Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн зуны Олимпийн XXIX наадамд манай Монголын тамирчид одтой сайхан наадаж, ихэр алт, ижил мөнгөн медалийг эх орон, ард түмэндээ авчирсан билээ. Аливаа сайн зүйлд атаархагсад, хорсогчид дандаа байдаг болохоор Азербайжаны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, тэр ч байтугай Залуучууд, Спортын яамны сайд нь хүртэл “Монголын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаярыг “допинг” хэрэглэсэн нь шалгалтаар нотлогдсон. Тэгэхээр түүнд ялагдсан манай тамирчин мөнгөн медаль авах болно” гэх мэтээр элдвээр гүжирдсэн. й
Хэдийгээр энэ үгийг манайхан үл тоож, огтхон ч эргэлзэхгүйгээр Олимпийн аваргадаа итгэж байгаа боловч баттай эх сурвалжаас бас тодотгож, худал цуурхалд цэг тавихыг хүслээ.
Юуны өмнө Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэргэдэх Допингийн эсрэг төвийн мэргэжилтэн Н.Цогтсайхантай холбогдож энэ талаар тодруулахад “Энэ бол огт худлаа цуурхал. Манай төв Олимпийн өмнө бүх тамирчдаасаа допингийн шинжилгээ авсан. Ямар ч зөрчил гараагүй ээ. Энэ талаар итгэлтэй байж болно” хэмээн хариулав.
Манай хүнийг цэнхэр өнгийн юм барилдахынхаа өмнө уусан гээд бичсэн байсан гэнэ лээ. Тэр нь “Shilena” гэдэг нэртэй ердийн хүнсний нэмэлт тэжээл байсан гэдэг нь ч тодорхой болов. Нээрээ ч тийм л допинг хэрэглэх юм бол юу гэж л тэр олон хүний нүдэн дээр ив ил уугаад, идээд сууж байв гэж дээ, энэ азербайжанууд бүүр инээд хүргэчих юм аа.
Эцэст нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) гэж байгууллага бий. Энэ байгууллагын гаргасан Дэлхийн допингийн эсрэг дүрэм гээд бий. Энэ дүрэм нь уралдаан тэмцээний үед допингийн шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсэн баримт бичиг юм. Дэлхийн Допингийн эсрэг агентлаг /WADA/, Олон Улсын Олимпийн Хорооноос батламжилсан энэхүү баримт бичиг нь допингийн тодорхойлолт, шинжилгээ хийх аргачлал, хариуг зарлах, допингийн шалгалтанд унасан тамирчдад хүлээлгэх хариуцлага, хориотой эмийн жагсаалт зэрэг допингийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой бүх зохицуулалтыг багтаадаг.
Энэ дүрэмд Олимпийн наадмын үеэр допингийн тухай асуудлыг 24 цагийн дотор мэдэгдэн эцэслэн шийдвэрлэнэ гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Тэгвэл манай Н.Түвшинбаяр наймдугаар сарын 14-нд алтан медаль авсан. Түүнээс хойш 24 цаг байтугай хорь гаруй хоног болчихсон байгаа биз дээ. Ингэхээр дахин хэлэхэд огт үндэсгүй энэ дэмий ярианд олн түмэн минь анхаарал хандуулсны хэрэггүй ээ. Олимпийн аваргадаа итгэж болноо.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)