2008-09-16
Теннисний “даншиг”-аас тэрлэсэн тэмдэглэл

Теннисний “даншиг”-аас тэрлэсэн тэмдэглэл

 

Мэргэжлийн теннисчдийн “Их дуулга” хэмээх хамгийн нэр хүндтэй дөрвөн цуврал тэмцээний нэг болох “US OPEN-2008” өнгөрөгч даваа гаригт өндөрлөснийг спорт сонирхогчид мэдэж байгаа. Тэмцээний талаар “Таван цагариг” сонин дэлгэрэнгүй мэдээлсэн болохоор дахин нуршихыг бодсонгүй ээ. Харин энэ тэмцээний эргэн тойронд болон үзэж харснаасаа бага боловч та бүхэнтэй хуваалцая.

 

Ингэхэд “Их дуулга” гэж юу вэ?

 

Мэргэжлийн теннисний “Их дуулга” цуврал тэмцээний тухай сонсоогүй спорт сонирхогч бараг байхгүй биз ээ. Энэ цуврал дөрвөн тэмцээнд “Уимблдон”, “US Open” буюу АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн,  “Roland Garros” буюу Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, “Australian Open” буюу Австралийн аварга шалгаруулах нээлттэй ордог гэдгийг ч сайн мэднэ. Тэгвэл эдгээр дөрвөн тэмцээнийг “Grand Slam” буюу “Их дуулга” гэж яагаад нэрлэсэн юм бол оо?

Grand Slam” хэмээх хэллэг уг нь хөзрийн бриж гэдэг тоглоомд хэрэглэгддэг, нэг ёсондоо уг тоглоомын нэгэн томоохон хожлын нэр ажээ. Харин теннист энэ хэллэгийг анх хэрэглэсэн хүн нь “Нью Йорк таймс” сонины сэтгүүлч Жон Киран гэнэ. 1933 оны “Australian Open”, “Roland Garros”, “Wimbledon” гуравт Австралийн теннисчин Жэк Кроуфорд дараалан түрүүлээд байсан үе. Дөрөв дэх цуврал буюу “US Open”-ий өмнөхөн өнөөх Киран “ Кроуфорд  US Open-д түрүүлбэл теннисний кортон дээр “Grand Slam” байгуулсантай л адил хэрэг” хэмээн бичжээ. Үүнээс хойш л “Их дуулга” хэмээх хэллэг теннист буй болсон байна. Дашрамд сонирхуулахад Жон Киран өөрөө хөзрийн , тэр тусмаа брижийг бол маш сайн тоглодог байсан гэнэ.

За ингээд “Их дуулга” гэдэг нэр томьёо гараад ирж. Өнөөх дээр дурьдсан дөрвөн тэмцээнийг ч “Их дуулгын” цуврал гэх болж. Мөн нэг жилд дээрх дөрвөн цувралд дөрвүүлэнд нь түрүүлсэн теннисчинг “Grand Slam” буюу “Calendar Year Grand Slam” гэдэг, харин энэ дөрвөн тэмцээнд дараалан түрүүлэхдээ нэг жилд биш он дамнан түрүүлсэн бол “Non Calendar Year Grand Slam” хийлээ гэж ярьдаг болсон ажээ. Эрэгтэйчүүдээс Дон Бэйж 1938 онд, Род Лэйвер 1962, 1969 онд, эмэгтэйчүүдээс Морин Конноли Бринкер 1953 онд, Маргарет Смит Корт 1970 онд, Штеффи Граф 1988 онд “Grand Slam” хийж байсан түүхтэй. Энэ олон жилд ийм тоотой хэдхэн хүн л “Их дуулга” хийж байсан гэхээр ямархуу хүнд хэцүү болох нь тодорхой. “Их дуулга” бүү хэл аль нэг цувралд түрүүлэх гэж л бөөн юм болдог доо.

 

Урт настай “US OPEN

 

US Open” буюу Америкийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн нь манай гаригийн “өндөр настай” теннисийн тэмцээнүүдийн нэг. 1881 онд болсон анхны тэмцээн зөвхөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр явагдсан аж. Нэр нь ч анхандаа US National Men’s singles championship байж. Эхэндээ энэ тэмцээн Род Айлендын Ньюпорт хотноо явагдаж байсан гэнэ. 1900 оноос эрэгтэйчүүдийн хос тоглолт бас болдог болж. Харин эмэгтэй ганцаарчилсан анхны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээн Филадельфид 1887 онд, эмэгтэй хосын АШТ 1889 оноос зохиогдсон түүхтэй ажээ.

Үүнээс олон арван жилийн дараа буюу 1968 онд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, мөн холимог хос гэсэн таван төрлөөр аварга шалгаруулах тэмцээн цугтаа “US Open” нэрэн доор, Ньо-Йоркийн Уэст Сайдад явагдах  болсон байна. Мөн энэ оноос уг тэмцээний үүд хаалга мэргэжлийн теннисчдэд нээлттэй болжээ. Тиймээс ч “Нээлттэй эрин” буюу “Open era”гэж нэрлэх болсон бөгөөд энэ жил “Нээлттэй эрин” эхэлсний 40 жилийн ой нь тохиож байгаа юм байна. “US Open” 1978 оноос Нью Йоркийн Флашинг Медоуст явагдах болсон ба өдгөөг хүртэл дахин буйраа сэлгээгүй байгаа ажээ.

US Open” нэр хүнд, чанар чансаа, мөнгөн шагналын дүнгээр зөвхөн алдарт Уимблдоны л дараа ордог. Уимблдоны шагналын сан 23,5 сая ам.доллар бол “US Open”-ийнх 20,657 сая ам.доллар. Гэхдээ эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин тус бүр 1,5 сая ам.доллар(Уимблдоных 1,47 сая ам.доллар) хүртдэг, мөн дээр нь “Lexus” маркийн хамгийн сүүлийн загварын суудлын автомашины түлхүүр гарддаг зэргээрээ Уимблдоноос ч илүү гардаг гэнэ.

Мөн “Их дуулгын” тэмцээнүүд дотроос “ HAWK EYE” буюу “Харцагын харц” хэмээх компьютерийн системийг хамгийн анх (2006 онд)хэрэглэсэн тэмцээн юм байна. Хэрэв  та ТВ-ээр теннис үздэг бол бөмбөг шугамны гадна уу, дотор уу, хаана туссан нь эргэлзээтэй үед тамирчин шүүгчийн саналд эргэлзэж байгаа тохиолдолд “Player challenge” хэмээн компьютерийн нарийвчлалаар яг хаана туссаныг харуулдаг даа, тэрнийг чинь л “Харцагын харц” гэж нэрлэдэг ажээ.

 

Гайтай “Ханна”, гавьяатай “Ханна”

 

“Их дуулгын” аль нэгэн цувралыг сурвалжлах юмсан гэж аль эртнээс л бодож явдаг байлаа. Тэгээд энэ жилийн “US Open”-ийг ямар ч байсан үзье гээд аль тавдугаар сард АНУ-ын теннисний холбоо, US Open.org зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон сурвалжлах эрхийн мандат хөөцөлдсөн билээ. Гэвч сурвалжлах эрхийн мандат буюу Press pass –ийг тухайн оныхоо гуравдугаар сар гэхэд олгоод дуусчихдаг юм байна. Энэ жил та хоцорсон байна аа, ирэх жилийнхэд бүртгүүлж болно гэсэн хариу авав. Ингээд үнэгүй сурвалжлах боломжоо алдсан тул ирэх жилийг хүлээлгүй тасалбар аваад ч болов шигшээ тоглолтуудыг үзэж, сурвалжилна гэж бодсон хэрэг. Нэгэнт тэмцээн хоёр долоо хоног үргэлжилдэг, тэр бүгдийг үзнэ гэхэд ажил алба маань хэцүүдэх, өгдөг авдаг нь ч талийж өгөх болохоор эмэгтэй болон эрэгтэй ганцаарчилсан болон хос тоглолтын аваргын төлөөх тоглолтуудыг үзэхээр төлөвлөж , сүүлийн хоёр хоногийн тасалбарыг зургадугаар сард худалдан авсан юм. Эмэгтэйчүүдийн финалын тоглолтынх 80-120, эрэгтэйчүүдийнх 100-160 долларын үнэтэй байсан. Нилээд эртнээс захиалсан болохоор гайгүй хямдхан тасалбар авсан бөгөөд цагийг нь тулгасан бол билет олдохгүй юм билээ. Энэ жилийн “US Open”-ий 14 өдрийн өглөөний болон оройны 26 багц тоглолтоос 23 –ынх нь “SOLD OUT” буюу бүх тасалбар нь худалдагдаж дууссан гээд бодохоор эртнээс л билетээ захиалахгүй бол үзэх боломж тун ховор юм билээ. 

Ингээд есдүгээр сарын 5-ны өдөр Нью-Йоркийг зорин очсон. Хагас сайны орой эмэгтэй, бүтэн сайнд эрэгтэй ганцаарчилсан тоглолтын финал болох байсан юм.

Хагас сайнд буюу есдүгээр сарын зургааны үдээс хойш Нью Йоркт “Ханна” хэмээх далайн шуурганаас үүдэлтэй хүчтэй аадар бороо тасралтгүй цутгасан тул хагас сайны оройн тоглолтууд бүгд хойшлогдлоо. Ингээд эмэгтэй финал бүтэн сайны оройны 21 цагаас, эрэгтэй финал нь даваа гаригийн оройн 17 цагаас болохоор хойшилж, “Ханна” –аас болж хамаг төлөвлөгөө маань өөрчлөгдлөө. Бүтэн сайнд эрэгтэй финал үзчихээд нэг дэх өдрийн орой амьдардаг хот руугаа нисэх тийзээ авчихсан, ажлаас авсан чөлөө мөн л нэг дэх өдөр дуусах байсан тул эрэгтэй финалыг үзэж чадахааргүй болов. Нислэгийн тийзээ хойшлуулж, бас ажлаа зохицуулж болох л байсан л даа. Гэвч Надаль хагас шигшээд хожигдоод миний төлөвлөж байсан Федерер-Надаль гэсэн “алаан” болохгүй нь тодорхой болсон тул дургүй дээр хүчгүй гэгч болов. За энэ ч яахав. Нэгэнт хагас сайны үдээс хойш хийх юмгүй болсон тул Манхэттэнээр жаал тэнэлээ. Хаа очиж “Ханна”-гийн гайгаар эрэгтэй финал үзэж чадаагүй ч , “гавьяагаар” нь Надаль-Мюррэй нарын хойшлогдсон тоглолт, мөн өнгөрсөн тавдугаар сард Манхэттэнд нээгдсэн “Sports Museum of America”, өмнө нь Нью Йоркт ирэхдээ  үзэж амжаагүй “Madam Tussauds New York” лааны тосон музей, Statue of Liberty (Эрх чөлөөний хөшөө), United Nations (НҮБ-ын Төв байр) зэргийг үзэж амжив.

 

Хүслээр болоогүй финал

 

Тэртээ 1996 онд Атлантын олимпийн үеэр Андре Агасси, Линдсэй Дэвенпорт, Габриэль Сабатини, Моника Селеш нарын тоглолтыг л үзсэнээс хойш теннисний ассуудыг  “амьдаар” нь үзээгүй уджээ.

Ялангуяа одоо цагийн теннисний “нүүр царай” болсон Мария Шарапова, Ана Иванович , Надаль, Федерер нарыг үзэх “Барбарос” төлөвлөгөөтэй байснаа нуух юун. Эднийг ч аваргын төлөө үзнэ гэж бодож байлаа. Зөвхөн би ч бус олон мянган балиашигууд ийм л финалыг ёстой “идеальный” гэх байсан болов уу? Федерер-Надаль нарын дуэль спортын өрсөлдөөн талаасаа жинхэнэ финал болох байсан бол Мария-Ана нарын “тулаан” спортын талбар дахь төдийгүй гоо сайхны ертөнц дэх тэмцэл болох байв. Гэвч Шарапова олимпийн өмнө гэмтэл аваад US Open-д оролцохгүй нь тодорхой болсон. Ядахад Сербийн Ана Иванович бас тэмцээнийг эрт орхилоо. Тэгж байтал Надаль ч хагас шигшээд Их Британийн Энди Мюррэйд хожигдсоноор хүмүүсийн хүсэн хүлээсэн, мөрөөдсөн финал болсонгүй ээ.

Эмэгтэйчүүдийн аваргын төлөө тоглолт бүтэн сайны оройн 21 цагаас эхэлсэн. Өглөө нь Нью Йоркийн тэнгэр “урьд шөнө юм болоогүй юм шиг” бүртийх ч үүлгүй цэлмэг байлаа. Эртхэн эхлэхгүй заавал тийм орой эхэлдэг нь юу юм билээ гэж бодож байтал бас учиртай ажээ. “US Open” бол Квинс гээд Манхэттэн арлаас нилээд зайтай өөр нэг томоохон арал юм. Метрогоор Манхэттэний Таймс Сквэйр буудлаас 40-өөд минут яваад  Америкийн Теннисний төв байдаг зогсоолд хүрэх агаад мэргэжлийн бэйсболын “Нью Йорк Метс” багийн “Ши” цэнгэлдэх хүрээлэн яг эсрэг талд нь оршдог юм байна. Бүтэн сайнд “Метс” өөрийн талбайдаа тоглолттой учир теннис үзэх гэсэн 24 000, бэйсбол үзэх гэсэн 57 300 бүгд (энэ бол зөвхөн цэнгэлдэхэд орох үзэгчдийн тоо бөгөөд зохион байгуулагч, ажилчид, зүгээр цэнгэлдэхийн гадуур очиж зугаалагчдын тоог нэмбэл 100 000 элбэг хүрэх болов уу) нэг метрогоор ирж, нэг буудалд буухад ямархуу хүндрэл гарах нь тодорхой билээ. Ядахад “Метс” энэ жил тун гайгүй тоглож, плей-оффт үлдэх магадлал өндөр буй болохоор “Ши” стадионд сүүлийн тоглолтуудад сул суудал ер гарахгүй байгаа гэнэ. Тэгээд л цагийг нь зориуд зөрүүлсэн юм гэнэ.

Өмнөх өдөр нь энд ирж, усан бороонд баахан нороод, хөл хөдөлгөөн ямар байдгийг мэдэж авсан тул бүтэн сайнд нилээд эртхэн Флашинг Медоусийг зорилоо. Иртэл Надаль-Мюррэйн хойшлогдсон тоглолт үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн финалын тасалбартай хүн орж болно гэсэн тул испани эр, шотланд залуу хоёрын тоглолтыг үзлээ. Үзэгчдийн ихэнх нь Надальд балиашиглах юм. Нэг талаас Надаль хожвол жинхэнэ гоё финал гарна гэж бодсон байх, нөгөө талаас англичуудад америкчууд төдийлэн таатай ханддаггүйгээс болсон болов уу. Учир нь  энэ ертөнц дээр өөрсдийгөө хамгийн эрхэмсэг язгуурт цагаан арьстнууд гэж үздэг, бардам хүмүүс бол чухамдаа Англичууд. Тэдний хажууд бол америкууд ердөө л газар газрын цагаачид билээ. За дээр нь цөөнгүй үзэгчдэд, ялангуяа залуухан бүсгүйчүүдэд Мюррэйн гадаад төрх таалагдаагүй байж болох юм. Булчин шөрмөс нь зангирсан , ганган хээнцэр Надалийн хажууд туранхай гонзгор, дээр нь залуухан мөртлөө зохиогүй хууз сахалтай Мюррей тийм ч сайхан харагдаагүй нь лав. Гэхдээ спортын талбарт гадаад үзэмжээр илүү нь биш тоглолтод хэн сайн бэлдсэн нь, хэн сайн бэлтгэлтэй нь ялдаг гэдгийг Мюррэй энэ орой дахин нэг нотлов. Тэрбээр Надалийн хүчтэй давуулалтыг маш сайн авч байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ямар ч байсан хатуу хучилттай талбайд хүчтэй өрсөлдөгч гэдгээ Мюррэй харуулж дэлхийн ноймер нэг теннисчнийг буулган авч, “Их дуулгын” цувралд анх удаагаа финалд шалгарлаа. Хэрэв Мюррэй аварга болбол 72 жилийн турш Англичууд “Их дуулгын” аль нэг тэмцээнд түрүүлж чадаагүй байсан “хар түүхийг” дуусгах байлаа...

Эмэгтэйчүүдийн аваргын төлөө АНУ-ын алдарт эгч дүү Уильямсийн дүү нь болох Серена, Сербийн Елена Янковичтай хүч үзлээ. Мэдээж “Артур Эш” цэнгэлдэхэд цугласан 24 000 үзэгч нутаг нэгт хар бүсгүйгээ уухайлан дэмжив. Цөөхөн ч гэсэн сербүүд дуутай, хууртай, бүрээ, бишгүүртэй, “Jeca, Jeca(Янковичийг ийн нэрлэдэг)  хэмээн хашгиралдах нь бас содон. Миний хувьд ч гэсэн “бага цолтой бөхийг дэмждэг, хоцорсон даагыг өхөөрддөг” монгол зангаар серб бүсгүйг дэмжиж суулаа. Мэдээж Серенагийн гол давуу тал нь хүч. Түүний “баки” бие, хүчтэй цохилт ямарч өрсөлдөгчийг хүндхэн байдалд оруулдаг билээ. Елена харин энэ зун дэлхийн ноймер нэг теннисчнээр нэг удаа тодорсон бөгөөд “Их дуулгын” цувралд анх удаагаа финалд үлдсэн нь энэ. Мэргэжилтнүүд түүнийг хоёрдугаар зэргийн тэмцээнд маш олон оролцож чансааны оноо цуглуулдаг хэмээн шүүмжилдэг авч , US Open-ий шигшээ тоглолтод үлдсэнээр энэ шүүмжлэлд Янкович “хариу” барьсан юм. Елена хэзээний л сурсан зангаараа электрон дэлгэцээс удаашруулсан бичлэгийг байн байн харж, хүмүүсийн сэтгэлд нийцсэн тоглолтыг үзүүлж, “шпагат” суун бөмбөгт хүрч байсан ч энэ үдэш Серена үнэхээр илүү байв. Хоёрдугаар сетэд Елена 5:3-аар хошуучлан, шийдвэрлэх үед 40:0-ээр , энэ сетийг хожиход ганц оноо авахад л дутуу байсан ч Серена тоглолтыг эргүүлснээр ялалтыг авч дөнгөсөн.

Серена ийнхүү “US Open”-д гурав дахиа түрүүлж, “Их дуулгын” ес дэх ялалтаа авлаа. Энд түрүүлснийхээ дараа Серена дахин дэлхийн ноймер нэг теннисч болов. Тэрбээр таван жилийн дараа  дахин №1 болсон анхны эмэгтэй теннисчнээр тодров.

 

Теннисний “Даншиг наадам”

 

US Open” бол жирийн нэг теннисний тэмцээн биш юм аа. Флашинг Медоус хотноо орших  Билли Жин Кингийн нэрэмжит Америкийн теннисний төвд тэмцээний үеэр ёстой түм түжигнэж бум бужигнаж байх юм. Эндхийн гол цэнгэлдэх “Артур Эш стадиум” 24 000 хүний суудалтай бөгөөд зөвхөн теннисний зориулалтаар баригдсан манай гаригийн хамгийн том цэнгэлдэх ажээ. 1968 он буюу “Ю-Эс оупен” мэндэлсэн тэр жилийн тэмцээнд түрүүлсэн Артур Эшийн нэрээр нэрлэгджээ. “Артур Эш”-ийн “бөөрөнд” шахуу 10 000 хүний суудалтай “Луис Армстронг” гээд хоёр дахь хүрээлэн бий. Уг нь 18 000 хүний суудалтай, гол цэнгэлдэх байсан бөгөөд “Артур Эш” баригдсанаар суудлынхаа тоог цөөлж, хоёр дахь нь болжээ. Африк-Америк гаралт, алдарт жазз хөгжимчин Луис Армстронгоор “овоглосон” байна. Энэ хоёроос гадна үзэгчдийн суудалтай болон суудалгүй 17 кортонд тэмцээн явагддаг аж. Тэмцээний бусад үед олон нийтэд эдгээр корт нээлттэй бөгөөд цагийн 16 доллар төлөөд хэнбугай нь ч тоглож болно гэнэ. За тэгээд тэмцээний үед энд ирж “наадмын хуушуур” эргүүлэх гэсэн (энэ төвд үй олон түргэн хоолны болон уушны газар ажиллах бөгөөд тасалбар авч чадаагүй хүмүүс энд суугаад хоол унд идсэн шиг гадна байрлуулсан том дэлгэцэн дээр тэмцээнийг үздэг юм билээ) , олон арван (Wilson, Polo Ralph Lauren, Nike, Olympus  гэх мэт ) фирмийн дэлгүүрээс хямдралтай бараа, бэлэг дурсгалын зүйл худалдан авах гэсэн, теннисний элдэв цуглуулгаа өөр хоорондоо сольж холих, зарах, авах гэсэн хүмүүсээр дүүрэн. Мөн энд “Олон улсын теннисний алдрын  танхим” үзэсгэлэн ч гарсан байна лээ. Бас  Avenue of Ace’s гээд хандив өргөгчдийн нэрсийг мөнхөлдөг өргөн чөлөө байна. 1000 доллар хандивлаад өөрийнхөө болон гэр бүлийн нэрийг мөнхөлж болдог гэнэ. За тэгээд элдэв үзэж харах, зугаацах юм зөндөө, зөндөө.

Нэг үгээр теннисний “даншиг наадам” юм даа. Дашрамд дурьдахад тасалбарын дамчид төдийлэн ил харагдахгүй ч илүү тасалбар асууж сурагласан хүмүүс цөөнгүй байдгийг бодоход бас л “шагийн билет” байдаг бололтой. Хамгийн их эрэлт хэрэгцээтэй, асууж сураглаж байгаа нь  эрэгтэйчүүдийн финалын тоглолтын тасалбар. Би өөрийнхөө эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтын тасалбарыг үзэж чадахгүй болсноос хойш зардаг юм бил үү гэж нэг бодсоноо “эргээд хэзээ ч олдохгүй ховор дурсгал юм” гэсэн бодол маань давамгайлж, өөртөө үлдээсэн билээ.

“Их дуулгын” энэ жилийн сүүлчийн тэмцээнээс үзэж харснаа цухас дуулгахад энэ болой.

 

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.

            Флашинг Медоус, Нью Йорк. 2008 оны есдүгээр сарын 5-7.

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 07:48 | | уншсан: 586 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


saihan bolson bna miniihiig hiij uguurui good luck ulam ih sonirholtoi zuil hiigeerei
Бичсэн: Зочин цаг: 18:32, 2009-01-18 | Холбоос | |


big hug big hug
Бичсэн: Зочин цаг: 18:31, 2009-01-18 | Холбоос | |





:-)