
Америкийн спортын нэр хүнд бүхий “Спортс иллюстрэйтед” сэтгүүлийн редакц ийнхүү таамаглаж байна. Тус сэтгүүлийн өнөөдрийн (2008 оны долдугаар сарын 28) дугаарт “Бээжин -2008” Олимпийн наадамд хаанахын хэн гэдэг тамирчин алт, мөнгө, хүрэл медаль авахыг спортын төрөл, зай тус бүрд нэгбүрчлэн гаргасан таамаглал нийтэлжээ. Нийтдээ спортын 38 төрлийн, 302 цогц медалийг зүүх тамирчдын тоонд Монголын хоёр ч тамирчны нэр багтсан байна.
Тухайлбал боксын 54 кг-ийн жинд Монголын Энхбатын Бадар-Ууган Олимпийн аварга болж, ОХУ-ын тамирчин , дэлхийн аварга Сергей Водопьянов (С.Водопьянов өнгөрсөн жил манай Бадар-Ууганыг ялж дэлхийн аварга болсон. Ц.Э) мөнгө, АНУ-ын Г.Рассель, Хятадын Гу Юү нар хүрэл медаль авна гэсэн таамаглал дэвшүүлж. Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Холландын Рубен Хоукес алтан медаль авч, Японы Х.Хираоки мөнгө, Монголын Х.Цагаанбаатар, Гүржийн Н.Кержиани нар хүрэл медаль зүүнэ хэмээн бичжээ.
Монголчууд бид “цагаан хэл амнаас” ихээхэн цээрлэдэг хэдий ч Америкт төдийгүй, дэлхийд нэр хүндтэй, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар өндөр, уралдаан тэмцээний эргэн тойронд дүн шинжилгээ гайхалтай хийдгээрээ алдартай “Sports Illustrated” –ийн редакц ийм прогноз хийж, “Монгол Улс Олимпийн 15 медальтай ч , алтан медальгүй” (Mongolia has 15 Olympic medals but no golds) хэмээн тодотгон бичиж, Монголын тамирчид “Бээжин-2008” Олимпийн наадмаас алт, хүрэл медаль хүртэнэ хэмээн таамагласныг “амны бэлгээс ашдын бэлгэ” гэж үзэхээс аргагүй ээ.
Түүнчлэн манайхны гол найдвар тавьж буй чөлөөт бөх, эмэгтэй буудлагын төрөлд хаанахын хэн хэн медаль авна гэснийг сонирхуулья. Чөлөөт бөхийн төрөлд (эр, эм) “SI”-ийнхэн Монголын бөх медальд хүрнэ гэж тооцоолохгүй байгаа бөгөөд манай гол найдвар Б.Наранбаатарын (55 кг) жинд ОХУ-ын бөх Бесик Кудуков олимпийн аварга болж, Болгарын Р.Великов мөнгө, Кубын А.Морено , АНУ-ын Х.Кэйжүдо хүрэл медаль авна гэж “төлгөндөө” буулгажээ. Манай Б.Наранбаатар Б.Кудуковыг өнгөрсөн өвөл Москвад ялсныг тэд тохиолдлын явдал гэж үзсэн бололтой. Манайхан ч үүнд нэг эмзэглээд хэрэггүй байх. Энэ бол зөвхөн таамаглал. Гэхдээ бас энд дурьдагдсан тамирчдын тухай бас “бодож” байхад илүүдэхгүй биз ээ.
Буудлагын төрөлд манай О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарын өрсөлдөх эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн болон 25 м-ийн спорт гар бууны медальтнуудын дунд манай хоёр “мэргэн буудагчийн” нэр бас алга. 10 метрийн хийн гар бууны төрөлд Хятадын Гуо Вэнь Жун олимпийн аварга болж, ОХУ-ын Наталья Падерина мөнгө, Францын С.Тирде хүрэл медаль зүүнэ гэж “Спортс иллюстрэйтед”-ийнхэн үзэж байгаа аж. Харин 25 метрийн спорт гар бууны төрөлд Сербийн Ясна Секарич олимпийн аварга болж, Австралийн Л.Яхлевская, Хятадын Чен Янь нар мөнгө , хүрэл медаль зүүнэ гэж “айлджээ”, тэд.
“SI”-ийнхний үзэж буйгаар бол “Бээжин-2008” Олимпийн наадмаас АНУ-ын тамирчид 121 (алт 45, мөнгө 44, хүрэл 32), БНХАУ-ын баг 102 ( алт 49, мөнгө 28, хүрэл 25), ОХУ 75 ( алт 25, мөнгө 28, хүрэл 22) медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлэх аж. Мөн Австрали, Германы баг тамирчид “айргийн тав”-д орно гэжээ.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)