
Энэ сарын 8-24 –ний өдөр болох Зуны Олимпийн XXIX наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. “Бээжин-2008” олимпийн наадмыг албан ёсоор сурвалжлах “ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН, Ж.БАТМӨНХ нарын Олимпийн тосгоноос бэлтгэсэн мэдээллийн анхныхыг та бүхэнд толилуулж байна.
Анхны хоёр
Хулгана жилийн хуран сарын 30-ны өдөр Монголын багийн анхны хоёр төлөөлөгч (МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ж.Отгонцагаан, Монголын багийн эмч Ч.Насанбат) өмнөд хөршийн нийслэлийг зорьж, Монголын “Их цэрэг” Бээжинг зорихоос өмнө “сапёр” болон бүртгэлийн ажлаа амжуулав. Зуны XXIX Олимпийн наадамд Монголын 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөх бөгөөд дасгалжуулагч, эмч, илээч, штабын ажилтан, багийн удирдлагууд гээд 22, нийт 51 хүн Олимпийн тосгонд төвхнөхөөр эрхийн бичгээ тамгалуулав. Бүртгэлийн ажиллагаа үдээс өмнө 10.30 цагаас эхэлж нар жаргахын хэрд дууссан. Хамгийн сонирхолтой нь манай төлөөлөгчдийг Бай Оу буюу Цагаан-Овоо гэдэг нэртэй өвөр монгол залуу жолооч хүргэн өгсөн боловч мань эр ганц ч монгол үг мэддэггүй нэгэн ажээ.
Малгай тавьбал манай D-7
Олимпийн наадамд 1964 оноос хойш хойш “зодоглож” ирсэн Монголын баг тамирчид Бээжин хотын хойд биед орших Олимпийн тосгоны баруунтаа дүнхийх “Д-7” байрны гуравдугаар орцны 5,6,7 дугаар давхрыг эзэгнэхээрбууриа засав. Манай байранд одоогоор БНАСАУ, Венесуэл, Ирландын тамирчид айл буугаад байна. Мөн Испани, Франц, Япон, Мексикийн баг тамирчидтай хөрш боллоо.
Тамирчдын түрүү ирлээ
Хамгийн эхний тамирчнаар хөнгөн атлетикийн Б.Сэр-Од, Б.Мөнгөнтуяа нар дасгалжуулагчийн хамт наймдугаар сарын нэгний орой Бээжинд хөл тавьлаа. Марафон гүйгч Б.Сэр-Од бол “Афин-2004” олимпийн наадамд “тоосоо өргөсөн” туршлагатай тамирчин агаад энэ жил Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэхийн нээлтэд зориулсан марафонд түрүүлэн, Монголынхоо далбааг Бээжинд өргүүлэн, Төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн нэгэн билээ. Энэ бэлгэ дэмбэрэлтэй мөч Бээжинд дахин олонтаа давтагдах болтугай!
Монголын туг Бээжинд намирна
Монголын багийн туг өргөх ёслол наймдугаар сарын дөрөвний 15 цагт Олимпийн тосгонд ёслол төгөлдөр болох бөгөөд түрүүлж ирсэн хөнгөн атлетик, хүндийг өргөлт, буудлага, боксын тамирчид, дасгалжуулагчид нийлсэн 20 орчим хүн уг ажиллагаанд оролцох юм. Мөн Бээжин дэх Монголын ЭСЯ-ны төлөөлөгчид урилгаар оролцохоор дэгэн дэрвэж байна.
Чукад тусалсан Лука
BOCOG буюу Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороонд Олимпийн наадмын хал үзсэн хашир олон ажилтнууд “гарын даа”-гаар ажиллахаар уригджээ. Тухайлбал “Афин-2004” Олимпийн наадмын Спортын асуудал хариуцсан грек залуу Илиас Лукас энд бас л “хөлслөгдсөн” бололтой. Лукас “Доха-2006” Азийн наадмын үеэр манай чөлөөт бөхийн 96 кг-ийн тамирчин Чулуулбатын мэдүүлэг нь ихэд хоцорч тэмцээнд оролцож чадахгүйд хүрч байсан хүнд үед бидний хүсэлтээр эрхийн мандатыг нь чармайн хөөцөлдөж бүтээсэн тусч нэгэн билээ. Харамсалтай Чука маань тэр наадамд медальч “паг”, энэ наадамд нэр нь ч таг. “Лондон-2012”-д сайн барилдаарай!
“Тосгоны амьдрал” эхлэв
Олимпийн тосгоны албан ёсны хэвлэл “Village life” сэтгүүлийн анхны дугаар уншигчдадаа хүрлээ. Энэхүү сэтгүүл нь олимпийн наадмыг дуустал өдөр тутам англи, франц, хятад хэл дээр хэвлэгдэн гарах юм.
Даргаа хүлээсэн туслахууд
Монголын баг тамирчдад туслах дөрвөн ажилтан ажилдаа орлоо.Эд нар BOCOG- ийн шугамаар сайтар бэлтгэгдсэн ажилтнууд бөгөөд манай штабын ажилд туслах юм. ХХамгийн ахмад нь туршлагатай дипломатч Хуань Жиа Куй бөгөөд тэрбээр Монголд таван жил алба хаасан гэнэ. Нөгөө гурав нь болох Бээжингийн Үндэсний Их сургуулийн оюутан Тайван, Эндэнэцэцэг, Цэцгээ нар ар Монголын хэлний “шалгалт” өгөхөөр багаа хүлээн дэнслэн байна.
Айл айлын “арми” өөр
Олимпийн наадамд сойх “хурдан хүлгийн уяачид” Олимпийн тосгонд догдлон хүлээсээр. Кыргызстан 20 тамирчинтай бол Арабын Нэгдсэн Эмират улсын найман “дайчин” Дубайгаас иржээ. Манай “айл саахалт” Ирланд 55 тамирчинтай бол 58 чантуу тамирчин олимпод өрсөлдөнө гэж Узбекистаны ҮОХ-ны албаны хүн өгүүлэв.