
Э.Бадар-Ууган “Бөртө чоно”-ын эзнээр тодров
Монголын спортын ертөнцийнхний оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртө чоно” ёслолын ажиллагаа өнөөдөр (12.21) Соёлын төв өргөөнд боллоо. Улиран одож буй 2007 онд тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулж, алтан соёмбот далбаагаа өргүүлсэн алдар цуутай тамирчид, дасгалжуулагчид, ажил үйлсээрээ хошуучилсан спортын холбооны удирдлагууд бүгд энд хуран цуглажээ.
Олон улсын жишгээр “Оны шилдэг тамирчдыг” ямар нэг холбоо, байгууллагын тодорхойлолтоор бус, харин зөвхөн спортын сэтгүүлчдийн саналаар сонгон шалгаруулсан нь нэг онцлог болов. Өнгөрч буй онд үзүүлсэн амжилтыг нь харгалзан 30 гаруй тамирчдын нэрийг дэвшүүлснээс , спортын сэтгүүлчдийн саналыг үндэслэн “Манлай тамирчин” болон шилдэг тамирчдаа тодруулжээ.
“Оны Тэргүүн манлай” тамирчнаар Монгол Улсын гавьяат тамирчин цолыг хүртээд удаагүй байгаа Энхбатын БАДАР-УУГАН тодорч “Бөртө чоно”-ын эзэн боллоо. Боксчин Э.Бадар-Ууган улиран одож буй онд олон улсын тэмцээнүүдээс алт,мөнгө, хүрэл медаль хүртэж, Ази тивийн аварга болж, өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Чикаго хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 10 жил “тасарсан” боксчдын медалийн буухиаг залгуулсан билээ. Мөн “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох эрхээ ч давхар өвөртөлсөн юм.
Шилдэг тамирчнаар чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан, гавьяат тамирчин Б.Наранбаатар, буудлагын дэлхийн цомын алт, хүрэл медальт, “Универсиад” наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Ц.Мөнхзул, жүдогийн олон улсын тэмцээний алт,мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий шагналт тавдугаар байрт шалгарч, олимпийн эрх авсан , гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга цолыг хүртсэн Хакухо М.Даваажаргал, “Универсиад” наадмын жүдо бөхийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга М.Бундмаа, чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй бөх Д.Нармандах, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн Х.Мөнхбаатар, буудлагын дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий багийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, боксын ОУТ-ий алт,мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга З.Энхзориг нар шалгарчээ.
“Оны шилдэг дасгалжуулагчаар” чөлөөт бөхийн “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга тодров. Тэрбээр дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, “Универсиад” наадмын аварга, гавьяат тамирчин Б.Наранбаатарын багш юм. Мөн “Оны шилдэг баг”-аар багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэй жүдочид шалгарсан байна.