Америкаар аялахуй- Давст нуурын даруухан хот-Солт Лэйк
Америкийн Юта мужийн нийслэл Солт Лэйк хотын түүх 1847 оноос эхэлдэг юм билээ. Бригам Янг хэмээх эрийн толгойлсон мормон шашинтай хэсэг хүмүүс тэр жил Уосатч, Окиурр уулын дундах бэлд, Их давст нуурын ойролцоо төвхнөж, суурьшсан нь эдүгээгийн Солт Лэйк хотын үндэс суурь болжээ.
Юта муж, тэр тусмаа Солт Лэйк бол мормон шашинтнуудын “өлгий нутаг” аа. Мормончуудын тухай Майн Ридын “Зоригт анчин бүсгүй”-ээс анхлан мэдсэн байх, манайхан. Яагаав нөгөө олон эхнэр авдаг гээд нэг л “бүтэхгүй” хүмүүс гэж ойлгогддог доо. Сүүл үедээ Монголд цагаан цамц өмсөж, хар зангиа зүүгээд хос хосоороо явдаг эрэгтэй “шаруудыг” бид мэддэг болсон. Тэр чинь өнөөх мормонууд.
Тэгвэл Юта мужийн хүн амын 98 хувь нь, Солт Лэйк Ситийн 75 хувь мормончууд ажээ. Мормонуудын “нийслэл”-ийг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал нь 2002 оны Өвлийн олимп билээ. Зохион байгуулах эрх авахын тулд Олон Улсын Олимпийн Хорооны гишүүдэд хээл хахууль өгсөн нь олимпийн өмнө илэрч, ихээхэн дуулиан шуугиан тарьж байсан ч “Солт Лэйк-2002” олимп оролцсон орныхоо тоогоор өмнөх бүх “Цагаан” олимпийг давсан юм.
“Солт Лэйк -2002” өвлийн олимпийг сурвалжлахаар тэр үед мормоны “нийслэлд” анх хөл тавьж байлаа. Мормонуудын тухай ойлголт бараг л байхгүйтэй адил. Нөгөө л “Зоригт анчин бүсгүй” –н мормонуудаар төсөөлнө. Их “бүтэхгүй” улсууд гээд бодож байсан маань бодол маань “усыг нь уугаад, ёсыг нь дагаад” сар шахам, гэхдээ бүүр жинхэнэ мормон айлд хоёр долоо хоног шахам амьдраад ихэд өөрчлөгдсөн юм даг. Одоо үед мормонууд олон эхнэр авдаг ёс нь бараг л “өдрийн од” болсон гэнэ. Бас тус шашны зарим номлол, дэг жаяг нь авууштай санагдсан. Тухайлбал мормоны шашинд үр хөндүүлэх нь хамгийн хар нүглийн нэгд тооцогддог болохоор ийм явдал байдаггүй юм байна. Тэгээд л мормон айлууд ихэнх нь олон хүүхэдтэй , өнөр өтгөн байдаг юм билээ. Миний байсан айл гэхэд 40 орчим л насны залуухан гэр бүл мөртлөө зургаан хүүхэдтэй байсан шүү. Бас гэр бүл болж, батлуулаагүй л бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамт амьдрахыг хориглодог, мормон бүсгүй эр нөхөртөө заавал цэвэр ариунаараа очих ёстой гээд энэ тэрээс нь харвал энэ мормонууд харин ч гэр бүлийн ариун дэг жаягтай улс шиг санагдсан.
За тэгээд мормонууд халуун цай, кофе уухгүй ээ. Архи дарс бол бүүр ч “ноү” шүү дээ. Манай “Эрхий мэргэн”-ий домогт гардагчлан “хар ус ууж, харанхуй нүхэнд амьдарна” гээд тангараг өргөөд “хулгар шар” болчихдог шиг мормонууд бол “халуун цай уудаггүй, хатуу дарс балгадаггүй” улс ажээ.
Энд нэгэн сонин түүх өгүүлэхэд “Солт Лэйк-2002” өвлийн олимпоос өмнө Орос тэргүүтэй олон орны төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан Юта мужийн амбан захирагч хуулиндаа түр өөрчлөлт оруулж, шар айраг, архийг ил худалдаалахыг түр хугацаанд зөвшөөрч байсан билээ. Ер нь бол баар, ресторан хаана ч бай согтууруулах ундааг ил зарвал сурталчилсанд тооцож, ял шийтгэл хүлээлгэдэг, харин цэсэн дээрээс л зөвхөн захиалж болдог юм билээ.
Солт Лэйкийн нисэх онгоцны буудал хотынхоо төвөөс холгүй ээ. 4-5 миль орчим л зайтай болов уу. Анх тэнд буухад Солт Лэйк Ховд аймгийн төвтэй байгалийн тогтоцоороо тун төстэй харагддаг. Хотынхоо зүүн хойд хэсгээр улаан хадан, нүцгэн уулс сүндэрлээд л. “Давст нуурын” хот нэг их том биш ээ. Өндөр өндөр барилга цөөн, хүмүүс нь их л тайван , налгардуу .
Шашин шүтлэгээсээ болдог юм уу, эсвэл харууд, “амиго” нар цөөн болоод тэр үү айхтар хэрэг төвөг гарах нь тун ховор гэж байсан шүү. Хотын хүн амын 80 хувийг шарууд эзэлдэг бол харууд дөнгөж 1,8 хувийг, ази гаралтай цагаачид 3 хувийг эзэлдэг юм билээ. Үнэхээр ч тайван, айх эмээх зүйл багатай юм билээ. Уугуул иргэд буюу мормонууд нь согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, баар энэ тэр бол нүдний гэм, харууд бараг харагдахгүй хот чинь арга ч үгүй юм даа.
Солт Лэйк Ситийн нэрийг дуурсгадаг бас нэгэн зүйл нь Биргам Янгийн Их Сургууль.
Солт Лэйкт ирсэн хүн заавал очдог нэг газар бий. Энэ нь ариун сүм буюу албан ёсны нэр нь The Church of Jesus Christ of latter day Saints юм билээ. Бас LDS Church гэж товчилдог гэсэн. Сүмийн барилга үнэхээр архитекторын уран гоё хийцтэй, шийдэлтэй. Харахад сүрлэг. Гэхдээ хамаагүй буюу над шиг сүсэг бишрэл муутай, сүмийн гишүүн бус нөхдийг оруулдаггүй юм байна лээ. Яахав гадна нь очоод нэг харахад зүгээр шүү.
Хэрэв та 2002 оны Олимпийн тухай сонсож, мэдье гэвэл Olympic Cauldron Park-ийг зориорой! Тэнд Өвлийн олимпийн 19 дүгээр наадмын нээлт, хаалт болсон Rice Eccles цэнгэлдэхийг сонирхож, “Солт Лэйк-2002”-ийн гол үйл явдлуудыг эргэн нэг үзэж болно шүү.
Солт Лэйкийн бас нэг бахархал нь хоттой “нас чацуу” Mormon Tabernacle Choir юм. 360 гишүүнтэй энэ хоор тэртээ 1893 он гэхэд л Америк даяар хөндлөн гулд явж, анхны аялан тоглолтоо хийж байсан гэдэг. Түүнээс хойш Европ, Өмнөд Америк, Австрали, Ази тивийн олон арван оронд аялан тоглож байжээ. Уг хоор олон арван шагнал хүртсэний дотор хөгжмийн ертөнцийн дээд шагнал болох “Грэмми” ч бий. Алдартай энэ найрал дуучдын хамтлаг “Солт Лэйк-2002” олимпийн нээлтийн ёслол дээр АНУ-ын Төрийн дууллыг дуулж байсан билээ.
Таныг бас Солт Лэйкийн Нийтийн номын сангаар зав гаргаад нэг ороод үзээрэй гэж зөвлөх байна. Энэ номын сан 2006 онд Америкийн шилдэг номын сангаар шалгарч байсан юм.
Солт Лэйк Сити бусад аварга том хотуудын дэргэд жижигхэн, өндөр барилга багатай , таруу зайдуу байрласан, үзэх харах юм бага ч юм шиг анх очсон хүнд санагдаж магадгүй. Тийм биш шүү. Ямар л жижиг хот хүн төрөлхтний аугаа баяр олимпийн наадмыг зохион байгуулав гэж дээ.
“Давст нуур” хот бол идэвхтэй амралтыг эрхэм болгодог аялагч, жуулчдад тун таарах хот. Тухайлбал дугуйгаар аялах, цана чаргаар гулгах дуртай хүмүүс бол энд ёстой “кайф” авна даа.
Хотоос холгүй орших Park City , Olympic park гээд дэлхийн хэмжээний дээд ангиллын цанын бааз, амралтын газрууд бий. Энд олимпийн уулын цана, чарга, трамплин, бобслей, скелетоний тэмцээнүүд болж байсан билээ. Нэр алдраа дуурсгасан , олимпийн аваргуудын уралдаж явсан газраар нэг “буугаад” үзэхэд юу нь болохгүй гэж. Эсвэл уулын уруу цана, чаргаас буухаас эмээгээд байгаа бол Soldier Hollow буюу “Цэрэг хөндий”-д очоод зүгээр тэгш замд цанаар гулгаж болно ш дээ. Энэ замаар чинь манай олимпийн “зандан хүлэгтнүүд” болох Д.Энхээ, Ж.Эрдэнэтүлхүүр гүйж явсан юм гээд бодвол сайхан сэтгэгдэл төрнө дөө.
Үгүй бол хотын төвд орших Спортын ордонд очоод NBA- ийн “Юта жаз” багийн тоглолтыг үзэхэд бас гэмгүй. Энэ ордон өмнө нь “Delta Center” нэртэй байсан бөгөөд олимпийн уран гулгалт, шорт-трекийн тэмцээн болж байлаа. Манай ганц шорт-трекчин Г.Жаргаланчулуун энэ ордон дотор уралдаж байсан юм. Одоо бол энэ ордон нэрээ сольж, “Energy Solutions Arena” нэртэй болсон байна лээ.
Бас тэгээд “морьтой болоод завтай бол” Garden Historic Village руу ухасхийгээд Динозаврын томоохон музейг үзэж, Promontory Summit орж , Өрнө дорныг холбосон анхны тив хоорондын төмөр замыг “уулзуулсан” газар болох Golden Spike Historic site-д очин, 1869 оны тавдугаар сарын 10-ны түүхэн өдрийн олон арван дурсгалт зүйлийг , тэр дундаа дурсгалын “алтан хадаас”-ыг сонирхож болох юм.
Замдаа Солт Лэйкээс баруун урагш орших Bingham Canyon mine ил уурхайг сонирхвол бас зүгээр. Хотоос хагас цаг давхиад л оччих энэ ил уурхай бол хүний хөдөлмөрөөр ухаж, малтсан дэлхийн хамгийн том уурхай гэнэ. Хүмүүс зориуд очиж үздэг юм билээ. Уурхайг үзэхэд суудлын автомашинаас 5 доллар хурааж авах бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын 31-ныг дуустал өдөр бүр өглөөний 8 цагаас оройн 8 цагт олон нийтэд үзүүлдэг гэнэ. Энэ уурхайг та бидний чихэнд сүүлийн үед их л сонсогдох болсон “Рио Тинто” компани, Ютагийн “Кеннекоттийн зэсийн” корпорацитай хамтран эзэмшдэг гэсэн. Жилдээ 17 сая тн зэс, 700 гаран тн алт, 5,9 тн мөнгө, 380 орчим мянган тн молибден олборлодог аварга том уурхай ажээ. Энэ нүсэр уурхайг далайн төвшнөөс 2000 метрийн өндрөөс харахад үнэхээр сүрдэм. Манай Оюу Толгой энэнээс том болох байх гэхээр бүүр ч бахдам.
Мормонуудын нийслэл, Өвлийн 19 дүгээр олимпийн наадмын нийслэл Солт Лэйк хотод үзэж харснаа цухас өгүүлэхэд ийм байна. “Даруухан”, Давст нуур хотод Та ч бас тухлан саатаж, тавтай морилоорой!