
“Жинхэнэ” хоккейтэй угтсан Шинэ жилийн баяр
2008 оны нэгдүгээр сарын нэгэн. Олон хүн энэ өдрийг Шинэ оны эхний өдөр гэдгээр санах байх. Харин хоккей сонирхогч, спортын хорхойтнуудын хувьд , хоккейн , NHL-ийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн энэ өдөр, Кросбигийн гайхамшигт буллит, баяр хөөр болсон 71 000 үзэгчид сэтгэлд нь хамгийн түрүүн буух биз ээ. Хориннэгдүгээр зууны NHL гадаа талбайд хоёр дахь удаагаа албан ёсны тоглолтоо энэ өдөр зохион явуулсан билээ. Америкт бол NHL-ийн гадаа болж буй анхны тоглолт нь. Өмнө нь 2003 оны арваннэгдүгээр сард Канадын Альберт мужид “Эдмонтон Ойлерз”-“Монреаль Канадиенс” багууд “Орчин цагийн НХЛ-ийн анхны гадаах тоглолтыг” хийж, уг тоглолтыг 57 167 хоккейн хорхойтон үзэж өвөрмөц дээд амжилт тогтоож байсан аж.
Тэгвэл энэ удаа АНУ-ын Нью-Йорк мужийн Баффало хотын Орчард парк дахь “Ральф Вильсон” хэмээх цэнгэлдэхэд “Баффало Сэйбрз”-“Питтсбург пингвиз” багуудын хооронд NHL-ийн улирлын АШТ-ий ээлжит тоглолт болов. Үзэгчдэд дээр үеийн хоккейн “амтыг” мэдрүүлэх зорилготой байсан тул хоёр баг олоон жилийн өмнөх загварын хувцсаа өмсчээ. Тухайлбал “Питтсбург” 1970 –аад оны эхэн үед өмсөж байсан цагаан цэнхэр өнгийн хувцсаар гоёсон бол, “Баффало” 1980 –аад оны үеийнхээ хувцсаар гангарчээ. “Баффало”-ийн хаалгач Миллер баган дээрээ ноосон малгай духдуулсан нь бүүр ч донжтой харагдаж байлаа.
Цас будран хаялсан, сүүлдээ манайхны хэлдгээр бүүр “малгайлан” орсон энэ өдөр 71 217 үзэгч цан хүүрэг тачигнахыг ч тоолгүй цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласнаар, энэ тоглолт NHL-ийн бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй тоглолт болон түүхэнд бичигдэх болов. Гэхдээ энэ нь хоккейн түүхэнд бол бас рекорд биш гэнээ. 2001 оны аравдугаар сард Мичиган мужийн их сургууль, Мичиган дахь Их сургуулийн хоккейн багуудын хооронд болсон “Хүйтэн дайн” хэмээх тоглолтыг 74554 үзэгч үзсэн юм байна.
“Winter classic” хэмээн нэрлэгдсэн энэ жилийн тоглолт үнэхээр ч “жинхэнэ хоккейн” мөн чанарыг үзэгчдэд мэдрүүлсэн. Манай Монголд хоккейчид маань иймэрхүү нөхцөл байдалд, уур савсуулаад л тоглодог нь өөрийн эрхгүй бодогдоно. Харин тасралтгүй хаялах цас тоглогчдод нилээд хэцүү байдал үүсгэж, шайб ердийнхөөсөө илт удаан гулгаж багагүй төвөг учруулж байна лээ. Гэсэн ч ур чадвартай тоглогчид “ямар ч нөхцөлд” тоглолт болдогыг харуулсан.
Тоглолт эхлээд ердөө хэдхэн секунд өнгөрч байхад өдгөөгийн НХЛ-ийн нүүр царай болж буй залуу од, “Оцон шувуунуудын” ахлагч Сидни Кросбигийн дамжуулалтаар Армстронг түүхэн энэ тоглолтын салхийг хагалав. Энэ үед өөр шайб хаалганд орсонгүй. Хоёрдугаар үед талбайн эзэд тоог тэнцүүлж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Гуравдугаар үе, нэмэлт цагт тоо өөрчлөгдсөнгүй ээ. Ялалтыг буллитаар тодруулахад Сидни Кросби “Баффало”-ын хаалгачийн хөлний хоорондуур оновчтой цохин түүхэн тоглолтын ялалтыг өөрийн багийнхандаа авчирлаа.
Америк хөлбөмбөгийн аварга том стадионы төвд зассан хоккейн талбай дээр ийн тэмцэл өрнөж байхад, хажууд нь зассан задгай мөсөн гулгуур дээр хүүхэд багачууд хоккей тоглон, цэнгэлдэхэд хуран цугларч түүхэн үйл явдлын гэрч болсондоо хүмүүс баярлан хөөрч, нэг ёсондоо хоккейн их баяр боллоо. Жинхэнэ амьд хоккей, жинхэнэ үнэнч фэнүүд, жинхэнэ өвөл, жинхэнэ Шинэ жилийн баяр ийм л байдаг ажээ.