2008-08-08
“БЭЭЖИН-2008”-ийн ЭРГЭН ТОЙРОНД

 

 

“БЭЭЖИН-2008”-ийн ЭРГЭН ТОЙРОНД

 

Зуны олимпийн ХХIХ наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Хүн төрөлхтний аугаа их баяр наадмыг үзэхээр сэтгэл доглон, тэсч ядан хүлээж буй спортын хорхойтнууддаа “хоолны өмнө шийр зугаа” болгон бичл хэдэн мэдээг хүргэе.

 

Сүлд дууг ямар хэл дээр дуулах вэ?

 

“Бээжин-2008” Олимпийн албан ёсны сүлд дуу  нээлтийн ёслолын ажиллагааны үеэр анх удаа олны сонорыг мялаах ажээ. Уг дууг Их Британийн поп од Сара Брайтман дуулах бөгөөд түүнтэй Хятадын дуучин Лю хуань хорших гэнэ. Харин зохион байгуулагчид одоог хүртэл Олимпийн сүлд дуу ямар хэл дээр дуулагдахыг нууцалж байгаа юм байна.

 

Хэдэн цаг үргэлжлэх вэ?

 

Зуны 29 дүгээр Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа “Шувууны үүр” нэртэй Олимпийн төв цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар оройн 8 цагаас эхэлнэ. Нээлтийн ёслолын ажиллагаа нилээд хэдэн цаг үргэлжлэх агаад шоу тоглолт гэхэд л 75 минут, Олимпод оролцох 205 орны баг тамирчдын парад гэхэд 2,5 цаг үргэлжлэх ажээ.

 

“За” ба “Үгүй” гэсэн  Төрийн тэргүүнүүд

 

Олимпийн нээлтийн ажиллагаанд дэлхийн улс орны 95 төрийн тэргүүн оролцохоор албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Эдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин, Японы Ерөнхий сайд Ясуо Фукуда гэх мэт томчууд байгаа аж. Мөн “Бээжин-2008” олимпийн нээлтэд оролцохыг албан ёсоор татгалзсан тэргүүнүүд ч байна. Тухайлбал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Германы Канцлер Ангела Меркель, Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский, Украйны Ерөнхийлөгч Виктор Ющенко нар Бээжинд ирэхээс татгалзжээ.

 

Олимпийн бамбарыг хэн асаах бол?

 

Олон хүн “Бээжин-2008” олимпийн бамбарыг хэн асаах бол хэмээн сонирхож байгаа нь лав. Зарим сурвалжаас үзэхэд Олимпийн бамбарыг нэг биш бүүр таван хүн асаах юм гэж мэдэгдэж байгаа. Олимпийн бэлгэдэл таван цагариг, мөн “Бээжин-2008” олимпийн бэлгэдэл сахиус ч мөн тавын тоотой болохоор магадгүй л хэрэг. Гэхдээ БНХАУ-ын алдарт гимнастикч Ли Нинь Олимпийн бамбарыг асаана гэсэн мэдээ бас түгээд байна. Хятадын домогт гимнастикч Ли Нинь №%,- оны ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртэж, 1984 оны Лос Анжелесийн олимпоос гурван алт, хошой мөнгө, нэг хүрэл медаль авч байсан манай гаригийн шилдэг тамирчны нэг юм. 1988 онд гэмтлийн улмаас зодог тайлж, их спортоо орхисон Ли Нинь 1990 онд “LI NING” хэмээх өөрийнхөө нэрээр нэрлэсэн спортын хувцас хэрэгслийн компанийг байгуулсан бөгөөд эдүгээ тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд захирлуудын зөвлөлийг удирддаг гэнэ. Энэ дашрамд өгүүлэхэд “Бээжин-2008” олимпод оролцох Монголын баг тамирчид “Li Ning” фирмийн хувцасаар гангарах дөхсөн бөгөөд эцсийн мөчид сүмогийн их аварга Д.Дагвадоржийн ивээн тэтгэлгээр Японы “MIZUNO” фирмийн спортын хувцсыг сонгосон билээ.

 

Хоёр Солонгос тусдаа жагсана

 

“Сидней-2000”, “Афин-2004” Олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд нэгэн тугийн доор жагссан Өмнөд болон Хойд Солонгосын баг тамирчид энэ удаа тус тусдаа жагсахаар болжээ. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн эрхийг авсан БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мюн Бакын консерватив үзэлтнүүд урьд өмнөх нааштай хэлэлцэгдсэн бүхий л гэрээ, хэлэлцээрийг цуцалсантай холбоотой гэнэ.

 

Сагсчин тугчид

 

Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны гол цөм нь оролцогч орнуудын баг тамирчдын парад байдаг. Уламжлал ёслолын тамирчдын жагсаалыг Олимпийн өлгий нутаг Герекийн баг тамирчид манлайлан цэнгэлдэхэд орж ирэх бөгөөд хамгийн төгсгөлд нь зохион байгуулагч БНХАУ-ын баг тамирчид явах юм. Улс орныхоо Төрийн далбааг барьж жагсах тугчин болох хүндтэй үүрэг тамирчин болгонд заяадаггүй билээ. Тиймээс ч хамгийн шилдэг тамирчдаараа ҮОХ-д Төрийнхөө далбааг залах тугчнаар томилдог ажгуу. Энэ олимпод сагсчдыг тугчнаар сонгосон орон цөөнгүй байна. Тухайлбал ОХУ-ын тугийг “Юта жазз” багийн тоглогч Андрей Кириленко, БНХАУ-ын тугийг “Хьюсто рокитс”-ийн тоглогч Яо Минь, Германы тугийг “Даллас маверикс” багийн Дирк Новицки нар нээлтийн ажиллагаанд барьж жагсах нь. Хоёр метрээс дээш өндөртэй , чацархаг тугчид үнэхээр сүрлэг сайхан харагдах биз ээ. Манайх хэдийгээр сагсчин байхгүй ч багтаа л хамгийн биерхүүд тооцогдох , жүдоч М.Баяржавхланг Монголын багийн тугчнаар сонгосон нь бас ийм нарийн учиртай ч байсан байж мэднэ. Учир нь Монголын олимпийн гол найдварууд болох Б.Наранбаатар (чөлөөт бөх , 55 кг), Х.Цагаанбаатар (жүдоч, 60 кг), Э.Бадар-Ууган (бокс, 54 кг) гээд ихэнх нь “хөнгөн жингийнхэн” билээ.

 

                                                                  Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

 

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 05:50 | | уншсан: 818 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэлийг нь нэг болгоё доо
За тэгээд Энхтүвшин ахдаа ажлын өндөр амжилт хүсье
big grin
Бичсэн: Oko (зочин) цаг: 11:59, 2008-10-21 | Холбоос | |





:-)