2007-12-03
Америкаар аялахуй

Америкаар аялахуй

 

Ниагара хүрхрээ-үзэх ёстой газрын нэг

 

Америкт төдийгүй дэлхийд нэртэй  Ниагара хүрхрээг нэг үзэх  юм шүү гэж нилээд эртнээс бодож байсан авч, цаг зав болохгүй, тэгээд ч энэ газраас нилээд алс, олон зуун бээрийн зайтай амьдарч байсан тул өдийг хүртэл бодол маань биелэхгүй л явсан билээ. Харин өнгөрсөн өвөл ажлын шаардлагаар “буурь сэлгэн” түр хугацаанд Америкийн дунд бүс нутагт, бүүр тодруулбал Иллиной мужид ирсэн нь Ниагарад нилээд ойрхон болоодхов.

            Энэ боломжийг алдахгүйг хичээн өнгөрөгч наймдугаар сарын дундуур сэтгэл санаа нийлсэн хэдэн найз нарын хамт өнөөх алдартай Ниагара хүрхрээг зорьсон билээ. Ийш тийшээ явахдаа “зам нийлэх” нөхөдтэй явах нь эдийн засгийн болон өөр бас бус “ашигтай” байдаг гэдгийг манайхан мэдэх буй заа. Наанадаж бензин тосоо хэмнэнэ, ээлжлээд жолоогоо мушгичихна, аян замд яваа монгол улсууд хамаа байж уу буудлын нэг өрөө аваад “чихээд” орчихно. Үзсэн харснаа ярилцаад явна, нэг нэгнийхээ “патиарыг” наад зах нь сэтгэлд нь хүрэхээр дараад өгнө. Энэ гадныхнаас зураг дараад өгөөч гэхээр үгүй гэхгүй уриалгахан зөвшөөрөх авч, ар талын фон, үс гэзгээ янзалсан эсэх  энэ тэрийг бол ердөө хайхрахгүй, тэр ч бүү хэл гар, хөл, толгойноос ч “тайраад” дарчихдаг улс гэдгийг туршлагаасаа сайн мэдэх юм. Тэгээд ч хүнээс гуйж байж зургаа даруулчихаад “давраад” голох хэцүү “О кэй” гээд л өнгөрдөг билээ.

            За энэ ч яахав. Ийш тийшээ зорихын өмнө мэдээж очих газрынхаа мэдээлэл цуглуулж, төлөвлөгөө гаргана л даа. Тэгээд интернэт жаал “шүүрдэж”, урьд нь Ниагарад очсон хүмүүсийг сураглаж , зөвлөгөө авах “ажилд” оров. Манайхан бишгүйдээ л очиж байсан гэнэ. Гэхдээ сүүлийн үед “Чикагогоос хэдэн гэр бүлийн залуус очоод Канадын хилийг мэдэлгүй ороод баригдсан гэнэ лээ. Шалгалт ихтэй байдаг гэсэн. Машинтай очихоор мэдэхгүй замаар явуулаад хилийн бүст оруулчихдаг, тэгээд цагаачлалын албанд бариад өгдөг гэнэ” гэсэн янз бүрийн явган яриа гарснаас хүмүүс бас жаахан болгоомжилдог болсон юм байна. Зарим найз маань “Тийшээ яваад болох юм уу? Болгоомжтой л яваарай” энэ тэр гээд бүүр үймүүлж хүртэл орхисон. Манайхан чинь өөрийн баттай мэдэхгүй юмаа хүртэл “тэгдэг юм гээд л барин тавин ярих” болохоор бас хэцүү. Интернэт дээр бол хангалттай мэдээлэл байгаа л даа. Гэхдээ ямар бидэн шиг бичиг баримт муутай “хууль бусаар” амьдарч буй улсуудад зориулсан “лавлах” байх биш дээ.

            Наад зах нь Детройтоос цааш “direction” харахаар Канадыг дайраад явахыг зөвлөнө.  Бид ямар Канадын хилээр орж гарч чадах биш , тойруу замаар л явахаас өөр аргагүй болж байгаа юм.

            Манай “аяллын багт” Иллинойгоос хоёр, Мичиганаас гурван хүн багтсан болохоор Детройт хотод уулзаад цааш нэг машинаар явахаар тохиролцсон юм. Ингээд Иллинойсоос Детройтыг чиглэн давхилаа. Зургаан цаг гаран яваад “Motor City”, “Hockey town” гэж нэрлэгддэг Детройт (Детройтод үзэж харснаа дараа  тусад нь бичнээ ) хүрэв. Тэнд  манай багийнхан бүрэн бүрэлдхүүнээрээ болж аваад Детройтоос өмнө зүгт орших Толедог зорилоо. Нэгэн үед чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг жил бүр хүлээн авдаг байсан Толедо бол жижигхээн хот юм билээ. Уг нь “Дэлхийн цом”-ын  тэмцээн зохиодог хотыг нилээд сүртэй хот байх болов уу, үзэж харах юм гайгүй байх гэж бодож байсан маань талаар болов. Цаашид энэ “маршрутаар” явах хүмүүс энд нэг их саатаж цаг алдах хэрэггүй биз ээ гэж зөвлөх байна. Толедогоос дараа нь Кливленд орсон. Энэ хот бол миний мэдэхээр мэргэжлийн спортын хэд хэдэн багтай. Тухайлбал NFL-ийн “Браунс”, MLB-ийн “Индианс” , NBA-ийн залуу од Леброн Жэймсийн тоглодог “Кавальерс” багууд бий. Гэвч шөнө дөлөөр тус хотод очсон, нөгөөтэйгүүр “хувийн сонирхлыг” бусдад тулгахаас төвдөөд энэ хотыг дайраад л гарсан билээ. Уг нь Кливлэндэд “РОК Н РОЛЛ”-ын “Алдрын танхим” гээд рок поп буюу хөгжим сонирхдог хүмүүс бол заавал үзмээр музей  байдаг юм билээ. Элвис Прэслигээс авахуулаад өнөө цагийн бүх рок н роллын одуудын хэрэглэж явсан гитар, эд өлгийн зүйлс гээд олон мянган үзвэртэй гэсэн. Тасалбарын үнэ нь 20$ бөгөөд Талархлын өдөр болон Христмасаас бусад бүх өдөр өглөөний 10 цагаас оройн 17 цаг 30 минут хүртэл ажилладаг гэж байсан. “Хөгжмийн болон урлаг”-ын ямар нэг “булчирхайгүй” болохоор “Рок н роллын алдрын танхим музей”-г үзэх гэж нэг их мэрийлгүй цааш хөдөллөө.

            Бидний дараа нь буудалласан томоохон хот бол Баффало. Хоккейн “Баффало сэйбрз” гээд муугүй баг байдаг хот доо. Эндээс өнөө бидний очих гээд зориод байгаа Ниагара хүрхрээ бол ердөө  17 миль зайтай. Баффало бол нилээд эртний хуучин хот бололтой юм билээ. Хотын төвийн барилгууд гэхэд л ихэд хуучин, энд тэндгүй машины зогсоолын тоолуурууд нь эвдэрхий, харууд ихтэй, нилээд бохирдуу хот байна лээ. Ер нь бол хол газраас Ниагараг зорин нисэж ирэх хүмүүс Баффалогийн нисэх онгоцны буудал дээр буугаад л тэндээсээ шууд Ниагара явчихдаг аж.

            Ийнхүү Иллинойгоос гарснаасаа хойш яг замд бол 14-15 цаг зарцуулж, Индиана, Мичиган,Охойя, Пенсильван, Нью Йорк гээд таван мужийг дамнан өнгөрөөд Ниагара хүрхрээний нэрээр нэрлэгдсэн Niagara Falls хотноо ирлээ.

            Энд жуулчид ёстой өч төчнөөрөө хөлхөх агаад тохилог буудлаас эхлээд амьдран суудаг байраа жуулчдад түрээсэлдэг нутгийн оршин суугчдын “гэр буудалд” хүртэл  буудаг аж. Хүрхрээ нь бол хотоос тун холгүй. Ниагара голын уснаас унах гурван хүрхрээг нийтэд Ниагара хүрхрээ гэх бөгөөд хүрхрээ тус бүр тус тусдаа нэртэй.

 Ниагара гол нь Канад, АНУ-ын хилийн дундын бүс гэнэ. Голын яг дундуур хоёр улсын хилийн шугамыг тооцдог юм билээ. Наад эрэг дээр нь АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара фолс хот, цаад эрэгт Канадын Онтариа мужийн Ниагара фолс хот оршиж, өөд өөдөөсөө “ширтэлцэн” байх юм. Канадын талд Horseshoe (Морины тах мэт хэлбэртэй тул ийм нэр авсан бололтой), Америкийн талд нь American falls, Bridal veil falls бий.

Ниагара хүрхрээ дэлхийд томоороо (Дэлхийн хамгийн том хүрхрээ бол Конго мөрөн дээрх Инга хүрхрээ, харин хамгийн өндөр хүрхрээ нь 979 метрийн өндрөөс “унадаг” Венесуэлийн  Ангель Салто хүрхрээ ажээ) эхний 10-т ордог юм билээ. Америктаа бол томоороо хоёрт буюу Орегон мужийн Колумб гол дээр орших Селило хүрхрээний дараа орно.

Гэхдээ Ниагара дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүдийн жагсаалтад “айргийн тавд” ордог бөгөөд жилдээ үзэх жуулчдын тоо, ирж  “бал сараа” тэмдэглэх хосуудын тоогоор толгой цохьдог гэнэ.

Энд өнөө манайхны болгоомжлоод байсан элдэв шалгалт, байцаалт огтхон ч байхгүй юм билээ шүү. Тэр хэл аманд ороод байсан залуус бол өөрсдөө элдэв хэрэг төвөг удаад баригдаж, шалгагдсан болов уу. Тэгэхээр та “хав хар ч “ байсан Ниагараг айх зовлонгүй үзэх боломжтой юм билээ.

            За тэгээд Ниагара паркт үзэж харах, зугаацах юм зөндөө. Иймээс танд “Passport to Falls” авахыг зөвлөх байна. Үнэ нь 28 доллар бөгөөд хүмүүсийн хамгийн их үздэг таван том үзвэрийн үнэ багтсан байна. Эдгээр үзвэрийн тасалбарыг тус тусад нь , эсвэл аль дуртайгаа сонгон авч болох боловч “pass” нь даруй 35 хувийн хямдралтай.

            Эхлээд тa Cave of the Winds –ийг үзнэ. Хүн бүрт нэг удаагийн нимгэхэн шар цув , сандаал тарааж өгнө. Хөтөч тайлбарлагчийн хамт Ниагара голд цутгах гурван хүрхрээний нэг Аmerican Falls-ийн яг доор нь очиж, хүрхрээний ус ямархуу хүчтэй унаж буйг гараараа хүрэн мэдэрч, усан доор нь толгойгоо норгож  ч болно. Ийм алдартай хүрхрээний усанд “цохиулахад” үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Дараа нь та паркын “нийтийн тээвэр” болох задгай жижигхэн автобусанд суугаад(хэрэв пасс аваагүй бол мөнгө төлж сууна) дараагийн үзвэр рүү явна. Ниагара голын Америкийн талаас байгалийн үзэсгэлэнт цогц газрыг “нүдээ хужирлан” харахад элдэв бодол толгойноос алга болж ядаргаа тайлагдана шүү. За тэгээд Maid of the West хэмээх усан онгоцонд суугаад Ниагара голоор хөвж Канадын талд орших Horseshoe хүрхрээн доогуур аялана. Нөгөө нэг Ниагара явсан хүмүүсийн цэнхэр цувтай зураг байдаг даа, тэр чинь энэ усан онгоцоор аялахдаа авахуулсан зураг юм байна лээ. Зураг гэснээс та  усны хамгаалалттай фото аппарат, видео камер авч явбал илүү тохиромжтой юм  билээ.

Мөн “Аquarium of Niagara”-г үзэх тасалбар өнөө “pass”-д багтсан байгаа. Оцон шувуу, далайн арслан, акул гээд 1500 төрлийн далайн амьтдыг энэ аквариумаас сонирхож болно. Бас Niagara legends of adventure хэмээх 40 минутын сонирхолтой киног ердийн кино театрынхаас 50 хувь том дэлгэцтэй театрт үзэж, Discovery  Center-т орж Ниагарагийн тухай элдэв мэдээллийг авч болох юм. Энэ бүхний хооронд та бас өнөөх үнэгүй “автобусаараа” л зорчино доо. “Pass” авсан хүмүүс бас олон үзвэр, үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх юм билээ.За тэгээд энэ бүгдийг үзэхэд танд 6-8 цаг л хангалттай.

Гэхдээ та хүсвэл Seneca Niagara казинод азаа сорьж, буудалд нь хонон өнжин тухлаж, Fashion outlets-д “шоппинг” хийн алжаалаа тайлж, нисдэг тэргээр зугаалж, хөдөлгүүрт завиар хөвж, хиймэл хадан хананд авирч , эртний түүхэн тосгонд зочилж ч болох юм.  Зөвхөн та бүхний сонирхол, цаг зав мэдэх хэрэг.

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:35 | | уншсан: 857 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


С.Б.Баагийд
Өө манай Сугараатай уулзсан юм байна, баярлалаа. За тэгээд манай найзад мэнд хүргээрэй
Бичсэн: tavantsagarigusa цаг: 02:19, 2008-07-30 | Холбоос | |


даанч тийм байхаа...
даанч тийм байхаа, би ВИМО-гоос уншаад ямар цэгцтэй, хүнд үлдэцтэй бичдэг хүн бэ гэж гайхаж байсан юм. тэгтэл доор нь төд удалгүй энэ блогын холбоос орж ирээд. тэгээд л хомээнт бичиж байна хө. сая хэд хоногын өмнө япон дахь чиний өрөөсөнтэй (Сугар-Эрдэнэ)нүүр тулах завшаан тохиолдсон л. нэгэн үдшийг манайхан хэрхэн балбаад өгөхийг http://vimomn.net/?m=pc&a=page_c_topic_detail&target_c_commu_topic_id=4155&comment_count=3
хамтдаа харан баяссан л... silly
Бичсэн: С.Б.Баагий цаг: 10:08, 2008-07-29 | Холбоос | |





:-)