Сэтгэлийн зул
Зорьсондоо хүрдэг хүн байлаа,тэр
Өнөөдөр өглөө гадаа гарч, малгайлан хаялах цасыг хараад сэтгэл минь цэлмээд орж ирсэн юмсан. Гэтэл тун удалгүй цэвцийсэн цагаан тэр цасны өнгө шиг цэлмэсэн сэтгэлийг минь гунигт мэдээ “ хар хөө” шиг юу ч үгүй дарж орхилоо.
Монголоос манай сонины, манай компанийн санхүүгийн менежер маань гашуудлын мэдээ дуулгав. Энэ чинь одоо зүүд үү, юу вэ гэхээр л юм болж. “Монгол ньюс” группын тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдорж эрхлэгч маань зуурдаар нас баржээ. Яагаад Монголын хамгийн гайгүй хүмүүс нь ингээд цаг бусаар, дэндүү эрт яваад байна даа.
Түүнийг хүмүүс дэндүү сайн мэднэ. Элдвээр ч их хэлнэ. “Хэвлэлийн магнат”, “Н.Багабанди ерөнхийлөгч, Ш.Отгонбилэг захирал энэ гурав үй зайгүй найзууд гэнэ” энэ тэр гээд л. Сайнаар ч ярих нь бий, саараар ч бодох нь ч бас байдаг л байх. Юу гэж бодох нь хувь хүмүүсийн л хэрэг. Харин монгол жудгын дагуу өнгөрсөн нэгнийгээ сайнаар л дурсаасай гэсэндээ, талийгаачийн араас бага ч болов буян болох болов уу гэж бодоод л энэ дурсамжыг тэрлэж сууна даа.
Ц.Балдорж хэмээх эрхэм хүнтэй анх 1990-ээд оны дунд үед анх “нүүр тулан” уулзаж, “Ардын эрх”, “Таван цагариг” сонинд ажиллах “цэрэг” нь болж билээ. Одоо ч түүний удирдсан группэд “данстай” л явна. Их сургуулийн нэгдүгээр курсын оюутан , “нусгай амьтан”-ыг тухайн үедээ Монголын хамгийн нэр хүндтэй, хамгийн том, хамгийн шилдэг сонин нь байсан “Ардын эрх”-д тоож авсан нь одоо болтол надад бахархалтай санагддаг юм. “Ардын эрх” бол сэтгүүл зүйн “аварга том” сургууль байлаа. Өдгөөгийн Монголын өдөр тутмын сонинуудын редакцид ажиллаж байгаа сэтгүүлчдийн ихэнх нь “Ардын эрх”-ын “тогоонд чанагдаж”, Балдорж эрхлэгчээр “балбуулж” байж өдий зэрэгт хүрснийг хэн ч хэлээд өгнө. Талийгаачийг бүгд л “Бал эрхлэгч” гэж дуудна. Хожим сониндоо нэг их оролцохоо болиод, “Монгол ньюс” компанийн захирал, группын тэргүүн болсон ч тэр үеийнхэн бол “эрхлэгчээ” л гэж дууддагсан.
Манай “Таван цагариг” сониныг спортын төрөлжсөн сонины орон зай дутагдаж байгааг олж хараад, Олимпийн хорооныхонтой ярьж тохироод л “эх барьж” авсан. Зөвхөн манайхыг ч биш бас хүүхдийн “Би Би Би”, амралт чөлөөт цагийн “Ням гариг” гээд олон арван мянган захиалагчтай олон олон сонинг “төрүүлсэн” хүн.
Хүнийг байгаа юмыг нь бүрэн дүүрэн гаргатал нь “шахаж”, ажиллуулж чаддаг байсан нь түүний удирдах гол ур чадвар байсан гэж би боддог. Юмыг бусдаас түрүүн олж харах, шинээр сэтгэх, голыг олж хэлэх гээд сэтгүүлч хүний эрхэм чанарууд түүнд байдаг байлаа. Эрхлэгчийн хувьд хатуудаа бол тун хатуу. Ёстой л “толгой авах” шахна. Гэхдээ “эрхлүүлэхдээ” бас эрхлүүлсэн шиг эрхлүүлнээ. Намайг хоёрдугаар курсэд байхад “Таван цагариг”-ийг удирдах хүндтэй боловч хариуцлагатай үүрэг өглөө. Манай өмнөх эрхлэгч дэвшээд явчихсан үе л дээ. Би ч энэ том айлыг авч явахаас эмээгээд “Эрхлэгчээ би зүгээр сурвалжлагчаа л хийгээд явж байя” гэхэд “ За чи олон юм ярилгүй л наад сониноо аваад яв!” гэж билээ. Ер нь өөрийнхөөрөө хүн л дээ. Хүнийг ажилд авахдаа “сонин” шалгуураар авна. Нэг залуу ажилд орохоор Бал эрхлэгчтэй уулзаж л дээ. Тэгтэл “ архи уудаг уу” гээд л шууд асуусан байгаа юм. Нөгөөх нь сандраад “амсдаг ч үгүй” гэж. Тэгтэл “Ийм байж чи яаж хүнээс үг салгах юм бэ?” гээд гаргачихсан гэлцдэг юм. Жаахан балгачихдаг боловч ажилдаа сайн манай нэг сэтгүүлч байсан юм. Мань хүн түүнийг хайрлаад “халж” чадахгүй, бас “эрхлүүлээд” дуугүй яваад байж болохгүй болохоор “25 дугаар суваг” телевизээр өдөр бүр эфирт гарах нэвтрүүлэг хөтлөх үүрэг өгчихсөн гэдэг. Зурагтаар байнга гарах хүн яаж “үнэртүүлээд” байхав дээ. Иймэрхүү л “нарийн” аргаар хүнтэй ажилладаг эрхлэгч дээ. Хүнийг өнгөн дээрээ тоохгүй яваад байгаа юм шиг мөртлөө л цаагуураа “анхааралдаа” авчихсан л байна. Намайг ажлынхаа хажуугаар хичээлдээ гүйгээд байгааг мэддэггүй л юм шиг байх мөртлөө нэг өдөр өрөөндөө дуудаад л “ Чи сургалтын төлбөрөө өгөөгүй байгаа биз дээ? Энэ жил яахав компаниас даачихья, ирэх жил чи өөрөө тэр Олимпийн хороогоороо даалгаарай !” гэнэ. Тэгэхээр “цэргүүдийнхээ” ар талыг бол сайн мэддэг байсан гэсэн үг.
“Далайлт нь их ч буух нь зөөлхөн” хүн дээ, манай эрхлэгч. Ажлаас болоод ам мурийх, хэдэн сурвалжлагчаа өмөөрөөд тунирхахыг алийг тэр гэхэв. Чамаар манай сонин дутахгүй,яв л” гэнэ. Намайг бол хэд хэдэн удаа ажлаас “халсан”. Би занг нь мэдэх болохоор далимдуулаад ажилдаа ирэхгүй хэд хононо. Тэгээд “тойрохоо авах” гээд ирэхээр “Явж ажлаа хийхгүй юу хийгээд байгаа юм бэ!” гээд л юу ч бодохгүй хэлнэ дээ.
1996 онд Ардчилсан хүчин сонгуульд ялж, “Ардын эрх”-ээс Бал эрхлэгчийг “хуслаа”. Мань эр бүх ажилчдаа цуглуулаад яриа хийлээ. “Хамтран ажиллаж байсан та нартаа баярлалаа. Хатуу ширүүн загнаж байсан бол уучлаарай! Би одоо өөрийн гэсэн хувийн шинэ компани байгуулаад сонин гаргана аа . Та нарыг намайг дагаад “Ардын эрх”-ээс гар гэж албадахгүй ээ. “АЭ” бол хөл дээрээ бат зогссон сонин шүү” гэж хэлж байсан санагдана. Тэгээд үлдэх нь үлдэж, түрээсээр авсан шинэ байр руу нь Балдоржийг “дагасан” цөөн хэдэн хүн нүүсэн. Манай “Таван цагариг”-ийнхан ч бүгдээрээ Бал эрхлэгчээ дагаад очсон. “Өнөөдөр” гэж сонины анхны дугаарыг сар гаруйхны дараа гаргаад, ширээ сандал ч байхгүй том өрөөнд сонин дэвсэж ,газар суугаад л “нэг юм задлаад” анхны дугаараа мялааж, дарга цэрэггүй хуваагаад хүртэж, “Монгол ньюс” гэж “айл” өрхөө татаж байсансан.
Түүнээс хойш арав гаруй жил өнгөрч. Бал эрхлэгч маань энэ “айлыг” айлын дайтай айл болгож, олон арван “хүүхдүүдээ” хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсээн. Одоо бол манай “Монгол ньюс”-ийнхэн өөрийн тохилог оффистой, орон сууцтай, өдөр тутмын сонинууд дундаа нэр хүндтэй болсон. Үүний л төлөө тэр нойр хоолоо умартаж, хэдэн “хүүхдүүдтэйгээ” хэрэлдэхдээ хэрэлдээд, хэлцэхдээ хэлцээд, хамт дунд нь бужигнаад л зүтгэсэн.
Хэрэв улс төр хөөгөөд, “хар амиа” бодоод явчихсан бол тэрбээр өлхөөн чадах байсан юм. Тэр зэргийн зангараг, нэр хүнд, танил тал, татаа, түлхээ бол мань хүнд байсаан. Гэвч тэр улс төрийн заваан тогоонд орохыг хүсээгүй юм. Учир нь тэр зүй бус юмыг “идээ бээрийг” нь шахаж, нийгмийг цэвэршүүлж, зовь гольдрилд оруулахыг “мөрөөдөж” байсан билээ. Тиймээс ч улс төрчид түүнээс эмээдэг, УИХ-ын зарим гишүүд түүний хажууд “жульдаж” байсан болов уу?
Бал эрхлэгчийн бас нэг онцлог нь өөрийн “цэргүүддээ” үзэл бодлоо тулгаад байдаггүй, эрхлэгч, захирал гээд юм болгонд оролцоод байдаггүй байлаа. Өглөөний яриа гэж айхтар юм хийнэ. “Өнөөдөр”-ийнхөн тэнд суухдаа хүн бүр шинэ мэдээ хэлэх үүрэгтэй. Шинэ юм олж сонсоогүй, дуулаагүй сурвалжлагч бол шууд л торгууль хүлээдэг байсан. Харин манай “Таван цагариг”-ийнхан бол тэр ярианд нь суухгүй ээ. Манай сониныхонд ч Бал эрхлэгч юм хэлэхгүй. “Таван цагариг”-ийнхныг Бал эрхлэгч их давруулах юм гэсэн яриа бас гараад, түүний чихэнд хүрч л дээ. Тэгээд “Эднийх шиг ажлаа, спортоо мэдэх хүн та нарт ч байхгүй, би ч өөрөө мэдэхгүй. Тэгэхээр юу хэлдэг юм” гэсэн удаатай.
Ажиллах боломжийг ч бас хангалттай өгдөг, “ардчилсан” үзэлтэй удирдагч байж. “Ардын эрх”-д байх үед дээ. Нэг удаа “За та нар ширээн дээрээ нэг лааз шар айраг тавьчихаад, айж эмээхгүй, нууж хаалгүй чөлөөтэй уугаад юм аа бичиж бай!” гээд л “эрхлүүллээ”, биднийг. Манай “Ардын эрх”-ийн хэд хайрыг нь даалгүй давраад, “нормын” нэг пивоо уучихаад лаазанд нь “цагаан юм” хийчихээд татаж суухгүй юу. Тэгтэл Бал эрхлэгч орж ирээд “хандыг” авалгүй яахав дээ. “Ам цангаад байна, алив наад пивоноос чинь нэг балгаадахья” гээд л бариад авсан гэдэг. Тэгээд “нормын нэг” ч байхгүй болж, “хуурай хууль” үйлчилсэндээ.
Жилдээ биднийгээ хэд хэдэн удаа баярлуулчихнаа. Тэрэлж рүү, “UB-2” руу салхинд хамтдаа хэд хоночихно. Шинэ жилээр бол өөрөө ч “настр” ороод “Улаанбаатар”-т шөнөжин баярлаж хонодогсон.
Эр хүний хувьд ч бас элдэв “шан пангүй ээ”. Уралдаан тэмцээн болохоор яг яс үзэж, хожигдохоороо нилээд шар нь хөдлөөд, шүүгчтэй хэрэлдээд, хэн нэгэнтэй нудралцаад ч авч байдаг хээгүй ээ. Хааяа нэг “зуу татчихсан” тууж явна, тоохгүй ээ. Гэлээ гээд ажлаа хийсэн шиг хийгээд, ажиллагсдаа ажиллуулсан шиг ажиллуулж байсныг нь Монголын сэтгүүл зүйд түүний эзэлсэн орон зай бэлхнээ хэлээд өгнөө.
...Ирээд буцдаг энэ хорвоогийн жам хэдий ч дэндүү эрт зуурдаар буцаж буй хүмүүс даанч харамсмаар юм даа. Ид хийж бүтээх насан дээрээ, эх орны маань сор нь болсон сайхан сайхан хүмүүс минь биднийгээ орхин одохоор сэтгэл зүрх минь “урагдаж”, хий л дэмий харамсах юм даа. Яалтай ч билээ дээ, энэ хорвоог.
Хөгшин буурайдаа “жаал хүү нь”, хайрт гэргийдээ халамжит хань нь, хөөрхөн үрсдээ ачит эцэг нь, хамт олондоо “хуурай аав нь” болсон, эх орондоо дуурсах нэртэй нэгэн дотны маань хүн бас л Бурхны орон руу явчихлаа даа.
Тэнд, Бурхны оронд, манай энд байдаг шиг атаа жөтөө, адын шунал, албан тушаалын дон, алив муу муухай зүйл байдаггүй, өнгө, мөнгийг тоохгүй, худал хуурмаг, хов жив үйлчилдэггүй болохоор Та нар минь тийшээ яардаг ч байж мэдэх юм даа.
Амгалан энхийн орондоо тайван нойрс доо! Ум ма ни бад ми хум!