МАНАЙ ЖҮДОЧДИЙН УЧРАА ТОДОРХОЙ БОЛЛОО
“Бээжин-2008” Зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 9-15-нд Бээжингийн Шинжлэх ухаан , Технологийн Их сургуулийн спортын ордонд болох бөгөөд Монголын багаас хамгийн олон тамирчин оролцох спортын төрөл юм. Тиймээс ч манайхан жүдогийн тэмцээнд анхаарлаа ихээхэн хандуулж, найдлага ч их тавьж байгаа. “Цагаан өмсгөлтнүүд” маань өмнө нь Олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль авчирч байсан түүхтэй.
Өнөөдөр жүдо бөхийн барилдааны техникийн зөвлөгөөн болж, сугалаа хийгдлээ. Жүдо бөхийн тэмцээний урьдчилсан барилдаан өдрийн 12 цагаас эхэлж, шигшээ барилдаан тухайн өдрийн оройн 18 цагаас эхлэн явагдаж, медалийн эзэд тодрох юм.
Энэ удаа жүдочдоос “Афин-2004” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Хашбаатарын ЦАГААНБААТАР хамгийн эхлээд буюу наймдугаар сарын 9-ний 12 цагаас татами дээр гарах юм. Манай бөхийн эхний учраа нь Израйлийн жүдоч Галь Екютел. 27 настай энэ бөх Европын АШТ-ий хүрэл медальтай , Дэлхийн цомын болон Супер Дэлхийн цомын мөнгө, хүрэл медаль хүртэж байсан аж. Манай жүдоч Израйлийн бөхийг ялбал хоёрдугаар тойрогт Францын Дмитрий Драгинтай, Гүржийн Нестор Кержиани нарын хэн ялсантай барилдах юм. Францын хар арьст бөх Дэлхийн цомын хошой алтан медальтай . Харин Гүржийн Кержиани бол олон жил тогтвортой сайн барилдаж буй бөх билээ. Тэрбээр Афины олимпийн хүрэл медальтай бөгөөд дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй туршлагатай жүдочдын нэг. Манай Цагаанаа ч түүнтэй нилээд хэд таарч барилдаж байсан учир барилдааныг нь сайн мэдэх байх. Хэрэв энэ хоёр барилдаанд манай Цагаанаа ялбал хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Руслан Кишмаков- Йемений Али Хусруф, Хятадын Лю Рэн Вэнь- Казахстаны Саламат Утурбаев нараас шалгаран гарч ирсэнтэй нь барилдах юм. Цагаанбаатарын дээр дурьдсан бөхчүүдийг хэнийг нь ч ялах бүрэн боломжтой бөгөөд сугалаа ээлтэй таарсан гэж болох юм. Нэг үгээр хэлэхэд медаль авах магадлал ихээхэн байна.
Наймдугаар сарын 10-нд эмэгтэй жүдочдын “салхийг” ОУХМ Мөнхбаатарын БУНДМАА хагална. 52 кг-ийн жинд нийт 22 бөх барилдах бөгөөд манай Бундмаа эхлээд Испанийн Ана Карраскосатай барилдана. Хэрэв түүнийг ялбал хоёрдугаар тойрогтоо БНХАУ-ын бөх, 2004 оны Олимпийн аварга Шянь Дүн Мэйтэй учраа таарах ажээ. Хятадын бөхийг ялсан тохиолдолд ОХУ-ын А.Харитонова-Португалын Тельма Монтеро нарын хэн ялсантай хэсгийн аваргын төлөө барилдах оноолт таарчээ.
Наймдугаар сарын 11-нд эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаан болно. 73 кг-ийн жинд ОХУМ Гантөмөрийн ДАШДАВАА эхний тойрогт АНУ-ын бөх Райан Ресертэй хүч үзнэ. Америкийн бөх дэлхийн цомын хошой хүрэл медальтай юм билээ. Гэхдээ Дашдаваа ялах бүрэн боломжтой. Хэрэв түүнийг хожвол дараа нь Польшийн Кржиштоф Вилкомирски-Латвийн Всеволод Зелёныс нарын хэн давсантай нь хүч үзнэ. Латвийн бөх олимп, дэлхийн хүрэл медальтай, Польшийн бөх дэлхийн аваргын хүрэлтэй. Дашдаваа хоёр давбал хэсгийн аваргын төлөө Канадын Николас Триттон-Португалын Жоао Пинту,Японы Юсүкэ Канамару-Ираны Али Маламат нараас шалгарсантай нь барилдана.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Хишигбатын ЭРДЭНЭТ-ОД барилдана. Олимпийн наадамд дөрөв дэх удаагаа оролцож буй манай хашир туршлагатай бөх маань эхний тойрогт гоц мөргөсөн. Хоёрын даваанд Германы Ивонне Бониш- Италийн Жюлия Чинтавалле нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Германы бөх бол 2004 оны олимпийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальтай шилдэг жүдочдын нэг.
Манай Эрдэнэт-Од энэ даваанд давбал Францын бөх Европын аварга Барбара Харел- БНАСАУ-ын бөх, Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, мөн мөнгө, хүрэл медальт Ки Сун Хуй нарын давсантай учраа таарах юм. Эрдэнэт-Одын хувьд нилээд хүндхэн хэсэгт сугаллаа. Гэвч аваргыг ялж авара болдог гэдэг үг байдаг даа.
Наймдугаар сарын 12-нд эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийнхний барилдаан болно. Манай ОХУМ Дамдинхүүгийн НЯМХҮҮ эхний тойрогтоо гоц мөргөнө. Харин хоёрдугаар тойрогт 2005 оны аварга, 2007 оны ДАШТ-ий хүрэл медальт Холландын бөх Гильоме Элмонттой таарсан. Түүнийг давбал Пуэрто-Рикогийн Б.Абдеррамал- Италийн бөх , Сиднейн Олимпийн аварга Жузеппе Маддалони нарын хэн ялсантай нь учрахаар байна. Хэрэв хоёр давчихвал хэсгийн аваргын төлөө Тунис, Монтенегро, Экваторын Гвиней, БНХАУ, Арубагийн бөхчүүдээс шалгарсантай хүч үзэх оноолттой юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд ОУХМ манай Түмэн-Одын БАТТӨГС эхний тойрогт гоц мөргөнө. Дараа нь дэлхийн аваргын хүрэл медальт Германы бөх Анна вон Харниер-Америкийн Самао улсын Силулу А Этону нарын хэн ялсантай барилдана. Хэрэв хожвол ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ,Францын жүдоч Люсе Декоссе , Словений бөх олимп, дэлхийн хүрэл медальт Урска Золнир-Израйлийн бөх Элис Шлезингер нараас шалгарч гарсантай нь хэсгийн аваргын төлөө барилдана.
Наймдугаар сарын 14-нд эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд ОУХМ Найдангийн ТҮВШИНБАЯР эхлээд Афины олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы бөх Кэйжи Сузукитай барилдана. Түүнийг ялбал ОХУ-ын Руслан Гасымов-Германы Бенжамин Берла нарын хожсонтой таарахаар байгаа.
Эдгээр учраануудыг ялж, хоёр давбал хэсгийн аваргын төлөө Венесуэл-БНСУ, Куба-Австралийн бөхчүүдээс шалгарч гарч ирсэнтэй хүч үзэх юм.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн -78 кг кг-ийн жинд ОУХМ Пүрэвжаргалын ЛХАМДЭГД эхлээд гоц мөргөөд дараа нь БНХАУ-ын Ян ШюЛи-Киргизстаны Елена Проскуракова нарын хэн давсантай нь барилдаж, дараа нь Австралийн Стефани Грант-Канадын Мэрилайз Левески нарын ялагчтай учраа таарна. Харин хэсгийн аваргын төлөө өрсөлдөхөөр болбол Италийн бөх олимпийн хүрэл медальт Люсиа Морико,Японы бөх дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Сае Наказава, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Бразилийн Эдинанси Сильва, ОХУ-ын Вера Москалюк,Испанийн Эстер Сан Мигель нараас хэн шалгарч гарч ирсэнтэй таарахаар байна.
Наймдугаар сарын 15-нд эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд ОУХМ Махгалын БАЯРЖАВХЛАН эхний тойрогт гоц мөргөх бөгөөд дараа нь Европын хошой мөнгөн медальт Польшийн Януш Воянаровичийг ялбал Узбекистаны бөх, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Абдулло Тангриев- Европын аварга Германы Андреас Толзер нарын хожсонтой хүч үзнэ. Дийлсэн тохиолдолд Францын бөх дэлхийн аварга Теди Рине болон Тунисын Анис Чедли, Австралийн Семир Пепич,Елдос Ихсангалиев нараас шалгарсантай нь хэсгийн аваргын төлөө барилдана.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд гавъяат тамирчин Доржготовын ЦЭРЭНХАНД эхний тойрогт гоц мөргөнө. Дараа нь Холландын Карола Уиленхоедтой барилдан ялбал хэсгийн аваргын төлөө Казахстаны Гульжан Иссанова-Польшийн Урсула Садковска болон Словений бөх, дэлхийн аваргын мөнгөн медальт Люсия Полавдер нарын давсантай нь барилдана.
Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо нь Азийн Жүдо бөхийн Холбооны онооны системийг эс зөвшөөрч нэг улсаас нэг тамирчин хоёр жинд эрх авбал аль нэгийг нь хүчингүй болгоно гэсэн шийдвэрийг өнгөрөгч сарын сүүлчээр гаргаснаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдах ёстой байсан ОУХМ С. МИЯРАГЧАА тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Энэ жинд гавъяат тамирчин Х. Цагаанбаатар цуглуулсан оноогоороо тивдээ тэргүүлж, эрх авсан боловч дээрхи шийдвэрийн дагуу түүнийг дэлхийн аваргаас эрх авсан 60 кг-д орохыг зөвшөөрч, үлдсэн 66 кг-д авсан эрхийг цуцалсан байна.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)