МОНГОЛ ХОЁР БОКСЧИН ОЛИМПИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ
Зуны олимпийн XXIX наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болж байна. Манай хоёр боксчин хагас шигшээд шалгаран үлдсэнийг Та бүхэн сайн мэдэж буй.
48 кг-ийн жинд ОУХМ , Ази тивийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА мөнгөн медалийн төлөө Кубын боксчин, Пан Америкийн аварга Ямпьер Эрнандестай “тулалдахаар” эхлээд рингэнд гарлаа. Кубын бокчсноос манайхан дутах юмгүй , ялах бүрэн боломжтой гэдгийг З.Энхзориг маань харуулсан. Тиймээс ч Сэрдамба маань сайхан зоригтой тулалдлаа. Эхний раундад манай хүн нэг оноо салгаж, 1:0-ээр хошуучилсан. Харин хоёрдугаар раундад хоёр боксчин бие биенээсээ хоёр хоёр оноо авлаа. Гэхдээ манай Сэрдамба нийт оноогоор 3:2-оор тэргүүлсэн хэвээр. Гуравдугаар раундад Кубын Эрнандес тулааны тактикаа өөрчилж, ихэд шаргуу довтолж тоглосны үр дүнд 3.5-аар энэ раундад хошуучилж, нийт оноогоор Кубын тамирчин 7:6 –аар илүү боллоо. Шийдвэрлэх дөрөвдүгээр раундад манай Сэрдамба эхлээд нэг оноо алдан хоёр оноогоор хожигдож явсан ч тоглолтын төгсгөлд оноогоо нөхөн цаг дуусахын өмнөхөн 8:8 болголоо. Ингээд тулааны хугацаа дуусаж, хажуугийн шүүгчдийн дарсан сул оноогоор ялалтын эзнийг тодруулахад дэвжээний шүүгч улаан булангаас гарч тоглосон Монголын Пүрэвдоржийн СЭРДАМБЫН гарыг өргөн ялалтыг зарлалаа. Ийнхүү Монголын боксчдоос олимпийн анхны мөнгөн медалийн болзлыг хангаж, монгол “ширэн бээлийтэн” анх удаа Олимпийн аварга цол, алтан медалийн төлөө тоглох боллоо. Алтан медалийн төлөө П.Сэрдамба маань БНХАУ-ын тамирчин дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Зү Ши Минтэй тулалдах юм.
Монголчуудын маань сэтгэлийн хөөрөл намдаж амжаагүй шахам байхад, тодруулбал нэг тулааны дараа 54 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын БАДАР-УУГАН мөн л мөнгөн медалийн төлөө Молдавын Вечяслав Гоянтай өрсөлдөв. Манай боксчин эхнээсээ л илт давамгайлж, хурд, хүч, тактикаар илүүрхсэн. Эхний раундад 3:0-ээр, хоёрдугаар раундад 6:1-ээр, 2:1-ээр, төгсгөлийн дөрөвдүгээр раундад 2:0-ээр тус тус хожиж, 13:2 –оор илт давуу ялж, Монголын хоёр боксчин ОЛИМПИЙН АВАРГЫН төлөө тулалдах боллоо. Ууганн маань алтын төлөө Кубын боксчин Янкель Леон Аларконтай хүч үзнэ. Манай хоёрын тулаан наймдугаар сарын 24-нд буюу олимпийн хаалтын өдөр Бээжингийн цагаар 13:30 цагаас Сэрдамба, 14:06 цагаас Бадар-Ууган маань рингэнд дараалаад гарах юм.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)