Америкаар аялахуй-“Тэнгэрт” дүүжлээстэй гүүр
Өдгөөгөөс жил хагасын өмнө Денверийн монголчууд, “Алтан бөмбөг” клубын санаачилгаар тус хотноо Америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион явуулсан билээ. Энэ тэмцээнийг сурвалжлах, хамт “бөмбөг хөөж” явсан найзуудтайгаа нэг уулзах, басхүү “тоосоо өргөх”-өөр Сан Францискогоос “Замдаан”-ы Д.Цэрэндоржийн хамт Денверийг зорьсон юм. Өөр бас нэг “зорилго” маань Денверээс холгүй орших Колорадо Спрингс хотноо байрладаг Америкийн Олимпийн хороонд “зочлох” байлаа. Гэвч тэмцээн хоёр хоног үргэлжилж, би гуравхан хоногийн “визтэй” явсан болохоор үлдсэн ганц хоногтоо Олимпийн хороонд зочлох гэтэл баярын өдөр таараад яалт ч үгүй болов.
Тэгээд “гуниглаж” суутал биднийг хүлээж авсан Атраа маань “Та хоёрт нэг газар үзүүлэе, сайхан газар бий. Хол гэхгүй л бол” гэснээр “төлөвлөгөө”-гөө өөрчлөн, “зорилгоо” хожим хойно гүйцээхээр нөөцлөөд, Атараагийн гэр бүлийнхний хамт аяны замд гарсан билээ.
Денверээс өмнө зүгт гарч US-285, CO-17 хурдны замаар дөрвөн цаг гаран давхиад Канон хэмээх жижигхэн хотод ирлээ. Эндээс тун холгүй өнөөх зорьсон газар маань бий гэнэ. Хаашаа ямар газар руу авч яваагаа манай “хөтөч” маань хэлэхгүй явсан болохоор ямар газар очиж юу үзэх гэж байгаагаа мэдэхсэн гэж улам яарна. Тэгж явсаар нэг зорьсон газраа ирлээ дээ. Их өндөр уул руу яваад байхаар нь зүгээр л нэг уулын орой дээр аваачих нь гэж бодож явсан маань эндүүрэл болов.
Бидний зорьж очсон газрын албан ёсны нэр нь “Royal Gorge Bridge & Park” гэх бөгөөд жуулчид, аялагчдад зориулсан парк ажээ. Паркын бүс нутаг 1,5 км.кв талбайтай бөгөөд том хүн 23$, 4-11 насны хүүхэд 19 $ -ын тасалбар авч орох ажээ. Энэ паркын нутаг дэвгэр нь Арканзас голын хавцлын хоёр талыг хамрах бөгөөд энэ хавцал дээгүүр тавьсан “Royal Gorge” хэмээх дүүжин гүүр нь хамгийн гол үзвэр нь ажээ.
“Golden Gate” гээд дэлхийд хамгийн алдартай гүүрээр бараг л өдөр бүр наашаа, цаашаа холхиж байдаг, урьд өмнө нь бас Саудын Араб-Бахрайныг холбодог далай дээгүүр барьсан “King Fahd Causeway bridge” гэдэг гайхамшигт байгууламжаар туулж өнгөрч байсан болохоор “Энд тэндхийн гүүр алийг тэр гэх вэ? Тэгээд ч Америкт бол гүүр, туннель зөндөө дөө” гэсэн тоомжиргүй байсан бодол маань тэр даруй арилах юм гэж хэн санах вэ.
Газрын “мухарт” шахуу, эл хуль нутагт орших энэхүү “жижигхээн” гүүр олон хөлийн “амьтдыг” соронзон лугаа татдагын учрыг төдөлгүй мэдсэн бөлгөө. “Royal Gorge” гүүр нь дэлхийн хамгийн өндөрт оршдог дүүжин гүүр гэнэ. 1053 фийт буюу, манай хэмжээсээр бол 321 метрийн өндөрт орших энэ гүүрийг “Тэнгэрийн гүүр” гэлтэй. 1929 онд энэ гүүрийг барьсан бөгөөд анхнаасаа л ямар нэг тээврийн хэрэгсэлд бус зөвхөн жуулчид аялагчдад үзүүлэх зорилгоор барьсан гэнэ. Гэхдээ машин тэрэг явж болохгүй гэсэн үг бас биш ээ. Эндхийн ажилчдын, тусгай зориулалтын болон үйлчилгээний машинууд нь салхинд үл мэдэг дайвалзах энэ гүүрэн дээгүүр нааш цааш явж л байх юм билээ. Гүүрийн хоёр талаар АНУ-ын бүх мужийн далбааг өргөсөн байдаг. “Уугуул нь биш” боловч түр ч гэсэн “суугуул”нь юм болохоор бас “хүрэн баавгайтай” Кальфорныхоо тугны хажууд бас “патиараа” даруулж орхисон. Гүүрэн дээрээс доошоо харахад тээр доор Арканзас гол урсаж, хажуугаар нь энэ хавцлын дундуур тавсан төмөр зам жирийн үзэгдэнэ. Хэр зэрэг өндөрт байгаагаа чухам гүүрэн дээрээс доошоо харахад л илүүтэй мэдрэх ажгуу.
Энэхүү гүүрээр хөндлөн явган алхаж гарахад “Дэлхийн хамгийн өндөрт орших гүүрэн дээгүүр ингээд нэг гарлаа даа” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм билээ. За тэгээд “үйл ажиллагаа” зөвхөн энэ гүүрэн дээгүүр л гараад дуусчихгүй ээ. Та 45 градусын налуу замаар явдаг “унаагаар” доошоо хавцал руу бууж үзнэ. Хавцлын дундуур урсаж өнгөрөх урсгал нь ширүүн, ус нь тунгалаг, дуу чимээ ихтэй Арканзас голын эрэг дээр ирж, хажуугаар өнгөрөх галт тэргийг сонирхож, дээшээ “тэнгэр өөд” толгойгоо өргөн харвал өнөөх “гүүр” тээр дээр, ёстой л “Тэнгэрт” харагдах нь гайхамшигтай.
За тэгээд эргээд өнөөх огцом эгц замаар дээшээ гарч ирсэн бол одоо хавцлыг гүүрээр бус утсанд дүүжлээстэй “агаарын трамвай”-аар хөндлөн туулах болно доо. Өндрөөс эмээдэг хүнд бол эхлээд суухад жаахан эвгүй л эд. Бас зүгээр ч явахгүй явдал дундаа 360 градус эргэж явах юм билээ. “Хэрвээ энэ дүүжлээстэй утас нь тасарвал ч тээр доор харагдах хавцал руу...өнгөрөө” гээд л “аминдаа хайртай” болохоороо шал дэмий юм бодож явтал “хөтөч” маань миний бодлыг мэдсэн юм шиг “энэ бол аюулгүй байдлыг олон талаас нь дээд зэргээр хангасан унаа. Байгалын таагүй нөхцөл, салхи шуургатай үед бол явдаггүй юм аа” гэж байна. Гэсэн ч агаараас “дүүжлээстэй” унаанаас бууж, газар гишгэсэн хойноо л сая сэтгэл минь амарч билээ.
Ингээд хавцлын нөгөө ирмэг дээр орших “Өндрөөс унах” тоглоом дээр очлоо. Хавцлын захад барьсан 100 фийт өндөр(хавцлын ёроолоос бол 1200 фийт өндөр) дээрээс , өөрийгөө “баглуулж, боолгож,бэхлүүлж” байгаад доошоо хавцал руу “үсэрдэг” юм байна. Skycoaster гэдэг ийм тоглоом дэлхийд ердөө 87 байдаг бөгөөд бас л хамгийн өндөрт байдаг нь энэ гэнээ.
Хэдийгээр “найдвартай” нь ойлгомжтой боловч ичиж зоволгүй л “үүнийг илгасая” гэж хэлсэн дээ. Тэгтэл тэр зуур бас нэг хөгтэй явдал тохиолдов оо. Энэ өндрөөс “ойчих” тоглоомд нэг удаа гурван хүн зэрэг “сууж” болдог юм байна. Америк нэгэн бүл үсрэхээр боллоо. Гэрийн эзэн эхнэр, жаахан охин хоёртоо “Битгий айгаарай! Энэ бол ямар ч аюулгүй тоглоом. Доошоо унаж байгаад эргээд энэ уяа нь татаад ирнэ гэнээ” гээд л зааварчилгаа өгч байна. Тэгээд дээшээ татагдаж гараад доошоо уналаа даа. Гэтэл эхнэр охин хоёр нь таг дуугүй, харин мань эр ёстой л “тэнхээ” мэдэн хашгирч гарах нь тэр. Өөрөө айгаад “илгассан” мөртлөө энэ шар залуу лав “өмдөндөө юм дусаасан” байхаа гэж инээд хүрч байлаа, хүний мууд хүн дуртай гэж үнэн шүү.
Ингээд цааш яваад унаган байгальдаа байгаа зэрлэг амьтдын паркыг сонирхлоо. “Улаан ном”-д орсон Америкийн уугуул амьтан болох Бизон үхэр, манайд байдаг аргаль, угалз, янгир, цаа буга, мөн Өмнөд Америк, Андын нуруунд их байдаг гэлцдэг лам гөрөөс ч байх юм. Гэрийн тэжээмэл амьтдынх нь бас тусдаа байдаг юм билээ. Энд нөгөө хот газрын, мал мэдэхгүй хүүхэд багачууд хонь,ямаа, морь гээд төрөл бүрийн тэжээмэл амьтадтай “нүүр тулан уулзах” төдийгүй, хоол өгч, илж таалж “үзэж” байгаа харагдана.
Энд явахдаа Та бас “Уулын хүнтэй” уулзаж болно. 1800 оны үед “амьдарч байгаа” энэ “хагас зэрлэг” хүн цахиур буугаар яаж буудахаас өгсүүлээд чулуу хавирч гал гаргах гээд л өөрийн амьдралын туршлагаас олсон мэдсэнээ харамгүй хуваалцана. Цаашаа явбал ковбойчуудын майханд зочилж, модон орон дээр сууж үзэж, зууханд нь гал ноцохыг харж болно. Гэхдээ та энэ хавьд “болгоомжтой” явах хэрэгтэй. Эс тэгвээс хэдэн ковбой хаанаас ч юм гарч ирээд хоорондоо шууд л буудалцаад, “сум исгэрээд” л , дарь утаа болоод эхэлнэ шүү! Хэн нэг нь Таны хөлийн хажууханд “амиа алдаад” унаж байх шиг. Гэхдээ айх, цочих хэрэггүй. Та зүгээр л нэг аялагч жуулчин болохоор алтны хайгуулд “яваа” тэдгээр ковбой, “нутгийн индиануудад” огтхон ч хамаагүй. За тэгээд “байлдаан” дуусангуут Та тэдгээр эрэлхэг ковбойчуудтай дурсгалын зургаа авахуулах боломж олдоно. Хүсвэл хажууханд нь байх дэлгүүрээс “оригиналь” ковбой хувцас, гутал, малгай, алчуур, буу түрээсэлж аваад жинхэнэ ковбой болоод “патиараа” татуулсан ч болно. Бас худалдаад бүүр авч ч болох юм билээ.
Ингээд л адал явдал дүүрэн аялаж яваад алжааж байж магадгүй ээ. Тэгвэл хүүхдэдээ илжиг унуулж, өөрсдөө сүйх тэргэнд суугаад хөлөө жаахан амраагаад авахад гэмгүй. Бүүр эртний уурын хөдөлгүүрт галт тэргээр аялж ч болно.
За тэгээд дурсгалын зүйл худалдан авах дэлгүүр, “ходоодоо баярлуулах” газар, хүүхдийн морин тойруулга, усан цаг энэ тэр гээд олон зүйлыг товч дурьдаад л орхиё. Уншигч авхай Та хэзээ нэгэн цагт “Тэнгэрийн гүүр”-ийг зорьж очоод тухтай үзэж, тавтай сонирхоно биз дээ.