“Бээжин-2008” Зуны олимпийн XXIX наадмын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгал дөнгөж сая өндөрлөв. Монгол Улсын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа урьдчилсан буудлагад Олимпийн рекордыг давтан, нэгээр финалд шалгаран, Монголчууд бид ч Олимпийн анхны аваргаа “өлгийдөн” авахаар догдлон хүлээж байлаа. Финалын буудлагад БНХАУ-ын тамирчин, 2006 оны дэлхийн аварга Чэн Янь тун сайн буудаж, манай тамирчны өмнө орон, Биднээс алтан медалийг маань “булаан” авлаа. Ийнхүү Гүндэгмаа дөрөв дэх Олимпоосоо мөнгөн медалийг Эх орондоо авчирч, Олимпоос медаль хүрсэн 16 дахь монгол хүн, хоёр дахь олимпийн медальт монгол бүсгүй, анхны мөнгөн медальт эмэгтэй тамирчин болж, Бээжингийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандууллаа. Монголын эмэгтэй тамирчдаас анхны олимпийн медалийг хүртэж байсан Доржсүрэнгийн Мөнхбаяр 16 жилийн дараа Олимпийн хүрэл медалиа ихэрлүүлэв. Хэдийгээр Германы нэрийн өмнөөс оролцсон ч шагналын тавцанд хоёр монгол хүн зогсож буйг харахад хичнээн таатай, монгол цус, монгол хүний авьяас чадлаар бахархахгүй байхын аргагүй байлаа.
Эмэгтэй 25 метрийн спорт гар буу. Шигшээ буудлага
Алтан медаль.Чэн Янь (БНХАУ) 793,4 оноо
Мөнгөн медаль.Отряд ГҮНДЭГМАА (МОНГОЛ) 792,2 оноо
Хүрэл медаль.Доржсүрэн МӨНХБАЯР (Герман) 789,2 оноо
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)
Боксынхон маань үнэхээр урамтай тогложийноо.