Зуны олимпийн XXIX наадмын хөлбөмбөгийн тэмцээн Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанаас хоёр хоногийн өмнө буюу өчигдөр “гэзэгт” хөлбөмбөгчдийн тоглолтоор эхэлснийг бид мэдээлсэн. Өнөөдөр (08.07) эрэгтэйчүүдийн хэсгийн эхний тоглолтууд явагдлаа. “Бээжин-2008” Олимпийн хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээнд урьдчилсан тэмцээнээс шалгарсан шилдэг 16 баг өрсөлдөж байгаа.
“А” хэсэгт Аргентин, Автрали, Серб, Кот д’ Ивуар
“В” хэсэгт Холланд, АНУ, Япон, Нигери
“С” хэсэгт Бразил, БНХАУ, Бельги, Шинэ Зеланд
“Д” хэсэгт Итали, Камерун, Хондурас, БНСУ –ын багууд оноолт таарсан. Хэсгээсээ нэг, хоёроор шалгарсан багууд цаашид хасагдах журмаар тоглох юм.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) болон ОУОХ-ны хамтарсан журам ёсоор Олимпийн наадамд 23-аас доош насны тоглогчид оролцох ёстой байдаг. Гэхдээ баг тус бүр бүрэлдэхүүндээ 23-аас дээш насны гурван тоглогч авахыг зөвшөөрдөг билээ.
“Бээжин-2008” Олимпийн наадмын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээний аваргын төлөө өрсөлдөх гол багт Өмнөд Америкийн хоёр орон тооцогдож байна. Мэдээж хөлбөмбөгийн “уран дархчууд”, “ид шидтэнүүд” гэгддэг Бразилчууд ямар ч тэмцээнд аваргын л төлөө өрсөлддөг. Бразилийн Олимпийн багийг шигшээ багийн дасгалжуулагч Дунга удирдаж буй бөгөөд супер од Роналдиньо тэргүүтэй Пато, Диегу, Андерсон, Жо, Марсело, Брену гээд Европын шилдэг багуудад тоглодог, хэдийнэ “од” болсон тоглогчид байгаа нь тэднийг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж зүй ёсоор нэрлэхэд хүргэж байгаа билээ. Дээр нь Бразилийн хөлбөмбөгчид Олимпийн аварга цолыг хэзээ ч хүртэж байгаагүй. Тэгэхээр тэдэнд алтан медаль авах маш их хүсэл мөрөөдөл байгаа нь улам давуу байдал олгож буй байх.
Тэдний гол өрсөлдөгч нь “мөнхийн дайсан” хөрш Аргентин нь. Афины олимпод хожигдох нь бүү хэл хаалгандаа ганц ч гоол алдалгүй түрүүлсэн Аргентиний хөлбөмбөгчид бүрэлдэхүүний хувьд Бразилиас огтхон ч дутахгүй. Лионель Месси, Агуэро, Банега, Гагу нарын залуу одод дээр хашир туршлагатай Рикельме, Машерано нарыг дурьдахад л хангалттай. Өнгөрсөн жил залуучуудын дэлхийн аварга болсон бүрэлдэхүүн дээрээ түшиглэсэн энэ баг финалд торолгүй үлдэх болов уу? Дашрамд дурьдахад Афины олимпийн аварга, Английн “Ливерпуль”-д тоглодог Машеранод Олимпийн хошой аварга болох боломж ч байна.
Эхний тоглолтуудаас харахад цаг агаарын байдал маш халуун, бүгчим байгаа нь хөлбөмбөгчдийн “гол өрсөлдөгч” болж буй нь тодорхой. Хэрэв цаг агаарын энэ байдлыг давж чадвал Итали, Холланд, Сербийн багууд медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой. Холланд сүүлийн хоёр залуучуудын Европын аваргад түрүүлсэн бол Сербийн залуус өнгөрсөн жил Европт үзүүрлэж байсан хүчтэй багаа ирүүлжээ.
Харин цаг агаарт ажралгүй тоглох , тэгээд биеийн хүчний бэлтгэл, тэвчээрээр өрсөлдөгчдөөсөө ялгардаг Африкийн багууд бас л медалийн төлөө гараад ирэхэд гайхах зүйлгүй. Сүүлийн гурван олимпийн хоёрт нь “Хар тив”-ийн хөлбөмбөгчид аваргалсныг ч мартаж болохгүй. Ялангуяа гурван жилийн өмнө залуучуудын дэлхийн аваргын шигшээ тоглолтод шалгарч байсан тоглогчдоо авчирсан Нигерийн баг тун хүчтэй өрсөлдөх болов уу?
За ямар ч байсан олимпийн ногоон талбайд дэлхийн хэмжээний одод, хүчтэй өрсөлдөгчид, нэр алдарт хүрэхийг хүсч буй шижигнэсэн залуус бүгд л байна. Тэгэхээр үнэхээр сонирхолтой тоглолтууд гарах нь гарцаагүй ээ. Ингээд эхний тоглолтуудын дүнг сонирхуулья.
“А” хэсэг
АРГЕНТИН- КОТ Д’ ИВУАР 2:1
“Челси”-ийн Саломон Калу тэргүүтэй Дрогбагийн нутгийн хөлбөмбөгчид Аргентиний хүчирхэг багтай тун тэнцүү өрсөлдөв. Ялалтын бөмбөгийг аргентинчүүд тоглолтын цаг дуусахаас ердөө дөрөвхөн минутын өмнө оруулсан. Тоглолтын “салхийг” Аргентиний шигшээ “БАРСА”-ийн залуу од Месси 43 дахь минутад хагалсан бол Кот д’ Ивуарын Сесси 53 дахь минутад тооны харьцааг тэнцүүлсэн. Эхний үед Аргентинчүүд талбайн гол хэсэгт “ноёрхож”, илүү гоё тоглолт үзүүлж байсан бол хоёрдугаар үед Хятадын халуун нар, бүгчим агаар тэднийг сульдаасан нь Африкчуудад илүү боломж олгосон юм. Гэсэн хэдий ч тоглолтын төгсгөлд Мессигийн гайхамшигт дамжуулалтын ачаар Акоста өрдөө хөл тавиад л хожил багтаа авчирлаа. Кот д’ Ивуарын багаас Жервиньо хэмээх залууг онцлон дурьдах хэрэгтэй. Уран гоё хууралт, оновчтой дамжуулалт , хурд гээд шилдэг хөлбөмбөгчид байх бүх чанар энэ 21 настай залууд байна. Одоогоор Францын “Ле Ман” багт тоглож буй Жервиньо удахгүй Европын томоохон багуудад очих буй заа. Та бүхэн ч нэрийг нь тогтоогоод авчихад илүүдэхгүй байх. Жервиньо гээд бразил нэртэй ч жинхэнэ нэр нь Жерве Яо Куасси юм билээ шүү!
АВСТРАЛИ-СЕРБ 1:1
“В” хэсэг
АНУ-ЯПОН 1:0
Япончуудад энэ өдөр жаахан аз дутсан төдийгүй, шүүгчийн эргэлзээтэй шийдвэрүүд хожигдол авчирлаа. Тоглолтын сүүл хэсэгт шүүгч гарцаагүй “пенальти”-г Японы багт өгөөгүй юм.
ХОЛЛАНД-НИГЕРИ 0:0
“С” хэсэг
БРАЗИЛ-БЕЛЬГИ 1:0
Тоглолтын цорын ганц гоолыг Бразилийн шинэ оддын нэг Эрнанес 79 дэх минутад оруулсан. Алдарт Роналдиньо Бразилийн багийн ахлагчийн туузыг зүүн талбайд гарсан.
БНХАУ-ШИНЭ ЗЕЛАНД 1:1
“D” хэсэг
ИТАЛИ-ХОНДУРАС 3:0
Италичууд гурван гоолын хоёрыг нь 11 метрийн торгуулийн цохилтоос орууллаа.
БНСУ-КАМЕРУН 1:1
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)