2007-12-03
Оросын хөлбөмбөгчид азтай байна

ЕURO-2008

 

Оросын хөлбөмбөгчид азтай байна

 

Ирэх зун Швейцарь, Австрид болох Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний сугалаа өнөөдөр Базель хотноо боллоо. Шигшээ тэмцээнд оролцох шилдэг 16 багийг дөрөв дөрвөөр нь дөрвөн хэсэгт хуваахад:

“А” хэсэгт Швейцарь, Чех, Португал, Турк

“В” хэсэгт Австри, Хорват, Герман, Польш

“С” хэсэгт Голланд, Итали, Румын, Франц

“D” хэсэгт Грек, Швед, Испани, ОХУ-ын багууд оноолт таарлаа.

 

“С” хэсгийг “үхлийн хэсэг” гэж нэрлэж болох бөгөөд энд сүүлчийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн төлөө өрсөлдсөн Франц, Итали, мөн Голланд болон Румыний хөлбөмбөгчид таарсан. Хэн нь ч хэнийгээ хожиж болох үнэхээр “гал гарсан” тоглолтууд энэ хэсгээс гарах нь тодорхой.

Мөн  “А” болон “В” хэсэгт жигдхэн, хүч тэнцүү багууд орлоо. Швейцарь, Австрийн багууд тийм ч их хүчтэй биш боловч нутагтаа тоглох тул хэсэг толгойлсон ба “гэрийн нохойн сүүл өөдөө” гэгчээр аль байдгаа гаргаж аваргын төлөө үгүй юм гэхэд доор хаяж шөвгөрөхийн төлөө өрсөлдөх нь ойлгомжтой. Гэхдээ энэ хоёр хэсгээс Португал, Германы багууд товойгоод гараад ирэх байх. “Дэвжээний эзэд”-д Чех, Хорватууд “гол дайсан” нь болох болов уу.

Харин хамгийн сулхан хэсэгт “D”-г тооцож болох юм. Энэ хэсгийг 2004 оны Европын аварга Грекүүд толгойлсон. Гэвч тэднийг тохиолдлоор аварга болсон гэж үздэг хүмүүс олон. Аваргын “буурьтай” тоглож чадах нь үнэхээр эргэлзээтэй. Мөн Испани бол томоохон тэмцээнд дандаа бүтэлгүйддэг “уламжлалтай” баг. Шведийг тааруу баг гэж хэлж болохгүй ч бас их айгаад байх биш. Тэгэхээр Оросуудад хамгийн гайгүй хэсэгт орлоо. Оросын хөлбөмбөгчид “ЕВРО-2008” орох эрхээ өөрийн хүчээр бус өрөөлийн гавьяагаар авсан билээ. Тэднийг Израйлийн багт хожигдоод “нуман тулгуурт” ороод байхад нь Хорватууд  Английн шигшээг алдарт”Уэмбли”-д нь хожин тус хүргэснээр “ах нар” Европын аваргад оролцох аз таарсан юм. Гэтэл сугалаа дээр ч Оросуудаас “азын тэнгэр” харьсангүй. Долоо хоногийн өмнө болсон 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тэмцээний сугалаанд ОХУ-ын хөлбөмбөгчид бас л хамгийн гайгүй хэсэгт оноолт таарсан билээ. “Хөзөр тоглож чаддаггүй хүнд мод их ирдэг” гэгчээр хөлбөмбөгөөр гавьдаггүй Оросуудад аз их гийж байна даа.

Эцэст дуулгахад “ЕВРО-2008” ирэх зургадугаар сарын долоонд Швейцарийн Базель хотноо Швейцарь-Чехийн багуудын тоглолтоор эхлэх бөгөөд зургадугаар сарын 29-нд Австрийн Вена хотноо “Хуучин тив”-ийн хөлбөмбөгийн шинэ аваргын нэр тодрох юм.

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:37 | | уншсан: 727 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)