ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-4
Зуны Олимпийн XXIX наадмыг сурвалжилж буй “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.
“Их цэрэг” Юань гүрний нийслэлд хөл тавив
Монголын Олимпийн багийн хамгийн олон хүнтэй төлөөлөгчдийн хэсэг өчигдөр эртний Юань гүрний нийслэлд хөл тавьж, Олимпийн тосгоныг “дайлаар мордов”. Энэ хэсэгт анх удаа олимпод оролцож буй усан спортын хоёр залуу тамирчнаас авахуулаад 1980 оны Москвагийн олимпийн багш, шавь жүдогийн гавьяат Ч.Насантогтох, Ц.Дамдин нар хүртэл багтсан юм.
Монголын олимпийн хамгийн залуу Chef-de-Mission
Chef-de-Mission гэдэг бол “үүрэг хүлээсэн дарга” гэсэн утгатай франц үг билээ. Энэ бол хүлээн авалт хэсч, хүндэтгэл магтаал хүртэх гэсэн үг огт биш харин Team MONGOLIA-г уран чадварлаг удирдан, уралдаан тэмцээний талбарт гавьяа байгуулж, тэнгэрлэг “жанжин” байхын хувь заяа бөлгөө. Зуны спортын XXIX олимпийн наадамд Монгол Улсын багийг ахалж буй Данзандоржийн Баясгалан (МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч) өдгөө 40 настай бөгөөд хамгийн залуудаа Chef-de-Mission цол хүртсэн хүнээр тодорлоо. 1964 онд Г.Балдоо, 1968 онд А.Равсал, 1972, 1976 онд Д.Цэрэндаш, 1980 онд Ц.Жамсранжав, 1988 онд А.Олзбаяр, 1992 онд Ч.Насантогтох, 1996 онд С.Жамц, 2000 онд Д.Загдсүрэн, 2004 онд Ж.Отгонцагаан нар энэ эрхэм нэр хүндтэй, нэн хариуцлагатай албыг хашиж, нийт 15 медалийн “ ургац” хураасан түүхтэй.
Technogym-ийн монгол чимэг
Дэлхийд зартай Италийн фитнессийн TechnoGym компани энэ удаа аанай л Олимпод тоног төхөөрөмжөө нийлүүлэн, олон орны тамирчдын талархлыг хүлээсээр байна. Хамгийн сонирхолтой бөгөөд онцлог нь энэхүү компанийн танилцуулгын нүүр хавтсыг Монголын тамирчин, марафон гүйгч Дэмбээгийн ЦЭРЭНПИЛИЙН зургаар чимэглэсэн нь Олимпийн тосгоноор “ухуулах хуудас” мэт тараастай. Харин Цээпээгийн “ах” Б.Сэр-Од “дүүгийнхээ” чимэглэсэн аппарат хэрэгсэл дээр бэлтгэл сургуулиа базаагаастай.
“Агч модны навч”-Ар Монголын Лхамаа
Монголын “мэргэн бууч” бүсгүй До.Мөнхбаяр Герман Улсын иргэн болоод зургаан жилийн нүүрийг үзэж, Германы нэрийн өмнөөс “зодоглож” буй хоёр дахь олимпдоо Франкфурт хотоос нисэн ирж, немц “шувууны үүрэндээ” тухаллаа. Харин Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн албан ёсны багшаар Найдангийн Лхамсүрэн гэдэг “ганган” залуу “агч модны навчтай” хувцастай , алсын Ванкуверээс Бээжинд буулаа. Сиднейн олимпод зочноор уригдаж байсан , “Хүч” спорт хорооны “ганган” хэмээх Лхамаа хэдэн жилийн өмнө хоккейн эх орныг зорьсон агаад түүний клубын гурван шавь нь олимпийн эрхээ авч, ардчилалтай Канад орон ар Монголын багшийг олимпийн багийн эгнээндээ оруулсан нь энэ бөлгөө. Т.Зүүнбаян нарын олон шавь бэлтгэсэн Н.Лхамаа энэ удаа канад шавь нарынхаа дээлийн захыг мушгин, дэвжээний захад алба хаших нь ээ.
Сонгуулийн дараахь сонгууль
Монголд одоо болтол хэрүүл нь дуусаагүй байгаа сонгуулийн дараа манай тамирчид ОУОХ-ны Тамирчдын комисст нэр дэвшсэн 30 тамирчны төлөө саналаа өгч эхлэв. Энэ сонгуульд Монголын Улсын гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од дэлхийн жүдочдыг ганцаараа төлөөлөн өрсөлдөж байна. Түүний төлөө жүдог шүтэгч олон арван тамирчин саналаа өгнө гэдгээ илэрхийлж байгаа билээ. Санал хураалтад хамгийн түрүүн боксын Э.Бадар-Ууган, З.Энхзориг нар дөрвөн гишүүнээ дугуйлав.
Анхдагч
Монголын багаас “Бээжин-2008” Олимпийн наадмын “салхийг” хамгийн түрүүнд урт бууны тамирчин Зоригтын Батхуяг хагална. Тэрбээр “Сидней-2000” олимпод “сумаа өргөж” явсан нэгэн агаад Дэлхийн цомоос хүрэл медаль зүүсэн “винтовчин” бүсгүй гэдгийг манай спорт сонирхогчид сайн мэдэх биз. Батхуягын өрсөлдөх төрөлд медаль хүртэгсдэд ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге Олимпийн анхны медалийг гардуулах “протокол”-той гэнэ.
Жүдоч Консул
Саяхан урд хөршийн ЭСЯ-нд Консулаар тохоон томилогдсон Я.Ариунболд цагтаа шаггүй жүдоч байсан гэнэм. Тэр ч бүү хэл мань эр хүнд жинд улсын аварга цол хүртэл хүртэж байсан бөгөөд дараа нь цагаан кимоногоо цагаан “сорочка” цамцаар сольж, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэж, дипломатын албаа эхэлжээ.
Одод
Олимпийн тосгонд “нохой шуугиулсан” хэд хэдэн од хэдийнээ тухлаад байгаагийн дотор Испанийн сагсанбөмбөгч, NBA-ийн “Лос Анжелес Лэйкерз” багийн төвийн тоглогч Пау Газоль, Германы шигшээ болон “Даллас” багийн тоглогч Дирк Новицки, Оросын “АК-47” хэмээн алдаршсан, “Юта жазз” багийн тоглогч Андрей Кириленко нар “эрэлт хэрэгцээ” их байна. Харин хуучин оддоос Кубын домогт боксчин, Олимпийн гурван удаагийн аварга Теофило Стивенсон бас л “моодноос” гарах болоогүй ажээ.