2008-07-28
“Улаан жигүүрүүд”-ийг “гороолсон” гурав хоногийн тэмдэглэл

“Улаан жигүүрүүд”-ийг  “гороолсон”

гурав хоногийн  тэмдэглэл

 

...Би хар багаасаа л хоккейн Зөвлөлтийн шигшээгийн улаан фэн байлаа. Цагийн эрхээр юм болгон өөрчлөгдөн, ЗХУ задран унаж, олон арван хоккейчид нь далайн чанад руу одсон юм. Ялангуяа Детройт хотын багт “Оросын тавт” хүртэл бий болж байсныг та бүхэн мэдэх буй заа. Хуучин ЗХУ буюу “Улаан машин”-уудыг санагдуулам улаан хувцастай, бас тэгээд “ах нар” олон тоглодог болохоор нь Детройтын “улаан жигүүрүүдийг” нэг л мэдэхэд дэмждэг боллоо. Солт Лэйкийн өвлийн олимпийн дараахан манай гэр бүлийнхэн АНУ-д ирж Денвер хотноо амьдрах болсон юм. Эндхийн “Колорадо Эвеланш” бол бас л алдартай, “Улаан жигүүрүүдийн” гол “заналт дайсан” билээ. Хэдийгээр амьдран суугаа хотынхоо багийг дэмжих нь зүй ёсных байсан ч яагаад ч юм “Улаан жигүүрүүд” л нэгдүгээрт тавигдах. Америкт ирээд долоо ч хоноогүй байхдаа “Эвеланш”-“Улаан жигүүрүүд”-ийн тоглолтыг Денверийн “Pepsi Center”-д үзэх завшаан гардаг юм. Талбайн эзэн буюу “Эвеланш”-ийн бүрэлдэхүүнд тэр орой Руа, Сакик, Форсберг, Дрюри, Блэйк, Каспарайтес нарын супер одууд тоглосон ч манай “Улаан жигүүрүүд” ялалт байгуулсныг тод санаж байна. “Манайд” Ларионов, Фетисов, Айзерман, Хашек, Халл, Робитайл, Челиос, Шанэхан нар маань тоглож билээ. Ингэж анх удаагаа “улаан жигүүрүүдийг” “амьдаар нь” харсан түүхтэй. Түүнээс хойш зургаан жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө “Улаан жигүүрүүд”-тэйгээ ахин уулзсан тэмдэглэлээ та бүхэнд толилуулья.

           

2008 оны дөрөвдүгээр сарын 29. Энэ өдөр манай хотод (Колорадо мужийн Денвер хот) Стэнлийн цомын плей-оффын нэгдүгээр дахь шатны  гуравдахь тоглолтоо хийхээр “манай баг” ирсэн юм. Ажилтай байсан тул энэ өдрийн тоглолтыг үзэж чадсангүй ээ. Цаг оройн 21.30. Ажил тараагүй учир бугун цаг руугаа хий дэмий л харсаар.

22.45. Ажил ашгүй нэг юм тарж, яаран давхисаар “Pepsi Center”-ийн гадна ирлээ. Тоглолт дуусаад үзэгчид тараад явчихжээ. “Улаан жигүүр”-ийн фэнүүд л ялалтаа тэмдэглээд үлдсэн байна. Энэ өдөр “манай” баг 4:3-аар ялсан гэнэ. “Улаан жигүүрүүд” хожсон болохоор тоглогчид уулзахад нэг их татгалзахгүй, “настроен”-тай байгаа гэж бодоод хаа буудалласан болохыг танадав.

            23:00. Дацюкийн “13” дугаартай тоглолтын хувцас өмссөн нэг бүсгүй тэднийг хотын төвийн “HYATT” буудалд бууна гэж хэлэв. Ямар ч байсан тоглогчдыг гарч ирэхийг хүлээхээр шийдвэрлэв.

             23:10. Тоглогчид гарч ирэн автобусандаа сууж эхэллээ. Хамгаалалтын албаныхан автобусыг тойрч зогсоод ойртох боломж гаргасангүй.

 23:40.  Цагдаагийн машин дохиоллоо асаан хөдөлж , араас нь “улаан жигүүрүүд” суусан автобус дагалаа. Би бас машиндаа суун тэдний цувааг  “гэзэг даран” хөөв.

             23:50.   Цуваа хотын төв оролгүй зүүн урд зүг рүү Speer гудмаар явлаа. Би хоцрохгүйг хичээн дагасаар. Нэг удаа улаан гэрлээр уулзвар нэвтэрчихэв. “Улаан жигүүрүүдийн” балиашигийг аз түшиж байна. Хэн ч намайг зогсоосонгүй ээ.

              24:00. Монголчуудын сайн мэддэг “Cherry Creek Mall’ худалдааны төвийн хажууд байдаг  “J.W.Marriott” буудлын үүдэнд манай цуваа ирлээ. Би ч бушуухан буугаад буудлын гол хаалганы үүдэнд “байраа” эзэллээ. Тэнд “Ред уингз”-ийн фэнүүд дүүрэн. Хамгийн түрүүн домогт дасгалжуулагч Скотти Боумэн автобуснаас гарч ирлээ.

            24:05. Тоглогчид, дасгалжуулагчид болон багийн бусад гишүүд бүгд л буудлын хаалгаар яаран орно. Хэн нь ч бидэнтэй уулздаггүй шүү. Хүндхэн тоглолтын дараа ядарсан байгаа шинжтэй харагдана.

24:07. Аз болоход Доминик Хашек бидний зүг ирж гарын үсгээ өгч эхллээ. НХЛ-ийн шилдэг хаалгачид олгодог “Визайн трофи”-г зургаан удаа хүртсэн , бас хамгийн үнэ цэнэтэй хоккейчинд олгодог “Харт трофи”-г хоёронтоо хүртэж, Наганогийн олимпийн аварга болж байсан аугаа “Доминатор” энэ жил 43 настай ч урьдийн адил найдвартай хаалгаа “манаж” буй билээ. Мэддэг хэдэн чех үгээ холбон “ Dobry Vecer Ya son vas velky fan iz Mongolska. Prosim vas. Chcem sa fotograpovat s vami” (Миний чех хэл мэддэг чгэж юу байхав. Багадаа үеийнхнийхээ адил Чехсловакийн “Штадион” сэтгүүлийг цуглуулдаг байсны “гавьяа биз) гэхэд Хашек их л гайхан харснаа дуугайхан инээмсэглээд “хамт патиараа” татууллаа. Эхний өдөр ийн олз омогтой байсан тул маргааш дахин эднийг “эргүүлэхээр” шийдлээ.

            Дөрөвдүгээр сарын 30. Лхагва гариг. Энэ өдөр “Улаан жигүүрүүд”-ийн амралтын өдөр. Маргааш дөрөв дэх тоглолтоо “Эвеланш”-тай хийнэ. БИ ажлаасаа чөлөө авч “багийнхантайгаа” цуг амрахаар шийдэв.

            15:10. “Marriott” буудлын гадаа ирлээ. Тэнд бас л “улаан жигүүрийн” цөөнгүй фэн “харуулд” гарчээ.

            16:05. Зеттерберг, Францен, Кронваль, Стюарт дөрөв буудлаас гарч ирлээ. Хэнрик Зеттерберг “40” дугаартай тоглодог. 2006 оны Турины олимпийн аварга Шведийн шигшээ багийн гишүүн. Шведийн шилдэг хоккейчноор  хоёр ч удаа шалгарч байсан. “Детройт”-ын гол довтлогч юм. Юхан Францен “93” дугаартай тоглодог. НХЛ-д гуравдахь жилээ тоглож буй. Энэ жилийн плей-оффт хамгийн олон буюу 12 шайб оруулаад байгаа. Никлас Кронваль “55” дугаартай тоглодог. 2006 оны олимпийн аварга. Өнгөрсөн жил бэртэлтэй байсанч энэ жил маш сайн тоглож, багийнхаа хамгаалагчдыг оноогоор тэргүүлж яваа. Харин Брэд Стюарт бол Канадын хамгаалагч, “Лос Анжелес кингз”-ээс ирсэн “шинэков”. Тэдэнтэй мэндэлж , хамт зургаа авахуулахыг хүсэхэд найрсгаар зөвшөөрч Францен эхлээд фото зурагчны үүрэг гүйцэтгэв. Дараа нь энэ алба Зеттербергт шилжэв.

            16:45.  Буудлын ойролцоох зоогийн газраас ерөнхий дасгалжуулагч Майк Бэбкок гарч ирээд хэн нэгэнтэй утсаар ярьж эхлэв. Яриаг нь тасдаж төвдсөнгүй ээ.

            18:05. “Детройт”-ын багийн ахлагч Лидстрем, Рафальски нар бас өөр үл таних хоёр хоккейчний цуг ирж явна. Ер нь хоккейчдийг танихад ихээд бэрх ажээ. Стэнлийн цомын төлөө тоглохдоо сахалаа хусдаггүй “бичигдээгүй хуультай” болохоор бүгд л нэг бавайсан юмнууд. Никлас Лидстрем Стэнлийн цомын гурван удаагийн аварга, Олимпийн аварга, шилдэг хамгаалагчийн “Норрис трофи”-г таван удаа, плей-оффын шилдэг тоглогчийн “Конн Смайт трофи”-г нэг удаа хүртсэн аугаа хамгаалагч билээ. Брайан Рафальски бол Стэнлийн цомын хошой аварга, Олимпийн мөнгөн медальтай. Би Рафальскид аппаратаа өгч Лидстремтой зургаа дарууллаа. Түүнд Бобби Оррын амжилтыг (Домогт хамгаалагч Бобби Орр “Норрис трофи”-г найман удаа авч байсан билээ) давтахыг ерөөгөөд гар бариад салав.

                                   

                        19:00. Энэ өдөр миний хамгийн их хүлээсэн Павел Дацюк шар таксинаас бууж ирэв. Цаанаас нь Филиппула гарч ирлээ. Оросын Павел Дацюк “13” дугаартай тоглодог. Стэнлийн цомын аварга, Лэди Бинг трофиг хоёр удаа хүртсэн  тоглогч. Манайхны нэрлэдгээр “Шаварт” буюу Свердловскт төрсөн юм билээ.Валттери Филиппула “51” дугаартай тоглодог, “Детрой”-ын түүхэн дэх анхны Финландын тоглогч. Би Дацюктай ах дүү хоёр шиг л тэврэлдэж байгаад зургаа авахуулав. Түүнд Стэнлийн цомын аварга болохыг ерөөгөөд маргааш тоглолтыг чинь заавал үзнэ гэж амлалаа. Дараа нь залуу од Филиппулатай бас зургаа татуулав. Тэр хоёр зоогийн газар руу орж, намайг буудлын үүдэнд эргэн ирэхэд буудлын хаалгач залуу “Чи Дацюктай нэг нутаг юм уу?” хэмээн асуулаа. Оросоор хэдэн үг солихыг сонссон бололтой.

             Тавдугаар сарын нэгэн. Пүрэв гариг. “Ред уингз”-“Эвеланш” багуудын дөрөв дэх тоглолтын өдөр.

16:05. Би бас л буудлын гадаа “Зэлтрийн гацаа” хийгээд байж байна. Дрэйпер, Рафальски, Зеттерберг нар тус тусдаа такси хөлөглөн одлоо. Бодвол эртхэн очиж бие халаахаар шийдсэн бололтой.

16:20. Челиос Доунитай хамт гарч ирээд “Starbucks” чиглэн алхлаа. Челиос Стэнлийн цомын хошой аварга билээ.

16:45. Крис Осгуд гадаа хүлээж байсан фэнүүдэд гарын үсгээ өгч эхэллээ. Тэрбээр мөн л Стэнлийн цомын хошой аварга, нэрт хаалгач. Түүнтэй зургаа татуулж амжлаа. Крис цайгаа дутуу уусан бололтой. Гартаа аяга кофе, ширхэг гадил жимс барьсан харагдана.

17:05. Тоглогчдын автобус хөдөллөө.

19:10. Би эхнэр, хоёр хүүгийн хамт “Pepsi center”-ийн үүдэнд ирлээ. Ттоглолтын тасалбар бүүр хэд хоногийн өмнө  “SOLD OUT” буюу зарагдаад дууссан гэнэ. Одоо хүмүүсийн гар дээрээс л олох боломж байгаа аж.

19:30. Манай Жагаа ах ирээд ганц тасалбар хайж байгаад 125 доллараар аваад дотогш орчихлоо. Би дөрвөн тасалбар хайсаар л.

19:55. Бөөн дөрвөн тасалбар олдохгүй шинжтэй. Аргагүй эрхэнд хоёр хоёроороо тусдаа суух тасалбар авав. Дацюкт амласнаа биелүүлэхгүй бол болохгүй биз дээ.

 

Энэ өдрийн тоглолтод “Улаан жигүүрүүд” 8:2-оор “Коларадо”-г бут ниргэснийг та бүхэн мэдэж байгаа байх аа. Ёстой л жигүүртэй юм шиг тоглосон. Уулзаж, зургаа хамт татуулсан тоглогчид маань ч тун сайн тоглосон тул сэтгэл бүүр ч хөөрөв. Зеттерберг хоёр шайб, хоёр оновчтой дамжуулалт, Францен гурван шайб, Дацюк гурав, Лидстрем, Филиппула хоёр тус бүр хоёр хоёр, Стюарт нэг оновчтой дамжуулалт хийж, Осгуд 31 цохилтоос 29-ыг нь хаажээ.

            Энэ жил манай “улаан жигүүрүүд” үнэхээр өнгөтэй байгааг нүдээрээ харлаа. Стэнлийн цомыг 11 дэхээ хүртэхийн ерөөлийг талбия. Тэд Линдсэй,Горди Хоу, Стив Айзерман, Вячеслав Фетисов нарын олон арван оддыг хоккейн түүхэнд мөнхөлсөн “Улаан жигүүрүүд” минь , УРАГШАА!!!

 

Дашнямын Мөнхбааатар. Денвер. 2008 оны тавдугаар сар.


P.S. Аугаа их спортын гайхамшгийн ачаар анд найз болсон , спортын “улаан фэн” Мөнхөөгийнхөө бичсэн тэмдэглэлийг та бүхэнд хүргэлээ. Тэрбээр алс Денверт амьдардаг ч хөлбөмбөгийн “уран дархчууд” болох  Бразилийн шигшээгийн тоглолтыг үзэхээр Чикагод нисэн ирж, Аргентиний шигшээг үзэхээр Нью Йорк руу давхиж  байдаг , сэтгэл зүрхээ спортод зориулсан мянга мянган “фэн”-үүдийн нэг билээ. Мөнхөө маань Монгол руугаа буцаж байна. Тэрбээр эх орондоо очоод эргээд л “аяны замд” гарч “Бээжин-2008” Олимпийн наадмыг гэр бүлийнхнийхээ хамт үзэх гэнэ. Амьдралынхаа утга учрыг спорттой холбож явдаг Мөнхөөгийнхөө аяны дөрөөг сүүгээр мялаая!

 

                                                                                                                                                            Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 22:54 | | уншсан: 544 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Гоё юмаа. нэг боевик кино үзээд байгаа ч юм шиг cowboy
Бичсэн: xvv цаг: 03:28, 2008-07-29 | Холбоос | |





:-)