
Кака дэлхийн шилдэг хөлбөмбөгчин
Өнөөдөр(12.17) Швейцарийн Цюрих хотын Дуурийн ордонд 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчдөд шагнал гардуулах “FIFA World player Gala” ёслолын ажиллагаа боллоо. ФИФА (Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо) 1991 оноос эхлэн оны шилдэг хөлбөмбөгчнийг үндэсний шигшээ багуудын дасгалжуулагч, багийн ахлагчдын саналыг үндэслэн шалгаруулдаг уламжлал тогтсон бөгөөд 2001 оноос мөн оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинг бас тодруулдаг болсон билээ.
Энэ жил энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшигчдээс сүүлчийн шатанд тунан үлдсэн эрэгтэй,эмэгтэй тус бүр гурван тоглогчоос хэн нь шалгарахыг хуран цугласан олон сэтгэл догдлон хүлээж байлаа.
2007 оны Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмгчний шагналд энэ жил дэлхийн аварга болсон Германы шигшээ багийн ахлагч , энэхүү шагналыг гурван удаа хүртэж байсан Биржит Принц, дэлхийн аваргын мөнгөн медальт Бразилийн шигшээ багийн довтлогч, өнгөрсөн жилийн энэ шагналын эзэн Марта, мөн түүний нэг багийн тоглогч Кристиан нар өрсөлдсөнөөс Марта “Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч”-өөр хоёр дахь жилээ дараалан шалгарлаа. Тэрбээр мөн өмнө нь 2004 онд гуравт орж, 2005 онд “аман хүзүүдэж” байсан билээ.
Хоёрдугаар байрт Принц, гуравт Бразилийн Кристиан нар орлоо.
Дэлхийн шилдэг эрэгтэй хөлбөмбөгчний номинацид Бразилийн Кака, Португалийн Криштиан Роналдо, Аргентиний Лионель Месси гээд шижигнэсэн гурван залуу шалгаран үлдсэн. Хэн нь энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болоход эргэлзэхээргүй тоглогчид. Месси Аргентиний шигшээ болон Испанийн “Барселона” багт гайхалтай сайхан тоглож, бараг л тоглолт болгонд гоол оруулж байгааг бүгд мэднэ. Харин Роналдо Португалийн шигшээг “Евро-2008” шалгарахад гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй, Английн “Манчестер Юнайтед” багийг чимж буй тоглогч. Түүний уран гоё хууралт, хувийн бишрэм тоглолт, гайхамшигт техник олон сая хөгжөөн дэмжигчдийг баярлуулж байгаа билээ.
Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн зохиогддоггүй жил хамгийн чухал тэмцээн нь “Аваргуудын лиг” байдаг билээ. Тэгвэл Какагийн тоглодог “Милан” баг энэ жил энэхүү нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн. Кака ч уг тэмцээнд 10 гоол оруулж, тэмцээний шилдэг довтлогчоор шалгарсан. Тиймээс хэдхэн хоногийн өмнө Какаг Европын шилдэг хөлбөмбөгчнөөр шалгаруулж, “Алтан бөмбөг”-өөр шагнасан бол дөнгөж өчмгдөрхөн түүний “Милан” дэлхийн клубуудын цомын тэмцээнд аваргалж, Кака мөн энэ тэмцээний шилдгээр шалгарсан юм. Дээрх хоёр чухал тэмцээнд багаа түрүүлэхэд гол гавьяаг байгуулж, өөрөө шилдэг тоглогчоор шалгарсан нь түүнд ихээхэн санал авчирсан нь гарцаагүй.
Ингээд 2007 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр Бразилийн шигшээ болон Италийн “Милан” багийн хагас хамгаалагч Кака тодорлоо. Месси “аман хүзүүдэж”, Роналдо гуравт шалгарлаа.
ФИФА-гийн “Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин”-ий шагналтнууд
1991 он. Лотар Маттеус (Герман)
1992 он. Марко Ван Бастен (Голланд)
1993 он. Роберто Бажо (Итали)
1994 он. Ромарио (Бразил)
1995 он. Жорж Веа (Либери)
1996 он. Роналдо (Бразил)
1997 он. Роналдо (Бразил)
1998 он. Зинедин Зидан (Франц)
1999 он. Ривалдо (Бразил)
2000 он. Зинедин Зидан (Франц)
2001 он. Луиш Фигу (Португал), Миа Хэмм (АНУ)
2002 он. Роналдо (Бразил), Миа Хэмм (АНУ)
2003 он. Зинедин Зидан (Франц), Биржит Принц (Герман)
2004 он. Роналдиньо (Бразил), Биржит Принц (Герман)
2005 он. Роналдиньо (Бразил), Биржит Принц (Герман)
2006 он. Фабио Каннаваро (Итали), Марта (Бразил)
2007 он. Кака (Бразил), Марта (Бразил )