуловт 4:15-аар дийлдэн тэмцээнээ дуусгасан.

 

“АФИН-2004”

 

Олимпийн өлгий нутаг Грекийн Афин хотноо болсон зуны олимпийн XXVIII  наадамд манайхаас мөн л ганц боксчин оролцсон. Г.Оюунболдын дасгалжуулсан Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ эхлээд Мавритийн Майкл Медорыг 29:23-аар ялаад, хоёрдугаар тойрогт БНСУ-ын Жон Су Баэкт 22:33-аар дийлджээ.

 

“БЭЭЖИН-2008”

 

Зуны олимпийн XXIX наадамд Монголын дөрвөн боксчин Д.Банди, Н.Батсүрэн нарын удирдлага доор оролцон бахдам амжилт гаргасныг бид бүхэн сайн мэднэ.

54 кг-ийн жинд Энхбатын БАДАР-УУГАН торолгүй түрүүлж алтан медаль зүүн, олимпийн аварга цолыг Монголын боксчдоос анхлан хүртсэн бол 48 кг-ийн жинд Пүрэвдоржийн СЭРДАМБА мөнгөн медаль хүртсэн мөн л анхны боксчин болсон. У.Мөнх-Эрдэнэ маань чамжилттай сайхан тоглосон ч медалийн төлөө тулаанд ялагдсан. З.Энхзориг Кубын боксчинтой хэрхэн тэнцүүхэн тоглосныг бид харсан. “Бээжин-2008” олимпийн наадам өндөрлөөд удаагүй байгаа, мөн манай “ширэн бээлийтнүүдийн” амжилтын мэдээ сонин хэвлэлийн хуудаснаа хуучраагүй байгаа болохоор тоглолт бүрийг дэлгэрэнгүй бичсэнгүй ээ.

Харин ОЛИМПИЙН АВАРГА хэмээх өндөр оргилд хүрэх жимийг анхлан нээж, тэр замаар туулж , энэ замыг бүдгэрүүлээгүйр өнөөг хүргэсэн үе үеийн боксчид, олимпийн рингэнд эр зориг, авхаалж самбаагаа сорьж явсан “ширэн бээлийтнүүдийн” замналыг эргэн нэг харсан маань энэ билээ.

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:50 | | уншсан: 494 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


баярлалаа түвшөөө
спортийн мэдээлээр цангаадаггүй шинэ тутам мэдээлэл блогмн дэ:эрээ бичдэг ч чинь их баярлаж явдаг шүү. Байнга уншигч чинь
Бичсэн: Обдоо цаг: 10:04, 2008-09-20 | Холбоос | |





:-)