Олимпийн аваргуудын хөлс “шингэсэн” хот-Колорадо Спрингс
Манай монголчуудын Америкт төвлөрөн амьдардаг гол хотын нэг Денверийг та бүхэн сайн мэднэ. Денверт албан ажлаар, аль эсвэл амралт чөлөөт цагаараа ирсэн бол Колорадо Спрингс рүү очоод үзчих хэрэгтэй шүү! Денверээс өмнө зүгт ердөө л 61 миль, өөрөөр хэлбэл машинаар цаг орчим давхиад л Колорадо Спрингс хотноо хүрчихнэ. Канад, Америкийн нутгийг дамнан бараг 3200 км орчим сунан тогтсон Rocky Mountains нурууны өмнөд төгсгөлд, далайн түвшнээс нэг миль илүү өндөрт орших Колорадо Спрингс хотыг генерал Уильям Пальмер гэгч эр 1871 онд үүсгэн байгуулжээ. Удалгүй энэ хот аялагч жуулчдын хөлд дарагдах болсон гэнэ. Хотоос 10-хан милийн зайтай Америкийн алдартай оргилын нэг Pike’s Peak мөнх цасандаа дарагдан дүнхийн үзэгдэх бол хажуу “бөөрөнд” нь байгалийн гайхамшигт тогтоц Garden of the God’s(Бурхны цэцэрлэг) гээд хүний мэлмийг баясгах зүйл бишгүй байсантай холбоотой биз ээ. Ялангуяа Англиас маш олон жуулчин ирдэг байснаас уг хотыг “Бяцхан Лондон” гэж нэрлэдэг байсан аж, тухайн үед. Анхнаасаа дээд зэрэглэлийн амралт, сувиллын газрууд олноор баригдсан нь ийм учиртай болов уу. Эдүгээ ч Pike’s Peak, Garden of the Gods олны хөлд дарагдсан хэвээрээ. Америкийн нөлөө бүхий “Money” сэтгүүл 2006 онд амьдрахад хамгийн таатай том хотоор Колорадо Спрингсийг нэрлэж байсан нь тохиолдлын хэрэг биш ээ. Байгаль эхээс заяасан гайхамшигт үзэсгэлэнт тогтоц, үзмэрээр ийм баян юм байж. Тэгвэл энд хүний гараар бүтээгдсэн үзэж харахаар зүйл юу байдаг бол?
Колорадо Спрингс хотын нэрийг Америктаа төдийгүй ертөнцийн чихнээ дуурсгаж байдаг нэг “юм” бий. Энэ бол Америкийн “Олимпийн төв”. Нэгдсэн Улсын хэмжээнд бол ер нь Олимпийн төв гурван ч газар бий л дээ. Тухайлбал Лэйк Плэсид хотноо байдаг Олимпийн төвд өвлийн спортын, Кальфорний Сан Диего дахь төвд зуны спортын зарим төрлийн баг тамирчид бэлгэлээ базаадаг юм. Гэхдээ хамгийн том, хамгийн алдартай нь Колорадо Спрингс дахь “Олимпийн бэлтгэлийн төв” ажээ. Энд АНУ-ыг төлөөлөн Олимпийн наадамд оролцох баг, тамирчид бэлтгэлээ хийж, цугларалтад гарч, нэг үгээр хэлбэл энд “ажиллаж, амьдардаг” билээ. Олимпийн төвд та хэзээ ч зочилж болно. Жилийн 365 хоногт үүд хаалга нь нээлттэй байдаг юм байна. Даваа-Баасан гаригт 9.00-16.00 цагт, Бямба-Ням гаригуудад 11.00 -18.00 цагт очиход болно. Олимпийн төвд зочлоход ямар нэг тасалбар авахгүй, “үнэгүй” гэсэн үг. Жилдээ энд 140 000 гаруй зочин ирдэг гэнэ.
Олимпийн төвийг танилцуулах “хөтөчтэй аялал” хагас цаг тутамд явна. 45 минут орчим явган аялаж, бас 12 минутын кино үзэх “хөтөлбөртэй”. Та спортын гимнастик, чөлөөт болон сонгомол, жүдо бөх, буудлага, усан спорт, бокс, туялзуур жад, хүндийг өргөлтийн заал танхимаар орж үзэх бөгөөд хэрэв тамирчдын бэлтгэлийн цаг, үетэй таарвал тамирчдын бэлтгэлийг сонирхож, хамт зургаа татуулчих бололцоо ч олдох юм. Олимпийн наадамд ямагт дээгүүр ордог АНУ-ын баг тамирчид ямархуу заал танхимд, ямархуу нөхцөлд бэлтгэлээ хийдгийг нүдээрээ харна гэдэг бас ховор боломж шүү. Түүгээр ч зогсохгүй тамирчдын зоогийн газар, цугларалтад гарахдаа амьдрах буудал, Спорт шинжлэх ухааны лаборатори, Спортын эмнэлэг ямар байдгийг ч сонирхоод авч болох юм. Олимпийн төвөөр аялахад спортын төрлүүдийн хэрэгсэл, өвөрмөц хөшөө , баримал, Олимпийн бэлгэдэл, Олимпийн бамбар гээд “патиараа” татуулах газар зөндөө. Ялангуяа Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн 205 орны далбааг залсан төв гудмаар явахдаа алтан соёмбот Монголынхоо далбааны хажууд зургаа татуулахад үнэхээр сэтгэл хөдлөм юм билээ. Энд зөвхөн бэлтгэлийн заал, танхим төдийгүй Америкийн Үндэсний Олимпийн Хорооны төв штаб, спортын нилээд олон холбоод байрлаж, өдөр тутмын ажил хэргээ явуулж байна.
Америкийн далбааг Олимпийн наадамд мандуулж, алдар цуугаа дуурсгаж явсан үе үеийн алдарт олимпчдын нэр, хөргийг залсан “Америкийн Олимпийн Алдрын танхим” (US Olympic Hall of Fame) бас энд бий. Тэдний дунд 1980 оны Өвлийн олимпийн аварга болсон хоккейн баг, 1996 оны эмэгтэй хөлбөмбөгийн баг, 1956,1960,1964 оны эрэгтэй сагсанбөмбөгийн баг, за тэгээд спорт сонирхогчдын шүтээн болсон домогт Боб Бимон, Мохаммед Али, Флоренс Гриффит Жойнер, Эрик Хэйден, Карл Льюис, Жэсси Оэунс, Марк Спитц нарын 182 алдартныг өргөмжлөн залсан байх юм билээ. Бас гимнастикийн танхимын орох хаалганы үүдэнд “100 Golden Olympians” гээд дурсгалын самбар бас харагдсан.
Гэхдээ бас нэг захих зүйл бол тэр “хөтөчтэй аялал”-д багтаад заавал хүнээр тайлбарлуулаад, цагт баригдаад хэрэггүй биз. Зүгээр өөрсдөө арай тухтай шиг үзэж хараад, тэртэй тэргүй хараад л бараг ойлгомжтой зүйлсийг өөрөө уншиж сонирхоод, “патиараа” тааваараа татуулаад явахад зүгээр юм билээ шүү!
Ер нь бол Олимпийн төвд хамгийн удлаа гэхэд л хоёр цаг орчим зарцуулна гэж тооцоолоорой! Ингээд Америкийн Олимпийн төвд зочилж, Олимпийн домогт аваргуудын бэлтгэлээ хийдэг, тэдний хөлс шингэсэн заал танхимд очсоны дурсгал болгон “Олимпийн дэлгүүр”-ээр орж, бэлэг дурсгалын зүйл заавал худалдан аваарай гэж захих байна. Ингэснээр та бас АНУ-ын Олимпийн багт хандив, дэмжлэг өгч байгаа хэрэг болно. Учир нь энэ дэлгүүрийн орлого нь Олимпийн баг тамирчдад хандив болон очдог юм байна. Нээрээ мартсанаас “Олимпийн төв”-ийн хаяг нь : Olympic Training Center. 1750 E.Boulder st. Colorado Springs,CO. 80909 юм билээ. Энэ хаягаар “direction” авбал хаанаас яаж очихыг чинь заагаад, хөтлөөд л аваачина даа.
Колорадо Спрингс хотын нэрийг гаргадаг бас нэг газар бол “Broadmoor” хэмээх 20 дугаар зууны эхээр баригдсан таван одтой, таван даймондтой зочид буудал, амралтын цогцолбор бий. Чухам энд л Америкийн улс төр, бизнесийн дээдсүүд, Засгийн газрынхан “цуглаж” уулзаж, хуралдаж, лоббигоо ярьж, хоббигоо хийж байдаг гэнэ. Лоббигоо ярих нь ч яахав ойлгомжтой. Харин яагаад хобби гээд хэлэв гэвэл Америкт төдийгүй дэлхийд шилдэгт орох гольфын гурван талбай, теннисний хэд хэдэн корт энэ цогцолборын дотор бий. Дээдсүүдийн гол хобби нь гольф, теннис байдаг болохоор ийн хэлэв. Гэхдээ энд зөвхөн дээд зиндааныхан л буудаг, жирийн хүмүүст “хаалттай” гэж андуурч болохгүй ээ. Хэн хүссэн нь л бууж болох л юм билээ. Хэдэн “ногоон” төлөөд гольфын клубт нь элсэж, теннисний кортонд нэртэй дасгалжуулагчдаар нь хичээл заалгасан ч таны л дур.
Энэ цогцолборыг алдаршуулсан “ Broadmoor World Arena” гээд спортын ордон бас бий. “Broadmoor skating Club” гээд алдартай уран гулгалтын клубын эзэмшилд байсан энэ ордон уран гулгалтын хамгийн анхны дээвэртэй ордны нэг байжээ. 1938-1994 онд сүндэрлэж байсан энхүү ордонд уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэхэд л таван удаа зохиогдож байжээ. Мөн 1962 оны хоккейн ДАШТ бас болж байж. “Броадмурын уран гулгалтын клуб”-ээс Америкийн олон арван алдартай уран гулгагчид төрөн гарсан. Нэг үгээр хэлбэл уран гулгагчдын “өлгий нутаг” гэхэд болох юм. Олимп, дэлхийн аваргуудаас Пегги Флеминг, Тодд Олдриж, ах дүү Дэвид ба Хэйес Женкинс, ах дүү Петер ба Кароль Кеннеди, Жиль Тренэри, Тимоти Лайл Вуд нарыг дурьдахад л хангалттай. Бусад олимпийн болон ДАШТ-ий медальтнуудыг бүгдийг нь нэрлэнэ гэвэл цаг, цаас их орох биз ээ. Одоо энэ клуб 1998 онд шинээр баригдсан “Colorado Springs World Arena”-д шилжэн иржээ.
“Броадмур” буудлын хаяанд Дэлхийн уран гулгалтын Алдрын танхим-музей (World Figure skating Museum and Hall of Fame) бий. Үзчихэд бас гэмгүй. Үнэ нь гурван доллар. Эндээс арслан зааны соёогоор хийсэн тэшүүрийн “өвөг”-ээс эхлээд орчин үеийн ган тэшүүр хүртэлх олон зуун үзмэр, уран гулгалтын үүх, түүхтэй холбогдох эд өлгийн зүйл байдаг юм билээ. Манай эсгий гутал дээр сураар бэхэлсэн тэшүүрийг эдэнд бэлэглэвэл сонин л үзмэр болох юм байна даа гэж бодогдож явлаа.
Хэдийгээр нэг их томгүй ч олон тооны үзмэр, баримт сэлтийг сонирхолтой, цэгцтэй байрлуулж. Дотроо хөөрхөн номын сантай, дүрс бичлэгийн фондтой юм. Хүсвэл юу дуртайгаа л уншиж, үзэж болох ажээ. Уран гулгалтын ертөнцөөр аялаад гарахад мөн л бяцхан бэлэг дурсгалын дэлгүүр “тосоод хүлээж” байна. Мэдээж дурсгал болгоод нэг юм авч л таараа.
За ингээд Колорадо Спрингс хэмээх Олимпийн аваргуудын хөлс “шингэсэн”, уран гулгалтын өлгий нутаг болсон, улс төр, бизнесийн томчуудын “болзоо”-гоо хийдэг , “Бурхны цэцэрлэгт хүрээлэнтэй”, “Чулуун уулсын оргилтой” хотноо хийсэн нэг өдрийн аялал өндөрлөв.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)
Денвер-Колорадо Спрингс . 2008 оны дөрөвдүгээр сарын 21.


