“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН,
Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.
БҮЛ НЭМЭВ
Монголын Олимпийн баг бүл нэмсээр байна. Өнөөдөр хүндийг өргөлтийн ганц дайчин Н.Баярмаа бүсгүй багш Б.Гансүхийн хамт, буудлагын Ц.Мөнхзул дасгалжуулагч Б.Алтанцэцэгийн цуг Олимпийн тосгонд ирсэн бол жүдо бөхийн багийн “толгойн сэргийлэх” М.Бөхбат мөн үүрийн таван жингээр өмнөд хөршид нэвтэрч амжжээ. Ийнхүү 1972 оны Мюнхений олимпийн жүдогийн эрэгтэйчшшдийн шигшээ баг, 1992 оны Барселоны олимпийн эмэгтэй жүдочдын “торгон жолоог” атгаж байсан гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны хүү Бөхөө маань аавынхаа Олимпийн замналаар замнасан нь бахархалтай.
ДҮРС ,ҮСГИЙН ДАРААЛЛААР
Олимпийн нээлтийн ажиллагаан жагсах багуудыг хятад ханз үсгийн зурлагын дагуу дараалуулан жагсаах болсон байна. Тэгэхээр “Мэнг Гу” гэдэг Монгол Улсын анхны ханз нь 13 зурлагатай агаад аль хавиар орохыг одоогоор хэлэхэд бэрх ажээ. Өмнө нь “Сөүл-1988” олимпод Солонгос үсгийн “Ханг Гил”-ийн дагуу, “Афин-2004” –т грек цагаан толгойн дагуу багууд жагсаж байсан түүхтэй.
МОНГОЛ НЭРНИЙ ДАСГАЛ
Одоогоор NBC-ийн Л.Ник, NH{-ийн К.Кудо зэрэг дэлхийд зартай ТВ-ийн тайлбарлагчид Монголын ҮОХ-ны штабтай холбогдон , Монголын багийн ахлагч, туг баригч, манайхны онцлогын талаар тасралтгүй асууж лавласаар байна. Тэдэнд хамгийн хэцүү нь монголчуудын нэр гэнэ. Данзандоржийн Баясгалан, Махгалын Баяржавхлан гэж хэлэхийн тулд цөөнгүй цаг хичээллэж байгаа гэсэн шүү!
МӨНГӨӨ ТӨЛ!
Олимпийн наадам бүрт Үнэсний Олимпийн Хороодын штабт нэг компьютерийг бүтэн ажиллагаатайгаар нь шуурхай угсарч өгдөг тогтсон уламжлал байдаг билээ. Гэтэл энэ удаа BOCOG (Бээжингийн олимпийг зохион байгуулах хороо) адайр зан гаргаж, оффисын компьютер холбуулах ҮОХ бүрийг 7712 юань буюу 1000 орчим америк доллар төлөхийг шаардав. Африк, Ази, Латин Америкийн буурай орнууд тэмцээд барсангүй, тэмцэл яриа өрнөсөөр, олимп ойртсоор.
ОЛИМПИЙН ӨВӨӨГИЙН “НАСАН БАЯР”
Ардаа 19 Олимпийг орхисон “Олимпийн өвөө” Ш.Магван бараа бологчдоо дагуулан , баахан туслах бужигнуулсаар “Бээжин” буурчийн газрын тансаг өрөөнд тухлан, маргаашнаас ОУОХ-ны чуулгандаа сууж эхлэх гэж байна. 1977 оноос ОУОХ-ны гишүүн хэмээх эрхэм хүндэт албыг нэр хүндтэй хашиж буй өвөө маань энэ наймдугаар сарын 20-нд нас сүүдэр 81 хүрэх юм. Олимпийн өвөөгийнхөө “насан баяр”-ыг Олимпийн медалиар угаах юмсан.
ИРАКТ ТУСЛАСАН ЗҮТГЭЛТЭН
ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Т.Бах (Герман)-ын ачаар Иракийн тамирчдын төлөөлөл “Бээжин-2008” олимпод оролцохоор боллоо. Лозанн хотноо болсон уулзалтын үеэр Т.Бах Иракийн Засгийн газрын тэргүүн Н.Малкитай үр ашигтай яриа хэлэлцээ өрнүүлснээр ийн асуудал нааштай шийдэгдэж , ОУОХ-ны ерөнхийлөгч Ж.Роггегийн сэтгэлийг баясгав. Дашрамд дурьдахад Т.Бах нь Герман –Арабын Худалдааны танхимын дарга бөгөөд 1999 онд Улаанбаатарт айлчлахдаа МҮОХ-нд “Мерседес бенз” автобус хандивлаж байсан буянтан юм.
ОЛИМПИЙН МЭНДЧИЛГЭЭ
Одоогоор уулзсан хүн бүрийн яриа хөөрөөний гол үг бол “Танайх хэдэн тамирчинтай вэ?” гэх асуулт. Бид ч энэ маягаар анд нөхдийнхөө мэндчилгээнээс уламжилья. Армен-25, Катар-22, Австрали-433, Норвеги-85, Свазиланд-4, Туркменистан-10, Тайвань -82 тамирчинтай гэнээ. Удахгүй олимпийн мэндчилгээ “Танайх хэдэн медаль авсан бэ?” хэмээн өөрчлөгддөг уламжлалтай.
Х.ЭРДЭНЭТ-ОД ТЭМЦЭЭНД Ч, СОНГУУЛЬД Ч “БАРИЛДАНА”
Олимпийн наадмын үеэр өрнөдөг бас нэг том асуудал бол ОУОХ-ны Тамирчдын комиссын сонгууль. Орон орны шилдэг тамирчид тэдний эрх ашгийг ОУОХ-д хамгаалах дөрвөн төлөөлөгчөө санал өгөн сонгодог бөгөөд тэдгээр азтаныг Олимпийн хаалтын үеэр Ж.Рогге шууд тэмдгийг нь зүүн, ажилд нь оруулдаг билээ. Одоогоор таван тивийн 30 тамирчин албан ёсоор нэр дэвшин өрсөлдөж буй агаад манайхаас жүдоч Хишигбатын Эрдэнэт-Од “тоосоо” өргөх юм. Өмнө нь 1996 онд Монголоос гавьяат тамирчин Д.Мөнхбаяр мөн нэр дэвшиж байсан түүхтэй.