2008-08-07
ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.06

ЗУНЫ ОЛИМПИЙН XXIX НААДАМ ЭХЭЛЛЭЭ

 

БНХАУ-ын Бээжин хотноо болох Зуны Олимпийн XXIX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа наймдугаар сарын наймны найман цагаас (орон нутгийн цаг) эхлэх бөгөөд харин “Бээжин-2008” Олимпийн наадмын уралдаан тэмцээн өнөөдөр (VIII.06) эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Ер нь аль ч олимпийн хөлбөмбөгийн тэмцээн Олимпийн нээлтээс өмнө эхэлдэг уламжлалтай юм. Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд урьдчилсан тэмцээнээс шалгарсан 11 баг, мөн зохион байгуулагч орон БНХАУ гээд нийт 12 орны шигшээ баг гурван хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсэгтээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн багууд, мөн хамгийн сайн үзүүлэлттэй гуравдугаар байр эзэлсэн хоёр баг, нийт найман баг шөвгийн наймаас эхлэн хасагдах журмаар өрсөлдөх юм.

E” хэсэгт талбайн эзэн БНХАУ болон Аргентин, Швед, Канад,  “F” хэсэгт Герман,  Бразил, БНАСАУ, Нигери,  “G” хэсэгт АНУ, Норвеги, Япон, Шинэ Зеландын бүсгүйчүүд өрсөлдөж байна.

Өнөөдөр эхэлсэн гэзэгт хөлбөмбөгчдийн эхний тоглолтын дүнг сонирхуулбал:

 

“Е” хэсэг

АРГЕНТИН-КАНАД 1:2

 

БНХАУ-ШВЕД 2:1

1999 оны ДАШТ-ий хүрэл медальт Нанхиад хүүхнүүд “гэрийн нохойн сүүл өөдөө” гэдгийг харуулан дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Шведийн шаргал үст бүсгүйчүүдийг ширүүн өрсөлдөөний дунд хожин, тэрбумаар тоологдох нутгийнхныгаа баярлууллаа.

 

F” хэсэг

ГЕРМАН-БРАЗИЛ 0:0

 

Олимпийн хошой хүрэл медальтай, Дэлхийн хошой аварга, мөн мөнгөн медальт Германы баг Олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Бразилийн шигшээтэй тоглов. Үнэхээр хоёр шилдэг багийн өрсөлдөөнд ялагч тодорсонгүй, нэг нэг оноог хуваан авлаа.

 

БНАСАУ-НИГЕРИ 1:0

 

G” хэсэг

АНУ-НОРВЕГИ 0:2

 

Эхний өдрийн гол сенсаацыг Норвегийн хүүхнүүд тарив. Тэд Олимпийн хошой алт (1996, 2004), нэг мөнгөн медальт(2000), дэлхийн хошой аварга(1991,1999), гурван хүрэл медальт Америкийн “Алтан охидыг” 2:0 –ээр буулган авлаа. Америкийн шигшээгийн гол довтлогч  Вамбах олимпийн өмнө хөлөндөө хүнд гэмтэл аван “Бээжин-2008”-д оролцож чадахгүй болсон нь АНУ-ын багт хүнд цохилт болсон гэж NBC-ийн тайлбарлагч олонтаа өгүүлж байлаа. Гэхдээ Норвегийн “гэзэгтнүүд” бол 2000 оны Сиднейн олимпийн аварга болсон(Алтан медалийн төлөө тоглолтод АНУ-ын хүүхнүүдийг хожиж байсан) , 1996 оны Атлантын Олимпийн хүрнл медальтай төдийгүй, ДАШТ-ий алт, мөнгөн медальтай шилдэг багийн нэг гэдгийг хэлэх хэрэгтэй. 

 

ЯПОН-ШИНЭ ЗЕЛАНД 2:2

 

ОЛИМПИЙГ ЯАЖ ҮЗЭХ ВЭ?

 

“Бээжин -2008” Зуны Олимпийн наадмыг Америкт байгаа Монголчууд маань тун өргөн дэлгэр үзэх боломжтой байна. Мэдээж Монголчуудынхаа оролцож байгаа уралдаан тэмцээнийг www.onair2.tv , www.mongoliptv.com онлайн ТВ-ээр үзэж болно. Харин Америкийн NBC телевиз өдөрт долоон сувгаар 212 цагийн нэвтрүүлэг цацах ажээ. Нийтдээ олимпийн үеэр 3600 цаг (үүнээс 2900 цагийнх нь шууд нэвтрүүлэг) –ийн нэвтрүүлэг дамжуулах юм. Та бүхэн MS NBC, USA, WREX, CNBC, Universal HD, Telemundo, OXYGEN  сувгуудаар ёстой л “өдөр, шөнөгүй” үзэх болох нь.  

NBC-ийн 106 спортын тайлбарлагчийн дунд Олимпод оролцож явсан 42 тамирчин (Тэд нийтдээ олимпийн 25 алт, 5 мөнгө, 12 хүрэл медаль авсан нэртэй цуутай тамирчид ажээ) байгаагийн дотор алдарт Александр Карелинийг ялж Сиднейн олимпийн аварга болж байсан Рулон Гарднер, гимнастикийн домогт дасгалжуулагч Бела Кароли гэх мэт хүмүүс байна.

 

“Бээжин-2008” Зуны Олимпийн XXIX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа наймдугаар сарын 8-ны баасан гаригт Америкийн төвийн бүсийн 7.00 РМ/ CT цагаас NBC сувгаар шууд дамжуулан үзүүлэх юм байна. Харин өнөө шөнө буюу наймдугаар сарын 07-ны 4.00 AM/ CT цагаас Олимпийн хөлбөмбөгийн тэмцээний АНУ-Японы эрэгтэйчүүдийн багийн тоглолтыг MS NBC сувгаар шууд дамжуулан үзүүлэх нь. Цаашид Монголын баг тамирчдын оролцох болон тун сонирхолтой уралдаан тэмцээнийг хэдийд яаж үзүүлэх талаар тухай бүрт нь мэдээлэх болно.

 

Бэлтгэсэн Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:36 | | уншсан: 487 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)