
Мичиган мужийн хамгийн том хот Детройтод нэг хөл тавих юмсан гэж эртнээс боддог байлаа. Хэд хэдэн удаа тэнд тэнгэрийн унаагаа “юүлээд” явж байсан боловч тухлан саатаж байгаагүй юм. Чухам юу нь энэ хот руу сэтгэлийг минь татдаг байсан бэ гэвэл Детройт бол Америкийн мэргэжлийн спортын дөрвөн хүчирхэг лигт дөрвүүлэнд нь багтай цөөхөн хотын нэг билээ. Тухайлбал NHL-ийн “Ред уингз”, NBA-ийн “Пистонз”, MLS-ийн “Тайгерз”, NFL-ийн “Лайонс”. Бүгд л лигийнхээ аварга болж байсан нь бас ховор тохиолдолд ордог юм. “Улаан жигүүрүүд” 10 удаа, “Барнууд” дөрвөн удаа, “Бүлүүрүүд” гурван удаа, “Арслангууд” бас дөрвөн удаа(Супер боулыг биш NFL-ийн шүү!) лигийнхээ аварга болж байжээ. Бас үүн дээр эмэгтэй сагсан бөмбөгийн WNBA-ийн хошой аварга “Детройт шок”-ыг нэмж болох. Гэхдээ намайг хамгийн их “урин дуудсан” нь хоккейн домогт “Детройтын Улаан жигүүрүүд” багийн цуут ордон “Жо Луис арена” юм даа.
“Санаж явбал бүтдэг, сажилж явбал хүрдэг” гэгчээр бодож явсан маань биелэх цаг ирж, Детройт орох шалтаг ч гарав. Үзэсгэлэнт Ниагара хүрхрээг үзэхээр явсан тухайгаа өмнө нэг өгүүлсэн дээ. Тийшээ явах “команд”-аа бүрдүүлэх гэж, Детройтыг “болзооны” газар болгосон юм. Иллинойгоос бол зургаан цаг орчим давхиад л Детройт орчих юм билээ. Тийшээ аяны жолоо залж, замд гарахын өмнө очоод бас үзчих юу байдаг билээ гэж судлаад амжсан. Мэдээж зуны цаг болохоор мэргэжлийн хоккейн тэмцээн “амарч” байгаа тул эмэгтэйчүүдийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг(WNBA) үзэх саналыг “замд хамт гарсан, залуу найзууддаа” тавьж, тэд нар маань ч бас”Яадаг юм бэ, сагсны эх оронд байгаагийнх эмэгтэй сагсчдынх нь лигийг бас үзээд авья” хэмээн зөвшөөрөв. Бас “Детройт шок” хэмээх эндхийн эмэгтэй сагсчдын баг нь лигийн хошой аварга, олон шилдэг тамирчинтай, мундаг багийн нэг хэмээн “рекламная пауза” хийсэн маань ч үр дүнд хүрсэн байж магадгүй.
Ингээд ямар ч байсан Детройтод “төлөвлөсөн” юм аа үзэх боломжтой болсон. Гол төлөвлөгөөний дагуу Детройтод очмогцоо л “Жо Луис арена” хэмээх хоккейн ордныг нь зорилоо. Даунтаунаасаа тун холгүй Детройт голын эрэг дээр өнөөх дурлаад байсан “байшин” маань орших аж. Эсрэг талд, голын нөгөө эрэгт Канадын Онтариа мужийн Виндзор хот гараа сунгавал “бариад авмаар” ойрхон харагдана. “Жо Луисийн” эргэн тойронд нь дөхөөд очиход л “Welcome to Hockeytown” гэсэн бичиг хаа сайгүй харагдана.
Биднийг “Жо Луис”-т очиход ямар нэг арга хэмжээгүй байсан тул “хөл хориотой” хүн нэвтрүүлэхгүй байв. Гэвч хамгаалалтын албаны бүдүүн хар офицерийг “Бид “Улаан жигүүрүүдийн” улаан фэн, бүүр Монголоос зорьж ирсэн” хэмээн уяраагаад, дотогш түр нэвтрэх, ганц нэг зураг авах “аман зөвшөөрөл” авлаа.
Энэ алдартай ордон 1979 онд 57 сая долларын хөрөнгөөр боссон бөгөөд хотын захиргааны өмч гэнэ. Детройтын “бөмбөгдөгч” хэмээн алдаршсан, мэргэжлийн боксын хүнд жингийн аварга цолыг хамгийн удаан хугацаанд буюу 11 жил хамгаалсан, домогт боксчны нэрээр уг спортын ордон нэрлэгджээ. Арга ч үгүй байх, Жо Луис бол энэ хотынхны хамгийн алдартай хүний нэг агаад, бас нэг бахархал нь аж. Хотын төвд түүний дурсгалд зориулсан өвөрмөц сонин хөшөө ч байдаг юм билээ.
“Жо Луис” хоёр талдаа ордог хаалгатай юм. Горди Хоугийн нэрэмжит ар талын хаалгаар орж үзлээ. Үүдээр ормогц “Улаан жигүүрүүдэд” 25 жилийн турш тоглож, НХЛ-ийн олон арван рекордыг тогтоосон , домогт хоккейч Горди Хоугийн хөшөөг байрлуулжээ. 20000 хүний суудалтай, аварга том усан онгоцыг санагдуулах “Жо Луис”-д зөвхөн хоккей ч бус мэргэжлийн бөх, сагсанбөмбөгийн тэмцээн, элдэв концерт, тэр чбүү хэл намын их хурал болж, “Нарны цирк” ч энд тоглолтоо хийдэг гэнээ. Ордны адарт “Улаан жигүүрүүдийн” түүхэнд онцгой хувь нэмрээ оруулсан цуут тоглогчдын “хувийн дугаарыг” үүрд мөнхлөн дархлан өлгөжээ. Мөн “Улаан жигүүрүүдийн” амжилтын түүхийг өгүүлэх дарцгуудыг нүд эрээлжилтэл байрлуулсан байх юм. Эндээс багацаагаар тус багийг ямархуу мундаг болохыг наад захын хүн ойлгож болохоор.
За ийнхүү гол төлөвлөгөөгөө биелүүлсэн тул хотыг “өөр нүдээр” харах ажилдаа оров. Детройтыг “хоккей таун” гэхээс өөрөөр бас “Мотор сити” гэж нэрлэх ажээ. Уг нь энэ нэр нь уг хотын гол имиж, гол бэлгэдэл нэр юм гэнээ. Би л “хувийн амбицдаа” болоод “Хоккей таун”-ыг нь гол болгосон бололтой.
“Motor city” хэмээгдэх нь ч үнэхээр ойлгомжтой. Чухам энэ хотод л Америкийн төдийгүй дэлхийн автомашины үйлдвэрлэлд томоохон байр суурь эзэлдэг “Женерал моторс”, “Форд”, “Крайслер” гээд үндэстэн дамнасан гурван том корпорацийн төв штаб байрладаг болохоор арга ч байж уу.
“General Motors”буюу“GM”хэмээн товчлон нэрлэгддэг энэ корпораци нь ирэх жил 100 настайгаа золгох гэж буй намтар түүх арвинтай, дэлхийн 33 оронд салбар үйлдвэр нь байдаг, нийтдээ 284000 ажиллагсадтай, та бүгдийн сайн мэдэх “Buick”, “Cadillac”, “Chevrolet”, “Hummer”, “GMC”, “Saturn”, “Pontiac” гээд олон арван брэнд болсон автомашиныг үйлдвэрлэдэг, борлуулалтаараа Америктаа нэгд(хоёрт “Форд”, гуравт “Тойота” ордог гэнэ) ордог аргагүй л аварга том корпораци юм байна. Төв штаб нь Даунтаунаас тун холгүй, “Жо Луис арена”-аас бол алхаад л орчих “Renaissanse Center” цогцолборт байрлах аж. Та уг цогцолборт үнэгүй зочилж болох бөгөөд “GM”-ийн оффисыг сонирхож, хамгийн дээд 72 давхарт цахилгган шатаар нүд ирмэх зуур гарч, хүсвэл дээвэр дээрх тансаг ресторанд хооллож, кино театрт нь сүүдэр ший үзэж, таван одтой “Marriott” буудалд ч тухлаж болох аж.
“GM”-ээс дутахгүй алдартай, эн зэрэгцэх том, цуут Хэнри Фордын үүсгэн байгуулсан “Форд” корпорацийн төв штаб нь Детройтын бүүр захад орших Диборнд байдаг тул тийш очиж амжсангүй ээ.
Мөн даунтаунд байхдаа нэгэн үзэх газар бол “COBO Center”. 1950-1957 онд “Мотор хот”-ын мэрээр ажиллаж байсан Альберт Кобогийн алдраар нэрлэгдсэн энэхүү цогцолбор 1960 онд нээгдсэн бөгөөд, олон зуун дөрвөлжин шоо шиг хэлбэрийн дизайнаар баригдсанаараа алдартай юм байна. Энд хурал, үзэсгэлэн, концерт жилийн дөрвөн улиралд тасралтгүй зохиогдож байдаг бөгөөд дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй автомашины шоу жил бүрийн нэгдүгээр сард болдог гэнэ.
“Joe Louis arena”, “Cobo center”, “Renaissance center”, мөн хотын гол талбайнуудын нэг “Hart Plaza” хоорондоо их ойрхон явган яваад л бүгдийг нь үзчих боломжтой юм билээ.
Детройтын төвөөс хойд зүгт хурдны замаар 40 минут орчим давхиад Аубурн Хиллзд хүрнэ. Ийшээ яах гэж явсан юм бэ гэж гайхаж байна уу? Энд өнөөх Америкийн гуравдахь том автомашины үйлдвэрлэгч “Chrysler”-ийн төв штаб байрладаг ажээ. “Dodge”, “Chrysler”, “Jeep” гээд бас л нэртэй брэндүүдтэй, 130 000 ажиллагсадтай, автомашин үйлдвэрлэлийн “аварга мангасуудын” нэг юм байна. “Форд”-ыг үзээгүй мөртлөө ийшээ зорьсон учир бол “Chrysler”-ийн төв штабаас тун холгүй NBA-ийн “Детройт пистонз”, WNBA-ийн “Детройт шок” багуудыг тоглолтоо хийдэг “Palace of Auburn Hills” хэмээх ордон нь байнаа. Энд нөгөө эхэнд өгүүлсэн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн “Детройт шок”-“Сиэтл шторм” багуудын тоглолтыг үзлээ. Детройтын багт Дианна Нолан, Кэти Смит, Сиэтлийн багт Сю Бирд, Лорен Жэксон нарын томчууд тоглож байна. Хамт явсан хуурай дүү маань тэр Жэксон гээд австрали хүүхний улаан фэн тул Сиэтлийн талд манайхан балиашиглаж , тэнд үзэж суусан олон мянган хар голдуу “Шок”-ын балиашигуудын “дайсан” болж суулаа. Ер нь Детройт бол харууд маш ихтэй, хэрэг төвөг гардаг тоогоороо Америктаа дээгүүр ордог, орой үдэш, ганц нэгээрээ явбал бас “эвгүй хот” гэдэг юм билээ шүү!!!
За гэхдээ тэнд очсон явуулын хүн болгонтой л иймээ тиймээ адал явдал тохиолдоод байв гэж. Гэхдээ бас болгоомжтой явахад илүүдэхгүй гэж сануулж байгаа юм.
Хоккейтаун, Мотор сити хэмээн алдаршсан Детройтын бас нэг нэр нь “Мюзик сити” гэсэн. Энд техно хөгжим анх үүссэн бөгөөд энэхүү урсгалын нэртэй төлөөлөгч Эминем эндхийн уугуул юм байна. Бас “Электрон мюзик фестиваль” гээд хөгжмийн томоохон наадам ч болдог аж. Блюз, жазз хөгжмийн алдартай наадмууд бас л энд болдог гэнэ. За тэгээд рок попын Стив Уондер, Диана Росс гээд хэнбугай нь ч мэдэх томчуул бас л энэ нутгийн уугуул ажээ. Цуут “KISS” ( яагаав нүүрээ “Бушхүүгийн үлгэрийн эмгэн шулмас” шиг янз бүрээр будчихсан, зузаан ултай гутал өмссөн дөрвөн залуутай Америкийн энэхүү рок хамтлагыг манайхан сайн мэднэ дээ) хамтлаг “Detroit Rock city” хэмээх дууг зүгээр ч нэг санамсаргүй зохиогоогүй нь бололтой.
Хөгжим, урлаг гэснээс Детройтын театрын дүүрэг нь зангарагаараа Нью Йоркийн Манхэттэний Бродвэйн л дараа ордог бөгөөд шил шилээ даран орших 20-оод театр байдаг юм билээ.
Бас нэг зүйлийг мартах шахаж. Детройт нь араб гаралтай америкуудын гол төв гэсэн.
За тэгээд Детройтыг чухам ямар хот гэх ээ, тухайн хүн юу сонирхдогоос л шалтгаалах юм шиг байна лээ. Миний хувьд бол спортын, тэр тусмаа “Хоккейн хот” гэдэг нь яах аргагүй оносон нэр мэт. Бас “Мотор хот” гэдгийг яагаад ч үгүйсгэх аргагүй ээ. За тэгээд уншигч авхай Та Детройтод очихоороо ямар нэр өгөхөө өөрөө мэдсүгэй. Би бээр энэ хотыг “хальт” дайрч, зурвас харснаа л товч дурьдсан нь энэ болой.